Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/34

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        08             15                                            2019/ДШМ/34

 

 Д. д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү,

Хохирогч: Б.Гансүх,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Бд холбогдох 1938000000223 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Гансүхийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хариад овогт Дуламжавын Б, ..... оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс Мөрөнгийн чиглэлийн засмал зам дээр Тосонцэнгэл сумаас 5 км зайд 27-55 УБӨ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7/А-д заасныг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Гансүхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хариад овогт Дуламжавын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Дуламжавын Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Бд тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Д.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Д.Баас 92.700 /ерэн хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гансүх     /РИ75080118/-д олгож, хохирогч Б.Гансүх нь бусад нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Ч.Өлзийбаярын ямаа самнасан хөлс болох 130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Гансүх давж заалдах гомдолдоо: ... Хохирогч миний бие эмчилгээний болон бусад зардал болох 275,902 төгрөгийн баримтыг хэрэг цагдаад шалгагдаж байх үед гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх дээрх хохирлыг шүүгдэгч Д.Баас гаргуулж өгөлгүй орхилоо. Иймд хэргийг хянаж хохирол төлбөрийг бүрэн гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Ч.Өлзийбаярын нөхөр Л.Эрдэнэ-Очир давж заалдах гомдолдоо: ... Би 5 хоног эмнэлэгт хэвтэж 10 гаруй хоног бариачид бариулсан. Гэр бүлийн маань хүн гадуур эмчилгээ хийлгэж бариачид бариулсан боловч бие нь сайн дээрдээгүй, хөл нь улам өвчин орж одоогоор сайн гишгэж чадахгүй байна. Шүүх хурал 6 сард хуралдаж бид хоёрт хэлж дуулгалгүй, гомдол ч барагдуулж өгөлгүйгээр шийдсэн байна. Б гэрт ирж бид хоёрыг хэл амаар доромжилж өгөх ёстой 130,000 төгрөгөө өгөлгүй машин та хоёроос болж унагаасан гэж хүнийг айлган сүрдүүлсэн. Иймээс бид хоёрын эмчилгээний зардал болох 500,000 төгрөг дээр ажлын хөлс 130,000 төгрөгийг нэмж Баас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс Мөрөнгийн чиглэлийн засмал зам дээр Тосонцэнгэл сумаас 5 км зайд 27-55 УБӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а-д заасныг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Гансүхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 243 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 04 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Быг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Бд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул хохирогчийн “...шүүх хохирлыг бүрэн Баас гаргуулж өгөөгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч Б.Гансүхэд 1 750 000 төгрөгийн хохирол учирснаас 1 661 900 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн 92 700 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Баас гаргуулж хохирогч Б.Гансүхэд олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Давж заалдах шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч Ч.Өлзийбаярын нөхөр Л.Эрдэнэ-Очир нь “...эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 500 000 төгрөг, ажлын хөлс 130 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар” гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Л.Эрдэнэ-Очир нь энэхүү эрүүгийн хэрэгт гэрчээр оролцсон бөгөөд иргэний нэхэмжлэгчээр Ч.Өлзийбаяр тогтоогджээ. Мөн Ч.Өзийбаярын ямаа самнасны хөлс болох 130 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй гэж үзэн шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Нөгөөтэйгүүр иргэний нэхэмжлэгч Ч.Өлзийбаярын биед уг гэмт хэргийн улмаас хохирол учраагүй бөгөөд хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч Л.Гансүхийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                         Т.ГАНБАТ

                                                                                          Н.БАЯРХҮҮ