Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00750

 

                                                   Э.Энхтайвангийн нэхэмжлэлтэй

                                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/02373 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 877 дугаар магадлалтай,

Э.Энхтайвангийн  нэхэмжлэлтэй

“Ньюхаус Доктор” ХХК-д холбогдох,

5.443.187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Ньюхаус Доктор” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэний гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 03 дугаар сард “Ньюхаус доктор” ХХК-д барилгын инженерийн ажилд орж, 2012 оны 08 дугаар сараас Нүхтэд 2 давхар бүтэн цутгамал хаусын барилга угсралтын ажил дээр инженерээр ажиллахаар болсон. Ингээд  захирал О.Гарамын зөвшөөрлөөр компанийн нябогоос урьдчилгаа мөнгө авч, барилгын ажилд шаардлагатай байсан пум, сапудыг “Твин хаус” ХХК-иас түрээслэн авч, цутгалтыг хийж дуусгасан. 2014 оны 08 дугаар сард би ажлаасаа гарсан. Намайг ажлаас гарах үед түрээсэлсэн байсан пум, сапудын ихэнх хэсэг нь тухайн барилгад тулаастай байсан. Учир нь тулаастай байсан хэв хашмалыг буцаан авах хатаалтын хугацаа дуусаагүй байсан юм. Иймд би захирал О.Гарам болон түүний ах Б.Энхболдод хураалттай байсан сапудыг хүлээлгэн өгсөн. Энэ тухай баримт О.Гарам захиралд байх ёстой. Хамгийн сүүлд захирлын ах үлдэгдэл сапудыг хүргэж өгсөн байсан.

“Твин хаус” ХХК нь хэв хашмалаа буцаан авах шаардлагыг удаа дараа тавьж байсан. Мөн О.Гарам захирал 2012 оны 11 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлж байсан. Гэтэл “Твин хаус” ХХК нь намайг хариуцагчаар татан 2015 оны 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба шүүх хуралдаанаар бид эвлэрлийн гэрээ байгуулж, пум сапудын түрээсийн төлбөрт 5.243.935 төгрөгийг “Твин хаус” ХХК-д төлөхөөр болсон юм. Шүүх хуралдаанд гэрчээр “Нью хаус доктор” ХХК-ийн захирал О.Гарам мэдүүлэг өгсөн. Уг нь мөнгийг “Нью хаус доктор” ХХК хариуцан төлөх ёстой байсан  боловч О.Гарам захирал уг мөнгийг төлнө гэсэн учраас эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Гэвч О.Гарам уг мөнгийг төлөхгүй байгаа ба улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж миний өмчлөлийн машин, байр, банкны харилцааны данс, газрыг битүүмжилсэн. Иймд“Нью хаус доктор” ХХК-иас 5.443.187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Нью Хаус Доктор” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гарам шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Баян-Хулстай” ХХК-ийн захирал Д.Батхүү нь манай компанитай хамтран ажиллахаар амаар тохиролцсон байсан юм. Д.Батхүүг дагаж, Э.Энхтайван орж ирсэн. 2012 оны 07 дугаар сард иргэн Д.Одбаярын Нүхтэд байрлах амины орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхээр Д.Батхүү тохиролцсон байсан. Манай компани барилгын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Д.Батхүүгийн компанитай хамтарч барилгын ажил хийхээр тохиролцсон байсан. Барилгын захиалгын гэрээнд Д.Батхүү гарын үсэг зурсан. Барилгын ажил эхэлсэний дараа Д.Батхүү хөдөө явсан. Тулаасыг түрээсэлж авснаас хойш барилгын ажил зогссон. Тухайн үед Э.Энхтайван түрээсэлж авсан буюу бараа материалыг өөрөө хүлээн авсан учраас буцаан өгөх ёстой. Гэтэл Э.Энхтайван ажлаа орхиж явсан ба үлдэгдэл бараа материалыг хүлээлгэн өгөөгүй хичнээн тоо хэмжээтэй, дутсан талаар мэдэхгүй. Харин 2013 оны 1-2 дугаар сард “Твин хаус” ХХК-иас манай компани руу утсаар хандан хэв хашмалаа авахыг хүссэн. Сүүлд нь бид Д.Одбаярын амины орон сууцны барилгын талбайгаас өөрсдийн зардлаар, манай ах хүргэж өгсөн.

