| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0273/З |
| Дугаар | 128/ШШ2024/0019 |
| Огноо | 2024-01-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******,
Т.Т, өмгөөлөгч Б.Ц,
Хариуцагч: Сангийн яам, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А,
Хариуцагч: Эдийн засаг, хөгжлийн яам, итгэмжлэгдсэн төлөөлөгч
Б.Б, Ц.Д, өмгөөлөгч Т.М нарын хоорондын концессын гэрээтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Т.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Д, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны өмгөөлөгч Т.М, иргэдийн төлөөлөгч М.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас анх Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан ““Чийн шинэчлэл” барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд холбогдуулан “Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК-ийн хооронд байгуулсан “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний эргэн төлөлт хийгдсэн өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигч “А*******” ХХК-д үүссэн алдагдал болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.028 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, концесс эзэмшигч “А*******” ХХК-нд үүссэн алдагдал болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.028 төгрөгийг, мөн “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний наймдугаар бүлгийн 8.2-т заасны дагуу олгогдоогүй алданги болох 2.804.075.903,84 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах, “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.725.491.868,09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж, уг хохирлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авч, Сангийн яамыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрыг жинхэнэ хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамаар сольсон.
1.3. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК-ийн хооронд байгуулсан “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.028 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч Эдийн засаг хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Концесс эзэмшигч “А*******” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.028 төгрөгийг, мөн “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 8 дугаар бүлгийн 8.2-т заасны төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн алданги болох 2.804.075.903,84 төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах, “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.725.491.868,09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах” гэсэн.
1.4. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Концесс эзэмшигч “А” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр, алданги, хохирол зэргийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч Эдийн засаг хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.725.491.868,09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах” гэсэн.
1.5. 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамнаас “2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ““Ч”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах” сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
1.6. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамнаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ““Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын төсвөөс илүү төлөгдсөн 3.543.720.460 (гурван тэрбум таван зуун дөчин гурван сая долоон зуун хорин мянга дөрвөн зуун жар) төгрөгийг буцаан гаргуулах” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, “А*******” ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан концессын гэрээ байгуулсан. Улмаар компанийн зүгээс “Ч шинэчлэл” төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгасан байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газарт төслийн барилга угсралтын ажлыг хянан үзэж, барилгыг хүлээн ёстой боловч одоог хүртэл хариу өгөөгүй, барилгыг хүлээж аваагүй.
Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газар нь барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлыг зохих ёсоор хүлээн авахгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс Төрийн худалдан авах үйл ажиллагааны газрын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн худалдан авах ажиллагааны газар нь барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хянан үзэж, хүлээн авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа юм. Иймд “Чийн шинэчлэл” барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ““Ал*****” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан ““Чийн шинэчлэл” барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Компанийн зүгээс “Чийн шинэчлэл” төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусган, одоо станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газарт төслийн барилга угсралтын ажлыг хянан үзэж барилгыг хүлээн авах талаар хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй, барилгыг хүлээж аваагүй.
Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газарт “Чийн шинэчлэл” барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахгүй байгаа үйлдэл нь хууль бус тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Концессын гэрээний 2.11-д зааснаар хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс эзэмшигчид 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10.599.398 ам доллар, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10.599.398 ам доллар, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10.599.398 ам доллар, нийт 31.798.194 ам долларын үндсэн төлбөрийг концесс олгогчоос нөхөн төлөхөөр заасан. Гэтэл концесс олгогч нь үндсэн төлбөрөөс нийт 29.775.639 ам долларыг концесс эзэмшигчид олгосон бөгөөд одоо үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717,082 төгрөгийг олгоогүй. Мөн Концессын гэрээний 2.11-д зааснаар 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10.599.398 ам доллар, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10.599.398 ам доллар, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10.599.398 ам долларын эргэн төлөлтийг концесс эзэмшигчид шилжүүлэх атал концесс олгогч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлж, төлбөрийг дутуу төлснөөс концесс эзэмшигчид 2.804.075.903,84 төгрөгийн алданги үүссэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар захиргааны үйл ажиллагаанаас учирсан хохирлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Мөн захиргааны байгууллага нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөлд нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас үүргийн гүйцэтгэл шаардаж иргэний шүүхэд маргаан үүсгэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч иргэний шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм. Учир нь “А*******” ХХК нь “Ч,” төслийн барилга угсралтын гэрээний ажлыг хийж гүйцэтгэхдээ концессын гэрээний эргэн төлөлтийн төлбөрийг барьцаалан банкнаас зээл авч гүйцэтгэсэн бөгөөд банкны зээлийн төлбөр төлөлтийн хугацааг нь концессын гэрээнд заасан концесс олгогчоос төлөх төлбөрийн хугацаагаар тогтоож зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл концесс эзэмшигчийн зүгээс хугацаандаа төлбөрөө бүрэн шилжүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас “А*******” ХХК нь банкны зээлийн хүүгийн төлбөрт 10.725.491.868,09 төгрөгийн төлбөр төлсөн.
Иймд Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК-ийн хооронд байгуулсан “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний эргэн төлөлт хийгдсэн өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигч “А*******” ХХК-д үүссэн алдагдал болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.028 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, концесс эзэмшигч “А*******” ХХК-нд үүссэн алдагдал болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.028 төгрөгийг, мөн “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний наймдугаар бүлгийн 8.2-т заасны дагуу олгогдоогүй алданги болох 2.804.075.903,84 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах, “Ч,” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.725.491.868,09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж, уг хохирлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оноос авхуулаад Монгол Улсын Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлсэн бэ гэхээр эрчим хүчний үнэ огцом нэмэгдэж байгаа хэрэглээг хангах шаардлагатай байна, зүүн өмнөд бүсийгээ өөрсдөө эдийн засгийн чөлөөт бүс болгон хэрэгжүүлье, Сайншандын аж үйлдвэрийн парк дээрээс нь Цагаан суваргын зэсийн орд гээд энэ том үйлдвэрүүдийг хэрэгжүүлэхэд юу шаардлагатай байна вэ гэхээр эрчим хүчний нэмэлт хэрэгцээ шаардлагатай болсон. Энийг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангах энэ дэд станцыг ашиглалтад оруулах бололцоо бүхий компаниудыг сонгон шалгаруулаад концессын гэрээ байгуулах нөхцөл шаардлагыг тавиад бид нар журмынх нь дагуу оролцоод концесс эзэмшигчээр шалгараад ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгаад ажлаа хүлээлгээд өгчихсөн. Хүлээлгэж өгснийхөө дараагаар бид гэрээнд тусгасан үйл баримт, үйлдлээ хийгээч ээ гэж хариуцагч нараас хүсэж байгаа юм. Эдийн засгийнхаа тооцооллын хувьд ч гэсэн энэ сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулаад ярихад Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах цуцлах боломж аль хэдийн хаагдчихсан гэрээ байгаа. Захиргааны гэрээний дагуу эс үйлдэхүйтэй маргаж байгаа гэдгийг шүүх тусгайлан анхаарч үзээсэй гэж хүсэж байна.” гэв.
2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд байгуулагдсан Концессын гэрээ нь Концессын тухай хууль болоод Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш талууд маргаагүй. Нэхэмжлэгч компани концессын гэрээний дагуу өөрийн гүйцэтгэх ёстой ажлыг бүрэн гүйцэтгэж эрх бүхий байгууллага концессын гэрээний үр дүнг хийх болсон. дэд бүтцийг хүлээн авч 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаад явж байгаа гэдэг дээр бас мөн талууд маргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг л үл ойлголцолтой зүйл байгаа нь хариуцагч нараас нэхэмжлэгчийг төлбөр тооцооны хэмжээ дамжаатай маргаж үл ойлголтын зөрөө гараад байгаа юм болов уу гэж өмнөх хойшилж буй хурлаас анзаарагдаад байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой ажлаа гүйцэтгэсэн гэрээнд заасан хөдөлшгүй тоо баримтаар тогтоогдсон үнийн дүнг улсын төсөвт тусгуулахаар саналаа гаргаж өргөн мэдүүлээч гэдгийг даалгахаар ийм нэхэмжлэлийг гаргаад явж байгаа. Шүүх хуралдаанаар сая танилцуулагдаж байгаа Төрийн худалдан авах ажиллагааны газар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирсэн баримтууд дээр нэг зүйл тодорхой байгаа нь 2020, 2021, 2022 онд “А*******” ХХК-ийн зүгээс Төрийн худалдан авах ажиллагааны газар, Эдийн засаг, хөгжлийн яаманд, Сангийн яаманд, Үндэсний хөгжлийн газарт мөн албан бичгээр концессын гэрээний үлдэгдэл төлбөрийг улсын төсөвт тусгуулж төлөх ёстой төлбөрийг төлөх асуудлыг арга хэмжээ авч өгөөч гэдэг байдлаар удаа дараа албан бичгээр хандаад талуудын хооронд тооцоо нийлсэн баримтуудыг хавсаргаад төлбөрийн задаргаа хавсаргаад авсан. Авах ёстой мөнгөний талаарх холбогдох баримтуудыг хавсаргаад удаа дараа хандсан байдаг. Гэвч улсын төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн эсэх талаар А******* компанид Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үндэсний хөгжлийн газар, эрх шилжүүлэн авсан Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамнаас энэ талаар ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх эсвэл хэрэгжүүлэхгүй байгаа үндэслэл энэ талаараа ямар нэгэн байдлаар огтоос хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Ийм ч учраас эс үйлдэхгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасан байдаг.
Нэхэмжлэгч компани Концессын тухай хуулийн 26.1.3-д “гэрээнд заасан арга замаар санхүүгийн төсвийг бүрдүүлнэ” гэж заасан байгаа. Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээндээ эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар заасан байдаг. Үүний дагуу А******* компани санхүүгийн төсвийг зохих журмын дагуу гэрээнд заасныг бүрдүүлээд гэрээний ажлыг хийж гүйцэтгэж дууссан байдаг. 2017 оны гэрээнд төлбөр төлөх хуваарийг тодорхойлоод тухайн сар өдрийн доллартай тэнцэх хэмжээний төгрөг байхаар тухайлан заасан байдаг. Энэ хугацаанд гэрээнд заасны дагуу анх гэрээ байгуулах санал Засгийн газраас гаргаснаас хойш тэр саналынхаа дагуу төлбөр төлөгдөөгүйн улмаас А******* компанийн хувьд зээлийн эх үүсвэрээс авсан санхүүжилтийг эргэн төлөхөд хугацаа хэтрэх нөхцөл байдал үүсэж илүү хүү төлбөр төлж хохирсон нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 2.11, 2.19, 2.13 дахь заалтуудад хохирлыг нөхөн төлж гаргуулах асуудлыг зохицуулсан байгаа. Гэрээнд заасны дагуу үүссэн хохирол өөрөө нэхэмжлэгчийн 3 дахь нэхэмжлэлийн шаардлага болох 10,7 тэрбум төгрөгийн хохирол үүссэн нөхцөл байдалтай байгаа учраас концессын гэрээ бүрэн хэрэгжээд нэхэмжлэгч компани гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нар гэрээний үлдэгдэл төлбөрийг зохих ёсоор төлөөгүйгээс үүссэн алданги мөн зохих ёсоор төлөөгүйгээс үүссэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий этгээдээр өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий этгээдэд өргөн мэдүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““А*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа Чийн шинэчлэл барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах буюу тус газрыг хариуцагчаар тодорхойлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газрын бүтцийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эдийн засаг, хөгжлийн яам шинээр байгуулагдан, улмаар Засгийн газрын тухай хуульд мөн адил нэмэлт өөрчлөлт орж тус хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалтад зааснаар Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг Эдийн засгийн хөгжлийн сайд эрхлэх болсон тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүрэг тус яаманд шилжсэн болно.
