Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 118/ШШ2024/0006

 

 

                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0046652 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* нь "...2023 оны 02 дугаар сарын 11-нд "Улиастай сумын ******* багт Д.******* нь 2 ширхэг хөлдөөсөн тарвага, 1 ширхэг чонын арьс тээвэрлэн явсан" гэх зөрчлийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шалгаад, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зөрчилд холбогдогч Д.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар №0046652 дугаартай шийтгэлийн хуудсаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч Д.*******, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Э.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар зөрчилд холбогдогч Д.******* нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан " Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №0046652 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.******* Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэл оногдуулж, Зөрчлийн тухай хуулийн аль заалтаар шийтгэл оногдуулсан эсэх нь ойлгомжгүй байна. Мөн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр "монгол тарвага эр 170,000х2=340,000 төгрөг", "саарал чоно эр 510,000х1=510,000 төгрөг", нийт 850,000 төгрөг үнэлсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 700 000 төгрөгөөр тогтоох байтал эрх бүхий албан тушаалтан нь 680 000 төгрөгөөр тогтоож амьтны аймагт учруулсан хохирлыг буруу тогтоож шийтгэлийн хуудсыг бичсэн байна. Иймд эрх бүхий албан тушаалтан Б.*******ийн шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч Д.*******т шийтгэл оногдуулсан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №0046652 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь: хэсгийн "...Холбогдогч Д.******* /хүн, хуулийн этгээдийн нэр/-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасан...” гэснийг "Холбогдогч Д.******* /хүн, хуулийн этгээдийн нэр/-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан..." гэж, мөн Шийдвэрлэх нь: хэсгийн “...Холбогдогч Д.******* /хүн, хуулийн этгээдийн нэр/-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу..." гэснийг "Холбогдогч Д.******* /хүн, хуулийн этгээдийн нэр/-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу..." гэж, мөн 2. "Оногдуулсан шийтгэлийн 150 000 төгрөгийг... гэснийг "Оногдуулсан шийтгэлийн гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр...гэж, "...алдангийн нөхөн төлбөрийн 680 000 төгрөгийг..." гэснийг "...алдангийн нөхөн төлбөрийн 1 700 000 төгрөгийг..." гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай" 36 дугаар дүгнэлтийг судалж танилцлаа. Дүгнэлтээс харахад тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр холбогдогч Д.*******т 0046652 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байсан боловч Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Мөн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр "монгол тарвага эр 170.000х2ш=340.000 төгрөг, саарал чоно эр 510.000х1 ш=510.000 төгрөг" нийт 850.000 төгрөг үнэлсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 700 000 төгрөгөөр тогтоох байтал эрх бүхий албан тушаалтан Б.******* нь зөвхөн тарвагаар 680.000 төгрөгөөр тогтоож, чононы экологи-эдийн засгийн үнэлгээг нэмж тогтоогоогүй, амьтны аймагт учруулсан хохирлыг буруу тогтоож шийтгэлийн хуудсыг бичсэн байна. Иймд Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаар "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай" дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан дүгнэлтийг болон өөрчлөлт оруулах хуулийн заалт, оногдуулах шийтгэл, нөхөн төлбөрийн хэмжээний талаар холбогдогч Д.*******т утсаар мэдэгдсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* нь тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 0046652 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...Зөрчлийн тухай хуулийн аль заалтаар шийтгэл оногдуулж байгаа эсэх нь ойлгомжгүй, мөн Байгаль орчны тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 2 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр буюу 1 700 000 төгрөгөөр тогтоох байтал хохирлыг буруу тогтоосон/ хэмээн үзэж шийтгэлийн хуудсыг өөрчлөх үндэслэлтэй байна” гэж тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг дэмжсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37-д зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан зөрчилд шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байх бөгөөд  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 700 000 төгрөгөөр тогтоохоор байгаа тул зөрчил гаргагч Д.*******ийн учруулсан хохирлыг дутуу тооцоолсныг зөвтгүүлэх нь хуульд нийцэхээр байна. Иймд хариуцагчаас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0046652 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай” Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн дүгнэлтийг хариуцагч тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                             ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