| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/02032/И |
| Дугаар | 183/ШШ2024/01989 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2024/01989
| 2024 оны 5 сарын 06-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/01989 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, чингисийн өргөн чөлөө гудамж, ** байр ** тоотод оршин суух Б овогт Ч-ын Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **-р хороо, голден вилл хотхон, **-р байр, ** тоотод оршин суух Ө овогтой Г /РД:************/-д холбогдох,
Хүүхдийн сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Б би 2007 оны 12 сард Ю.Г танилцаж, 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж. шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан. Бид дундаасаа хоёртой хүүхэдтэй юм. Миний зүгээс бүхий л цаг хугацаанд(гэр бүл байх хугацаандаа болон гэр бүл цуцлуулснаас хойш ч) Ю.Г-тай хүүхдүүдийн асуудлаар эвтэй харилцаж ярилцаж шийдэлд хүрэхийг хичээдэг ч, нэг шийдэлд хүрдэггүй, ойлголцдоггүй. Гэсэн хэдий ч Ч.Б миний хувьд өөрийн хүү, охин хоёртоо эцгийн хувьд хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж, хоёр хүүхдээ эцгийн хайр. халамжаар дутаахгүй байхыг эрхэмлэж хичээдэг. 2023-2024 оны хичээлийн жилд ямар сургуульд суралцах талаар бид дөрөв ярилцаж, судлаад. Канад сургуульд шалгалт өгч охин 9 дүгээр ангид, хүү 1 дүгээр ангид тэнцсэн. Эцгийн зүгээс хүүхдүүдийн сургуулийн сургалтын төлбөрийг төлж баталгаажуулж, хүүхдүүд сургуульдаа явж суралцсан. Гэтэл Ю.Г архи ууж, хоёр хүүхдэд агсан тавьсан(энэ үйлдэл удаа дараа болсон) энэ үйлдэлд нь эцгийн зүгээс шаардлага тавьж маргасны улмаас хүүхдийн хүсэл зоригийг үл харгалзан 2023 оны 11 дүгээр сард хүүг Канад сургуулиас гаргаж, улсын 32 дугаар сургуульд шилжүүлсэн. Ингээд хүү маань ...Канад сургуульдаа явна... гээд хичээлд ч явахгүй, хичээл маш их хоцрогдолд орсон. Үүний дараагаар Канад сургуульд өргөдөл өгч байж, хүүг сургуульд нь буцааж (2024 оны 01 сард) оруулсан. Ч.Б миний зүгээс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарыг хүртэг хугацааны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 60-70 орчим сая төгрөгийг (төлбөрийн зарим баримтьи олоогүй байгаа юм) Хүүхдүүдийн эцгийн хувьд Ч.Б би хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээний болон зайлшгүй шаардлагатай зардлыг бүхэлд нь хариуцдаг. Үүнийгээ ч эцгийн хувьд гүйцэтгэвэл зохих үүрэг, хариуцлага минь гэж хүлээж авдаг. Гэсэн хэдий боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасан тул хүүхдийн ээж, эхийн хувьд ч хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасан тул хүүхдийн ээж, эхийн хувьд ч хүүхдүүдийг асран хамгаалах, хүүхдийн өдөр тутмын зардал, сургалтын төлбөр зэргийн 50 хувийг хариуцах үүрэгтэй. Одоогийн байдлаар миний хүүхдүүд Эх Ю.Г-ийн асрамжид байдаг. Эцгийн хувьд хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор(давуулан) биелүүлдэг боловч гэр бүлийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Эцэг миний зүгээс хүүхдүүдийн 2024 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны сургалтын төлбөр болон түүнтэй холбоотой бүхий л төлбөр, зардал, хураамжийг төлсөн. Хэрэв Ч.Б миний зүгээс хоёр хүүхэдтэйгээ харилцаж, хамт байх эцгийн хувьд надад олгогдсон эрхийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн саадгүй байсан бол сургалтын төлбөр болон өдөр тутмын зардлыг бүхэлд нь үргэлжлүүлэн би хариуцахад татгалзах зүйлгүй. Гэтэл төлбөр, мөнгөтэй холбоотой асуудлаар л надад хандаж төлүүлчхээд хүүхдүүдтэйгээ ...хамт байх эрхээ хэрэгжүүлье... гэхээр ...эрхийг маань хязгаарладаг... тул хуульд зааснаар зардлыг тэнцүү хувааж хариуцах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Хүүхдүүдийг асрамждаа байлгаж байгаа этгээд нь гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй, хүүхдүүдииг маань сургуульд тогтвортой суралцах, хөгжих боломжийг хангахгүй, үндэслэлгүй, шалтгаангүйгээр сургуулиас нь гаргаж, өөрчилж, хүүхдүүдийг маань сэтгэл санаагаар дарамталж(Тухайлбал: ...эцэг чинь төлбөрийг чинь төлөхгүй байгаа тул та нар энэ сургуульд суралцахгүй...улсын сургуульд сур гэх мэтээр хүүхдүүдэд маань хэлжбайсан 2023 оны 11 сард) хүүхдүүдийн эцэгтэйгээ хамт байх боломжийг үргэлжлүүлэн хязгаарласан тохиолдолд миний зүгээс хүүхдүүдийн асрамжийн асуудлаар холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болно. Ю.Г нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарыг хүртэл хугацааны Канад сургуульд охин, хүүгийн маань сургалтын төлбөрийг 50 хувийг төлөхгүй хүүхдүүдийг тогтвортой суралцаж, хөгжих боломжийг алдагдуулах магадлалтай байна. (миний хувьд уг төлбөрийг хэзээ ч төлөх боломжтой байгаа). Ч.Б миний зүгээс хүүхдийн сургалтын төлбөр(2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарыг хүртэл хугацааны) асуудлаар Ю.Г-тай харилцаж "...ярилцаж шийдвэрлэх гэхээр огт ярилцдаггүй... энэхүү нөхцөл байдлаас хамаарч асуудлыг ярилцаж шийдвэрлэх боломжгүй болсон. Иймээс хүүхдүүдийн тогтвортой тууштай суралцаж, хөгжих боломжийг хангах зорилгоор шүүхэд хандаж нэхэмжлэлийг гаргаж байна. Иймээс охин Б.Г, хүү Б.С нарын 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг хүртэл хугацааны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцаж төлөхийг Ю.Г-д даалгаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007-12 сард танилцсан, 2009 онд гэрлэсэн 2 хүүхэдтэй. Тэгээд гэрлэлт цуцлагдсан, эхийн асрамжид үлдсэн, 2023-2024 оны хичээлийн жилд Канад сургуульд суралцсан, аав нь төлбөрийг төлчихсөн, дунд нь ээж нь хүүгээ энэ сургуулиас гаргах гэж үзсэн,хүү дургүйлхээд эргээд сурсан юм байна лээ, 2024-2025 онд ээж нь төлбөрөөс төлөхгүй байх магадлалтай , онцгой энэ зардлыг 50 хувийг адилхан хариуцах ёстой тус бүрд нь 2 сая төгрөг тушааж хичээлийн жилийн баталгаажуулалтаа хийсэн, 22,988,125 төгрөгийг төлүүлэхийг даалгаж өгнө үү, хүүхдүүдээ дутуугийн зовлон битгий үзээсэй сардаа нэг удаа уулзах шийдвэрийг биелүүлээсэй, жилдээ аавынх нь хувьд энэ сургуулийн 45 саяас гадна унаа тэрэг, унд хоол гээд зөндөө л зардал гардаг, гэтэл 2 хүүхдэдээ ээж нь агсан согтуу тавьдаг, уг нь энэ сургуулийн хөтөлбөр өргөн далайцтай, энэ сургуульдаа хүүхдүүд нь дуртай, гэрлэлтээ цуцлуулахад үлдээсэн байрыг хариуцагч түрээсэлдэг, мөнгө нь хаачдаг вэ , одоо машин тэрэг авч өгнө гээд л Б тэгж байна лээ, ер нь үүрэг хариуцлагаа адилхан үүрч, сургалтын зардлын талыг хариуцуулах нь хуулийн дагуу л зүйл гэв.