Иймд “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны байгууллага буюу хариуцагч нь дээрх хуульд зааснаар Төрийн худалдан авах ажиллагааны газар биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар жинхэнэ хариуцагчийг тогтоон, манай байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК-ийн хооронд 2017 онд байгуулагдсан “Ч, шинэчлэл” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой “А*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. “А*******” ХХК нь “Ч,” төслийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний эргэн төлөлтийг зохих ёсоор хийгдээгүй гэж үзээд дээрх шаардлага бүхий нийт 19.284.282.800.89 төгрөгийг нэхэмжилсэн байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Коронавируст цар тахлын халдварт өвчин 2019 оны 9-10 сард дэлгэрч, тус өвчний тархалтын эрчимтэй үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээг цаг тухай бүр авч хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү өвчний тархалт нь 2021 оны 12 дугаар сарын байдлаар харьцангуй буурсан тул Монгол Улсын хувьд өндөржүүлэн бэлэн байдлын зэргийг бууруулсан бөгөөд одоогийн байдлаар уг өвчнөөс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл байсаар, үүнийг даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар ажилласаар байна. Иймд Концессын гэрээнд заасан гэрээний нэг талын хүсэл зоригоос гадуур үүссэн энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас шалтгаалсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
3.3. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нарт даалгах өөрөөр хэлэх юм бол эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоохоор эрх бүхий этгээдэд өргөн мэдүүлэхийг даалгах гэдэг агуулгатайгаар 3 нэхэмжлэлийн шаардлагаа тус тусад нь гаргаж байгаа. Эс үйлдэхүй гээд байгаа тухайн мөнгөн төлбөрүүдийг яагаад төсөвт тусгах саналыг Төсвийн тухай хуульд заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яам өргөн мэдүүлэхгүй байгаа вэ гэдэг асуудал энд яригдаж байгаа. Яагаад өргөн мэдүүлэхгүй байгаа юм, яагаад өргөн мэдүүлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлтэй вэ гэхээр ханшийн зөрүүний алдагдал гээд байгаа 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан ханшийн зөрөөний алдагдал гэж ийм баримт байгаа. Энэ баримтаар 2,2 тэрбум ам доллар 5,7 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн байна гэсэн. Ханшийн зөрүүний алдагдлаа талууд гэрээний үлдэгдэл төлбөр гэж яриад байгаа юм. Энэ ерөөсөө гэрээний үлдэгдэл төлбөр биш ханшийн зөрүүнээс үүссэн хохирол гэж ярих ёстой. Тэгснээ гэрээний үлдэгдэл төлбөр гээд үлдэгдэл төлбөрөөс үүдсэн хугацаандаа төлөөгүйгээс үүдэлтэй алданги хохирол гэж нэхэмжлээд байгаа. Гэрээнд тухайн концессын гэрээн дээр талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан энэхүү концессын гэрээний 2.11 дээр төлбөрийг ам доллараар хийгээд хэзээ энэ мөнгөн дүнг шилжүүлэх вэ гэдэг хуваарийг тодорхой дурдчихсан. Үндэсний хөгжлийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар гээд эрх бүхий этгээд нь өөрчлөгдөөд яваад байгаа ч гэсэн яг одоо концесс эзэмшигчийн зүгээс төрийн зүгээс 2019 оны 9 сараас 2021 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 81 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээг хийчихсэн байдаг.
Гэрээний 2.12-т заасны дагуу тухайн оныхоо төсвийг боловсруулахдаа Сангийн яамнаас баримталж байгаа ханшаар тооцоолоод гэрээнд заасны дагуу нийт 31 ам долларыг бүрэн шилжүүлж дуусгасан.
...Харин ханшийн зөрүүний алдагдал бид өгөх ёсгүй. Яагаад гэвэл 2.12-т зааснаар бид нар тухайн шилжүүлэг хийгдэж байгаа өдрийн Монгол банкны ч юм уу эсвэл арилжааны банкны ч юм уу эсвэл Сангийн яамны баримталж байгаа ч юм уу энэ ханшаар тооцно гээгүй. Гэрээнд тухайн төлбөрийг ам долларын төлбөрт шилжүүлэхдээ Сангийн яамнаас баримталж байгаа тухайн оны төсөв боловсруулах үеийн ханшаар гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2020 оны төсвийг боловсруулахдаа 2019 оны 8 сарын 15-нд боловсруулаад Засгийн газар луу өргөн мэдүүлэх ажил явдаг. Тэгэхээр 8 сарын 15-ны өдрөөр Сангийн яам дараа оныхоо төсвийг бодож байгаад тухайн оных нь ханш тодорхойлогддог гэсэн үг. Сангийн яамнаас албан бичгээр нотлох баримтаар авагдчихсан. Энэ ханшаар тооцоод Монгол улсын Засгийн газраас А ХХК-д өгөх ёстой гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан. Тэгэхээр бид нар үлдэгдэл төлбөр гэж байхгүй ханшийн зөрүүний алдагдал гэж өгөхгүй.
Хохирлоос алданги тооцох гээд байна, гэтэл гэрээний үлдэгдэл төлбөр гээд байгаа юм. Тэгвэл үлдэгдэл төлбөр буюу 5,7 тэрбум төгрөгийг хэзээ өгөх ёстой байсан гэж үзээд хохирол алданги нэхээд байгааг ойлгохгүй байна.
...хохирол буюу концесс эзэмшигчийн үзэж байгаагаар хохирлоос яагаад алданги тооцох вэ гэдгийг ойлгохгүй байна. Ханшийн зөрүүний хохирол гээд байгаа дээр талууд нэмэлт гэрээ хийчихсэн, хэргийн материалд авагдчихсан байгаа. Нэмэлтээр гэрээ хийхдээ алданги тооцох тухай, энэ үлдэгдэл, хохирол, алдагдал, ханшийн зөрүүний алдагдал буюу энэ ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид учирсан гэж үзээд байгаа хохирол дээр хэзээ төлөх юм, энэ хохиролд алданги тооцох юм уу гэдэг зохицуулалт байхгүй. Энд ерөнхий гэрээний зохицуулалт үйлчлэх тухай нэг ч заалт байхгүй.
Иргэний хуулийн 232.3-д анзын нэг хэлбэр алданги гэж заасан. Алданги заавал гэрээгээр баталгаажсан байх ёстой. Тэгэхээр үлдсэн 5,7 тэрбум төгрөгийг бид нар концесс эзэмшигчид хэзээ төлөх ёстой байсан юм, хэзээ төлснийг төлөөгүй гэж үзээд бид нараас яаж алданги нэхээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байна.
Гуравдугаарт хохирлын тухайд Голомт банкнаас авсан зээл, Н******* Прогресс компаниас авсан зээл байдаг. Н******* прогресс компани ямар компани вэ гэдэг талаар өмнө нь шүүх хурлууд дээр яригдаж байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хамаарал бүхий компани байгаа. Тухайн компаниас зээл авсан гэдэг. Гэхдээ хэзээ хэдэн хувиар ямар зээл аваад тэрийг нь энэ төсөлд яаж зарцуулаад хүү нь хэдэн төгрөг болоод манайх хэдэн төгрөгөө хэзээ шилжүүлээгүйгээс шалтгаалаад хэдэн төгрөгийн хүүг хохирол гэж нэхэмжилж байгаа вэ гэдэг талаар огт баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, хөөсөрсөн толгой компанитайгаа гэрээ хийчихдэг тэрнийхээ хохирол хүү нь тэд болсон, танайх угаасаа мөнгөө өгөхгүй байгаа учраас энэний чинь хохирол би авлаа гээд байгаа. Иргэний хуульд зааснаар хохирол захиргааны эс үйлдэхүй эсвэл хууль бус үйл ажиллагаа хууль бус үйлдэл түүнээс үүдэлтэй үр дагавар энэ хоёрын хооронд дундын шалтгаант холбооны асуудал байх ёстой. Гэтэл хууль бус үйлдлээс үүдээд хохирол учирсан энэ 2 хоорондоо нотлогдох ёстой. Тэгэхээр ямар ч тогтоогдож байгаа баримт байхгүй баахан л зээлийн гэрээ өгөөд байдаг зээлийн гэрээнээс хэдэн төгрөгийн хохирол гээд бүх л дүнгээр нэг хохирол нэмээд нэхээд байдаг, тэр хохирол өөрөө үнэхээр Монгол Улсын ЗГ-ын буруутай үйл ажиллагаанаас болоод Монгол Улсын ЗГ хэдэн төгрөгийнхөө зээлийг хэзээ төлөөгүйгээс шалтгаалаад эднийх банкныхаа хэдэн төгрөгийн зээлийг хэзээ өгөх ёстой байгаагаас хэдэн төгрөгийн хохирол учирчхаад энэ хоёрын хооронд ямар шалтгаант холбоо байгаад байна вэ гэдэг нь ерөөсөө тодорхойгүй. Тэгэхээр ийм бүрхэг амандаа орсон тоогоор ингээд нэхэмжилсэн байна гэж бид харж байгаа. Үлдэгдэл төлбөрийн тухайд огт үлдээгээгүй ханшийн зөрүүний алдагдлын асуудал яригдаж байгаа энийг бид нар өгөх ёсгүй гэж үзэж байгаа юм.” гэв.
3.4. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага нь 5,7 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулахыг өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуульд эс үйлдэхүй гэж юу юм бэ гэдгийг заачихсан. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоор хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Гэтэл 2,2 сая ам долларыг төсөвт тусгаж өгөөч гэдэг хүсэлт гаргахаар хариу өгөөгүй гэж байгаа юм. Иргэдээс өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Тэгвэл нэхэмжлэлийн шаардлага нь хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль боловсруулахыг тогтоолгож хариу өгөхийг даалгах. Тэгж байж хуульд заасан үүрэг болно. Ямар үүргээ биелүүлээгүй юм бэ гэхээр гэрээнд заасан буюу улсын төсөвт тусгуулах чиг үүргээ биелүүлэхгүй байна гэж. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д нийцэхгүй байна, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгааг захиргааны акт буюу эс үйлдэхүй гэж үзнэ гэж хуульд хуульчлаагүй.
Хоёрдугаарт албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан. Ингээд эс үйлдэхүй гаргасан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байна гэж байгаа. Гэхдээ энэ чинь өөрөө төсвийн тухай хуулиар зохицуулагддаг харилцаа. Төсвийн тухай хуулиар гэж бодож компаниар ярьж үзвэл энд сууж байгаа Ө.А нябо энд сууж байгаа Д Б хоёр нь маркетингийн хэлтэс. Гэтэл энэ гэрээний чинь нэг тал нь Засгийн газар буюу кабинетын зарчмаар хэрэгждэг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль хэрэгжиж байгаа. Яриад байгаа үндэслээд байгаа сөрөг нэхэмжлэл дээр зарчхаад байгаа 2.13-ыг ярьж байна лээ. Яагаад энэ буруу юм бэ гэж 2.13 чинь гэрээний 2 тал гэсэн заалттай. Гэрээний 2 тал ингэж өөрчилнө шүү. Түүнийг төлөөлж эрх бүхий этгээд болж оролцож байгаа этгээд нь тухайн үедээ Монгол Улсын ЗГХА төрийн худалдан авах ажиллагааны газар, тэгэхийн тулд нь дөнгөж саяын Д миний үйлчлүүлэгчийн хэлснээр хуульд нийцсэн байх ёстой буюу концессын тухай хуульд заасны дагуу гэрээний нэг талаас нь Засгийн газрынхаа хуралдаанаар хэлэлцүүлээд зөвшөөрлөө авч алдагдлыг батлах ёстой байсан. Ийм учраас энийг Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн буюу илт хууль бус дараачийнх нь 55.1.14-д заасны дагуу төлөөлөх эрхгүй эрхгүй этгээд алдагдал дээр У гарын үсэг зурсан байна. Бүх концессын гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтүүд, захиргааны гэрээнүүд өнөөдөр Концессын тухай хуульд заасны дагуу алдагдлыг баталгаажуулах гэж байгаа бол Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж тогтоол гаргуулсан байсан. Энэ өөрөө хуулийн заалт. Эдгээр нөхцөл байдлуудыг авч үзэх юм бол төсвийн мөнгөн дүнтэй нийцэхгүй байна гэж төсвийн тухай хууль ч Засгийн газрын тухай хууль дээр ч төсвийн төсөөллийн мөнгөн дүнгээр тухайн ханшийг тооцно гэдэг хуулийн заалт байхгүй. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 106.3.4 109.2-т тус тус зааснаар эс үйлдэхүй гэдэг энэ ойлголт буюу нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох бүрэн эрхээ буруу хэрэгжүүлж ийм эс үйлдэхүй ерөөсөө гаргаагүй байна.
