Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/408

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,                              

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч М.Оюунбадам,

Хохирогч Р.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганга овогт Төмөрхуягийн Мт холбогдох эрүүгийн 170300010056 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “.......”  ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ...  дугаар хороо, ..... гудамж, .....  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:........ / Г..... овогт .....  М нь: 

 

- 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн зам засварын буудлын замд Тоуоtа Рruis маркийн 68-49 УБТ улсын дугаартай автомашиныг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-429 тоот байрлах Дашваанжил ХХК-ний эзэмшлийн үйлчилгээний байрыг мөргөж зорчигч Г.Ундармаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Р.Ундармаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой 22:00 цагийн үед Т.М манай ажил дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус машинтай ирж намайг авсан. Тэгээд бид хоёр намайг хүргэж өгөх гээд явж байтал Т.Мын найз А.Ганзориг залгаад бид хоёр А.Ганзоригийг замаараа аваад 32-ын шинэ замын тэнд дэлгүүрийн гадна А.Ганзориг, Т.М бид гурав 1 шил архи уусан. Тэгээд бид нар сууж байгаад би найз Б.Мөнхтуяаг дуудаад байж байтал Б.Мөнхтуяа ирээд, дахиад пиво авч уухад Б.Мөнхтуяа уугаагүй. Тэгтэл Т.М гэртээ харилаа гээд машинаа асаагаад хөдлөөд, аймаар хурдтай яваад байхаар нь би уурлаад зогсооч гээд баруун гараараа жолоог нь цааш дарах шиг болсон. Тэгээд осол болсон байсан. Би нэг сэрээд хартал гадаа зам дээр хэвтэж байсан ба босох гэтэл хөдөлж чадахгүй байсан. Тэгээд би ухаан алдсан.

   Тухайн үед миний хөлийн зүүн баруун дунд чөмөг хугарсан байсныг хагалгаа хийлгэж хадуулсан. Мөн зүүн баруун гуяны гадна талд ил шархтай байсан. Давсаг хагарсан байсан ба хагалгаанд орсон. Баруун гарны шуу орчимд шархтай, зүүн өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Одоо гишгэж алхаж чадахгүй байгаа. Би согтсон байсан. Тэгэхдээ өөрийгөө аваад явах чадвартай байсан. Би өөрийн эмчилгээнд гаргасан зардлаа баримтаар гаргаж өгнө. Т.М миний эмчилгээнд мөнгө зарцуулсан яг хэдэн төгрөг зарцуулсаныг мэдэхгүй байна. Гомдолтой гэжээ. / хх 27-28 / 

 

Иргэний нэхэмжлэгч Н.Энхцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03- нд шилжих шөнө 02:20 цагийн үед манай байгууллагын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 32 дугаар гудамж 6 буудал орох зам дагуу замын зүүн талд байрлах хийн түлш борлуулах цэгийн тоосгон байшинг 68-49 УБТ дугаартай Тоёота Приус маркийн машин мөргөсөн байсан. Энэ байшин нь төмөр вагончикийг гадна талаас нь 12-ийн өнгөлгөөний тоосгоор өнгөлсөн, дотор тал нь модон доторлогоотой байсан.

Байшингийн баруун талын цонхны рам хугарч, цонхны доод хэсгийн хана цөмөрч дотор талын модон доторлогоо болон төмөр багана чихэгдэж, төмөр хаалга хонхойж гажсан. Үнэлгээгээр 2.353.500 төгрөгийн хохирол гарсан. Байшингийн эвдрэл гэмтлийг манай байгууллагаас 2.760,000 төгрөгөөр засаж янзлан хэвийн болгосон. Мөн осол гарснаас хойш манай уг хийн түлш борлуулах цэгийн орлого буурч засвартай байх үеийн 5 өдөр 1.061.400 төгрөгийн алдагдал учирсан. Тиймээс буруутай эдгээдээс байшинд учирсан хохирол болон байгууллагад учирсан алдагдал нийт 3.821.400 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.  / хх 44 /

 