2. Хариуцагч Ө.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Ч.Б-аас Ч.Г надад холбогдуулан гаргасан охин Б.Г, хүү Б.С нарын 2024 оны 09 сараас 2025 оны 06 дугаар сарыг хүртэл хугацааны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцаж төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд эс зөвшөөрч дараах тайлбарыг гарган өгч байна. Нэхэмжлэгчтэй хамтран амьдарч байх хугацаанд удаа дараа хүчирхийлэл, дарамтад орж байсан тул 2018 онд өөрийн болон хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө шийдвэр гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Тус маргааны хянагдаж байх үед Ч.Б нь хүчирхийлэл үйлдэж байсан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл оногдуулж байсан нь үйл баримтаар тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхээс бидэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж байсан. Ч.Б нь гэрлэлтээ цуцлуулсны дараагаас өнөөдрийг хүртэл хариуцагч намайг тайван байлгалгүй үргэлж сэтгэл санааны дарамтад байлгадаг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Б-ын нэхэмжлэлтэй надад холбогдох ямар ч утгагүй маш олон маргаан шийдэгдсэн байдаг. Бүх маргаан холбогдох хуулийн дагуу хэрэгсэхгүй болсон, эсхүл Ч.Б нэхэмжлэлээсээ татгалзсан зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг ч энэ бүхэн миний сэтгэл санааг үргэлж хэцүү болгож байна. Би хүүхдүүдийнхээ ирээдүйд туйлын их санаа зовж байна. Миний хүүхдүүд том болоод бидний эцэг, эх хоёр ямар сонин хүмүүс вэ? Яагаад ийм их маргаан, хэрүүл болоод байдаг юм бол? Энэ бүхэнд бид буруутай юу? Гэх бодол тээж сэтгэл санааны хямралд орох вий гэдгээс үнэхээр их айж байна. Миний хүүхдүүд эцгийн хайр энэрэл, анхаарал халамжийг байнга хүртэж байх ёстой учир миний бие Ч.Б-ыг хүүхдүүдийн маань эцгийн хувьд хүндэтгэлтэй хандаж, хүүхдүүдтэйгээ уулзах, хөдөө явах, гадаад орон руу дагуулж явах, зэрэгт ямар ч саад учруулдаггүй байсан. Гэтэл нэг л өдөр Ч.Б-ын ааш зан гэнэт хувирч 2022 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдүүдтэй хамт амьдруулах гэсэн утгатай нэхэмжлэлийг гаргасан. Би тэрхүү явдалд гайхаж юу болоод байгаа юм бээ, чи уулзаад авч явах үедээ явдаг л биз дээ гэхэд, Ч. Б нь чамтай ярих юм байхгүй шүүхээрээ шийдүүлнэ гэсэн. Тэгээд энэхүү маргаан нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхээр 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 210/МА2023/00902 дугаартай Магадлалаар эцэслэгдэн шийдэгдэхдээ хүүхдүүдийн дээд ашиг сонирхлыг хангах үүднээс тэдгээрийн нас, хүйс, ээнэгшин дассан амьдрах орчин, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан Ч.Б-ыг хүүхдүүдтэй сар бүрийн сүүлийн долоо хоногийн Бямба, Ням гарагт уулзаж, эцгийн үүргээ хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Ийнхүү шийдвэр гарсан ч миний бие өнөөдрийг хүртэл Ч.Б-ыг хүүхдүүдтэйгээ дуртай үедээ уулзах боломжийг байнга олгохоос гадна хэд хоногоор хөдөө болон гадаад орон руу авч явахад нь хүртэл саад болдоггүй. Ойрын жишээ гэвэл охин Б.Г-г 2023 оны 12 дугаар сард Тайланд улс руу 7 хоног авч явсан. Миний бие Ч.