| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 1838007490182 |
| Дугаар | 2019/ДШМ/33 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.С |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2019/ДШМ/33
2019 08 15 2019/ДШМ/33
М.Эод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Г.Сэндэнсүрэн,
Хохирогч: Ч.Нарандэлгэр,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолтой М.Эод холбогдох 1838007490182 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ч.Нарандэлгэрийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Багахотгойд овогт Мөнхжаргалын Э, ..... оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 7 сарын хугацаагаар хойшлуулж байсан /регистрийн дугаар ................/.
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороонд иргэн Ч.Нийг эгч Этэй хардсан гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний баруун нүдийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Багахотгойд Мөнхжаргалын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнхжаргалын Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эоос 3.462.350 /гурван сая дөрвөн зуун жаран хоёр мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Нт, 27.300 /хорин долоон мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгож, Эрүүгийн 1838007490182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ч.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Эоос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Ч.Н давж заалдах гомдолдоо: Хохирогч Ч.Н би 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр М.Эод баруун талын нүд рүүгээ цохиулсны улмаас баруун талын нүд маань бүрэн хараагүй болж улмаар зүүн талын нүд рүүгээ нөлөөлж яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Баруун нүдэндээ хагалгаанд орох эмчилгээ хийлгэхэд их мөнгө орсон ба би зөвхөн бүрдүүлсэн баримтынхаа нэхэмжлэлийн 3 462 350 төгрөгийг шүүгдэгч М.Эоос гаргуулахаар болсон юм. Хамгийн гол нь шүүхийн хэлэлцүүлэгт М.Э нь би хохирогч Н ахаас уучлалт гуйж байна. Таны эмчилгээний зардлыг өгнө. Цаашдаа харж хандаж байна гэх мэтээр ярьж байж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл миний хохирлын мөнгийг М.Эын ар гэрийнхэнээс өгөөгүй. Би өөрөө орон гэргүй, бага насны хүүхдийнхээ хамт нагац эгч Базархандынд амьдардаг юм. Миний баруун талын нүд бүтэн хараагүй болж цаашлаад зүүн талын нүдэндээ яаралтай хагалгаанд орохгүй бол мөн адил хараагүй болох магадлалтай байна гэж эмч хэлсэн. М.Эоос авах хохирлын мөнгөөр би зүүн талын нүдэндээ хагалгаанд орно гэж найдаж байсан нь талаар өнгөрч байна. Иймд хохирогч Ч.Н миний зүгээс шүүгдэгч М.Эод оногдуулсан 2 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна. Надад учирсан хохиролд М.Эод хүлээлгэсэн хариуцлага тохирохгүй хөнгөн байна гэж үзэж байгаа тул учирсан хохиролд тохирсон ял шийтгэлийг М.Эод оногдуулж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт иргэн Ч.Нийг эгч Этэй хардсан гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний баруун нүдийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Н, гэрч Ц.Э, С.Базарханд, А.Нямсүрэн, шинжээч эмч Б.Цолмон нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 477 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч М.Эод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс М.Эыг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт иргэн Ч.Нийг эгч Этэй хардсан гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний баруун нүдийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Хохирогч Ч.Н нь “...М.Э түүний ар гэрийнхнээс өнөөдрийг хүртэл миний хохирлын мөнгийг өгөөгүй. Миний зүгээс шүүгдэгч М.Эод оногдуулсан 2 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна..” гэх агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 4 562 350 төгрөгийн хохирол учирсан тогтоогдсон гэж дүгнэн үүнээс шүүгдэгч М.Э нь эмчилгээний зардалд төлсөн 1 100 000 төгрөгийг хасч, 3 462 350 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Анхан шатны шүүх М.Эод хуульд заасан 2 жилийн хорих ялыг өөрийн эрх хэмжээний хүрээнд оногдуулсан байх ба ял хөнгөдсөн гэж үзэх боломжгүй учир давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж үзэх хууль зүйн боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогч Ч.Нийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Н.БАЯРХҮҮ