Гэрч А.Ганзориг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 02-ны орой 22:00 цагийн үед би найз Ганбаатарын хамт Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд Т.М, Г.Ундармаа хоёртой уулзсан. Тэгээд бид дөрөв Т.Мын машинтай 5 буудлын тэнд Г.Ундармаагийн гэрийн хажууд ирсэн. Тэгээд Г.Ундармаа ганц шил юм авч өгье гээд 0,5л "Сархад" архи авсан. Т.Мын машинд тэр архийг уусан ба эхлээд Ганбаатар, Г.Ундармаа бид гурав тэр архийг ууж байтал Т.М “ Г.Ундармаа согтож байх шиг байна" гээд тэр архинаас 3 аягыг /нэг удаагийн аяганы талаас доогуур/ уусан. Ганбаатар өмнө нь уусан байсан болохоор согтоод унтчихсан байсан. Тэгээд М 0,5л 2 лаазтай пиво аваад нэгийг нь Г.Ундармаа бид хоёр хувааж уусан, нэгийг нь Т.М ууж байсан. Тэр үед Г.Ундармаагийн найз Б.Мөнхтуяа гэх эмэгтэй ирээд юм яриад сууж байгаад Т.М Ундармааг гэртээ ор гэсэн чинь Ундармаа орохгүй гээд тэр хоёр муудалцсан. Тэгээд юм яриад сууж байтал Т.М машинаа жолоодоод Чингэлтэйн замруу ороод 6 буудлын чиглэлтэй явж байсан. Г.Ундармаа жолоочийн хажууд сууж явсан ба хэрүүлийн сэдэвтэй юм яриад Г.Мтай хэрэлдэж байснаа орилж босч ирээд машины жолооны хүрдийг баруун гар тийш дарчихсан.

Машин юм мөргөх чимээ гараад 2-3 удаа юм мөргөх шиг болоод зогссон. Би машинаас гараад иртэл Г.Ундармаа машины зүүн хойд хэсэгт хэвтэж байсан ба Г.М гарч ирээд хажууд нь суусан байсан. Мөн Б.Мөнхтуяа гараад ирсэн байсан. Г.Ундармааг Т.М бид хоёр өргөж замаас гаргасан чинь хөл нь хугарсан бололтой далийгаад цус гарч байсан. Тэгээд тэр хавиар явж байсан хүмүүс ирээд түргэн тусламж дуудаж өгсөн ба түргэн тусламж ирээд Г.Ундармааг аваад явсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж бид нарыг бүгдийг нь драйгер үлээлгэж шалгахад би 0,99 хувийн согтолттой, Г.М 1,25 хувийн согтолттой байсан. Харин Б.Мөнхтуяа эрүүл байсан. Би хурдыг нь хараагүй. Нүдэн баримжаагаар 50-60 км/ц-ийн хурдтай явж байсан. Т.Маас бусад нь бүс зүүгээгүй байсан. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 49-50 /

 

            Гэрч Б.Мөнхтуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Г.Ундармаа над руу нэлээн согтуу залгаад " Би хаана байгаагаа мэдэхгүй байна. Намайг ирээд авчих. Би ганцаараа байна, Сүхбаатар дүүргийн нутаг 17-ийн автобусны буудлын тэнд Бадрун төвийн үүдэнд байна" гэсэн. Би яваад очтол Г.Ундармаа нэлээн согтчихсон Г.М болон бас хоёр залуугийн хамт Т.Мын машин дотор пиво ууж байсан. Би Г.Ундармааг аваад явья гэсэн чинь Г.Ундармаа согтуурхаад агсараад явахгүй байсан. Тэгэхээр нь би явлаа гэсэн чинь Г.Ундармаа намайг хүргэж өгнө гээд орилсон чинь Т.М машинаа жолоодоод хөдлөөд явсан. Тэгээд 17-оос 7 буудал орох замруу ороод ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй бүх цонхоо онгойлгоод хурдтай яваад байхаар нь хойд талын хоёр цонхыг нь хаагаад, хаалгаа түгжээд "найз нь буугаад өөрөө такси бариад явчихъя" гэсэн чинь Г.Ундармаа "зогсоочээ" гээд орилж босч ирээд Т.Мын хажуунаас жолоог баруун гар талруу нь дараад машин замаас гараад байшин мөргөөд эргэлдээд дугуйн дээрээ буусан.  Миний зүүн гуяанд зулгарч цус хурсан байсан. Одоо толгой өвдөөд байгаа. Би бүс зүүгээгүй байсан. Ер нь бүгдээрээ бүс зүүгээгүй байсан. Гомдол санал байхгүй гэжээ. / хх 52-53 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8642 дугаар дүгнэлтэнд:

1. Г.Ундармаагийн биед давсагны урагдал, 2 уушигны доод дэлбэнгийн няцрал, баруун, зүүн дунд чөмөгт ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

 

Техникийн шинжээчийн 413 дугаар дүгнэлтэнд: 

1. Тоёота Приус маркийн 68-49 УБТ улсын дугаартай автомашины жолооч Төмөрхуяг овогтой М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Мехникжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм. бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  1. Зорчигч Гансүх овогтой Ундармаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно:

в/ хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болох; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  1. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно гэжээ. / хх  129 /

 

            Дашваанжил ХХК-д 2.353.500 төгрөгний хохирол учирсан болохыг тогтоосон “ Кости-Эстимейт “ ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / хх 64-68 /,

 

...Т.М нь 1.25 хувийн согтолтой байсан болохыг тогтоосон Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх 11 /,

 

Хохирогч Г.Ундармаа нь 2,1 хувийн согтолттой байсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүэрэлэнгийн шинжээчийн  2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6600 тоот дүгнэлт / хх 77 /, 

 

... Т.М нь 2015 оны 11 сарын 5-нд 2 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсныг нотлосон ЦЕГ-ын Лицензийн төвийн  тодорхойлолт / хх 141 /,

 

 ... Ослын бичлэг бүхий сидиг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / хх 22-24 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Мыг  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар татаж / хх 136-137 /,   2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 138-139 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 146 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 02-ны орой гадуур явж байтал 21 цагийн үед Г.Ундармаа утасдаад хүрээд ир гэсэн. Би Г.Ундармаатай дотно харьцаатай байсан. Тэгээд түүнийг аваадявж байтал Ганзориг утасдаад замаараа түүнийг авсан. Г.Ундармаагийн гэрийн гадаа очтол Г.Ундармаа нэг шил архи аваад уусан. Г.Ундармаа нилээн согтоод байхаар нь би архинаас 3 хундага уусан. Дахин 2 лааз пиво аваад би нэгийг нь уусан. Г.Ундармаагийн найз Б.Мөнхтуяа ирсэн боловч уугаагүй. Ингээд Г.Ундармааг гэртээ ор гэхэд орохгүй гээд маргаан үүссэн. Би машинаа асаагаад явтал Г.Ундармаа хэрүүл хийгээд гэнэт машины руль дартал машин замаас гарч байшин мөргөсөн. Ингээд түргэн дуудаад эхнэрээ дуудсан. Эхнэр ирээд Г.Ундармааг түргэний машинтай гэмтэл авч явсан.

Би тухайн үед 70-80 км/цагийн хурдтай явсан. Эрхээ хасуулсан байсан. Осол гарснаас хойш Г.Ундармааг гэмтлийн эмнэлэгт 2 сар сахиж, эмчилгээний зардалд 3.017,700 төгрөг зарцуулсан. Бэлнээр 600.000 төгрөг өгсөн. Эмнэлгээс гарснаас хойш 12 хоног эмнэлэгт аваачиж боолт хийлгэж байсан. Цаашид Г.Ундармааг хөл дээрээ босох хүртэл туслана. Эмчилгээний зардлыг төлнө. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дашваанжил ХХК-д 3.353.500 төгрөг төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ундармаа мэдүүлэхдээ:  2017 оны 07 дугаар сарын 02-ны орой Т.М намайг ажлаас аваад бид хоёр хорооллын эцсээс М.Ганзоригийг аваад замдаа шинэ замын хажуугаас 0.75л архи авсан. Ингээд М.Ганзоригийн найзтай 4-үүлээ машиндаа уусан. Тэгээд Б.Мөнхтуяаг дуудаад 2 лааз пиво авсан. Б.Мөнхтуяа уугаагүй. М.Ганзоригийн найз нь тасарсан. Ингээд манай гэрийн гадаа очоод Т.М явах гэхээр нь би явуулахгүй гээд маргасан. Т.М машинаа асаагаад маш хурдтай давхихаар нь би рулийг нь  дарсан. Ингээд осол болсон.

Би архи ууснаас ийм байдалд хүрсэн нь миний буруу. Үүнээс хойш одоог хүртэл биеийн байдал муу байгаа. Хоёр жилийн хугацаанд хөл дээрээ босохгүй бол хэзээ ч босохгүй гэсэн. Өчигдөр Т.М манайд ирээд хөл дээрээ бостол чинь тусалъя гэсэн. 600.000 төгрөг өгсөн. Эмнэлэгт байхад эмчилгээ болон хагалгааны мөнгийг төлж, асарч байсан нь үнэн. 3 сая төгрөг хүрэх байх гэж бодож байна. Одоо Т.Маас эгч Г.Байгалмаагийн намайг асарч ажилгүй байсан хугацааны цалин 1.400.000 төгрөгийг, цаашдын эмчилгэээний зардлыг тус тус нэхэмжилж байна.

Т.М хэлсэндээ хүрвэл би заавал хориулна гэхгүй гэв.

 

Шүүгдэгч Т.М нь 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн зам засварын буудлын замд Тоуоtа Рruis маркийн 68-49 УБТ улсын дугаартай автомашиныг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-429 тоот байрлах Дашваанжил ХХК-ний эзэмшлийн үйлчилгээний байрыг мөргөж, зорчигч Г.Ундармаагийн эрүүл мэндэд хүнд хохирол, учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Дэлгүүрийн гадна А.Ганзориг, Т.М бид гурав 1 шил архи уусан. Дахиад 2 лааз пиво авч уусан. Т.М гэртээ харилаа гээд машинаа асаагаад хөдлөөд, аймаар хурдтай яваад байхаар нь би уурлаад зогсооч гээд баруун гараараа жолоог нь цааш дартал осол болсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Ундармаагийн мэдүүлэг / хх 27-28 /, ...хийн түлш борлуулах цэгийн тоосгон байшинг 68-49 УБТ дугаартай Тоёота Приус маркийн машин мөргөсөн байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Энхцэцэгийн мэдүүлэг / хх 44 /,  ...Г.Ундармаа ганц шил юм авч өгье гээд 0,5л "Сархад" архи авсан. Т.М тэр архинаас 3 аягыг /нэг удаагийн аяганы талаас доогуур/ уусан. Мөн 0,5л 1 лаазтай пиво Т.М уусан. Т.М машинаа жолоодоод Г.Ундармаа жолоочийн хажууд суугаад Г.Мтай хэрэлдэж байснаа орилж босч ирээд машины жолооны хүрдийг баруун гар тийш дарчихсан. Машин юм мөргөх чимээ гараад 2-3 удаа юм мөргөх шиг болоод зогссон. Би машинаас гараад иртэл Г.Ундармаа машины зүүн хойд хэсэгт хэвтэж байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч А.Ганзоригийн мэдүүлэг / хх 49-50 /, ...Г.Ундармаа нэлээн согтчихсон Г.М болон бас хоёр залуугийн хамт Т.Мын машин дотор ууж байсан. Би Г.Ундармааг явья гэсэн чинь Г.Ундармаа согтуурхаад агсараад явахгүй байсан. Т.М машинаа жолоодоод хурдтай явсан. Г.Ундармаа "зогсоочээ" гээд орилж босч ирээд Т.Мын хажуунаас жолоог баруун гар талруу нь дараад машин замаас гараад байшин мөргөөд эргэлдээд дугуйн дээрээ буусан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Мөнхтуяагийн мэдүүлэг / хх 52-53 /,  ... хохирогч Г.Ундармаагийн биед давсагны урагдал, 2 уушигны доод дэлбэнгийн няцрал, баруун, зүүн дунд чөмөгт ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8642 дугаар дүгнэлт / хх  86-87 /,  ...Жолооч Т.М болон хохирогч Г.Ундармаа нар нь ЗХД-ийг зөрчсөн зохих буруутай болохыг тогтоосон Техникийн шинжээчийн 413 дугаар дүгнэлт / хх  128-129 /,  Дашваанжил ХХК-д 2.353.500 төгрөгний хохирол учирсан болохыг тогтоосон “ Кости-Эстимейт “ ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / хх 64-68 /, ...Т.М нь 1.25 хувийн согтолтой байсан болохыг тогтоосон Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх 11 /, ... Т.М нь 2015 оны 11 сарын 5-нд 2 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсныг нотлосон ЦЕГ-ын Лицензийн төвийн  тодорхойлолт / хх 141 /,  ... Ослын бичлэг бүхий сидиг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / хх 22-24 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Мыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч  Т.М нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсны гадна, 2011 оноос хойш 3 удаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эрхээ хасуулсан байхдаа удаа дараа тээрдийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авагдаж байсан  / хх 147-155 / тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуулинд заасан дээд хэмжээгээр хасаж,   анх удаа ял шийтгүүлж байгаа, хохирогч Г.Ундармаа нь 2,1 хувийн согтолттой байсан / хх 77 /,   ЗХД-ийг зөрчсөн зохих буруутай / хх  128-129 /,  гэрч М.Гантулга, Б.Мөнхтуяа нарын мэдүүлэг зэргээр гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай байдал  нөлөөлсөн, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирогчийн эрүүл мэндийг харгалзан үүрэг хүлээлгэж, тодорхой хязгаарлалт тогтоох  нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирлын тухайд: Хохирогч Г.Ундармааг түүний эгч Г.Байгалмаа нь ажлаасаа чөлөө авч сахьсан хугацааны цалин 1.400.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч байгууллагын тодорхойлолтоос өөр баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд цаашдын эмчилгээний зардал болон цалинг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болохыг хохирогч мэдүүлсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч “Дашваанжил “ ХХК-д 3.353.500 төгрөгийг Т.М төлсөн, хохирол барагдсан гэсэн “Дашваанжил “ ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 20-ны 17/887  тоот албан бичгийг ирүүлсэн тул шүүгдэгч Т.Мыг төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Төмөрхуягийн Мыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Төмөрхуягийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3,  7.3 дугаар зүйлийн 2.1, 3.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж,  дээрх хугацаанд хохирогчийн хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, Т.М нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 

5. Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