Б-аас гэрлэлтээ цуцлуулснаас хойш өнөөдрийг хүртэлх 6 жилийн хугацаанд 2 хүүхдээ хэнээр ч харуулалгүй, өөрийн асрамжид байлгаж өсгөж хүмүүжүүлж байна. Энэ хугацаанд хүүхдүүдийнхээ өдөр тутмын бүх асуудлыг би л хариуцаж, санаа тавьж явж байгаа. Миний охин Б.Г 18-р дунд сургуульд 1-5 ангид, Жэт олон улсын сургуульд 6-8 ангид сурдаг байсан, хүү Б.С 1-3 насандаа Монгол жаал, 4-5 насандаа Ход ход монтессори цэцэрлэгт тогтмол явдаг байсан. Б.С-ийн цэцэрлэгийн дундаж төлбөр сард 700,000 мянган төгрөгийг өөрийн зүгээс төлж хүүгээ СӨБ боловсролыг бүрэн эзэмгүүлсэн. Хүү Б. С нь 1-6 насанд СӨБ боловсрол эзэмшиж байхдаа 2021 оны Шударга хүү, 2022 оны Тусч хүү-ээр тус тус шалгарч байсан. Мөн миний зүгээс СЭЗИС-н харъяа Эрхэм эрдэм баян бүрэн дунд сургуулийн төлбөртэй бэлтгэл бүлэгт хамрахуй тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэж байсан. СӨБ боловсролын энэхүү 5 жилийн хугацаанд Ч. Б нь хүүхдийн сурах явц, идэвх, төлбөр, хүмүүжил, эрүүл мэнд гэх мэт олон асуудалд оролцдоггүй ч миний зүгээс ямар нэг гомдол тайлбар нэхэж байсан удаагүй. Мөн 2018 оноос одоог хүртэл 2 хүүхдийн тэтгэмжийг нэг удаа ч төлж байгаагүй. Миний зүгээс ч тэтгэмжээ төл гэдэг байдлаар дарамт шахалт үзүүлж байгаагүй ээ. Өөрийн боломжийн хэмжээнд 2 хүүхдээ цэвэр тухтай байранд, шим тэжээлтэй хооллож, хувцаслаж, хэрэгцээт эмчийн үзлэг амин дэмийг өгч, бага болон өсвөр насанд буй 2 хүүхдээ суурь хүмүүжлийн суурь хайрлан энэрэх, уучлан ойлгох, хүндлэх, сахилга баттай, зохих ур чадвартай зөв хүн болон төлөвших тал дээр эхийн сэтгэлээр, өөрийн санхүүгийн боломждоо тохируулан хүүхдүүдийн сурах мэдэх, хэрэгцээт дугуйлан бүрд явуулсаар ирсэн. Б. Г драм, бүжиг, уран зургийн дугуйланд хамрагдаж зохих чадвар эзэмшсэн. Б. С усан сэлэлт, шатар, хуруугаар бодолт, шоо, спорт өрлөгийг дугуйланд хамрагдаж анхан шатны чадвар эзэмшсэн болно. Ч.Б 210/МА2023/00902 дугаартай Магадлал гарсны дараа нэг л сайхан ааштай болж хүүхдүүдээ зориулж хөрөнгө мөнгө гаргана, хүүхдүүддээ төлбөртэй сургуульд сургана би бүх зардлыг гаргана чи битгий санаа зовоорой, Т-оо миний хөгшин юу ч байсан хэлээрэй хэрэгтэй юм байна уу, аваад өгье, машинаа соль муухай машин уналаа, байраа зар бүтэхгүй газар амьдарлаа гэх болсон. Жич: Миний зүгээс Ч. Б-ын зүгээс санал болгодог эд хөрөнгө, мөнгө, материаллаг зүйлсийг өөрийн хэрэгцээнд зориулан авсан удаа байхгүй болно. Би эхэндээ өндөр төлбөртэй сургуульд явуулахгүй харьяаллын дагуу улсын сургуульд явуулна гэж байсан ч Ч.Б би хүүхдүүдийн зардал мөнгийг 12 дугаар анги төгстөл 100 хувь бүрэн хариуцна гэж удаа дараа хэлж ятгасан. 2 хүүхдийнхээ хажууд аав нь 12 хүртэл өөрийн хүслээрээ төлнө. Надад тийм чадвар байна. Аав нь чадахгүй бол өөр хэн чадахаа, сургалтын төлбөр төллөө гээд та хэдийг дарамтад оруулахгүй, сэтгэл санаа, боловсролоор нь наадахгүй гэж хэлсэн. Хэлж ярьсанд бүхэнд нь итгэж заа одоо л нэг ойлголцоод хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө юм чинь сургуульд сургая гэж заа тэгье гэж хэлснээс хойш шилжин суралцсан хүү нь 2 сар ч суралцаж амжаагүй байхад дахин