Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 486

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нямжав,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч А.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл /ҮД:0055/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А Э холбогдох эрүүгийн 201725030320 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Дончин овогт Амарбаясгалангийн Эрхэс, Монгол Улсын иргэн, 1999 оны 04 сарын 11-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, ах, өвөө, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 40 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ………………………..

Шүүгдэгч А.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн дурсамж” амралтын газарт хохирогч Б.Мөнхбаатартай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь өшиглөж түүний эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Эээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би 2017 оны 01 сарын 28-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 24-40 тоот гэртээ эмээ, өвөө нарын хамт байсан. Тэгсэн миний гар утас руу манай найз Өсөхбаяр залгаад гэрийнхээ гадаа гараад ир гэж хэлсэн. Би тэгээд гэрээсээ гараад очсон чинь Дамдинсүрэн, Өсөхбаяр, Нянхай нар 25-55 улсын дугаартай тоёота простер маркийн автомашинтай ирсэн байсан. Бид нар тэгээд Нянхайгийн төрсөн өдөр гээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Ойн дурсамж” гэсэн нэртэй амралтын газар руу явсан. Амралтын газар руу явах замдаа найз Галбадрахыг гэрээс нь авсан. Манай найз Галбадрахын гэр нь Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд байдаг. Би яг тоотыг нь сайн хэлж мэдэхгүй. Орой 22 цагийн орчим “Ойн дурсамж” гэсэн нэртэй амралтын газарт очиж нэг гэр түрээсэлж авсан. Түрээслэсэн гэртээ байж байсан чинь гаднаас манай найз Пүрэвхүү, Дэлгэрсайхан, Бямбадэлгэр нар орж ирсэн. Бид нар тэгээд хоол хийж идээд нэг 2 литрийн савтай Нийслэл гэсэн нэртэй пиво уух гэж байсан чинь Нянхай, Пүрэвхүү хоёр жорлон ороод ирье гээд гэрээс гарсан. Харин Бямбадэлгэр, Дэлгэрсайхан, Өсөхбаяр, Дамдинсүрэн, Галбадрах бид нар үлдэж пиво ууж байсан. Хэсэг хугацааны дараа Пүрэвхүү гаднаас орж  ирээд Нянхай хүмүүстэй маргалдаад байна гэж хэлсэн. Бид нар тэгэхээр нь амралтын гэрээсээ гараад очсон чинь Нянхайтай шар үстэй намхан нуруутай залуу, бас дунд зэргийн нуруутай саарал өнгийн цамцтай залуу нартай маргалдаад байсан. Харин бусад залуучуудыг сайн хараагүй. Тухайн үед 4-5 залуучууд байсан. Бид нар тэгээд очоод тэр залуучуудтай ярилцаад Нянхайг салгаад аваад явсан. Тэгсэн чинь тэр хүмүүсийн шар үстэй намхан нуруутай залуу нь нөгөө хэдийгээ дууд эд нарыг алъя гээд бахирч  ардаас явж байхдаа газарт унасан. Би тэгэхээр нь очоод нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх 83-85/,