Засгийн газарт өргөн мэдүүлэхийг даалгах гэж байгаа. Тэгэхээр Засгийн газарт өргөн мэдүүлэх үүрэгтэй байх ёстой, хуульд заасан ямар хуулийн ямар заалтаар Засгийн газарт өргөн мэдүүлэх үүрэгтэй байдаг юм? Иргэн ААН-ийн гаргасан төсвийн саналыг ийм хуулийн заалт Төсвийн тухай хууль дээр байдаг юм уу, Сангийн яам нь тэрийг нь уламжлах эрх нь байдаг юм болов уу? Зүй нь бол тухайн хүсэлтийг гаргаад 2,2 сая ам.доллар-ыг гаргаж өгөх ёстой байна энэ чинь алдагдал ингээд баталчихсан гэхэд энийг удаа дараа гаргаж байсан гэж байгаа. Тухайн үед яагаад эс үйлдэхүйгээр хууль бус болохыг даалгаад хууль бус болохыг тогтоолгоод хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй юм. Нэхэмжлэгч нарт эрх нь хуулиараа нээлттэй байсан.
Дахиад нэг тайлбарлаж байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ чинь гэрээний нэмэлт биш шүү дээ нэмэлт гэрээ ерөөсөө биш ээ гээд. Концессын гэрээний 7 дугаар зүйл дээр угаасаа заачихсан байгаа төсвийн асуудал нь өөрөө нэмэлт гэрээний хэсэг байна гээд заагдчихсан байгаа. Дээрээс нь нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 218, 219 дах заалтыг хэрэглэж байх шиг байсан. Мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгэх үүргийнх нь ханшаар тооцно гэж байгаа юм. Үүнд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Иргэний хуулийн 218-ыг зөв хэрэглэх талаар тайлбар гаргасан. Тэр нь юу вэ гэвэл гэрээндээ талууд ханшийн зөрүүгээ тохиролцоогүй 218-ыг хэрэглэнэ шүү үүрэг гүйцэтгэх үеийн ханш баримтална гэсэн. Гэтэл гэрээндээ заачихсан, яаж тооцох юм бэ гэж. Тухайлбал 2.11, 2.13, 2.12-оор гээд одоо эндээс сөрөг нэхэмжлэл та нар өөрсдөө гаргаад байна шүү дээ 2 үзүүртэй зүйл гэж ярьж байгаа юм. Яг зөв. Яагаад гэвэл хэрвээ энэ заалт илт хууль бус болох юм бол өгсөн авснаа буцаах юм уу гэж байгаа юм үгүй, Иргэний хуулийн 56.5 дах зохицуулалт хэрэглэгдэхгүй яагаад гэвэл Захиргааны ерөнхий хууль дээр заагдчихсан байгаа өөрийнх нь зохицуулалт Иргэний хуулийг нөхөн тохируулж хэлж болно гэхдээ нийтийн эрх зүйн зарчмыг удирдлага болгож хэрэглэнэ шүү гэчихсэн. Тийм учраас 56.5-ны ойлголт яригдахгүй дээрээс нь энийг 56-тай хольж ойлгох боломжгүй гэдэг. Яагаад гэхээр захиргааны акт илт хууль бус байна гэдэг нэг тусдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байна гэдэг нэг тусдаа ойлголттой хууль зүйн талаасаа. Гэрээний үлдэгдэл төлбөр үү эсвэл энэ хохирлын асуудал уу гэж гэрээний үлдэгдэл төлбөр байсан бол энэ эс үйлдэхүй болгоод тэрүүгээр хуульд заасан 30 хоногийн хугацаанд буюу албан хүсэлтээ өгөөд 30 хоногийн дотор хариу өгөхгүй байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь төсөвт тусгахгүй байгаа эс үйлдэхүй төсөвт тусгана гэдэг үүрэг байхгүй. Төсөвт яагаад тусгаагүй вэ гэдгийг тайлбарлах үүрэгтэй хариуцагч үүнийг иргэдээс төрийн байгууллага өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хууль бус тогтоож байгаа.
Дараагийн нэхэмжлэлийн шаардлага дээрээ юу гэж тайлбарлаад байгаа вэ гэхээр хохирлын асуудал буюу 10,7 тэрбум төгрөг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зааж өгмөөр байна. Шууд учирсан үр дагавар гарсан. Тэгтэл өнөөдрийн энэ тайлбараас үзвэл гэрээний эргэн төлөлт үнэ хийгдэхээс хамаагүй өмнө буюу 2 жилийн өмнө үүссэн зээлийн гэрээний харилцаа түүний хүүгийн төлбөрийг энэхүү концессын гэрээнд буцаана хэрэглэж хохирол гэж нэхэмжлэх боломжгүй юм. Хэрвээ хохирол нэхэмжлэх гэж байгаа бол 106.3-д заасны дагуу ямар актын улмаас дахиад энэ хохирол үүсчихсэн бэ гэдэг асуудал яриад байна. Актыг нь аваад үзье гэхээр нөгөө эс үйлдэхүй биш 37.3-ыг зөрччихөөд байгаа асуудал яригдаад байгаа. Ийм учраас өнөөдөр энэ хоорондын мэтгэлцээн гарсан болов уу гэж харж байна.
Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлах юм бол миний хувьд сөрөг нэхэмжлэл буюу өмнө нь баахан 2.11, 2.12, 2.13-ыг ярьсан учраас өмнөх энэ шүүхийн хэлэлцүүлэг дээр 2021 оны 6 сарын 22-ны өдрийн алдагдлын асуудлыг ярилцсангүй. Тодруулбал энэ дээр шинжлэн судалсан концессын гэрээний эргэн төлөлт хийгдсэн өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид 2,2 сая америк долларын алдагдал үүссэн болно гэж тохиролцчихсон байгаа. Энэ хамгийн гол дүгнэлт. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Дгийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсээд байгаа гэрээний заалт нь өөрөө, яагаад гэвэл энийг барьж 2 сая ам.доллар-ыг нэхэмжилж байгаа учраас энийг тусгахгүй байгаа эс үйлдэхүй гэдэг нь өөрөө үүрэг биш, захиргааны байгууллагын өөрийнх нь ажиллагаа, харин тусгаагүй талаараа мэдэгдээгүй хариу өгөөгүй байгаа бол энэ өөрөө эс үйлдэхүй мөн. Энэ талаар ч шүүхийн ажиллагаа хэд хэдэн шатдаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг ч сүүлд би асуулт хариултын үе шатанд тодруулсан. Мөн адил тайлбарласан. Улсын төсөв тусгахгүй байгаа, тусгуулах саналыг хүргүүлэхгүй байгаа, улсын төсөвт тусгуулах саналыг хэн хүргүүлдэг вэ гэх юм бол Эдийн засаг, хөгжлийн яам биш. Төсвийн тухай хуулиар Эдийн засаг, хөгжлийн яам төсвийн санал л өгч байгаа юм. Тэрийг Сангийн яам хянаж байгаа. Төсвийн тухай хуулиараа Сангийн яам Төсвийн тухай хуулийн төсөл бэлдээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байгаа. Тэгэхээр наанадаж энэ хуулийн хувьд биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагынх нь агуулга өөрөө материаллаг хуулийн хэм хэмжээнд нийцэхгүй байна.
Шүүгч асууж байсан, энэ асуудлаа хариуцлага тооцсон уу гэж, энэ алдагдлын асуудал хариуцлага тооцох эсэх асуудал та бүхний хувьд илт хууль бус захиргааны гэрээ юу үгүй юу гэдгээр тогтоогдоно. Энэний дараа яригдах асуудал буюу 52.5.4-ийг тайлбарлаж байна, нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэл 52.5.4-д хамаарахгүй гээд 52.5.4-ийг ярихын тулд өмнө нь ч гэсэн бид нар давж заалдах шатын шүүх хуралдаанд орж энэ захиргааны гэрээ мөн байна гэж дүгнүүлсэн учраас энэ дээр дүгнэлт өгөхгүй байя. Дараа нь төлбөр гүйцэтгэх үеийн ханш хариуцагч өөрийнхөө хийсэн хэлцлийг хүчингүй болгох гээд байна гэсэн. Харин тийм захиргааны гэрээ, концессын гэрээ учраас өчигдөр буюу 1 сарын 1-нээс эхлээд Концессын тухай хууль хүчингүй болоод Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр гаргаж мөрдөгдөж байна. Тэгэхэд өөрийн хийсэн хэлцлийг хүчингүй болгох гэдэг агуулга дээр зайлшгүй шүүхээр тогтоолгохоос өөр сонголтгүй болгочихсон. Яагаад гэвэл нэг талд нь А******* гэдэг компани байгаа учраас эд нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын үүднээс шүүхээр тогтоолгох заалтыг хэрэглэж байгаа юм. Энэ алдагдал чинь өөрөө тооцоо нийлсэн баримт шүү дээ гэж Иргэний хууль дээр бас нэг сонирхолтой зохицуулалт байдаг, манай нэхэмжлэгч тал бол Иргэний хуулийн 343-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг ярьж байсан. Тэгвэл би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд Иргэний хуульд заасан тооцоо нийлэх гэрээний шинжтэй байгаа. Төлбөр тооцооны өмнөх үүргийг мөнгөн дүнгээр илэрхийлж талууд харилцан тохиролцохыг тооцоо нийлэх гэрээ гэнэ гэж Иргэний хууль дээр тавьсан юм. Энэ өөрөө үүссэн алдагдал буюу нэмэлт гэрээ байгуулах замаар тооцоогоор нь хэлчхээд байна.