Д.Батхүү нь Д.Одбаяртай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Д.Батхүүгийн барилгын инженер нь Э.Энхтайван гэдэг хүн байсан бөгөөд тухайн барилгын ажлыг бүхэлд нь биечлэн зохион байгуулж ажиллахаар манай компанийн нэр дээр ажилтнаар бүртгүүлсэн. Э.Энхтайван манай компанид ажилладаггүй, хамааралгүй хүн. Дээрх амины орон сууцны барилгын ажил дээр манай компанийн нэг ч ажилтан ажиллаагүй. Харин Д.Батхүү, Э.Энхтайваны бригадын хүмүүс ажилласан. Э.Энхтайван тухайн амины орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн тулд хэнээс ямар хэмжээний хэв хашмал авч хэрэглэсэн нь манай компанид огт хамаагүй бөгөөд манай компанийг төлөөлж бусадтай ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх эрхтэй этгээд биш. Харин манай компанийн нэрийг ашиглаж барилга угсралтын ажил эхлүүлчхээд барилгын ажлаа гүйцэд дуусгалгүй, манай компанийн тодорхой хэмжээний багаж тоног төхөөрөмжийг авч ашиглачихаар одоог хүртэл буцааж өгөөгүй асуудал байдаг. Өөрөөр хэлбэл Д.Батхүү, Э.Энхтайван нар нь амины орон сууцны барилгын ажпаа ч дуусгалгүй манай компанийн багаж, тоног төхөөрөмжийг аваад сураггүй болсон хүмүүс юм. Иймд Э.Энхтайваны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/02373 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хариуцагч “Ньюхаус доктор” ХХК-иас 4.639.935 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхтайванд олгож, нэхэмжлэлээс 803.252 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 угаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Энхтайванаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ньюхаус доктор” ХХК-иас 89.189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхтайванд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 877 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/02373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Гарамын төлсөн 89.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Ньюхаус Доктор” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэгдсэн 101/ШШ2016/02373 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэгдсэн 877 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч Э.Энхтайван нь 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн “Ньюхаус доктор” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, “Баян-Хулстай" ХХК, “Ньюхаус доктор” ХХК-ийн захирлуудыг 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/05 тоот тушаал, “Ньюхаус доктор” ХХК-иас олгосон ажлын үнэмлэх, гэрч Д.Батхүүгийн мэдүүлэг, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1522 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, тус шүүх хуралдааны тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна’’ гэсэн шаардлагыг хангахгүй байна.