Шүүгдэгч А.Эээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тэр өдөр найзынхаа төрсөн өдөр дээр очсон байсан. Хоолоо идчихээд байж байхад манай найз тамхи татах гээд 00-ын үүдэн дээр очоод байж байсан. Нөгөө гэрт байсан хүүхдүүд орилоод байсан. Хохирогч Мөнхбаатарыг салгах гээд очихдоо нэг цохисон унахад нь нүүр рүү нь өшиглөсөн. Хохирогч Мөнхбаатар янз бүрээр орилоод байсан. Би очоод өшиглөсөн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Мөнхбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 33-372 тоот гэртээ байж байсан. Орой 18 цагийн орчим манай найз Оогий миний гар утас руу залгаад, хаана байна Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг долоон буудал гэсэн нэртэй автобусны буудал дээр Оогий, Чөдөрөө, Жоохоноо, Энхбаяр бид нар байна, чи хүрээд ир гэж хэлсэн. Би найзуудынхаа бүтэн нэрийг сайн мэдэхгүй байна. Би гэрээсээ гараад долоон буудал очсон. Намайг долоон буудал дээр очиход Чөдөрөө, Анхаа, Даашка, Жоохоноо, Энхбаяр нар Оогийгийн автомашинд сууж байсан. Би тэгээд Оогийгийн автомашинд суугаад, бид нар амралтын газар луу явсан. Тэгээд амралтын газрын харалдаах колонк дээр зогсож байгаад ардаас ирж байгаа эмэгтэй хүмүүсийг хүлээсэн. Удалгүй колонкийн харалдаах автобусны буудал дээр гурван эмэгтэй хүн ирж буугаад бид нартай хамт амралтын газар луу очсон. Би тэр гурван эмэгтэйчүүдийн нэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Бид нар тэгээд “Ойн дурсамж” гэсэн нэртэй амралтын газар луу очиход нэг залуухан эмэгтэй эгч бид нарт нэг амралтын гэр гаргаж өгсөн. Бид нар тэгээд гэртээ ороод хоорондоо танилцаад тоглоод байж байсан. Орой 23 цагийн орчим манай бусад хэсэг найзууд Ариунболд, Сумъяа, Адъяа, Даашка нар хүрч ирсэн. Бид нар тэгээд Оогийгийн төрсөн өдөр гээд дэлгүүрээс авсан архинуудаа уусан. Би шөнө амралтын гэрээс гараад бие засах гээд гарсан. Гэрээс гараад жорлон руу явж байсан чинь тэнд гурван эрэгтэй хүн тамхи татаад зогсож байсан. Би тэгээд жорлон орчихоод буцаад амралтын гэртээ ороод сууж байсан чинь Оогий, Сумъяа, Жоохоноо нар тамхи татах гээд гэрээс гарсан. Удалгүй гэрийн гадаа хүмүүс маргалдаад байх шиг байсан. Бид нар тэгэхээр нь бөөнөөрөө гэрээс гараад харсан чинь хэсэг хүмүүстэй манай найзууд маргалдаад зогсож байсан. Би тэгээд очоод найзуудыгаа салгах гээд зогсож байсан чинь нэг хүн намайг хавсарч унагаасан. Тэгээд саарал өнгийн цамцтай нэг залуу хүрч ирээд миний баруун хацар руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тэгээд ухаан алдсан ... гэсэн мэдүүлэг /хх 16-18/,

Гэрч Э.Уугандоржоос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: … Би 2017 оны 01 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барилгын зах буюу 100 айл дээр найзуудыгаа хүлээж байсан. Учир нь би найзуудтайгаа өмнөх өдөр нь найз Лхагва-Очирын төрсөн өдрийг тэмдэглэх гээд ярилцсан байсан. Тэгээд манай найз Лхагва-Очир, Сумъяахүү, Төмөрчөдөр, Мөнхбаатар, Энхбаяр нар Хондо маркийн автомашинтай хүрч ирсэн. Бид нар уулзаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Ойн дурсамж” гэсэн нэртэй амралтын газар руу явсан. Амралтын газар руу явах замдаа  долоон буудлын тэр хавийн нэг дэлгүүрээс 2 литрийн савтай пиво, мөн 0.75 литрийн архинаас 2 шилийг авсан. Би тэр дэлгүүрийн нэрийг болон ямар нэртэй архи пиво авсанаа санахгүй байна. Дэлгүүрээс гараад бид Салхит гэсэн нэртэй гудамжнаас Лхагва-Очирын 2 эмэгтэй найзыг аваад явсан. Би тэр 2 эмэгтэй хүний нэрийг мэдэхгүй байна. Тэгээд амралтын газарт ирээд гэртээ ороод дэлгүүрээс авсан архи пиво уусан. Шөнө 01 цагийн орчим манай найз Адъяахүү, Сумъяабат хоёр хүрч ирсэн. Бид нар тэгээд архи пиво уусан. Харин би ядраад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь манай найз Мөнхбаатарыг хөл гарнаас нь дамжилдаад манай найзууд оруулж ирж байсан. Мөнхбаатар ухаангүй амнаас нь цус гарсан орж ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-19-21/,