шүүхэд дуудагдана гэж бодсонгүй. Миний бие нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлээд буй төлбөр мөнгийг гарган өгөх санхүүгийн бололцоо байхгүй. Хүүхдүүд маань бидний буруу шийдвэрээс болоод дахиад л хохирч байна. Эцэг нь төлбөрийг төлөхөөс татгалзаж, эх нь өндөр төлбөртэй сургуульд цаашид суралцуулах боломжгүй тул ирэх намраас дахиад л өөр сургууль руу шилжих болж байх шиг байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад буй хуулийн зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Би хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхийг хязгаарлаагүй, боломж бололцоогоороо сургууль, дугуйлан, нэмэлт сургалтад явуулдаг байсан. Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хэрэв хоёр хүүхэдтэйгээ хамт байх ямар нэг саадгүй байсан бол сургалтын төлбөр болон өдөр тутмын зардлыг бүхэлд нь үргэлжлүүлэн татгалзах зүйлгүй гэж бичсэн байна. Эцэг хүн шүүхэд ийм зүйл бичээд өгч байгаад би харамсаж байна. Ч. Б нь үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө гэж хэлж өөрөө сайн дураараа хөрөнгө мөнгө гаргачхаад одоо болохоор хамт байлгахгүй, амьдруулахгүй бол дахиж мөнгө өгөхгүй. эсэн нь ямар ч хүн уншаад ойлгомжгүй санагдана. Мөн өөрөө шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасны үр дагаварт сар бүрийн сүүлийн долоо хоногийн Бямба, Ням гарагт уулзаж, эцгийн үүргээ хэрэгжүүлэх гэдэг шийдвэр гаргуулчхаад одоо шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж хамт байлгахгүй бол мөнгө өгөхгүй гэдэг нь ямар ч ёс зүй, ёс суртахуунгүй, дур зоргоороо байгаа нь харагдаж байна. Ч.Б бүх зүйлийг мөнгөөр шийдэж, мөнгөөр үнэлж байна. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд хүртэл муугаар нөлөөлж байгааг алхам тутамд хэлдэг. Охин Б.Г мөнгөтэй карт өгч хүссэн юмаа аваарай гэдэг, хүүхэд маань амьдралд бэлэнчлэх сэтгэлгээ суучих вий гэхээс би эмээж байна гэхэд чамд өгч байгаа биш хүүхдүүддээ өгч байна л гэдэг. Нэг л өдөр Ч.Б хүүхдүүддээ мөнгө өгөхгүй гэх болно, өгөхгүй гэдгээ ч нэхэмжлэлдээ дурдсан байна. Хүүхдүүдийг мөнгөөр татаж хүмүүжилд нь улам муугаар нөлөөлж байгаа гэдгээ өөрөө ч ойлгохгүй байна, эсвэл албаар ингээд байгаа ч юм уу гэж эргэлзэх хэмжээнд хүртэл бодогдож байна. Миний бие Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж байгаа хүүхдүүдээ суурь боловсролоор бүрэн хангаж сурч боловсрох эрхийг хааж боогдуулсан зүйл байхгүй, харьяа сургуульд нь бүртгүүлж сургаж байсан. Ч.Б би бүх зардлыг нь төлнө, төлбөртэй сургуульд сургая гэхэд нь зөвшөөрсөн. Миний хувьд УБ дахь Канад сургуульд 2 хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг төлөх санхүүгийн боломж бололцоо байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм. Мөн хууль тогтоомжид хүүхдийг заавал төлбөртэй сургуульд сурга гэсэн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үүгэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удаа дараа хүчирхийлэл үйлдээд 2018 онд шүүхэд хандсан, гэрлэлт цуцалсан, тайван байлгадаггүй маш олон утгагүй нэхэмжлэл шүүхэд гаргадаг, мөн өөрөө хариуцаж төлнөө гээд сургуулиас гаргасан мэдээж чанартай боловсрол гэдэг утгаар нь зөвшөөрсөн. Санхүүгийн боломжид тааруулаад дугуйлан дамжаанд хамруулдаг, төлбөр төлөх санхүүгийн боломжгүй. 2024-2025 оны 50 хувийг хариуцуулна гэжээ, хүүхдүүдтэй нь саадгүй уулзуулвал төлүүлэхгүй гээд байгаа юмуу, бид санхүүгийн боломжгүй мөн төлмөөргүй байна. Сургуульд орсон байна, ирэх жил сурах эсэх нь эргэлзээтэй, суурь боловсролыг хаана эзэмшүүлэх нь асран хамгаалагчийн бие даан шийдэх асуудал , түрээсийн орлого гэж би мэдэхгүй, за тооцоолол хийгээд үзий 3,500,000 төгрөгийн цалин авдаг энэ хүн 420,000 нийгмийн даатгалд, 308,000 г татварт, үлдсэн 2,772,000 төгрөгийг 12 сараар үржүүлэхэд жилийн орлого 33,264,000 төгрөг, гэтэл үүнээс 22 саяыг өгчихөөр цаана нь 10 сая үлдээнэ яаж амьдрах вэ, зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банк дахь мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Г-ий төрсний бүртгэлийн лавлагаа, Б.С-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Ч.Б-ын шилжүүлгийн баримт, Б.С-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Г-ий төрсний бүртгэлийн лавлагаа, Ч.Б-ын Голомт банк дахь дансны хуулга, Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар хот дахь Канад сургууль ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, шилжсэн талаарх тодорхойлолт, суралцагчийн хөгжил төлөвшлийн тодорхойлолт, суурь боловсролын сурлагын үнэлгээ, бага боловсролын сурлагын үнэлгээ, төгсөх шалгалтын үнэлгээ, суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл, Б.Г-ий хувийн хэрэг, Б.С-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн дүнгийн тодорхойлолт, Ф ХХК-ийн тодорхойлолт, Ю.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 183/ШЗ2018/02262 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.28-ны өдрийн 210/МА2023/00902 дугаартай магадлал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: . 2023-2024 оны хичээлийн жилд ямар сургуульд суралцах талаар бид дөрөв ярилцаж, судлаад Канад сургуульд шалгалт өгч охин 9 дүгээр ангид, хүү 1 дүгээр ангид тэнцсэн. Эцгийн зүгээс хүүхдүүдийн сургуулийн сургалтын төлбөрийг төлж баталгаажуулж, хүүхдүүд сургуульдаа явж суралцсан. Хүүхдүүдийн эцгийн хувьд Ч.Б би хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээний болон зайлшгүй шаардлагатай зардлыг бүхэлд нь хариуцдаг. Гэсэн хэдий боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасан тул хүүхдийн ээж, эхийн хувьд ч хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасан тул хүүхдийн ээж, эхийн хувьд ч хүүхдүүдийг асран хамгаалах, хүүхдийн өдөр тутмын зардал, сургалтын төлбөр зэргийн 50 хувийг хариуцах үүрэгтэй. Ю.Г нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарыг хүртэл хугацааны Канад сургуульд охин, хүүгийн маань сургалтын төлбөрийг 50 хувийг төлөхгүй хүүхдүүдийг тогтвортой суралцаж, хөгжих боломжийг алдагдуулах магадлалтай байна. Иймээс охин Б.Г, хүү Б.С нарын 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг хүртэл хугацааны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцаж төлөхийг Ю.Г-д даалгаж өгнө үү гэв.
3.Хариуцагч Ю.Г нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би эхэндээ өндөр төлбөртэй сургуульд явуулахгүй харьяаллын дагуу улсын сургуульд явуулна гэж байсан ч Ч.Б би хүүхдүүдийн зардал мөнгийг 12 дугаар анги төгстөл 100 хувь бүрэн хариуцна гэж удаа дараа хэлж ятгасан. Эцэг нь төлбөрийг төлөхөөс татгалзаж, эх нь өндөр төлбөртэй сургуульд цаашид суралцуулах боломжгүй тул ирэх намраас дахиад л өөр сургууль руу шилжих болж байх шиг байна.. Миний бие Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж байгаа хүүхдүүдээ суурь боловсролоор бүрэн хангаж сурч боловсрох эрхийг хааж боогдуулсан зүйл байхгүй, харьяа сургуульд нь бүртгүүлж сургаж байсан.. Миний хувьд УБ дахь Канад сургуульд 2 хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг төлөх санхүүгийн боломж бололцоо байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм. Мөн хууль тогтоомжид хүүхдийг заавал төлбөртэй сургуульд сурга гэсэн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2018 оны 10 дугаар сарын 15 ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/02262 дугаартай шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүү Б.С, охин Б.Г-г эхийнх асрамжид үлдээж, тэтгэлгийг эцгээс нь гаргуулахаар шийдвэрлэжээ. /хх 33-35/
Улмаар хүүхдүүд Нийслэлийн Ерөнхий боловсролын Улаанбаатар хот дахь Канад сургуулийн 1 ба 9 дүгээр ангид суралцдаг, 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөр төлөгдсөн талаар талууд маргадаггүй. Ирэх хичээлийн жил буюу 2024-2025 оны хичээлийн жилийн 2 дугаар ангийн сургалтын төлбөр 18,026,250 төгрөг, 10 дугаар ангийн төлбөр 27,950,000 төгрөг, нийт 45,976,250 төгрөг болох нь хэрэгт авагдсан сургуулийн нэхэмжлэхээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь төлбөрт нийт 4,000,000 төгрөгийг төлж, сургалтын үйл ажиллагааг баталгаажуулжээ.
Нэхэмжлэгч Ч.Б нь охин, хүүгийн сургуулийн төлбөрийн ирээдүйд гарах зардлын 50 хувийг хариуцахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч суурь боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог, төлбөртэй сургуульд суралцуулсан нь зайлшгүй гарах зардал биш, энэ талаар тохиролцоогүй, уг төлбөрийг цалингаасаа гаргах боломжгүй гэх үндэслэлээр маргажээ.
Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцод зааснаар эцэг эх хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийг хөгжих, төлөвшихөд дэмжин туслах, хүүхэд өсөж хөгжих хүмүүжих орчныг бүхий л талаар бүрдүүлэх адил тэнцүү эрх үүрэгтэй байдаг. Шүүхээс, хүүгийн эх нь дээрх хууль тогтоомжоор оногдуулсан үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хүүхдийн сургалтын зардлын 30 хувийг хариуцуулахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсний дагуу нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү заалтын дагуу хүүхдэд зардал гаргаж байгаа тохиолдолд эцэг, эх хэн алинд хуваан хариуцуулах нь зүйтэй байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт эцэг, эх нь хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, зөв дадал хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн хувьд тухайн шаардлага буюу ирээдүйд гарах зардлыг тодорхойлсон сургуулийн нэхэмжлэх буюу цаашид гарах зайлшгүй зардал гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Иймээс эцэг нь энэхүү зардлыг нэхэмжлэх боломжтой ба гагцхүү хариуцагч нь хүүхдүүдийг өдөр бүр биечлэн шүүхийн шийдвэрийн дагуу асран хамгаалж байгаагийн хувьд шүүх 50 хувийг бус 30 хувийг хариуцуулахаар шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 26 дугаар зүйлийн 26.1 т заасныг баримтлан Ю.Г-д хүү Б.С, охин Б.Г нарын Нийслэлийн Ерөнхий боловсролын Улаанбаатар хот дахь Канад сургуулийн 2024-2025 хичээлийн жилийн сургалтын төлбөр 45,976,250 төгрөгийн 30 хувь буюу 13,792,875 төгрөгийн зардлыг хариуцахыг даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