| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03860/И |
| Дугаар | 182/ШШ2024/03084 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/03084
2024 07 19 182/ШШ2024/03084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ... ББСБ ХХК ...-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Иргэн ... нь ... ББСБ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ002001031 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийн зээлийг Япон улсад үйлдвэрлэсэн Toyota Crown загварын 97-88 УАВ улсын дугаартай авто машин худалдан авах зориулалтаар авсан.
Зээлдэгч ...д олгосон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298 дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодож, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч өнөөдрийн байдлаар нийт 15 удаагийн төлөлтөөр 4,208,553.15 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 925 хоног зээлийн эргэн төлөлтөө хийгээгүйн улмаас үндсэн зээл,зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь хуримтлагдсан байна.
Зээлдэгч ...ас зээлийн гэрээний дагуу дугаарын утсаар холбогдож зээлийн эргэн төлөлтөө хэрхэн хийх талаар асуухад Хөдөө ажил хийж байгаа удахгүй цалин буухаар төлөлтөө хийе, миний хөдөө хийсэн ажлын мөнгө удахгүй орохоор зээлийн төлөлтөө хийнэ гэх мэт тайлбар хэлснээр хугацаа хэтрэлтэд хүргэсэн байна.
Зээлдэгчээс зээлийн мэдээллийн бүртгэлд өгсөн хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Нэхэмжлэл гаргасан хаягт ийм хүн байхгүй" гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/Ш32022/10341 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх захирамжийн дагуу зээлдэгчийн оршин суух хаягийг тодруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тодруулах хүсэлт гаргахад Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 28иб3/1179 дугаар албан бичгээр ... ... суудаг гэх албан бичиг ирүүлсний дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/Ш32024/11171 дугаар захирамжаар Дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Одоогоор зээлдэгчийн хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/
2.2 Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт /хх-5/
2.3 Зээлдэгчийн анкет /хх-6-7/
2.4. Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-8-12/
2.5 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/10341 дугаар захирамж /хх-16/
2.6 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/02884 дугаар шийдвэр /хх-17-19/
2.7 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/11171 дугаар захирамж /хх-20-21/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/11822 дугаар захирамжаар ... иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
... нь ... ББСБ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
... ББСБ ХХК нь ... оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... нь ... тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/11171 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд ... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Хүсэлт гаргагч ... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