Гэрч Э.Пүрэвхүүгээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Би 2017 оны 01 сарын 28-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 3-841 тоот гэртээ байж байсан. Тэгсэн манай найз Дэлгэрсайхан, Бямбадэлгэр хоёр манай гэрт ирээд, амралтын газар луу явсан. Тухайн үед манай найз Нянхайгийн төрсөн өдөр болж байсан юм. Тэгээд Дэлгэрсайхан, Бямбадэлгэр бид нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ойн жим Ойн дурсамж гэсэн нэртэй амралтын газар луу очсон. Амралтын газарт очиход манай найз Дамдинсүрэн, Нянхай, Галбадрах, Эрхэс, Өсөхбаяр нар нэг амралтын гэрт байсан. Бид нар тэгээд хоол идээд дараа нь Нянхайгийн төрсөн өдөр болж байгаа болохоор 2 литрийн савтай Нийслэл гэсэн нэртэй пиво уусан. Нянхай бид 2 амралтын гэрээс гараад жорлон орчихоод эргээд амралтын гэр лүү явж байхад хоёр залуу бид нарыг дуугуй яв гэж хэлсэн. Тэр хоёр залуугийн амарч байгаа гэрийнх нь ард талд бид нарын түрээслэж авсан гэр байсан. Нянхай бид хоёр залуугийн хажуугаар гараад явах гэсэн чинь тэр хоёр залуугийн намхан биетэй шар үстэй залуу нь Нянхай бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ тэр хоёр залуугийн нэг амралтын гэр рүүгээ ороод найзуудаа дуудсан. Би бас амралтын гэр рүү очоод найзуудаа дуудсан. Манай найзууд бөөнөөрөө гарч ирээд тэр залуучуудтай маргалдсан. Манай найз Нянхай тэр залуучуудын намхан биетэй шар үстэй залуутай маргалдаад байхаар нь бид нар салгаад амралтын гэр рүү явсан. Бид нар тэгээд амралтын гэртээ байж байсан чинь Нянхай бид хоёртой маргалдсан залуучууд манай амралтын гэрийн хаалгыг онгойлгоод гараад ир гэж хэлсэн. Манай найзууд гэрээс гарсан. Харин сүүлд нь гарсан чинь Нянхайтай маргалдаж байсан намхан нуруутай шар үстэй залуу газарт хэвтэж байсан. Тэр залуугийн нүүр рүү Эрхэс өшиглөсөн. Тэр залуучууд газарт хэвтэж байгаа найзыгаа аваад амралтын гэр рүү явсан ... /хх-24-25х/,

Гэрч Ц.Сумъяабатаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Би 2017 оны 01 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консолын 13-343а тоот гэртээ ээж, эгч, ах, дүү нарын хамт байж байсан. Орой 21 цагийн орчим манай найз Адъяахүү миний гар утас руу залгаад гэрийнхээ гадаа гараад ир гэж хэлсэн. Би тэгээд гэрээсээ гараад очсон чинь манай найз Адъяахүү цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн байсан. Би тэр автомашины дугаар болон маркийг сайн хэлж мэдэхгүй байна. Адъяахүү бид хоёр ярилцаад Лхагва-Очирын төрсөн өдөр болж байгаа газар руу очихоор болсон. Тэгээд Адъяахүү бид хоёр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн дурсамж” гэсэн нэртэй амралтын газар руу очсон. Адъяахүү бид хоёрыг амралтын газарт ирэхэд манай найз Мөнхбаатар, Төмөрчөдөр, Энхбаяр, Уугандорж, Лхагва-Очир, Сумъяахүү нар архи уусан байдалтай байсан. Бид нар тэгээд хоорондоо ярилцаад сууж байсан чинь Лхагва-Очир, Мөнхбаатар хоёр амралтын гэрээс гарсан. Удалгүй Лхагва-Очир амралтын гэрт орж ирээд Мөнхбаатар хүмүүстэй маргалдаад байна гэж хэлсэн. Бид нар тэгээд гэрээс гараад очсон чинь 4-5 залуучууд Мөнхбаатарын өөдөөс хараад маргалдаад зогсож байсан. Бид нар очоод яасан бэ? юу болсон юм бэ? гэж тэр залуучуудаас асуусан чинь тэр залуучууд яасан зодолдмоор байна уу? гэж хэлээд найзуудаа дуудсан. Тэр залуучуудын найзууд гээд хэсэг хүмүүс ирсэн. Тэр залуучуудын саарал өнгийн цамцтай залуу нь Мөнхбаатарын нүүр рүү цохиод, газарт унахаар нь нүүр рүү нь өшиглөсөн …” /хх-30-32х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2373 тоот дүгнэлтэд:

“1. Б.Мөнхбаатарын биед доод эрүү ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-57х/,

Шүүгдэгч А.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 153/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 182/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 152/, хохирол төлсөн баримт /хх 129/, хохирогчийн “..9.000.000 төгрөг бэлнээр хүлээн авлаа ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хх-128/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн дурсамж” амралтын газарт хохирогч Б.Мөнхбаатартай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь өшиглөж түүний эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгохоор шүүх шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Мөнхбаатар нь “..9.000.000 төгрөг бэлнээр хүлээн авлаа..” нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хх-128х/ гэсэн байх тул шүүгдэгч А.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.