Хамгийн сүүлд нь тодруулах зүйл нь зохицуулагч байгууллага буюу эрчим хүчний түвшин зохицуулагч байгууллага гэрээний тухай буюу үе шатан дээр нь хяналт тайлбарыгаа явах нь зөв. Гэхдээ гэрээний нэг тал нь өөрөө Эдийн засаг хөгжлийн яам эрх бүхий этгээдийг төлөөлж буюу ЗГ-ыг төлөөлж байгаа этгээдийг санхүүгийн гүйлгээг хийхдээ Эдийн засаг хөгжлийн яамны санхүүгийн гүйлгээний баримтад тулгуурлаад Сангийн яам гүйлгээг олгож байгаа. Төсвийн мөнгөнөөс төрийн нэгдсэн данснаас гарч байгаа учраас Төсвийн тухай хууль болон Монгол Улсын ЗГ-ын төсвийн зарлагын дансыг тэнцвэржүүлэх журамдаа заасныхаа дагуу эгж явагдаж байгаа. Тэгвэл Д, Б 2-ын Эдийн засаг хөгжлийн яамнаас гаргаж байгаа төсвийн асуудлыг санал чинь өөрөө тусгахгүй байгаа санал байгаа. Энэ мөнгөн гүйлгээг хийе гэдэг санал. Тэрийг нь Сангийн яам хянаад тухайн жилийн төсөвт нь тусгасан байна уу, энэ оны төсвийг зохиохдоо өмнөх оны 8 сарын 15-ны өдрөөр тасалбар болгодог хуулийн төсвийн тухай хуулийн зохицуулалттай учраас тэр хэмжээгээр нь тасалбар болгоод санхүүгийн гүйлгээ хийгдэж байсан байна. Тийм учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон Төсвийн тухай хуульд заасны дагуу 31 сая ам.доллартай тэнцэх мөнгөн дүн тухай бүрд нь хийж байсан юм байна. Гэхдээ эхний удаадаа хоцорсон юм байна энэ нь аудитын дүгнэлттэй холбоотой аудитын дүгнэлт яагаад алга болсон бэ гэдэг Монгол УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолд заасны дагуу ажиллагаа байдаг. Тийм учраас энэ өөрөө хуулийн адил нэгэн хүчин чадалтай тогтоол гаргах эрх хэмжээтэй төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаж биелүүлсэн байна. Гол яриад байгаа энэ алдагдал гэж байгаа зүйл дээр сөрөг нэхэмжлэл гаргаад байгаагийнх нь учир энэ алдагдал гэдэг баримтын үндэслэж нэхэмжлэл гаргаад байгаа учраас илт хууль бус болгох бүрэн эрхтэй байгууллага буюу шүүх хяналтын байгууллагад нь нэхэмжлэл гаргасан. Тийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шаардлагатай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4, 106.5, 109.2-т заасны дагуу эдгээрийг баримтлахын тулд зайлшгүй хэрэглэгдэх ёстой зүйл нь энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах шаардлагатай байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
3.5. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““А*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа “гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигч “А*******” ХХК-д үүссэн алдагдал болох 2.022.555 ам доллар буюу 5.754.717.028 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”-ыг, “гэрээний Наймдугаар бүлгийн 8.2-т заасны дагуу олгогдоогүй алданги болох 2.804.075.903,84 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах”-ыг, мөн “хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.725.491.868,09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж, уг хохирлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах”-ыг тус тус хүссэн байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж нь Төсвийн тухай хуулийн дагуу боловсруулсан тухайн оны төсвийн хуулиар зохицуулагддаг. Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтад зааснаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь улсын төсвийн төслийг боловсруулах бүрэн эрхтэй. Харин энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан төсвийн цаглабарыг дагаж мөрддөг. Тухайн жилийн төсвийн төслийг Сангийн яам дангаараа төлөвлөдөггүй бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар асуудал эрхэлсэн төсвийн төвлөрүүлэн захирагч буюу асуудал эрхэлсэн сайд нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-т “дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох” гэж, 14.2.4-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн бүх төрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах” гэж тус тус заасны дагуу төсвийн төслөө боловсруулан ирүүлэх бүрэн эрхтэй. Ийнхүү ирүүлсэн төсвийн төслийг Сангийн яам хянан нэгтгэдэг
Нэхэмжлэлд дурдсан концессын гэрээ нь Үндэсний хөгжлийн газар болон “А*******” ХХК нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан байх ба уг гэрээнд Сангийн яам ямар нэгэн байдлаар эрх, үүрэг хүлээж оролцоогүй байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр концессын асуудал нь Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэгт шилжсэн байна. Энэхүү өөрчлөлтөөр гэрээний нэг тал болсон Үндэсний хөгжлийн газар нь өөрчлөн байгуулагдаж эдийн засаг, хөгжлийн яам болсон байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хөрөнгө оруулалтын арга хэмжээний төслийг төсөвт тусгуулахаар Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу ирүүлээгүй тохиолдолд Сангийн яам тухайн оны төсөвт тусгах эрх хэмжээгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан тодорхойлолтод Сангийн яам хамаарахгүй тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
3.6. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эдийн засаг хөгжлийн яамны төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байгаа. Нэмээд 2 тайлбарыг хэлэх гэсэн юм. Эхнийх нь гэх юм бол энэ захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох асуудал өөрөө тухайн захиргааны байгууллагын хуульд заасан ямар үйл ажиллагааг хийгээгүй юм эсвэл хуулиар эрх олгогдоогүй ямар үйл ажиллагааг хийчихсэн юм бэ гэдэг асуудал яригдаад байна. Тэгэхээр Сангийн яамны зүгээс хуулиар олгогдсон байсан ямар үүргээ хэрэгжүүлээгүй юм эсвэл хуулиар олгогдсон байхад хэрэгжүүлэхгүй байгаа ямар үйлдэл байгаа юм бэ гэдэг асуудлыг гарч ирж байгаа. Төсвийн тухай хуулиар тухайн асуудлыг Засгийн газар Их хуралд өргөн мэдүүлэх үүрэг нь Сангийн яаманд байдаггүй. Яагаад гэвэл тухайн төслөө асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Сангийн яаманд ирүүлээд түүнийг үндэслэж цааш нь ЗГ-т өргөн мэдүүлэх асуудал яригдаад байгаа юм. Тэгэхээр нэг ёсондоо орж ирээгүй байгаа хүсэлтийг бид нар цааш нь уламжилж дамжуулна гэдэг ойлголтыг хэлэх юм. Мөн сая нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хохирлын асуудлуудыг яриад байна. Тэгэхээр хохирлыг Иргэний хуулийн 227.3-д тодорхойлж өгсөн байдаг. Нэхэмжлэгч 2 үндсэн нөхцөлийг зайлшгүй хангаж байж тэрийг өөрөө хохирол гэж үзэх юм байна. Эхнийх нь гэх юм бол үүрэг гүйцэтгэгчээс буюу нэхэмжлэгчээс яг ямар зардал гарсан юм тухайн хохиролтой холбогдуулаад буюу хариуцагч нарын эс үйлдэхүйтэй холбоотой тухайн гарсан зардлаа нотлох ёстой, эсвэл тэр эс үйлдэхүйгээ хийгээгүй асуудлуудаас болоод зайлшгүй ямар орох ёстой байсан орлого нь ороогүй юм гэдэг асуудал хөндөгдөж байж, энийгээ нэхэмжлэгч нь өөрөө нотолж байж энэ дээр хохирлын асуудлууд одоо яригддаг. Сая нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад мөн тайлбарыг нь сонсоход хохирол бид нарт ийм зардал зайлшгүй гарчихсан эсвэл ийм орлого зайлшгүй орох ёстой байсан гэдэг зүйлийг нотолсон зүйл байхгүй байгаа учраас энэ хохирол гэдэг зүйл өөрөө үндэслэлгүй байна.
Гэрээгээр тохирсон байгаад байгаа төлөх ёстой байсан үүргийн үнийн төгрөгийг аль хэдийн төлчихсөн асуудал байгаад байгаа юм. Тэгэхээр нэгэнт төлсөн асуудлаас алданги гэдэг асуудал яригдахгүй. Яагаад алданги гэж яригдахгүй вэ гэхээр үүргээ хэрвээ гүйцэтгээгүй бол тухайн үүргээс алданги тооцож байгаа нэгэнт үүргээ гүйцэтгэсэн бол тэр гүйцэтгэсэн үүргээс алданги тооцно гэдэг ойлголт иргэний хуулиар байхгүй учраас иргэдийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлгүй байна. ийм бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэж байна” гэв.
Дөрөв. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл.
4.1. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамнаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д миний бие Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК-ийн хооронд байгуулсан “Ч,” концессын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг үндэслэн өдрийн “Ч”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг илт хууль бусад тооцуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Илт хууль бусад тооцуулах энэхүү баримт нь хэдийгээр “Ч”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн гарчигтай боловч талуудын тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож баталгаажуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар захиргааны нэмэлт гэрээ болно. Тус гэрээ нь үндсэн “Ч,” концессын гэрээний 2.12 дахь заалтыг зөрчиж Сангийн яамны тухайн жилийн ханшаар бус харин нэхэмжлэгч буюу концесс эзэмшигчийн гаргаж өгсөн ханшаар тооцож нэмэлт гэрээг байгуулсан болох нь гэрчийн мэдүүлгүүдээс тодорхой байна. Иймд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ““Ч”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-т зааснаар илт хууль бусад тооцож өгнө үү” гэжээ.
4.2. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яам сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэг.“Ч, төсөл”-ийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2 дахь заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 103 дугаар тогтоолоор “Ч, төсөл”-ийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээ”-г “А*******” ХХК-тай байгуулах зөвшөөрлийг олгож, гэрээний үнийг “31,798,194 (гучин нэгэн сая долоон зуун ерэн найман мянга нэг зуун ерэн дөрвөн) ам.доллартай тэнцэх төгрөг” буюу гэрээ байгуулагдсан өдөр (2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр)-ийн Монголбанкны зарласан ханш нь 2,452.44 төгрөг тул нийт гэрээний төлбөр 77,983,162,893.66 /далан долоон тэрбум есөн зуун наян гурван сая нэг зуун жаран хоёр мянга найман зуун ерэн гурван төгрөг, жаран зургаан мөнгө/ төгрөг байхаар тогтоосон.
Дээрх тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар болон “А*******” ХХК нар нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ч, төсөл”-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээг байгуулсан.Гэтэл концессын гэрээний 2.4-д “Гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт нь 31,798,194 ам доллартай тэнцэх төгрөг гэж, 2.11-д “Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 2 жилийн хугацаанд концесс олгогчоос хуваарийн дагуу нөхөж олгоно. Үүнд: 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,599,398 ам долларыг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10,599,398 ам долларыг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,599,398 ам долларыг тус тус нөхөж олгоно гэжээ.
Мөн гэрээний 2.12-т “Энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн дүнг тооцохдоо Сангийн яамнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханшийг баримтална”, 2.13-т “Эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцох, концесс эзэмшигчид алдагдал гарсан тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана” гэж тус тус зохицуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 103 дугаар тогтоол, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д “Бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-д зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 4.2-т “Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэж, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасныг тус тус зөрчсөн.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Захиргааны гэрээгээр зохицуулагдаагүй харилцааг зохицуулсан” гэснийг үндэслэн “Ч, төсөл”-ийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг илт хууль болохыг тогтоож өгнө үү.
Хоёр. “Улсын төсвөөс илүү төлөгдсөн 3,543,720,460 /гурван тэрбум таван зуун дөчин гурван сая долоон зуун хорин мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
“Ч, төсөл”-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотойгоор “А*******” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс буюу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/102 дугаар тушаалаар баталгаажсан 78,223,557,240 төгрөгөөр тооцох нь зүйтэй юм. Иймд “А*******” ХХК-иас Улсын төсвөөс илүү төлөгдсөн 3,543,720,460 /гурван тэрбум таван зуун дөчин гурван сая долоон зуун хорин мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.
4.3. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2022 оны 8 сард сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ сөрөг нэхэмжлэлийн гол шаардлага нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Чойр дэд станц төслийн эргэн төлөвлөлтөд гадаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал нэртэй энэ захиргааны гэрээг нэмэлт гэрээ гэж үзэж байгаа. Энэ гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан. Яагаад нэхэмжлэл гаргасан бэ гэхээр илэрхий алдаатай хор уршигтай үр дагавар бүхий гэж байгаа. Яагаад энийг илэрхий алдаатай хор уршигтай үр дагавар бүхий гэж үзэж байгаа вэ гэхээр хэргийн материалуудад тухайн үеийнхээ буюу 2022 оны үед концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээнийхээ дагуу концесс эзэмшигч нь Төрийн худалдан авах ажиллагааны газар байсан. Худалдан авах ажиллагааны газрын дарга нь н.У гэж байсан. Улмаар нэмэлт гэрээг байгуулсан хүмүүсээс мэдүүлэг авсан мөн нэхэмжлэгч талаас тайлбараараа тодорхойлж байдаг. 6 сарын 22-ны өдрийн тухайн алдагдал гэх энэ ханшийн зөрүүг гаргахдаа арилжааны банк болон Монгол банкны тухайн үеийн ханшаар тодорхойлж ингэж гаргасан гэсэн байдаг. Тодорхойлж гаргасан тухай тайлбар хүргүүлдэг. Ингээд 2019 оны 9 сарын 17-нд нийтдээ 26 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийсэн. 2019 оны 9 сар гэдэг чинь 2019 оны төсвийг 2018 оны 8 сарын 15-нд бодож байгаа. Тэгэхээр гэрээнийхээ 2.12-оор тооцох юм бол нэг ам доллар нь 2460,07 байх ёстой байсан энэ 2460,07 байх ёстой байснаас 2600-гаар бодсон байдаг. 2019 оны 9 сарын 17 болон 2019 оны 12 сарын 26-ны энэ 2 шилжүүлэг нийтдээ 37 тэрбумын байгаа. Энэ 2018 оны 8 сарын 15-ны өдрийн 2019 оны төсвийг бодох үеийн ханш буюу 2460,7 гарах ёстой байсан. Тэгэнгүүт 2600-гаар бодсон. Тэгэхээр энэ дээр маш их хэмжээний зөрүү гарч байгаа.
