Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-ы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02901 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.М-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд нийт 4 216 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Х  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.О нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын хойд гэрлэн дохиотой уулзварт “Тоёота чейзер” маркийн 48-78 УНЦ улсын дугаартай автомашиныг хариуцагч Г.Б- жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас “Приус” маркийн 18-99 ДАА улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан буруутай болох нь Тээврийн прокурорын газрын тогтоол, замын цагдаагийн албаны үзлэг, тэмдэглэл хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон. Тээврийн хэрэгслийг “Хас үнэлгээ” ХХК-иар 2019 оны 3 сарын 20-ны өдөр үнэлүүлэхэд автомашины эвдрэл, гэмтлийн үнэлгээ 4 041 000 төгрөг болсон. Нэхэмжлэгч уг үнэлгээний дагуу 4 041 000 төгрөг, авто осол гарсны дараа журмын хашаанд машиныг байрлуулсны төлбөр 175 000 төгрөг, нийт 4 216 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 165 000 төгрөгийг төлсөн тул автомашинд учирсан хохиролд 4 041 000 төгрөг, журмын хашаанд автомашиныг байрлуулсны төлбөрийн үлдэгдэл 10 000 төгрөг, нийт 4 051 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Хариуцагч тал автомашины үнэлгээг хэт өндөр гэж үзээд шинжээч томилуулсан. Гэвч шинжээчийн дүгнэлтээр материаллаг зөрүүгүй, үндэслэлтэй гэж дүгнэлт гарсныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хариуцагч Г.Баттулгын хохирол учруулсан автомашины өмчлөгч нь  нэхэмжлэгчийн аав Т.Далай байсан. Гэвч Т.Далай зам тээврийн осол болсны дараа нас барсан бөгөөд уг автомашины өмчлөгчөөр буюу учирсан хохирлыг шаардах эрхийг нэхэмжлэгч өвлөж авсан. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “өвлүүлэгчийн эд хөрөнгө эрх өвлөгдөнө” гэж заасан байх тул хууль ёсны дагуу нэхэмжлэгч Д.М-д уг эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрх үүссэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн эхнэр болон хамт зорчиж байсан дүү Н.Өлзийбаярын эрүүл мэндэд учруулсан хохирол болон осолд орсон машинд үнэлгээ хийлгэсний төлбөрт нийт 600 000 төгрөг хүлээн авсан болно. 2019 оны 3 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэр н.Оюунтунгалагийн толгойн КТГ шинжилгээ хийлгэсний 120 000 төгрөг, хүзүүний КТГ шинжилгээ хийлгэсний 120 000 төгрөг, бүсэлхийн нурууны КТГ шинжилгээ хийлгэсний төлбөр 120 000 төгрөг, Хас үнэлгээний төвөөр осолд орсон автомашинд үнэлгээ хийлгэсний төлбөр 178 000 төгрөг, нэхэмжлэгчийн дүү н.Өлзийбадрахын толгойн КТГ шинжилгээ хийлгэсний төлбөр 120 000 төгрөг, нийт 660 000 төгрөг болсон бөгөөд хариуцагчаас 600 000 төгрөгийг дансаараа хүлээн авч байсан. Гэтэл автомашинд учруулсан хохирлоос төлж барагдуулсан мэтээр хариуцагч хариу тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохирлоо аль алиныг нь төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд тухайн үед нэхэмжлэгчид өвлөх эрх шилжиж ирээгүй байхад хөрөнгөд учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул хариуцагч Г.Б- хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс анх нэхэмжлэгчийн гэх автомашин нь иргэн Т.Далайгийн өмчлөлд байдаг, өмчлөгч нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар маргаж, хүсэлт гаргаж байсан. Гэвч өвийн асуудал нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байгаа тул энэ талаар хүсэлт байхгүй. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын хэмжээг өндөр тогтоосон байна. Мөн зам тээврийн осол болсноос хойш хариуцагч нь нэхэмжлэгчид 600 000 төгрөг төлсөн. Иймд уг мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах хүсэлтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч Г.Б-ас 4 051 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ас 79 766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 3 сарын 20-ны өдрийн үнэлгээгээр 4 041 000 төгрөгийн хохирол учирсан хэмээн дүгнэсэн байна. Дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хариуцагч нь дахин шинжээч томилуулсан. Шинжээчийн 2019 оны 8 сарын 26-ны өдрийн дүгнэлтээр 3 830 000 төгрөгийн хохирол учирсан байна хэмээн дүгнэсэн. Гэтэл шүүхээс дээрх баримтыг хэрхэн үнэлээгүй талаараа ог дүгнэлт хийгээгүй. Шийдвэрт хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй гэжээ. Гэтэл хариуцагч нь үүнтэй холбоотой Хаан банкны дансны хуулгаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд  нэхэмжлэлийн үнийн дүнгээс 221 000 төгрөгийг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 4 216 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б- нь 165 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган, 4 051 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 сарын 19-ний өдрийн 00 цаг 23 минутын үед, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар төмөр замын зоригч үйлчилгээний төв буудлын хойд гэрлэн дохиотой уулзварт 48-78 УНЦ улсын дугаартай “Тоёота чейзер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрэм зөрчин 18-99 ДАА улсын дугаартай, “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар, Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, мөрдөгчийн магадлагаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 11-17-р тал/

 

Зам тээврийн осол гарах үед “Тоёота приус” маркийн 18-99 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Д.М-ы аав Т.Далайгийн өмчлөлд байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өв залгамжлалаар нэхэмжлэгч Д.М-ы өмчлөлд шилжжээ. /хх-ийн 73-79, 110-р тал/.

 

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.М-ы өмчлөлийн 18-99 ДАА улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд 4 041 000 төгрөгийн эвдрэл, гэмтэл үүссэн нь “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь 18-99 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 3 830 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 84, 90, 124-128-р тал/

 

Хариуцагч Г.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож, нэхэмжлэгч Д.М-ы өмчлөлийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан байх тул тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4 041 000 төгрөг, журмын хашааны үлдэгдэл төлбөрт 10 000 төгрөг, нийт 4 051 000 төгрөгийг хариуцагч Г.Б-ас гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүхээс томилогдсон шинжээч “Гэрэгэ эстимэйт” ХХК нь хохирлын үнэлгээг 3 830 000 төгрөг гэж гаргасан байхад шүүх уг баримтыг яагаад үнэлээгүй талаараа  дүгнэлт хийгээгүй тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс 221 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гэвч шүүхээс томилогдсон шинжээч “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 сарын 26-ны өдрийн 03/28/19 дугаартай дүгнэлтэд “Хас үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэлтэй гэж үзсэн байх тул анхан шатны шүүх “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг үндэслэн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. /хх-ийн 124-128-р тал/

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02901 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