“Ньюхаус доктор” ХХК-д барилгын инженерээр огт ажиллаж байгаагүй бөгөөд зөвхөн “Баян-Хулстай” ХХК-д ажилладаг бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт тусгагдсан “Баян-Хулстай” ХХК, “Ньюхаус доктор” ХХК-ийн захирлуудыг 2012 оны 08 дугаар сарын 28- ны өдрийн 02/05 тоот тушаал нь “Ньюхаус доктор” ХХК-д огт хамаагүй бөгөөд тухайн тушаал дээр “Ньюхаус доктор” ХХК-ийн захирлын гарын үсэг, компанийн тамга, тэмдэг дарагдаагүй байдаг. Мөн “Ньюхаус доктор” ХХК-аас олгосон гэх ажлын үнэмлэх нь “Ньюхаус доктор” ХХК-ийн үнэмлэх биш байдаг. Гэрч Д.Батхүүгийн мэдүүлэгт “инженер Э.Энхтайван нь миний “Баян-Хулстай” ХХК-д инженерээр ажилладаг байсан, намайг дагаж “Ньюхаус доктор” ХХК-тай хамтран ажилласан” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл эдгээр нотлох баримтыг үнэлж судлалгүй хэт нэг талыг барьсан үнэлэлт дүгнэлт өгч байгаад гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт “Хариуцагч “Ньюхаус доктор” ХХК нь “Баян- Хулстай” ХХК-тай хамтран ажиллахаар /амаар/ тохиролцсоны үндсэн дээр хамтарч үйл ажиллагаа явуулж байхдаа “Ньюхаус доктор” ХХК нь Д.Одбаяртай 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 01/145 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан” гэж дүгнэж бичсэн атлаа “нэхэмжлэгч Э.Энхтайваныг зөвхөн “Ньюхаус доктор” ХХК-д ажиллаж байсан мэтээр дүгнэн ойлгож “Ньюхаус доктор” ХХК-ийн өмнөөс “Твин хаус” ХХК-аас хэв хашмал /пум сапуд/ түрээсэлсэн" гэж дүгнэх нь үндэслэлгүй байна. “Ньюхаус доктор” ХХК, “Баян-Хулстай” ХХК нь хамтран ажиллахаар тохиролцсон гэж дүгнэж байгаа бол хамтын ажиллагааны гол зорилго нь барилга барих үйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой. 2 компанийг хамтран ажилласан гэж үзэж байгаа бол энэхүү хамтын ажиллагааны үр дүн ашиг алдагдлыг хамтран ажиллаж байгаа талууд тэнцүү үүрэх ёстой зарчим, иргэний хуульд тусгагдсан зүйл заалтыг баримтлалгүй хэт нэг талыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал гаргасанд гомдолтой байна.

Мөн дутсан хэв хашмал /пум сапуд/-ын үнийг нэхэмжлэгч Э.Энхтайваны нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс хасч анхан шатны шүүх шийдвэрлэсэн байдаг бөгөөд ер нь анхнаас тийм тооны хэв хашмал /пум сапуд/-ыг нэхэмжлэгч Э.Энхтайван тухайн барилга дээр оруулсан эсэх, хүлээлгэж өгсөн эсэхийг тооцолгүй алдаатай шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл дутсан тоо хэмжээний хэв хашмал /пум сапуд/-ыг тухайн барилга дээр ашиглаагүй гэж тооцвол тухайн дутсан хэв хашмал /пум сапуд/-ын түрээсийн төлбөрийг “Ньюхаус доктор” ХХК төлөх нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/02373 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 877 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.Энхтайван нь хариуцагч “Ньюхаус доктор” ХХК-д холбогдуулан тус компаний өмнөөс төлсөн 5.443.187 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа “...манай компани Д.Батхүүгийн компанитай хамтарч барилгын ажил хийхээр тохирсон, Э.Энхтайван  манай компанид ажилладаггүй, түрээсэлж авсан тулаас, хэв хашмалаа өөрөө буцаан өгөх ёстой, ажлаа орхиж явсан тул хичнээн хэмжээний бараа материал дутсаныг мэдэхгүй” гэсэн үндэслэл дурджээ.  

Э.Энхтайван нь  2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс “Ньюхаус доктор” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байхдаа тус компаний барьж гүйцэтгэж байсан барилгын ажилд хэрэглэхээр “Твин хаус” ХХК-с хэв хашмал түрээслэн авсан ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1522 дугаар шүүгчийн захирамжаар түрээсийн төлбөр, эд зүйлийн үнэд 5.243.935 төгрөг төлөх төлбөртэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 7-15, 41-47, 72-76 дугаар тал/.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 4.639.935 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болжээ.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан эрх зүйн ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тодорхойлсноор тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэх үндэслэл бүрдэнэ.

Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасан, энэхүү зохицуулалт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өрийг нэхэмжлэгч төлснөөр хариуцагч түрээсийн  гэрээний үүргээс чөлөөлөгдөж байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 877 дугаар магадлалын нэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/02373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...318 дугаар зүйлийн 318, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2...” гэснийг “496 дугаар зүйлийн 496.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэний гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 89.190 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.         

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