Өөрөөр хэлбэл нийтдээ 2,2 ам доллар буюу 5,7 тэрбум төгрөгийн зөрүү гарчхаад байгаа. Яагаад хуулийн 55.1.7-гоор үзээд байна вэ гэхээр төсвийн мөнгө тэгэхээр нийтийн ашиг сонирхолд илтэд хохиролтой тухайн үеийнхээрээ концесс эзэмшигч нөгөөдөх нь Худалдан авах ажиллагааны газар яалт ч үгүй хуулиараа эрх бүхий этгээд байсан байж болно. Гэхдээ эрх бүхий этгээдийн концесс эзэмшигчтэй 2020 онд байгуулсан алдагдал гэж байгаа нэмэлт гэрээ нь өөрөө нийтийн ашиг сонирхолд илтэд хохиролтой гэрээ хийгдсэн байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хор уршиг өндөртэй юм.
Дараачийнх нь болохоороо 55.1.5-ийн 5 дахь үндэслэл нь эрх бүхий этгээд буюу захиргааны байгууллага хэрэгжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэт өндөр дүнгээр гэрээний дагуу шилжүүлэх боломжгүй байсан зүйлийг амласан гэж үзэж байгаа учраас 55.1.5-ын үндэслэлээ болгосон. 55.1.2 дээр болохоор захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан гээд өөрөөр хэлбэл захиргааны гэрээг зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан гэдгийг үндсэндээ үндсэн гэрээний агуулгаас зөрсөн гэж гэдэг утгаар оруулж байгаа. Үндсэн гэрээн дээр дараа оны төсвийг боловсруулахдаа төслийг баримталсан Сангийн яамны ханш гэдгээр тодорхойлсон байхад нэмэлтээр арилжааны банк болон Монгол банкны ханшаар хольж хутгаж тооцоолж өндөр дүнгийн зөрүү гаргаж ирсэн байна гэж үзэж байгаа. Ийм учраас үндсэндээ илт хууль бусаар тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2023 оны 9 сарын 25-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2 шаардлагаар нэмэгдүүлсэн. Үндсэн концессынхоо гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтуудыг илт хууль бусаар тооцуулах тухай гээд концессын гэрээ захиргааны гэрээ гэж дүгнээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Захиргааны гэрээ юугаараа ялгаатай вэ гэхээр зөвшөөрөл олгогдож байж гэрээ хийгддэг. Тэгэхээр Концессын тухай хуулийн 6.2-т зааснаараа концессын гэрээ байгуулах эрхийг ЗГ олгох ёстой, ЗГ олгосны үндсэн дээр тухайн эрх олгогдсон тушаал, шийдвэрийн үндсэн дээр гэрээ байгуулагдах ёстой. Монгол Улсын ЗГ-аас концессын гэрээ байгуулах эрхийг 2017 оны 3 сарын 29-ний өдөр олгосон байгаа. Энэ хэргийн материалд хамгийн сүүлд авагдсан. 2 дахь заалт дээр Чойр дэд станцын төслийг 31,798,104 ам доллартай тэнцэх төгрөгийг гэчихсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэнтэй тэнцэх төгрөгөөр хийгээрэй гэж байгаа юм. Хариуцагч нарын зүгээс харж байгаагаар концессын гэрээг анх байгуулахдаа байгуулах өдрийнхөө ам доллартай тэнцэх төгрөгөөр байгуулах ёстой байсан. Монгол Улсын Засгийн газар ам доллартай тэнцэх төгрөгөөр байгуулаарай гэсэн болохоос шууд ам доллараар нь очоод байгуулаарай гэж зөвшөөрөл олгоогүй гэж харж байгаа. Концессын гэрээний энэ холбогдох заалтууд эрх олгосон тогтоолоо зөрчсөн байна гэж үзэж байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 4.4 гэсэн заалтууд байгаа. Эдгээр заалтууд дээр юу гэж байна вэ гэхээр бараа ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-д зааснаар тусгасан тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоог гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэсэн. 4.2 дээр нь улсын болон орон нутгийн төсөвт төлөх төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ гэсэн зохицуулалтууд байгаа. Тэгэхээр энэ гэрээг анх байгуулахдаа ам доллараар байгуулсан ам доллартай холбоотой заалтууд нь өөрөө Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн тухай хууль болон эрх олгосон ЗГ-ын шийдвэрээ зөрчсөн байна гэж үзэж байгаа. Ийм учраас хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн 56.1.2-т нь захиргааны гэрээ харилцан зохицуулаагүй харилцааг зохицуулсан гэдэг ийм 2 үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийнхээ 2 дахь шаардлагыг дэмжиж байна.
3 дах шаардлагын тухайд улсын төсвөөс илүү төлөгдсөн 3,5 тэрбум төгрөгийг буцаан гаргуулах гэсэн шаардлага гаргаж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлага буюу илт хууль бус болгохтой холбоотойгоор өнөөдрийг хүртэл шилжүүлчихсэн байгаа мөнгөн төлбөрөөсөө үндэслэлгүйгээр хөрөнгөж байгаатай холбоотой холбогдох илүү төлсөн гэж үзэж байгаа 3,543,720,160 гэсэн ийм төлбөрийг эргүүлээд нэхэмжилж байгаа. Ингээд нийтдээ 3 сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа” гэв.
Тав. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, түүний үндэслэл
5.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд манай компанийн нэхэмжлэлтэй, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Сөрөг нэхэмжлэлийн 1 дэх шаардлагад .““Ч, төсөл”-ийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 103 тоот “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолоор 31,798,194.00 ам доллартай тэнцэх төгрөг байхаар тогтоосон. Гэтэл хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамнаас тухайн төлбөрийг Монголбанкны 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцох ёстой байсан гэж сөрөг нэхэмжлэлдээ дурьджээ. Дээрх Монгол Улсын Засгийн газрын тухай тогтоолоор ханшийн тооцооллыг тогтоогоогүй бөгөөд талууд гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үеийн ханшаар тооцоолохоор Концессын гэрээгээр нарийвчлан тохиролцсон. Энэ нь гэрээний гүйцэтгэлд тулгуурлах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан ханш тооцоолох хуулийн зохицуулалтыг зөрчсөн зүйл байхгүй юм. Манай компани нь сонгон шалгаруулалтын хүрээнд Засгийн газраас санал болгосон Концессын гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч шалгаран Концессын гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээний бүх нөхцөл нь Засгийн газрын сонгон шалгаруулалтын хүрээнд санал болгосон нөхцөлүүд бөгөөд бидний зүгээс гэрээний нөхцөлийг илт хууль бус эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.
Мөн тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бид хариуцагчаар тодорхойлогдож буй эсэх нь тодорхойгүй бөгөөд тус шаардлагыг биелүүлэх тохиолдолд хэн биелүүлэх нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчаас өөрийн үйлдэлтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь огтоос ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад “...Улсын төсвөөс илүү төлөгдсөн 3,543,720,460 төгрөгийг буцаан гаргуулах...” гэжээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх боломжгүй бөгөөд тоо, тооцооллын асуудал, мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байхад захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэхгүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Нэгэнт шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч бидэнд гардуулсан тул буцаан гаргуулах нь үндэслэлтэй эсэх талаар дараах тайлбарыг гаргаж байна. “А*******” ХХК-ийн хувьд тус шүүхэд захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд “Ч, төсөл”-ийн барих-шилжүүлэх (BT) концессын гэрээ”-ний холбогдох заалтууд болон түүний төлбөр тооцоололтой холбоотой маргаан үүсгээгүй. Нэгэнт гүйцэтгэгдэж дууссан концессын гэрээний төлбөрийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг гаргаж байгаа.
Өөрөөр хэлбэл, тооцоолол зөв хийгдсэн буруу хийгдсэн тухайд биш Засгийн газрын санал болгон байгуулсан концессын гэрээний төлбөрийн нөхцөлийн дагуу талуудын тооцоо нийлж баталгаажуулсан мөнгөн дүн, гэрээнд заагдсан хэмжээгээр хохирол алдангийг төсөвт тусгуулах саналыг өргөн мэдүүлэхгүй байгаа хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой маргаан юм. Мөн концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн тооцооллын дагуу бид төлбөрийг хүлээн авсан бөгөөд концессын төлбөр дутуу байгааг талууд тооцоо нийлэн баталгаажуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр нь улсын төсөвт тусгагдалгүй явж байгаа шалтгааны улмаас манай компаниас хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, үлдэгдэл төлбөр, хохирол, алдангийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэл гаргасан болохыг шүүх анхаарч үзнэ үү. Иймд Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-д нэхэмжлэлийн шаардлага тэр тусмаа захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн шаардлага тавигдах шаардлагыг хуульд заасан. Нэг зүйл ойлгомжгүй байгаа. Тэгэхээр энийг өмнө нь шүүх дээр хүлээж авахаас татгалзаж шийдсэн учраас тайлбар хэлэхээс өөр аргагүй байна.
Нэгдүгээрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нийтийн эрх зүйн ямар чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь саад учруулж байгаа нь ойлгомжгүй болгож байгаа ийм нөхцөл байдал энэ хүрээнд 52.5.5-тай холбоод байгаа юм уу гэхээр үгүй юм шиг. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө хуульд нийцэхгүй бөгөөд ойлгомжгүй байгаа учраас шаардлага бас тайлбар хэлэхэд хэцүү байна.
Хоёрдугаарт хүн болгон уншиж байгаа зүйлээ өөр өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж болох байх. ЗГ-ын 103 дугаар тогтоол хэн ч харсан ойлгомжтой. 31,798,194 ам доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг хэлж байна. Өөрөөр хэлэх юм бол гэрээ төгрөгөөр нь суулга гэж хэлээгүй. Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөгч хууль зөрчиж гэрээ байгуулсан хууль зөрчсөн гэрээ байсан гээд байх юм. Яагаад гэвэл хариуцагч өөрийнхөө хийсэн үйлдлийг би хууль бус үйлдэл хийсэн юм гээд байгаа. Захиргааны байгууллага өөрөө мэдээж шийдэх ёстой асуудал байх. Албан тушаал дээр томилогдож байгаа хүн солигдоно уу байна уу хамаагүй шүү дээ. Та бүхэн захиргааны байгууллагыг төлөөлж байгаа, нэг ёсондоо таны гаргасан л үйлдэл гэсэн үг. Захиргааны байгууллага гаргасан үйлдлээ ийм тийм гээд байх юм тэрэнд бид нар өөрийгөө өөрт нь өмөөрч тайлбар хэлэх бас нэг талаасаа ойлгомжгүй болчхоод байна.
Нэгдүгээрт энэ ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэж байна. Хоёр байгууллагын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн баримт байгаа. Тэртээ тэргүй төлөх ёстой юу төлөх ёсгүй юу, хохирол алдангийг хэрхэн яаж тооцоолох вэ гэдгийг талуудын хооронд байгуулагдсан концессын гэрээнд нарийвчлан тухайлан заагаад өгчихсөн. Тооцоолол өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлэх юм бол нэмээд үржүүлээд гаргаад ирэхэд нэг л тоо гарна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг өргөн мэдүүлэгтээ тусга гээд байгаа тоо л гарч ирэх байх. Тэр хэмжээгээр нь л талууд тооцоог чинь баталгаажуулсан. Тэгэхээр энэ захиргааны гэрээнүүд биш энэ талуудын хооронд тооцоо нийлсэн баримт.
Хоёрдугаарт нэмэгдүүлсэн шаардлага дээрээ концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгож өгнө үү. Тэгэхээр энэ 29-ний өдрийн 103 дурдсанаар ам доллартай тэнцэх төгрөгөөр өөрөөр хэлэх юм бол долларын тоот бүс нь өөрөө энэ доллартай тэнцэх хэмжээний мөнгийг олгох ёстой гэдгийг зааж өгсөн. Гэрээндээ болон 103 дугаар тогтоолд төсөвт суулгах хувийг тухайн үеийнх нь ханшаар тооцоолохыг бас заагаад өгчихсөн. Одоо болохоор Сангийн яамны ханшаар тооцоолох ёстой байсан гэж байгаа мөртлөө сөрөг нэхэмжлэл бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нь уншаад үзэхээр өөрсдөө Монгол банкны ханшаар тооцоолох ёстой байсан юм гээд биччихсэн. Би таны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бичсэн тайлбарыг уншихаар тэгж л харагдаад байгаа юм. Концессын гэрээнд эргэн төлөгдөх өдрийнх нь ханшаар тооцоолно гээд 2.12 дээр нь заагаад өгчихнө. Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт заасан ханш тооцоолох хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж. Тэгэхээр төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль Иргэний хуулийн 218 дугаар хэсэгт заасан төлбөр тооцоо мөнгө нь үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай зохицуулахад юу байдаг вэ гэхээр Улсын дээд шүүх хэрхэн яаж ашигладаг вэ гэхээр төлбөр тооцоог мөнгөн ханшаар гүйцэтгэнэ гэдэг энэ валютаар хийсэн гэрээг хүчингүй болгох тухай ерөөсөө биш. Энэ хуулиар хориглосон зүйл ч байхгүй. Хуулийн үндсэн концевенц нь тухайн гэрээний дагуу хийгдэж байгаа гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлэхэд оршиж байгаа. Тэрнээс биш тэрэнд доллар гэж бичсэн байна уу төгрөг гэж бичсэн байна уу доллар гээд биччихсэн болохоор энэ гэрээний чинь заалт хүчингүй юм гэж тайлбарлах боломжгүй.
Засгийн газрын өөрийнх нь гаргасан тогтоолыг үндэслээд санал болгосон гэрээ Эдийн засаг хөгжлийн яамны хамгийн сүүлд нотлох баримтаа гаргаж өгсөн Үндэсний хөгжлийн аудитын газрын гаргасан тайланд байгаа өөрөөр хэлэх юм бол төслийн хамгийн анхны санал дуудлага Засгийн газраас 500 сая хүртэлх ажлын даалгавартай ийм санал А******* компанид ирсэн. Үүнийх нь дагуу А******* компани хэрэгжүүлээд хүлээлгээд өгсөн. Гэтэл өнөөдөр хийгээд дууссаных нь дараа өөрсдөө өөрийнхөө үйлдлийг илт хууль бусаар тооцуулъя гэдэг зүйлийг ярьж байгаа нь ойлгомжгүй” гэв.
5.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийтийн эрх ашиг гэдгийг яг яаж тодорхойлдог юм бэ гэдэг хууль зүйн дүгнэлт одоогоор байдаггүй. Нийтийн эрх ашиг гэдэг маань төсвийн мөнгөө гэж яриад төсвийг хэн бүрдүүлдэг юм бэ бүгдээрээ л бүрдүүлдэг. Энэ яг ямар эрх ашиг нь хөндөөд байгаа вэ илт хохиролтой гээд байгаа юм. Илт хохирол нь яг юу юм, бид нар нийтийн эрх ашиг биш юм уу, манай компанийн 500 албан хаагч нийтийн эрх ашиг биш юм уу. Бид нар журмынх нь дагуу оролцоод ирсэн. Энэ болгон дээр нээлттэй оролцсон чинь энэ бидний эрх ашиг биш юм уу. Нийтийн эрх ашиг гэдэг үгний доор компанийн эрх ашгийг хохироочхоод тэрийгээ нийтийн эрх ашгийг процессын хуулийн 55.4 рүү оруулж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Нийтийн эрх ашиг гэж яг энийг хэлдэг юм. Нийтийн эрх ашигт хор хохирол учруулдаг, эрүүл мэндэд хор хохирол учирсан юм уу, эдийн засагт хор хохирол учирсан юм уу? Өнөөдөр манай дэд станц өргөтөл шинэчлэлийн энэ ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээсээ бид нар Хятадаас түгээх дамжуулах системээрээ тог татчихаж байгаа юм. Бид нар өнөөдөр ч гэсэн эрчим хүчний хараат байдлаасаа гараад зүүн бүс нь гараад явж байгаа юм. Энэ манай компанийн хийж бүтээсэн ажлын үр дүн энийг яаж нийтийн эрх ашигт хохиролтой гэж байгаа юм? Харин хүн амын 3-ны 2-ыг нь цахилгаанаар бүрэн хангах боломжтой тэр суурийг тавьж өгсөн. Энэ яахаараа нийтийн эрх ашигт хор хохиролтой болдог юм. Энийг төсвийн мөнгө гээд байх юм. Төсвийн мөнгийг захиран зарцуулж байгаа энэ эрх бүхий гэрээ байгуулж байгаа ЗГ-ыг төлөөлөөд байгуулж байгаа дээр хяналт тавих ёстой үйлдэл хийх ёстой этгээдүүд нь 8 удаагийн гүйлгээ хийсэн гээд яриад байх юм. Гэтэл энэ чинь гэрээгээрээ 3 удаагийн гүйлгээгээ цаг хугацаанд нь хийчихсэн байсан энэ маргаан анхнаасаа үүсэхгүй байсан. Тэр үйлдлээ зөвтгөх гэж ярихдаа ийм юмыг хийх ёсгүй байсан юм гэж 55.4-ийг ярьж байна. Нийтийн эрх ашигт хор хохиролтой юмыг өнөөдөр яг тэр хор хохирол гэдэг нь яг юу байгаа юм. Хор хохирол эрүүл мэндэд чинь хохирол учирчихсан юм уу? Эдийн засагт бодитой хохирол учирчихсан юм уу, улс гэхээрээ энэ төсвийн мөнгө юм чинь танайхыг өгөхгүй гэдэг юм байж болохгүй энэ өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
5.4.Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэх юм бол мөн Сангийн яамны зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийг гаргаж хандаж хүлээж авч шийдвэрлээгүй байгаа. Тэгэхээр үндсэн сөрөг нэхэмжлэлийн маань агуулга өөрөө Эдийн засгийн хөгжлийн яамны гаргачхаад байгаа сөрөг нэхэмжлэлтэй үндсэн агуулга нь адилхан. Шалтгаан нь гэх юм бол гэрээнд концессын гэрээ байгуулагдаад гэрээн дээр тухайн асуудлуудыг доллараар төгрөг рүү хөрвүүлж шийднэ гэж байгаа ч гэсэн энэ маань өөрөө холбогдох хуулиудыг зөрччихөөд байна. Мөн ЗГ-ын тогтоолыг зөрчсөн учраас хүчин төгөлдөр бус байх ёстой юм байна гэдгийг сая мөн хариуцагчийн төлөөлөгч бас хэлсэн учраас энэхүү шаардлагыг дэмжиж байна” гэв.
Зургаа. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт
6.1. Иргэдийн төлөөлөгч М.Л шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талаасаа Ч*******ад оруулсан юм байна, улсын комисст хүлээлгэн өгсөн юм байна. Улсын комисст хүлээлгэж өгөөд энэнийхээ дагуу гэрээний үүрэг дуусгавар болсон юм байна гэж ойлголоо. Гэрээний төлбөр үлдэгдэл төлбөрөө авсан уу үгүй юү гэдэг нэг ийм асуудал гарч ирж байна. Концессын гэрээ байгуулах дээр 2 тал гэрээний үүргийг тэгш байх зарчим үйлчилдэггүй бас нэг ийм асуудал байгаад байна. Концессын гэрээний төлбөрийн хувиар валют юм уу үндэсний мөнгөн тэмдэгтийн алинаар нь хийдэг юм ёстой юм бэ? Ер нь улсын төсөвт үндэсний мөнгөн тэмдэгтээр гардаг юм байна. Хариуцагчийн тайлбар дээр тухайн үеийн Сангийн яамны тооцооллоор гэсэн ийм тооцоо ярьж байна. Сангийн яамны тооцоолол Монгол банкны валютын ханш 2-ын зөрөө байдаг юм уу, энэ зөрүү байхгүй адил тэгш хэмжээнд байдаг юм уу гэсэн ийм хэдэн юмнууд харагдаж байна. Монгол Улсын төсөв үндэсний мөнгөн тэмдэг дээр гарч байгаа. Тэгэхээр тухайн үед гаднаас валютаар нэхэмжлэгч талын авч цахилгааны тоног төхөөрөмж, ер нь бусад материалууд бүгд гуравдагч зах зээлээс орж ирсэн байх. Тэгэхээр энэ дээр тэрийг мэдээж монгол мөнгөөр авах бололцоо байхгүй валютаар авч байгаа юм байна. Ер нь бол маргаантай л асуудал байгаад байна би нарийн сайн хэргийн хавтастай сайн танилцаагүй тул энэ дээр тодорхой дүгнэлт өгөхөд их хэцүү байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “А*******” ХХК-иас Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдуулан
1.1. “Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ч,” төслийн “Барих шилжүүлэх” концессын гэрээний эргэн төлөлт хийгдсэн өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигч “А*******” ХХК-д үүссэн алдагдал болох 2,022,555 ам доллар буюу 5,754,717,028 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
1.2. “А*******” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам доллар буюу 5,754,717,028 төгрөгийг концессын гэрээний 8.2-т заасны дагуу төлбөрийг зохих ёсоор төлөөгүйгээс үүссэн алданги болох 2,804,075,903.84 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах,
1.3. “Чойрт дэд станцын өргөтгөл,” төслийн байр шилжүүлэх концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу нөхөн төлөөгүйн улмаас зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10,725,491,868.09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
1.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “гэрээнд төлбөр төлөх хуваарийг тодорхойлоод тухайн сар өдрийн доллартай тэнцэх хэмжээний төгрөг байхаар тухайлан заасан байхад Сангийн яамнаас баримталж буй тооцооны ханшийг баримтлах ёстой гэсэн нь хууль бус, гэрээний дагуу үүргээ биелүүлсэн байхад төлбөрийг бүрэн шилжүүлээгүй, үүнээс үүдэн хохирол үүссэн, гэрээний дагуу алданги тооцсоныг олгохгүй, энэ асуудлаар төсөвт суулгах санал хүргүүлэхгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Хариуцагч Эдийн Засаг, хөгжлийн яамнаас
2.1. “2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Ч”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг илт хууль бус болохыг тооцуулах,
2.2. “А*******” ХХК болон Үндэсний хөгжлийн газар хооронд байгуулагдсан “Ч,” төслийн барих шилжүүлэх концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1, 55.1.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох,
2.3. улсын төсвөөс илүү төлөгдсөн 3,543,720,460 төгрөгийг “А*******” ХХК-иас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.4. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “гэрээ нь Засгийн газрын тогтоол, хуульд заасныг зөрчиж байгуулагдсан, захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй асуудлыг зохицуулсан, илт хохиролтой” гэх зэргээр тайлбарлан маргасан.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолоор Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Ч,” төслийн концессын гэрээг “А*******” ХХК-тай байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт олгож, төсөлд зарцуулагдах 31,798,194.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд, Эрчим хүчний сайд нарт үүрэг болгож шийдвэрлэсэн(4хх-240 дахь талд).
4.2. Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ч,” төслийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээ байгуулсан.
4.3. Үндэсний хөгжлийн газраас “А*******” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Ч,” төслийн “барих-шилжүүлэх” (ВТ) гэрээний нэмэлт гэрээг байгуулж “... Концесс эзэмшигч нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор концессын зүйлийг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх”-өөр тохиролцсон.
4.4. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ЭХ8 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актад “... энэхүү барилга байгууламжийг BS1241-01E-1, BS1241-01G-1, BS1241-01R-1, BS1241-02E-1 дугаартай зураг төслөөр 2017 оны 06 сараас барьж эхэлсэн ба 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барьж дууссан байна ... Ч шинэчлэлийн барилга байгууламжийг техникийн комиссын үүрэг даалгаврын биелэлтээр техникийн комиссоор хүлээн авахаар шийдвэрлэв” гэсэн.
4.5. Төрийн худалдах авах ажиллагааны газрын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А-1/310 тоот тодорхойлолтод ““А*******” ХХК нь “Ч,” төслийн концессын гэрээний дагуу “220/110/35/6 кВ-ын Ч, шинэчлэл”-ийн ажлыг гүйцэтгэн, ажлыг Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/2019 дүгээр актаар хүлээн авсан байна” гэсэн.
4.6. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Ч”-ийн эргэн төлөлтөд гадаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдлыг 2,022,555 ам доллар буюу 5,754,717,082 төгрөг гэж баталгаажуулжээ(2хх-52 дахь талд).
4.7. Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А-1/1382 тоот албан бичгээр Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд концессын “барих шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж буй төслүүдийн эргэн төлөлтийн талаарх саналыг Монгол Улсын шадар сайд болон Сангийн яаманд хүргүүлсний дотор “Ч,” төслийн ханшийн зөрүүнд 5,754,717,082 төгрөгийн төсөв суулгуулахаар багтсан(2хх-82 дахь талд).
4.8. Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/6360 дугаартай албан бичигт “... улсын төсвөөс нийтдээ 81,767.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон. ... Төслийн үлдэгдэл төлбөртэй холбоотой асуудлыг тооцоо судалгааны хамт төсвийн ерөнхийлөн захирагч болох Монгол Улсын Шадар сайдад танилцуулах нь зүйтэй гэсэн саналтай байна ...” гэжээ(2хх-122 дахь талд).
4.9. Үндэсний аудитын газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/1996 тоот Сангийн яаманд хүргүүлсэн албан бичигт “... гэрээний 2.11-т заасан эргэн төлөлтийн хуваарийг харгалзан урьдчилсан дүгнэлт гаргаж 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. ... дүгнэлт гаргах ажилд хөндлөнгийн мэргэжлийн байгууллагыг шинжээчээр оролцуулахаар шийдвэрлэсэн, ...дүгнэлт гаргах ажил үргэлжлэн хийгдэж байна...” гэсэн,
4.10. Монгол Улсын ерөнхий Аудиторын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/102 дугаар тушаалаар баталгаажуулсан аудитын тайлангийн “ТАВ. ЗӨВЛӨМЖ” хэсэгт
- “Монгол Улсын Сангийн сайд Ч.Х*******т: Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.7 дах хэсэгт “улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах” гэж заасны дагуу аудитын дүгнэлт гарсан тул санхүүжилттэй холбоотой асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх”,
- Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Бд: Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.7 дахь хэсэгт заасны дагуу “Ч,” төслийн санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтарч ажиллахад нь шаардлагатай дэмжлэг үзүүлэх” гэсэн байна.
5. “А*******” ХХК-иас,
5.1. Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандан 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/21-147 тоот албан бичгээр “...2021 оны төсөвт дутуу тусгагдсан үлдэгдэл төлбөр болох 2,022,548.6 ам.доллар буюу 5,754,717,082 төгрөгийг 2022 оны улсын төсөвт оруулж, гэрээний дагуу санхүүжилтийг олгож өгөхийг хүсье” гэсэн,
5.2. Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандан 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/21-158 тоот албан бичгээр “... 2021 оны улсын төсөвт 14,100,322,300 төгрөг тусгагдаж, 2,022,548.6 ам.доллар буюу 5,754,717,082 төгрөгийн санхүүжилт тусгагдаагүй үлдсэн байна ... 2021 оны улсын төсөвт тусгагдсан 14,100,322,300 төгрөгийн санхүүжилтээс одоогоор 10,011,935,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд 4,088,387,300 төгрөгийн санхүүжилт дутуу байна. Иймд уг төслийн 2021 оны улсын төсөвт тусгагдсан санхүүжилтийн үлдэгдэл болох 4,088,387,300 төгрөгийн санхүүжилтийг олгож өгнө үү” гэсэн,
5.3. Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандан 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/21-165 тоот албан бичгээр “... 2021 оны улсын төсөвт 14,100,322,300 төгрөг тусгагдаж, 2,022,548.6 ам,доллар буюу 5,754,717,082 төгрөгийн санхүүжилт тусгагдаагүй үлдсэн. Гэрээний 8 дугаар бүлгийн 8.2-т заасны дагуу алданги төлөх нөхцөл байдал үүсээд байгаа болно. Иймд дутуу санхүүжилтийг олгох талаар зохих шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хүсье” гэсэн хүсэлтүүдийг гаргасан байна.
6. Мөн “А*******” ХХК-иас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03/21-232 тоот албан бичгээр “... өнөөдрийн байдлаар манай компани нийт 29,775,639 ам,долларын санхүүжилтийг хүлээн авсан бөгөөд 2,022,555 ам.долларын буюу 5,754,717,082 төгрөгийн төлбөр дутуу төлөгдөж, гэрээний дагуу алданги төлөх нөхцөл байдал үүссэн. Иймд уг төслийн үлдэгдэл санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт оруулж санхүүжилтийг олгож өгөхийг хүсье” гэсэн хүсэлт гаргасан байх ба Монгол Улсын Сангийн яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/6360 тоот албан бичгээр “...Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар хавсралтад “Чойр” дэд станцын өргөтгөл шинэчлэл” төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 81,767.0 сая төгрөгөөр, 2021 онд санхүүжигдэх дүн 14,100.3 сая төгрөгөөр батлагдаж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар санхүүжилтийг бүрэн олгосон байна ... Төслийн үлдэгдэл төлбөртэй холбоотой асуудлыг тооцоо, судалгааны хамт төсвийн ерөнхийлөн захирагч болох Монгол Улсын Шадар сайдад танилцуулах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэсэн хариуг өгсөн боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг улсын төсөвт тусгуулах санал гаргаагүй, санал гаргасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин нэхэмжлэл болон гэрээний холбогдох заалтыг эс зөвшөөрч тайлбар, сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
7. Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллагууд нь валютын ханшийн зөрүүнээс үүссэн гэрээний үлдэгдэл төлбөрийг төсөвт тусгах тухай саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдвал зохих Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан итгэл хамгаалагдахгүй болсон сөрөг үр дагаврыг үүсгэсэн гэж үзэхээр байна. Учир нь:
7.1. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” нь яамны эрхлэх нийтлэг ажилд хамаарахаар заажээ.
7.2. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу “Ч,”-ын ажлыг хийж гүйцэтгэсэн, хүлээлгэн өгсөн тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
7.3. Энэ тохиолдолд хариуцагч нар нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн атлаа Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 103 дугаар тогтоолоор хүлээлгэсэн “төсөлд зарцуулагдах 31,798,194.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг ... улсын төсөвт тусгаж байхыг ...үүрэг”-ээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч талын ханшийн зөрүүний алдагдал гэж тайлбарлаж буй мөнгөн төлбөрийг “гэрээний үлдэгдэл төлбөр биш” хэмээн тайлбарлаж "2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Ч”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны нэмэлт гэрээг илт хууль бус болохыг тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Үүнд:
8.1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 103 дугаар тогтоол болон “Ч, төслийн гэрээ”-ний 2.4-т “Гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт нь 31,798,194.00 ам.доллартай тэнцэх төгрөг байна” гэж хөрөнгө оруулалтын санхүүжилтийг ам.доллараар илэрхийлсэн байна.
8.2. Дээрх санхүүжилтийг гэрээний 2.11-т “2019 оны 06 дугаар сарын 30, 12 дугаар сарын 31, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдийн дотор тус бүр 10,599,398 ам.доллартай тэнцэх төгрөгөөр гүйцэтгэх”-ээр тохиролцсон байхад хариуцагч нь, 2019 оны 09 дүгээр сарын 17 өдөр 26,074,519,080 төгрөг/9,763,361 ам.доллар/, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 11,075,980,920 төгрөг/4,053,098 ам.доллар/, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 8,500,000,000 төгрөг/3,076,077 ам.доллар/, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 6,758,238,850 төгрөг/2,441,984 ам.доллар/, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15,258,238,850 төгрөг/5,485,438 ам.доллар/, 2021 оны 04 дүгээр сарын 07 өдөр 7,000,000,000 төгрөг/2,460,215 ам.доллар/, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,011,935,000 төгрөг/1,058,572 ам.доллар/, болон 4,088,365,000 төгрөг/1,436,894 ам.доллар/-ийн санхүүжилт олгосон болох нь хариуцагчаас ирүүлсэн мөнгөн гүйлгээний журналууд баримтуудаар тогтоогдов.
8.3. “А*******” ХХК-ийн хүлээн авсан санхүүжилтийн дүнг Монголбанкнаас 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн Б-10/362 тоот албан бичгээр ирүүлсэн гүйлгээ хийгдсэн тухайн өдрүүдийн албан ханшаар тооцож үзэхэд 29,771,065 ам.доллар болж байх ба энэ нь Засгийн газрын 103 дугаар тогтоол болон ““Ч,” төслийн "барих-шилжүүлэх” концессын гэрээ”-нд заасан дүнгээс “2,027,129” ам.доллараар, нэхэмжлэгч талын гаргасан тооцооллоос “4,574” ам.доллараар зөрүүтэй байна.
8.4. Мөн Сангийн яамны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03/5829 тоот албан бичгээр тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханш нь 2018 онд 1460.07 төгрөг, 2019 онд 2672.30 төгрөг, 2020 онд 2845.3 төгрөг 2021 оны 2849.3 төгрөг байсан гэсэн байх ба хариуцагчийн олгосон нийт санхүүжилтийн дүнг ирүүлсэн “тооцооны ханш”-аар тооцоход мөн Засгийн газрын 103 дугаар тогтоол болон ““Ч,” төслийн "барих-шилжүүлэх” концессын гэрээ”-нд заасан дүнгээс “321,593” ам.доллараар зөрүүтэй, бага байна(2хх-18-19 дэх талд).
8.5. Түүнчлэн дээрх “тооцооны ханш” гэх ойлголтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “төсвийн төсөл боловсруулахдаа Сангийн яамнаас тооцоолж гаргасан ханш” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, энэ нь эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөж болохыг тооцсон, бодит бус дүн байх тул энэ нь төсвийн төслийг боловсруулахад ашиглагдахаас бус хөрөнгө оруулалтын бодит дүнг тооцох үндэслэл болохгүй.
8.6. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.
8.7. Мөн талуудын хооронд байгуулагдсан ““Ч,” төслийн “барих-шилжүүлэх” концессын гэрээ”-ний 2.12-т санхүүжилтийн дүнг тооцооны ханшаар тооцно гэсэн нь 2.13-т “Эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс Концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд, дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцож, Концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана. Хоёр тал ханшийн зөрүүгээс үүссэн ашиг, алдагдал, хүү, хойшлуулсан нэмэлт төлбөр, төлбөрийн хуваарь зэргийг бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна” гэж заасантай зөрчилтэй байна.
8.8. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “гэрээний 2.12-т хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн дүнг тооцохдоо Сангийн яамнаас гаргасан тухайн жилийн тооцооны ханшийг баримтлахаар заасан, ... гэрээнд заасан санхүүжилтийг бүрэн олгосон тул улсын төсөвт тусгах санал гаргах үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй бөгөөд иргэдийн төлөөлөгчийн “Ч*******ад оруулсан юм байна, улсын комисст хүлээлгэн өгсөн юм байна. ... Монгол Улсын төсөв үндэсний мөнгөн тэмдэг дээр гарч байгаа. Тэгэхээр тухайн үед гаднаас валютаар нэхэмжлэгч талын авч цахилгааны тоног төхөөрөмж, ер нь бусад материалууд бүгд гуравдагч зах зээлээс орж ирсэн байх. Тэгэхээр энэ дээр тэрийг мэдээж монгол мөнгөөр авах бололцоо байхгүй валютаар авч байгаа юм байна. Ер нь бол маргаантай л асуудал байгаад байна” гэх дүгнэлтэд үндэслэн төслийн санхүүжилтийн дүнг зах зээлийн буюу Монголбанкны албан ёсны ханшаар тооцож Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх нь хариуцагч захиргааны байгууллагуудын захиргааны үйл ажиллагаанд баримтлах Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шударга ёс”-ны, 4.2.5-д заасан “... бодит нөхцөл байдалд тохирсон байх, ...”, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийн хамгаалах зарчмын “Нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг арилгах” зарчмуудын агуулгад нийцэхээр байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-т “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан.
10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан.
11. ““Ч,” төслийн “барих-шилжүүлэх” концессын гэрээ”-ний 8.2-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-т заасан хугацаанд эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд төлөлт хийгдэх байсан өдрөөс хойш хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги концесс эзэмшигчид төлнө” гэж тохиролцсон байх ба гэрээний төлбөр хийгдэх сүүлийн хугацаа болох 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хүртэл 636 хоног өнгөрчээ.
12. Дээрх хугацаагаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.долларын алдангийг тооцвол 128,634.498 ам.доллар болж байх тул нэхэмжлэгчийн “төлбөрийг бүрэн шилжүүлээгүй, үүнээс үүдэн хохирол үүссэн, гэрээний дагуу алданги тооцон олгохгүй байгаа нь хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй, алданги нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд тооцогдохоор байна.
13. “А*******” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хасбанктай ЗГ******* тоот зээлийн гэрээ байгуулж 17,000,000,000 төгрөгийн, мөн сарын 29-ний өдөр “Н*******” ХХК-тай ЗГ-******* тоот зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулж гэрээний хугацаанд 14,092,366,051.52 төгрөгийн санхүүжилтийг цувуулан авчээ.
14. Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийг төлж дуусгах эцсийн хугацааг Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК нарын хооронд байгуулагдсан “Ч,” төслийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний эцсийн хугацаатай адил буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоосон, түүнчлэн ““Ч,” төслийн “барих-шилжүүлэх” концессын гэрээний 4.1-д “Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн хөрөнгөөр болон хөрөнгө оруулалтын бусад арга хэлбэрээр олсон хөрөнгөөр барьж гүйцэтгэнэ” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч талын “...төслийн барилга угсралтын гэрээний ажлыг хийж гүйцэтгэхдээ концессын гэрээний эргэн төлөлтийн төлбөрийг барьцаалан банкнаас зээл авч гүйцэтгэсэн” гэх тайлбар нь илүү үндэслэл бүхий байна. Тодруулбал,
14.1. “А*******” ХХК нь зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу Хас банканд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүд 6,720,756,164.38 төгрөг төлөхөөр байсан боловч зээлийн хүүд нийт 6,754,630,455.70, нэмэгдүүлсэн хүүд нийт 89,595,610.53 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч нь зээлийн хүүд 33,874,291.32 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 89,595,610.53 төгрөгийг, нийт 123,469,901.85 илүү төлсөн болох нь банкнаас гаргасан дансны хуулгаар тогтоогдов(1хх-120 дахь талд).
14.2. “Н*******” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.5-д “заасан хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эргэн төлөлтийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд зээлдүүлэгч нь хүү тооцохгүй, зээлдэгчийг хүү төлөх үүргээс чөлөөлнө” гэж заасан боловч нэхэмжлэгч нь тус зээлд 2017 оны 08 дугаар сарын 24-өөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл зээлийн хүүгийн өр 10,725,491,868.09 төгрөг болох нь тус байгууллагуулын хоорондын тооцоо нийлсэн актаар тогтоогдов(1хх-78 дахь талд). Үүнд:
14.2.1 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актад хүү 5,275,018.16 төгрөг,
14.2.2. 2017 оны 12 дугаар сарын 31- тооцоо нийлсэн актад зээл хүү 93,970,088.64 төгрөг,
14.2.3. 2018 оны 03 дугаар сарын 30-ны тооцоо нийлсэн актад хүү 287,413,129.60 төгрөг,
14.2.4. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актад хүү 586,812,523.29 төгрөг,
14.2.5. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны тооцоо нийлсэн актад хүү 1,020,760,682.06 төгрөг,
14.2.6. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны тооцоо нийлсэн актад хүү 1,194,289,094.73 төгрөг,
14.2.7. 2019 оны 03 дугаар сарын 30-ны тооцоо нийлсэн актад хүү 1,970,970,273.70 төгрөг,
14.2.8. 2019 оны 06 дугаар сарын 30-ны тооцоо нийлсэн актад, хүү 2,627,298,127.07 төгрөг,
14.2.9. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны тооцоо нийлсэн актад хүү 2,963,409,692.36 төгрөг,
14.2.10. 2019 оны 12 дугаар сарын 31-ний тооцоо нийлсэн актад, хүү 3,793,194,365.27 төгрөг гэжээ.
15. Иймд хариуцагч захиргааны байгууллагууд нь засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж нэхэмжлэгч хуулийн этгээдийн төслийн үлдэгдэл төлбөрийн санхүүжилт авах хүсэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлээгүйгээс нэхэмжлэгч нь зээлийн хүүд илүү төлбөр төлөхөд хүрсэн, энэ захиргааны хууль бус эс үйлдэхүйгээс үүдэлтэй гэж үзэхээр байна.
16. Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК хооронд “Ч,” төслийн “барих-шилжүүлэх(ВТ)” концессын гэрээг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байх ба тус гэрээний үнэ, хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн нөхцөлийг гэрээний 2.4-т “Гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт нь 31,798,194 ам.доллартай тэнцэх төгрөг байна”, 2.11-т “Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 2 жилийн хугацаанд Концесс олгогчоос дараах хуваарийн дагуу нөхөж төлнө. Үүнд:
| № | Төлбөрийн дүн/ам.доллараар/ | Төлбөрийн гүйцэтгэх огноо |
| 1 | 10,599,398 | 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор |
| 2 | 10,599,398 | 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор |
| 3 | 10,599,398 | 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор |
2.12-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-т заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн дүнг тооцохдоо Сангийн яамны тухай жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханшийг баримтална” 2.13-т “Эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс Концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд, дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцож, концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана. Хоёр тал ханшийн зөрүүгээс үүссэн ашиг, алдагдал, хүү, хойшлуулсан нэмэлт төлбөр, төлбөрийн хуваарь зэргийг бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна” гэж зохицуулжээ.
17. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж, 55.1.2-т “захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан”, 55.1.7-д “илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий” гэж тус тус заасан нөхцөл байгаа тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байхаар заасан ба захиргааны гэрээ хийгээд актыг илт хууль бус болохыг тогтоолгосны үр дагавар нь тухайн захиргааны гэрээ байгуулагдаагүй, акт гараагүйд тооцох үр дагаварыг үүсгэдэг.
18. Гэтэл хариуцагч нь “Ч,” төсөл хэрэгжсэн, тус гэрээний дэд станц баригдаж ашиглалтанд орсон, хариуцагчаас төслийн санхүүжилтийн дийлэнх хэсгийг олгосон атлаа тус гэрээний гол зохицуулалт болох гэрээний төлбөр төлөх зохицуулалтыг илт хууль бус тогтоолгохоор маргаж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Захиргааны гэрээний зарим хэсэг нь илт хууль бус байх нь түүнийг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй” гэж заасныг хэрэглэх боломжгүй байна.
19. Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр ““Ч,” төслийн “барих-шилжүүлэх” концессын гэрээ бүхэлдээ илт хууль бус болох үр дагавартай тул хэрэгжсэн гэрээний холбогдох заалтуудыг илт хууль бус гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал,
19.1. Гэрээний 2.4 дэх заалт нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 103 дугаар тогтоолд “…төсөлд зарцуулагдах 31,798,194.00 ам.доллартай тэнцэх төгрөг…” гэж заасантай агуулгын хувьд ижил бөгөөд энэ заалт нь гэрээний гол агуулгад тооцогдох тул Засгийн газрын тогтоол болон хуульд заасныг зөрчиж байгуулагдсан гэж үзэхгүй.
19.2. Гэрээний 2.11 дэх заалт нь төслийн санхүүжилтийг олгох хуваарийг тогтоосон байх ба төсөлд хийгдсэн аудитын дүгнэлт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарсан, хариуцагч нь төслийн дийлэнх хувийг санхүүжүүлсэн байх тул уг заалтыг илт хууль бус болохыг тогтоосноор хариуцагчийн хувьд сэргэх эрх байхгүй.
19.3. 2.12 болон 2.13 дахь заалтууд нь төслийн санхүүжилт хийх дүн тооцох харилцааг зохицуулсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тооцооны ханшаар бодож санхүүжилтийг олгосон” гэх атлаа уг заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь агуулгын хувьд зөрчилтэй, түүнчлэн дээрх заалтууд илт хууль бус болсноор олгогдсон санхүүжилт хэрхэн нь тодорхойгүй болохоор байх тул илт хууль бус гэж үзэх боломжгүй.
20. Монгол Улсын ерөнхий Аудиторын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/102 дугаар тушаалаар баталгаажуулсан аудитын тайлангийн нүүрэнд “Нийт хөрөнгө оруулалт: ...”, тайлангийн 3.49-д “...төсөвт өртөг тооцсон ханш 2460, төсөвт өртөг 78,228.0 сая төгрөг, ...” 3.50-д “Гэрээний дүн болох 31,8 сая ам.долларыг гэрээ байгуулах өдрийн ханшаар тооцсон дүн 78,2 тэрбум төгрөг ...” гэснээс үзвэл, хариуцагчийн төсвөөс илүү төлсөн гэж үзэж нэхэмжилж буй 3,543,720,460 төгрөг нь олгосон санхжүүжилт болон дээрх төсөвт өртгийн ялгавар байх тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
21. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллагууд нь “А*******” ХХК-ийн гэрээний үлдэгдэл төлбөр авах тухай хүсэлтийг төсөвт тусгуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас тус хуулийн этгээдэд хохирол бий болсон, ““Ч,” төслийн “барих-шилжүүлэх” концессын гэрээ”-ний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг илт хууль бус гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 100.2, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 232 дугаар зүйлийн 232.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-иас Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Монгол Улсын Засгийн газар болон “А*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ч,” төслийн “Барих шилжүүлэх” концессын гэрээний төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг алданги болох 2,804,075,903.84 төгрөгийг, зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10,725,491,868.09 төгрөгийг төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэх”-ийг хариуцагч нарт даалгаж, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН