Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 73

 

Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1074 дүгээр магадлалтай, Б.Ц-т холбогдох 1806004090549 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял тус тус шийтгүүлж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар баривчлах ялаар тогтоосон, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 01 сар хорих ял, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 01 сар хорих ял тус тус оногдуулж, хүнд ял дээр хөнгөн ялын заримыг нэмж нэгтгэн, нийт 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 06 сар хорих ялаар шийтгүүлсэн, М овогт Б-ны Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ц гаргасан гомдолдоо “...Миний бие давж заалдах гомдолдоо өөрийн хийсэн хулгайн хоёр үйлдлээ нэгтгэж шалгуулах хүсэлт тавьсан боловч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч Н гэдэг хүн надтай ирж уулзаж, давж заалдах шатны шүүх, мөн анхан шатны шүүх дээр хэлж байсан 180601364, 180602205 дугаартай хулгайн хэрэг дээр надаас байцаалт аваад явсан. Би өөрийн хийсэн хэргүүдээ бүгдийг хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын явцад саад болж, хүндрэл учруулан ажлын явцыг удаашруулалгүй үнэн зөвөөр байцаалт мэдүүлэг өгч байсан. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулалгүй дээрх хоёр үйлдлийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Н гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Ц-ын үйлдэл, үйл баримт нь нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 19 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, нэр бүхий 19 хохирогчид нийт 34,013,424 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон, гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

Иймд шүүх Б.Ц-ын дөрвөн сар гаруй хугацаанд нийт 19 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжийг хангасан гэж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Ц нь хяналтын шатны шүүхэд “шийтгэх тогтоол гаргахаас өмнө үйлдэгдсэн хулгайн хоёр хэрэгт шалгагдаж байгаа тул хэргүүдийг нэгтгэн шалгуулах” агуулгатай гомдол гаргажээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн ба Б.Ц-ын нэгтгэн шалгуулахаар гаргасан хүсэлтэд дурдсан хэргийн талаарх нотлох баримтууд энэхүү хавтаст хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Учир нь хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нотлох баримтыг тогтоох, түүнийг үндэслэн шийдвэр гаргах эрхгүй тул шүүгдэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1074 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН