Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 493

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Улсын яллагч Н.Булганчимэг,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Н.Болормаа /ҮД:0201/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ням-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Э.Болорчимэг нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8, 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 1711000000047 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Боржгин овогт Бадарчийн Лхагвадорж, 1981 оны 3 сарын 11-нд Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төвд толгой авч шулуулдаг ажил эрхэлдэг байсан, иргэний үнэмлэхний лавлагаагаар ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол Сургалтын 12 байрны 16 тоотод оршин суудаг гэх боловч Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 31-2-1 тоотод сууж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 10-ны өдрийн 1232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар …………………………/

Шүүгдэгч Б.Л /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны  31-1-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Оюунтуулыг догшин авирлаж, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 8 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 31-2-1 тоотод хамтран амьдрагч Б.Оюунтуулыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал, элэгний өнгөц язарсан урагдал, цээжний зүүн талын 6, 8 дугаар хавирга, баруун талын 6 дугаар хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтан, зөөлөн эдэд цус хуралт гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Лоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Би гэр лүүгээ орсон чинь Аагий, Оюунтуул, Туул, Туултай цуг явж байсан танихгүй ах тэр дөрөв 0.75 литрийн Монгол Стандарт архи уугаад сууж байсан, архи нь талаасаа жоохон доошоо орчихсон байсан. Надад тэр архинаас Туул хийж өгөхөөр нь өгсөн архийг нь уучихсан. Би Туулд хандан “юун танихгүй хүн дагуулж ирээд байгаа юм бэ” гэж хэлээд уурлангуу хэлсэн чинь нөгөө танихгүй ах санаа нь зовсон бололтой ах нь явлаа явлаа гээд гэрээс гараад явсан. Манай эхнэр намайг дахиад нэг шил архи аваадах гээд гуйгаад байхаар нь би Туулд 10.000 төгрөг өгөөд Их Монгол нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, уурагжуулсан гоймон 2 ширхэг, сонгино 1 ширхэгийг аваад ир гээд явуулсан. Туул удалгүй захисан юмыг аваад ирэхээр нь Их монгол архиа задлаад би өөрөө аягалж бүгдэнд нь өгсөн. Тэгээд би уурагжуулсан нэг гоймонгоор нь тааруулаад гоймонтой шөл хийсэн юм. Тэгээд Мөнхөө, Туул, Оюунтуул нарт хоолоо аягалж өгсөн. Мөнхөө, Туул хоёр хоолоо идчихсэн Оюунтуул хоолоо идээгүй байсан. Мөнхөө нилээн муудаад согтчихсон болохоор нь Туул гэр лүүгээ дагуулаад орсон. Б.Оюунтуул хоолоо идэж чадахгүй, гар нь салганаад байхаар нь би аягатай хоолыг нь аваад аманд нь халбагадаж өгсөн. Аягатай хоолныхоо талыг нь идсэн. Б.Оюунтуул “надад дахиад архинаасаа ганц хийгээд өг” гэж хэлэхээр нь би уурлаад “одоо боль” гэж хэлээд элэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Б.Оюунтуул газар хэвтээд байхаар нь би үсдээд босгож суулгасан. Б.Оюунтуул босгож суучихаад дахиад “архинаасаа хийгээд өг” гэж хэлэхээр нь толгойны зүүн талын хэсэгт 2 удаа зүүн гараараа цохисон..” гэсэн мэдүүлэг /1хх-135-137/,

Шүүгдэгч Б.Лоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ням-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Б.Оюунтуултай уулзахад надад нөхрийнхөө талаар эвгүй зүйлүүд ярьж байсан. Б.Оюунтуул, Б.Л нар хамт архи уудаг, Б.Л ууж согтчихлоороо Б.Оюунтуулыг бөгсөө зарж, тамхи олж ир гэж өвлийн хүйтэнд хөөж гаргасан гэж байсан. Тухайн үед Б.Оюунтуулын зүүн талын нүд ягаан өнгийн туяатай хөхөрсөн байсан, тэрийг нь би хараад нилээд хэдэн хоногийн өмнө зодуулж дээ гэж харж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-31-35/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ням-Эрдэнээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би талийгаачийг нас барсны дараа бүр орой нь мэдсэн. Би яаж мэдсэн бэ гэхээр Францад байдаг эгчид маань танай дүү чинь өнгөрсөн гэсэн мессеж очсон гэсэн. Тэгээд нагац ахынх нь бэр эгч энэ хэргийн талаар надад ирж хэлсэн. Тэгээд манайд хүргэн ах, бэр эгч нар манайд цуглаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр бид нарыг сонгохгүй юм байна. Яагаад гэвэл цусан төрлийн хүн биш учраас орж болохгүй гэж байна. Тэгээд намайг хууль ёсны төлөөлөгчөөр сонгосон. Би 2 удаа шүүгдэгчийн царайг харж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаачийн ээж нь өнгөрсөн. Нагац эгч нь Европод байдаг” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Х.Мөнхтайванаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 сарын 22-ны өдөр Б.Л, Б.Оюунтуул нар нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү явсан. Б.Л, Б.Оюунтуул нар нь 8 сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Б.Л нь Б.Оюунтуулыг зодож, шилбэ рүү цохиж, зүүн хөлний шилбийг хутгаар исгэсэн болохоор нь эхнэр Б.Оюунтуул нь цагдаа дуудаж өгсөн гэж хэлж байсан. Б.Лийг батлан даалтанд авсан байсан. 8 сарын 22-ны өдөр 09 цаг өнгөрч байхад Б.Л Оюунтуул нар нь эхнэр Туул бид хоёрт хүү Гэрэлт-Одыг өгөөд өөрсдөө явцгаасан. Өдөр 12 цагийн үед Аагий гэх залуу Лхагвадоржийн гэрт ирсэн. Аагий нь ирэхдээ мөндөлийн мах барьчихсан ирсэн, уг махаа чанаж идээд сууж байтал гаднаас Б.Оюунтуул, Б.Л орж ирсэн. Орж ирээд хоорондоо мөнгийг нь олж өгөөрэй гээд маргалдаад байсан. Оюунтуулыг өөрөө барьж өгсөн юм чинь өөрөө мөнгийг нь биеэ үнэлээд ч хамаагүй олж өгөөрэй гээд маргалдсан. Тухайн үед гадаа бороо орж байсан болохоор би хайч хийх боломжгүй болсон байсан.. Эхнэр Туул бид хоёр буцаад унтаад өгсөн, унтаж байхад гэрийн хаалга хүн нүдэх шиг болохоор Туул босож хаалгаа онгойлгоход Б.Л хүүхдээ тэвэрчихсэн “хүүхдийн өмд өмсүүлээдэх, Оюунтуул нэг л сонин болчихлоо, бие нь хөрчихлөө та хоёр ямар ч л гэсэн гараадах, та хоёрт ямар ч хамаа байхгүй” гээд Туул бид хоёрыг гэрээс хөөгөөд гаргасан. Б.Л байшингийнхаа хаалгыг цоожлоод хашаанаас гараад бид хоёрын урд хурдан алхаад яваад өгсөн. Тэгэхлээр нь эхнэр Туул бид хоёр нэг л эвгүйцээд нэг л болохоо байлаа гэж бодоод Батзаяагийн дэлгүүрийн урд талд зогсож байгаад гудамжинд явж байсан хүний утсыг гуйгаад цагдаа, түргэн тусламж руу дуудлага өгсөн юм.. Б.Оюунтуулын нүүрний баруун талын хэсэг нь хөхөрчихсөн, эдгэж байгаа харагдсан. Мөн зүүн талынх нь хөлний шилбэ хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй..” гэсэн мэдүүлэг /1хх-38-42/,

Гэрч Н.Туулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 сарын 09-ний өдрөөс эхэлж Б.Лийн байшингийх нь нэг өрөөг сарын 80.000 төгрөгөөр хөлсөлж байгаа юм. Тэгээд 08 дугаар сарын 19-ний өдөр Аагий, Шинээ нар нь Б.Лийн гэрт нь ирсэн юм. Аагий хөдөөнөөс ирсэн гээд архи уусан, тухайн үед Аагий, Шинээ, Б.Л, Б.Оюунтуул, Хулан, Мөнхтайван бид нар ойролцоогоор 3-4 шил архи уусан. Тухайн үед Мөнхтайван бид хоёр согтоод гэр лүү гээ орж унтаж амарцгаасан. Аагий, Шинээ нар ч бас гараад явцгаасан. Маргааш өглөө сэрэхэд Оюунтуул Лхагвадоржийг цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгсөн, өчигдөр намайг зодоод, хөлийг минь хутгаар зүсчихсэн гээд зүүн талынхаа хөлний шилбийг харуулж байсан, тухайн үед шилбээ марлаар ороосон, тавчик нь цус болчихсон байсан. 8 сарын 20-ны  өдөр Аагий, Шинээ,Оюунтуул, Хулан нар архи уусан, талийгаач Оюунтуул надад архи хийгээд манай гэрт орж ирээд өгөхөөр нь би уухгүй гэж хэлсэн. Өдөрхөн Аагий, Шинээ, Хулан нар явцгаасан. Тэгээд 1 дэх өдөр буюу 8 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс орно гээд Хулангийн хамт хүүхдээ аваад явсан, үдээс хойш нь талийгаач Б.Оюунтуул гэртээ ирсэн, байцаагч нь “согтуу үнэр танартай ирлээ, хүүхдээ битгий дагуулж ирээд бай, хувцас хунараа солиод цэвэрхэн болоод ир” гэлээ “маргааш манай хүүхдийг хараад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Орой нь Б.Лхагвадорж эрүүл ирсэн. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад Б.Лхагвадорж, Б.Оюунтуул нь хүүхдээ надад өгөөд Цагдаагийн хэлтэс рүү явцгаасан. Би нөхрийн хамт хүүхдийг гэрт нь орж харсан, өдөр 12 цагийн үед Аагий гэрт ирсэн, ирэхдээ мөндөлийн мах барьчихсан ирсэн, мөндөлийн махыг нь чанаад байж байтал гаднаас Б.Лхагвадорж, Б.Оюунтуул нар хоорондоо хэрэлдэж орж ирсэн. Б.Оюунтуулыг байцаагч нь өргөдлөө бичээд өг гэхэд нь бичиж өгөөгүй гэж байсан. Тэгээд Б.Лхагвадорж 30 хоног баривчилна, аль эсвэл торгуулийн 100.000 төгрөг авчирч өг гэж хэлсэн байсан. Б.Лхагвадорж, Б.Оюунтуул нар нь торгуулийн 100.000 төгрөгөн дээрээс болж маргалдсан байдалтай байсан. Б.Лхагвадорж талийгаач Б.Оюунтуулыг “янхан минь чи намайг цагдаад өгсөн юм чинь биеэ худалдаж  100.000 төгрөгийг нь олж ир” гэж хэлсэн. Тухайн үед Мөнхтайван “яах гэж ингэдэг юм мөнгө болох л байлгүй дээ” гэж хэлээд тайвшруулсан. Б.Лхагвадорж нэг юм авч ууя гэж шалсаар байгаад Мөнхтайванаас 5000 төгрөг гаргуулаад Б.Лхагвадорж 3000 төгрөг гаргуулаад “Түмний хишиг” нэртэй 1 литрийн архи авч Оюунтуул, Аагий, Лхагвадорж, Мөнхтайван бид 5 хувааж уусан. Архиа ууж дуусчихаад, би хүнтэй уулзах байсан болохоор хувцсаа индүүдэж  хувцаслачихаад гэрээс гарсан. Тэгэхэд Б.Л  Нарантуул-2 худалдааны төв орж дүүтэйгээ уулзана гээд гэрээс Аагийгийн хамт явсан. Би Аагий, Б.Л нартай нийлж Нарантуул-2 худалдааны төв хүртэл явсан. Нарантуул-2 дээрээс би Аагий, Б.Л нараас салаад явсан. Би Хүчит шонхор худалдааны төв рүү орж найзтайгаа уулзах гэсэн чинь байхгүй болохоор нь буцаж харихаар болсон. Хүчит шонхор худалдааны төвөөс гараад явж байтал Лхагвадоржтой таарсан. Би харьлаа гэж хэлээд явсан. Лхагвадорж хүнсний захын тэнд үлдсэн. Гэртээ ирэхэд Мөнхтайван гэртээ унтаж байсан, харин Оюунтуул хүүхдийн хамт гэртээ байсан. Гадаа нилээн харанхуй болчихсон байхад Б.Л гэртээ орж ирсэн, үсээ засуулчихсан би гоё болчихсон байна уу? гээд асуугаад байсан. Тэгээд Б.Оюунтуулыг “хоол унд хийгээч ээ, мах шөлийг нь авчирч өгч байхад өмхийрүүлээд хаях юм, арчаагүй пизда вэ? Чам шиг ийм авгай байдаг юм уу гээд загнаад маргалдаад байсан. Б.Л надад 10.000 төгрөг өгөөд “2 ширхэг уурагжуулсан гоймон, ундаа, 6000 төгрөгөөр Их монгол архи” аваарай гэж намайг дэлгүүр лүү явуулсан. Би дэлгүүрээс захисан юмыг нь аваад Б.Лид өгсөн, хариулт 1000 төгрөгийг мөн өгсөн. Би Б.Лийнд хоол хийхээр махыг нь гаргаж хоол бэлдсэн. Б.Л болохоор архи задлаад өөрөө уугаад надад хийж өгсөн. Оюунтуулд архинаасаа хийж өгсөн. Тухайн үед Оюунтуул орон дээрээ хэвтэж байсан. Хоол болсоны дараа бүгдэнд нь аягалж өгөөд хүү Гэрэлт-Одыг хооллочихоод гарсан, гэрээс гарахад Лхагвадорж Оюунтуулын ам руу хоол хийж байсан, Оюунтуул болохоор хоол идэхгүй гээд байсан. Лхагвадорж надад хандан “Энэ пизда хоол ид гэхээр идэхгүй, архи уу гэхээр уучихаад байхын пизда чинь” гэж хэлэхээр нь би гэрээс нь гараад өөрийнхөө гэр лүү орсон. Би гэр лүүгээ ороод байж байтал араас Лхагвадорж хүүхдээ тэвэрчихсэн нөгөө Их монгол архиныхаа талыг бариад орж ирсэн. Уг архинаас Мөнхтайван бид хоёрт жижиг аягаар нэг нэг хийж өгч уучихаад, гэрээс гараад явсан. Нөхөр Мөнхтайван бид хоёр гэртээ унтаж амрахаар болоод хаалгаа түгжээд унтсан. Унтаж байхад хүн хаалга тогшоод байх шиг болохоор нь сэрээд хаалгаа тайлтал Б.Л хүүхдээ тэвэрчихсэн, “хүүхдийн өмдийг өмсүүлээдэх, Оюунтуулын бие нь хөрөөд байна, та хоёрт ямар ч хамаа байхгүй, хоёр пизда минь гар гээд бид хоёрыг гэрээс хөөж гаргаад манай эгч аргалчихна” гэж хэлээд гэрийнхээ үүдний таамбарыг цоожлоод хашаанаас гаргасан. Хашаанаас гарчихаад Батзаяагийн дэлгүүрийн зүг рүү явсан, Б.Л хүүхдээ тэврээд Мөнхтайван бид хоёрын урд гараад хурдан алхаад яваад өгсөн. Мөнхтайван бид хоёр Батзаяагийн дэлгүүрийн урд зогсож байгаад гудамжинд явж байсан хүний гар утсыг гуйж аваад, цагдаа болон түргэн тусламж дуудсан. Б.Лийн гэрийн хаягийг нь мэдэхгүй болохоор Батзаяагийн дэлгүүрийн үүдэн дээр ирэхээр нь тосож аваад очъё гэж хэлсэн. Б.Л өөрөө сандарсан байдалгүй, Мөнхтайван бид хоёрыг хөөж гаргаад өөрөө яваад өгсөн, гэнэт хөөж гаргахаар нь Мөнхтайван бид хоёр энэ нэг л  биш  болчихлоо гээд сэжиг аваад цагдаа түргэн тусламж дуудсан ...” гэсэн мэдүүлэг /1хх 43-49/,

Гэрч Ё.Мядагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 сарын 23-ны шөнийн хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна, унтаж байхад гэрийн хаалга нэг хүн цохиод байхаар нь босож тайлж өгсөн. Тэгтэл манай хүү Б.Л нь өөрийн хүүгээ тэвэрчихсэн байдалтай орж ирсэн. Гэрт орж ирээд Б.Л хүүг түр авч бай, эхнэр бид хоёр архи ууж байгаад хоорондоо хэрэлдсэн, муужраад уначихлаа гэж хэлээд сандарсан байдалтай гараад явсан..” гэсэн мэдүүлэг /1хх 50-51/,

Гэрч Н.Амарсанаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Талийгаач Б.Оюунтуулын зүүн нүдний дээд зовхи, чамархайны хэсэгт хүрэн өнгөөр хөхөрчихсөн байсан, мөн ууж байхад Б.Оюунтуул нь өмднийхөө 2 шуумгийг нь дээш татаж сууж байсан, тэгэхэд зүүн хөлний шилбэний гадна хэсэгт тавласан шарх болон доод хэсэгтээ 2 ширхэг зүсэгдсэн шарх харагдаж байсан. Тэгэхлээр нь би  яасан талаар нь асуухад Б.Оюунтуул “ наад Б.Л чинь 8 сарын 18, 19-ний өдөр намайг зодоод ингэчихсэн, тэгэхлээр нь би цагдаа дуудаад бариад өгчихсөн юм” гэж надад хариулж хэлж байсан. Өөр талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй ээ..” гэсэн мэдүүлэг /1хх 54-56/,

Гэрч Б.Раднаабазараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 сарын 19-ний /Бямба гариг/ өдөр 102-ын утсаар нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлагыг цагдаагийн ахмад Амартүвшингийн цохолттой өргөдлийг 8 сарын 20-ны өдөр буюу Ням гарагт хүлээн авч, холбогдогч Б.Лийг эрүүлжүүлэх байрнаас хүлээн авч, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдогч Б.Лийг холбогдогчоор татаж, мэдүүлэг авч, түүний хувийн байдлыг тогтоосон. Б.Лийн ар гэрийнхэн рүү утсаар ярихад ээж Мядаг нь “би наад хүнийг чинь батлан даалтанд авахгүй, эхнэр Б.Оюунтуултайгаа нийлээд архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг” гэсэн, Б.Оюунтуул, холбогдогч нарын найз гэх Хулан гэх эмэгтэйд батлан даалтанд өгсөн. Б.Лоор дамжуулж хохирогч Б.Оюунтуулыг асуулгахад “одоо манай эхнэр ирж байгаа, түрүүн над руу гар утсаар ярьсан” гэж хэлсэн, удалгүй хохирогч Б.Оюунтуул нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн тул хохирогч, холбогдогч нарт хууль сануулж хэлж яриад маргааш буюу 8 сарын 21-ний өглөө 10 цагт ирэхийг даалгаж явуулсан. Тухайн үед хохирогч, холбогдогч нарт дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд бие биетэйгээ муудалцахгүй байх талаар хууль танилцуулж явуулсан. 8 сарын 21-ний өглөө 10 цагт ирэхдээ хохирогч Б.Оюунтуул нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Б.Оюунтуулын ар гэрээс хүн дуудах гэсэн боловч Улаанбаатар хотод оршин суух хамаатан садан байхгүй гээд байсан болохоор нь  Б.Лид дахиж согтуу ирүүлэхгүй байх талаар хэлээд явуулсан. 8 сарын 22-ны өглөөний 10 цагт холбогдогч Б.Л, хохирогч Б.Оюунтуул нар цуг ирсэн, хохирогч Б.Оюунтуул нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу ирсэн. Тухайн үед Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх хэсэгт заасныг тайлбарлахад хохирогч Б.Оюунтуул нь “Миний буруу, би тухайн үед нөхөр Лхагвадоржтой маргалдаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нь үнэн, та өргөдлийг минь хаагаад өгчих боломж байна уу? гэхэд би “ тухайн хуулийн зүйл заалт нь торгуулийн арга хэмжээ авах зүйл байхгүй, нэг гэр бүлийн хүмүүс байж цугтаа архи хэрэглэж хавь орчиндоо болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байдаг юм бэ?” гэхэд Оюунтуул “тиймээ бид нарын буруу, та нэг удаа өргөдлийг минь хаагаад өг” гэж хэлсэн. Тэгэхлээр би “гомдол мэдээлэлд орсон учир өргөдлийг хаах боломжгүй, харин одоо зөрчлийн хэрэг үүсгэнэ” гэхэд Б.Оюунтуул нь бага насны 2 настай хүүхдээ тэвэрсэн байхад нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу бага насны хүүхдийн дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд эцэг, эх дээр нь арга хэмжээ авах болно. Торгуулийн мөнгө нь 100.000 төгрөг байдаг юм, та нар ойр орчмын хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг юм гэж хэлээд Б.Оюунтуулд дахин маргааш буюу 8 сарын 22-ны өглөөний 10 цагт ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэлгүй ирээрэй, мэдүүлэг авах болно гэж хэлээд Б.Л, Б.Оюунтуул нарыг явуулсан. 8 сарын 22-ны өдөр хохирогч Б.Оюунтуул нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн..” гэсэн мэдүүлэг /1хх 57-58/,

Гэрч Б.Бадамрагчаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..ер нь л Б.Оюунтуулыг нөхөр Б.Л нь байнга зодож дарамталдаг. Би 2015 оноос хойш Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт урамшуулалт эргүүл хийж ажилладаг юм, энэ хугацаанд бол Б.Лийнх гэх айл удаа дараа хорооны хамтарсан багийн хурлаар гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр орж байсан, Б.Л нь хамтарсан багийн хурал дээр “дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж гардаг. Б.Л, Б.Оюунтуул нар нь амьдралын хувьд их боломжийн амьдралтай өөрсдийн гэсэн газар байшинтай, гол нь Б.Л, Б.Оюунтуул нар нь нийлж архи уудаг, ер нь л архи уухгүй өдөр цөөхөн байдаг..” гэсэн мэдүүлэг /1хх-61-62/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 сарын 07-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1670 тоот дүгнэлтэд:

 “1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /100 мл/, баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал, элэгний өнгөц язарсан урагдал, цээжний зүүн талын 6, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /100 мл/, баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал, элэгний өнгөц язарсан урагдал, цээжний зүүн талын 6, 8-р хавирга, баруун талын 6-р хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтан, зөөлөн эдэд цус хуралт, дээд үүдэн нэг шүдний булгарал, дээд, доод уруулд цус хуралт, өнгөц язарсан шарх, толгойн хуйх, нүүр, их бие, дээд, доод мөчдийн олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаач нь 2017.08.23-ны өглөөний 08 цаг 00 минутын үзлэгээр нас бараад 6-7 цаг болсон байх боломжтой байна.

5. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь О (I)-р бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд 4,9 промилли агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна” гэсэн дүгнэлт /1хх-65-67/,

Шинжээч Т.Сэлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Хэрэг болсон гэх цаг хугацаанд талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл үүссэн нь байх боломжтой. Уг гэмтэл нь гарын цохилтын улмаас үүсэх боломжтой ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ..талийгаачийн цээжний зүүн талын 6, 8-р хавирга, баруун талын 6-р хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтан, зөөлөн эдэд цус хуралт гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Задлан шинжилгээгээр элгэнд язарсан урагдал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба хэрэг болох цаг хугацаанд үүссэн” гэсэн мэдүүлэг /1хх-76-77/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 801 тоот дүгнэлтэд:

“1. Б.Л нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Б.Л нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Б.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1хх-119-120х/,

Гэрч Г.Ариунбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 11-12 цагийн үед шиг санаж байна. Би ямар ч гэсэн ажлаа тараад гэр лүү орох гэж байтал Оюунаа гэх эмэгтэй манай хашааны гадаа зогсож байсан. Оюунаа гэдэг хүнийг Б.Оюунтуул гэдэг би зүс сайн мэднэ, дандаа миний утсаар цагдаа руу дуудлага өгдөг юм. Б.Оюунтуул эгчтэй таарахад эгчийн дүү цагдаа дуудаад өг, эгч нь нөхөртөө зодуулчихлаа, гэж хэлсэн. Тухайн үед Оюунтуул эгчийг ямар хувцастай байсанг сайн санахгүй байна, Оюунтуул эгчийн өмд цамц нь цус болчихсон байсан. Цамцны энгэр болон өмдний зүүн хөлний шилбэ, шуумагны хэсэг цус болчихсон байсан. Б.Оюунтуулын толгойн баруун талаас цус гарсан юм шиг цус урсаад хатсан байдалтай байсан. Б.Оюунтуул эгч өөрөө бага зэргийн согтолттой байсан. Б.Оюунтуулын биед өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Б.Оюунтуул нөхөр Б.Лтой байнга хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, би энэ хоёрыг зодолдож байхыг нь гудамжинд явж байхдаа ч харж байсан.  Гэрийнхэн хажуугаар өнгөрч явахад зодолдож байгаа дуу чимээ нь сонсогддог байсан. Б.Оюунтуул байнга л нөхөр Б.Лид зодуулчихсан, бие нь энэ тэндээ хөхөрч хавдсан байдалтай явдаг..” гэсэн мэдүүлэг /1хх 245-246х/,

Гэрч Ц.Батцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Б.Л, Б.Оюунтуул нартай удаа дараа уулзаж байсан. 2017 оны 3 сарын 31-ний өдөр Б.Л, Б.Оюунтуул нартай удаа дараа уулзаж байсан. 2017 оны 3 сарын 31-ний өдөр Б.Л, Б.Оюунтуул нар нь байнгын архидан согтуурч хүүхдийн эрх зөрчигдөж байна гэсэн мэдээллийн дагуу нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ болон гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээг хийсэн. Үнэлгээний дүгнэлтээр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23-30-1, 2 тоотод оршин суугч иргэн Бадарчийн Лхагвадорж нь тус хаягт эхнэр хүүгийн хамт ам бүл 3-уулаа амьдардаг. Эхнэр Баатарын Оюунтуул нь 38 настай эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ хүүгээ хардаг. Хүү Лхагвадоржийн Гэрэлт-Од нь 9 сартай, хүнс тэжээлийн дутагдалтай. Б.Л нь архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, тухайн гэр бүлд сэтгэл зүйг болон хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх шаардлагатай. Мөн тухайн гэр бүлийг архины хамаарлаас гаргах, хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас гаргах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна гэж үзсэн байдаг. Уг гарсан дүгнэлтийн дагуу 2017 оны 4 сарын 01-ний өдөр хорооны хамтарсан багийн хурлаар орсон байдаг ..2017 оны 5 сарын 16-ны өдөр Б.Оюунтуул, Б.Л нарыг архины хамааралтай гэр бүлийн судалгааг гаргаж гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хүргүүлэн, Б.Оюунтуул, Б.Л нарыг сургалтанд хамруулсан байдаг..” гэсэн мэдүүлэг /1хх 247-248/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-10/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-14/, Цогцосны гадуур өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-18/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дуудлага, мэдээллийн бүртгэлийн системд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-23/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 29/, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх 152/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 4391 тоот дүгнэлтэд /1хх 89х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 8169 тоот дүгнэлтэд /1хх 92/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 8170 тоот дүгнэлт /1хх 99/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 8167 тоот дүгнэлт /хх114-115/, Гэрч Ц.Билгүтэйгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн гэх мэдүүлэг /1хх 243-244/, шүүгдэгч Б.Лийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 153/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 154/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх 158-160/, оршуулгын зардалтай холбоотой баримтууд /1хх 178-187/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 8 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 31-2-1 тоот гэртээ архи ууж согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.Оюунтуулыг “янхан минь чи намайг цагдаад өгсөн юм чинь биеэ худалдаж  торгуулийн 100.000 төгрөгийг нь олж ир, хоол ид гэхээр идэхгүй, архи уу гэхээр уулаа” гэж шалтаглан гараараа нүүр толгойд нь цохиж, хөлөөрөө хэвлий хэсэгт нь өшиглөх зэргээр зодож тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал, элэгний өнгөц язарсан урагдал, цээжний зүүн талын 6, 8 дугаар хавирга, баруун талын 6 дугаар хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтан, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнээс өмнө шүүгдэгч Б.Л нь 08 сарын 19-ний өдөр мөн хамтран амьдрагч Б.Оюунтуулыг зодсон бөгөөд энэ асуудлаар цагдаагийн байгууллагад 22-ны өдөр дуудагдсан байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Лийн дээрхи 2017 оны 8 сарын 19-ний өдрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж, 2017 оны 8 сарын 22-оос 23-нд шилжих өдрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт заасан бусдыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

 

Дээрхи үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Лийн хамтран амьдрагч Б.Оюунтуулыг зодож алсан үйлдэл нь бусдыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудтай байна. Учир нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр талийгаач Б.Оюунтуул нь хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон бөгөөд гэмт халдлагаас тэрээр өөрийгөө хамгаалах, зогсоох, зайлах боломжгүй байжээ.

Мөн түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар талийгаач Б.Оюунтуулын амьдрал ахуй, бусад байдалд анхаарал хандуулах эцэг эх, хамаатан садан гэх хүнгүй байсан бөгөөд хамтран амьдрагч шүүгдэгч Б.Лтой хамт байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, шүүгдэгч Б.Л нь удаа дараа түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч  Б.Л нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Оюунтуулыг байнга буюу удаа дараа сэтгэл санаанд нь дарамт учруулж бие махбодид халдаж байжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хуульд заасан нөхцөл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” сэтгэл санаанд нь дарамт учруулж бие махбодид халдсан үйлдэл байдаг бөгөөд 2017 оны 8 сарын 19-ний өдөр болон түүний өмнө мөн хойно энэ үйлдлээ гаргаж байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үргэлжилсээр хамтран амьдрагч Б.Оюунтуулыг 8 сарын 22-оос 23-нд шилжих шөнө алсан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг давхар зүйлчлэх шаардлагагүй гэж үзлээ.

Мөн түүнчлэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр талийгаач Б.Оюунтуулын биед олон тооны шарх гэмтэл учирсан байх боловч тэрээр гавал тархины битүү гэмтлийн улмаас, уг гэмтлийг авсан даруй нас барсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл олон тооны гэмтэл шархны улмаас өвдөж шаналсан, тарчлан зовж, зүдэрсэн байдал тогтоогдоогүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Лид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсгүүдэд заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг хаалттай байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ням-Эрдэнэ нь  “..надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.Лийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн 1 нас 5 сартай хүү Л.Гэрэлт-Од нь шүүгдэгчийн төрсөн ахын асрамжинд байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулинд зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн цамц, шар өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, ягаан эрээн өнгийн цамц, хөх өнгийн жинсэн өмд, бор өнгийн хөхний даруулга, бор шаргал өнгийн шилэн оймс, синтепоны тасархай тус бүр 1 ширхэг, хэргийн газраас авсан үс зэргийг устгаж, шүүгдэгч Б.Л нь 2017 оны 8  сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 сарын 5-ны өдрийг хүртэл нийт 74 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.