Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 113/ШШ2024/0001

 

 

 

 

 

 

  2024       01            03                                        113/ШШ2024/0001

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................................

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............. /Өмгөөлөх эрхийн дугаар:................../

Хариуцагч: .........................,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н, Ц.М нарыг оролцуулан аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамжийг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ......................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................, ......................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч ................................ нь ...............................-д холбогдуулан, Аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын  19-ний өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч ...................... нь хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий өрхийн эрүүл мэндийн төвийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Сүмбэр сумын 3 дугаар багт шинээр байгуулахаар 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/220 дугаартай захирамж гаргажээ.

2.2. .............................. нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамжийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Удирдах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хурал дээр хэлэлцэх асуудлын нэгдүгээрт “...аймгийн Засаг даргын захирамж танилцуулах /өрхийн эмнэлэг/  гэсний дагуу Эрүүл мэндийн газрын дарга .................. хуулбараар хүлээн авч танилцсан байна.

2.3. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд  гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ...............................шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “................ дарга салбар хариуцаж байгаа хүний хувьд өнөөдөр эрүүл мэндийн салбарынхаа статусыг мэдэхгүй ийм асуудал ярьж байгаад харамсаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвд яагаад стандарт гэж байдаг вэ? яагаад стандарт гэдэг зүйл яригддаг, яагаад стандартын дагуу ажил үйлчилгээгээ явуулдаг юм бэ? гэхээр сумын эрүүл мэндийн төвийн стандарт, өрхийн эрүүл мэндийн төвийн стандартыг холиод яриад байна.

Өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвийг ................. миний бие дуртайдаа аваад яваагүй юм. Энийг авах хүн байхгүй эзэнгүй болсон байсан. 2016 онд энэ ажлыг авахад тухайн үед Засаг дарга байсан ............ дарга Сүмбэр сумын хөдөөгийн 4, 5, 6 дугаар багийн иргэддээ тусламж үйлчилгээг үзүүлээд яваарай гэсэн. 2018 онд хөдөөгийн багийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд санхүүжилт орон нутгийн төрийн сангаар олгогдсон байдаг. 2021 оноос эхлээд Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг юм орж ирснээрээ 1 иргэнээр тооцоод коэффицентоор боддог аргуудад шилжсэн. Өрхийн эрүүл мэндийн төв хот, суурин газраа үйлчилгээгээ үзүүлдэг. Тэр коэффицентоор боддог нь нөгөө алслагдсан 100 киломерт очиж үйлчилгээ үзүүлдэг иргэддээ хичнээн километрт бензин зарцуулсан юм тэрийгээ тооцож боддог эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээ сумын эрүүл мэндийн төвийн стандартаар бодогдож явдаг. Ард түмний эрх гэдэг асуудал ярьж байна. Эрүүл мэндийн газрын дарга ард түмнийх эрх ашгийг бодоод байгаа юм бол тэр шинэ хувааж байгаа эмнэлэг чинь өнөөдөр магадлан итгэмжлэлд ороогүй байгаа эмнэлэг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг яаж авах юм. Үнэхээр хуваалаа гэхэд манайх тэр хүмүүст үйлчилгээ үзүүлэхгүй болно. Тэгвэл шинэ байгуулагдаж байгаа эмнэлэг магадлан итгэмжлэлд ороогүй учраас Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авч чадахгүй. Санхүүжилтгүй бол цалин байхгүй ажилчид ажиллах нөхцөл боломж байхгүй. Үүнийг тооцож үзээгүй.

Мөн судалгаа хийсэн гэж яриад байна. Тэгвэл өнөөдөр 6000 хүн амтай Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт хэдэн хувиар багасах вэ? 13000 хүн амтай байсан санхүүжилт 50 хувиар багасна. Тэнд авч байгаа ажилчдын цалин тэр хувиар багасна. Иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ мөн тэр хувиар багасна. Энийг яагаад Эрүүл мэндийн газрын дарга, эрүүл мэнд бодлого төлөвлөлт хийж байгаа хүмүүс тооцож үзэхгүй байгаа юм. Би үнэхээр харамсаж байна. Би энэ судалгааг түрүүчийн шүүх хурал хойшлогдоход танилцсан. Эхний мөрөөс эхлээд тоон мэдээлэл буруу байна гэж би хэлж байсан. Миний канондож авсан материалын 30 дугаар хуудсан дээр Сүмбэр сумын 1-ээс 3 дугаар багийн иргэдийг 12852 гэж байсан. Энийг тухайн үед ............... дарга Сүмбэр сумын 1-ээс 6 дугаар багийн иргэд орж байгаа гэж тайлбарласан. Гэтэл 33 дугаар хуудсан дээр 2020 оны байдлаар Сүмбэр сумын хэмжээнд 13082 хүн ам гээд тоон мэдээлэл зөрсөн байна. Ийм учраас энэ судалгааг шаардлага хангасан албан ёсны судалгаа гэж үзэхгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд ................... эрүүл мэндийн салбарт байгаа эрүүл мэндийн байгууллагуудаас маш онцлог статустай байдаг байгууллага. Нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсан бол Эрүүл мэндийн тухай хуульд сайн дурын үндсэн дээр бий болсон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна гэж маш тодорхой заасан байдаг. Манай улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ................... ЗБМ буюу зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэж байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд Засгийн газартай гэрээ байгуулдаг. Засгийн газраас гаргасан үлгэрчилсэн дүрмийн дагуу бид нар дүрмээ барьж явдаг. Сүмбэр сумын Засаг даргатай буюу орон нутгийн засаг захиргаатай манайх эрүүл мэндийн сайдын 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 104 тоот тушаалын дагуу гурвалсан гэрээ буюу харилцан тохиролцсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага. Манайх төрийн аудит ороход мөн адилхан төрийн гэсэн бүх тэмдэг тэмдэглэгээнүүдийг авсан. Танайх төрийн байгууллага биш учраас тэр заалтыг авах шаардлагагүй гэдэг зөвлөмжийг аудит өгсөн байдаг. Тэрний дагуу бид нар яг энэ хууль тогтоомжуудаа бариад явдаг. Иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж Эрүүл мэндийн газрын дарга ярьж байна. Өрхийн эрүүл мэндийн төв хуваагдах асуудал бол цаг хугацааны асуудал. Өнөөдөр үнэхээр хуваагдлаа гэхэд, та ард нь ажиллаж байгаа болон үйлчилгээ авах гэж байгаа иргэдийн эрх ашгийг бодолцож үзсэн үү? Үнэхээр хуваагдах шаардлагатай бол та санхүүгийн судалгаан дээр судалгаа хийчихээд өрхийн эрүүл мэндийн төв ийм байдалтай байх юм байна гэдэг тодорхой нотлох баримтаар өгсөн зүйл байхгүй байна. Манай нягтлан бодогчийн судалгаагаар өрхийн эрүүл мэндийн төв хуваагдсан тохиолдолд 7 орон тоо хасагдана гэж үзсэн. Үйл ажиллагааны цар хүрээ 50 хувиар нэмэгдэнэ гэдэг судалгаа гаргаад нотлох баримтаар өгсөн байгаа.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга ................ танаа гээд  Монголын өрхийн аюулгүй, ахуйн хорооны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Хажидмаа захирлын явуулсан хүсэлтийн хувь манайд ирсэн. Иргэдийн эрх ашиг эргээд бүүр ноцтойгоор хөндөгдөөд үйл ажиллагаа явуулах чадамжгүй өрхийн эрүүл мэндийн төвүүд үлдээх вий гэж хэлмээр байна” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндсэн шаардлага Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаартай захирамжийг хүчингүй болгох. Үндэслэл нь:

 Нэгдүгээрт: Одоо үйл ажиллагаа явуулж байгаа ................................. шинээр байгуулагдах гэж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн талаар мэдэгдээгүй байдаг. Мөн захирамж гарахын өмнө ямар нэгэн байдлаар санал асуугаагүй. Захирамж гарсны дараа албан бичиг хүргүүлэх байдлаар мэдэгдсэн. Захирамж гарсны дараа манай байгууллагад яагаад мэдэгдээгүй юм бэ? гэхэд танайд мэдэгдэх шаардлагагүй гэж хэлсэн байдаг.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/220 дугаартай захирамж Говьсүмбэр аймгийн 3 дугаар багт шинээр “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” агуулгатай. “........................... Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нийт 13 мянга гаруй иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр Сүмбэр сумын зургаан багийн нэг болох 3 дугаар багийн 4657 иргэний хувьд юм уу, нийт иргэдийн хувьд юм уу? гэдэг нь тодорхойгүй 3 дугаар багт гэсэн захирамж байна. ‘’Энхтусдэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд Сүмбэр сумын нутаг дэвсгэрийн нийт хүн амын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Хоёрдугаарт: Тухайн захирамжийг гаргахад өрхийн эрүүл мэндийн төв байгуулах хэмжээний судалгааг хийгээгүй гэж үзэж байгаа. 1-рт ямар хүн амд үйлчилгээ үзүүлэх, 2-рт ямар нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх, 3-рт ямар хүчин чадал, нөөц бололцоотой, бүрэлдэхүүнтэй, барилгатай, ямар хөрөнгөөр санхүүжээд хэдэн жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах, хэвийн үйл ажиллагаатай байж чадах уу, иргэдэд үзүүлэх үйлчилгээ нь тодорхой шаардлагатай юм уу, үгүй юм уу гэсэн судалгааг хийж байж шийдвэрээ гаргах ёстой байсан гэж үзэж байна.

Хариуцагч талаас судалгааны ном товхимол болох бусад байгууллагын хийсэн судалгаа гэсэн баримтыг хавтаст хэрэгт өгсөн байна. Тэгэхээр хариуцагч ийм шийдвэр гаргах гэж байгаа бол судалгааг өөрөө хийж чаддаггүй бол чаддаг хэн нэгэнд хүсэлт тавьж, санаачилга гаргаж, захиалаад төлбөрийг нь төлж ч юм уу хийлгэсэн байвал энэ үйл ажиллагаатай холбоотой гэж харж болно. Ийм үйл ажиллагаа байхгүй байна.

Гуравдугаарт: Хэрэгт цугларсан баримт болон тухайн үйл явдлын хүрээнд сонсох ажиллагаа хийгээгүй. Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга сонсох ажиллагааг манайхаас хийгээгүй гэсэн баримт өгсөн байна. Эрүүл мэндийн газраас бол тодорхойгүй юм ярьдаг. Тэр нь амралтын өдөр болсон хурлын тухай мэдээлэл байдаг. Хууль зүйн хувьд сонсох ажиллагааг тухайн шийдвэр гаргаж байгаа байгууллага албан тушаалтан хийх ёстой. Хэн шийдвэрийг гаргаж байна гэхээр ...................... гаргаж байна. Говьсүмбэр аймгийн Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг үндсэн байгууллага нь түүний Тамгын газар, Тамгын газар хийгээгүй бол тухайн хариуцагч хийсэн гэж үзэх боломжгүй.

Мөн ....................... эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлыг ярих ёстой. Яагаад хөндөгдөж байна гэхээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/220 дугаартай захирамж хууль бус гарсан. Энэ бол маргааны явцад нотлох баримт болон бусад тайлбаруудаар яригдаад тайлбарлагдана. Харин эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлыг ярьмаар байна. Өрхийн эрүүл мэндийн төв бол Эрүүл мэндийн тухай хуульд заасан эмнэлэг. Мөн эмнэлгийн үйлчилгээний анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг тусгай байгууллага. Энэ арай өөр ангилалтай байдаг. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйл дээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн чиг үүрэг байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан жагсаалт дахь тусламж, үйлчилгээг үзүүлэх мөн хуулийн 6.2 дахь хэсэгт Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн сайдын баталсан жагсаалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.  Мөн хуулийн 17 дугаар зүйл дээр Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт гэж байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасан тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс дараах аргаар санхүүжүүлнэ гэсэн байгаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17.1.1 дүгээр зүйл дээр энэ хуулийн 6.2 дахь хэсэгт буюу түрүүний заасан жагсаалтыг хэлж байна. Мөн хуулийн 6.2 дахь хэсэгт тусламж үйлчилгээний жагсаалтыг нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргаар гэж байгаа. Нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргаар санхүүжих санхүүжилт гэдэг нь хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд байна. Эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 06 дугаартай тогтоол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ тогтоол дээр байгаа аргачлал загвараар санхүүжилт хэлбэрждэг. Санхүүжилтийн хэлбэр нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санхүүжилтийг нэг иргэнээр тооцсон төлбөрийн арга буюу хэлбэр болдог.

Өрхийн эрүүл мэндийн төвийн ямар эрх хөндөгдөж байна гэхээр мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан эрх хөндөгдөж байна. Санхүүжилтээс хамаараад хэвийн үйл ажиллагаа явуулахад мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан бүх эрх хамаарна. Санхүүжилтээ авч чадахгүй юм уу багасах юм бол цаашдаа хэвийн үйл ажиллагаа үргэлжилнэ гэхэд эргэлзээтэй болж байна. Хэвийн үйл ажиллагаа алдагдвал эрсдэл мөн хуулийн 6 дугаар зүйлд хамаарч яригдана. Иймээс Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/220 дугаартай захирамж хууль бус алдаатай гэж өмгөөлөгчийн хувьд харж байна.

Өрхийн эрүүл мэндийн төв нь сайдын тушаалаар баталсан стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Хариуцагч тал стандарт гэж олон зүйл ярьсан боловч заалт тус бүрээ ойлгохгүй байгаа юм шиг байна. Стандартад заасны дагуу байгуулагдаад үйл ажиллагаа явуулна. Өрхийн эрүүл мэндийн төв  байгуулахад тодорхой хэмжээний шалгуур байдаг. Тухайн шалгуурт орон нутгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн орон нутгийн Эрүүл мэндийн газартай зөвшилцөөд өрхийн эрүүл мэндийн төвийн хязгаарыг тогтоох юм байна. Тэр нутаг дэвсгэр дээр тэдэн хүн амд үйлчилнэ гэсэн хязгаарыг тогтооно. Мөн сонгон шалгаруулалт явуулна гэж байгаа. Өрөөр хэлбэл эхлээд тэр нутаг дэвсгэр дээр өрхийн иргэдийн төвийг байгуулах тухай захирамж гарсны дараагаар өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах сонгон шалгаруулалт явуулах журамтай. Сонгон шалгаруулалтад ямар хүмүүс орох вэ? гэхээр нөхөрлөл, эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн стандарт шаардлага хангасан хүмүүс нэгдээд оролцоно гээд заасан байна. Сонгон шалгаруулалтад орж байгаа нөхөрлөлүүдийн тавьж байгаа болзлоос хамаараад шалгарах байдал нь харагдана. Харин маргаан бүхий захирамж дээр Сүмбэр сумын 3 дугаар багт  шинэ өрхийн эрүүл мэндийн төв байгуулна гээд энэ журмыг хэрэглээгүй байна. Хууль тогтоомж, дүрэм журмыг зөв хэрэглээгүй гэсэн үг.

Ингээд үйл явдлуудыг ажиглахад сайдтай зөвшилцөх сайдын үгийг дагаж шийдвэр гарсан нь харагддаг. Говьсүмбэр аймгийн Засаг даргад явуулсан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1А/23/55 гэсэн албан бичиг хавтаст хэрэгт байгаа. Энэ албан бичиг Эрүүл мэндийн төв хуваах нь эрсдэлтэй гэсэн агуулгатай боловч өөрсдөө мэд гэсэн төгсгөлтэй. Сайдын баталсан журам стандартаар сайдтай зөвшилцөхгүй Эрүүл мэндийн газартай зөвшилцөхөөс гадна эрүүл мэндийн төвийг байгуулах  эрх хэмжээ аймгийн Засаг даргад байхгүй. Ерөнхий агуулгаараа ийм байна” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч талын тайлбар дээр хоёр гурван зүйлийг амьдрал дээрээс яаж урган гарч байгаа талаар тайлбар хэлье. Сүмбэр сумын 3 дугаар багт өрхийн эрүүл мэндийн төв байгуулна гэж байршлыг зааж өгсөн болохоос зөвхөн 3 дугаар багийг харьяална гэдэг байдлаар оруулаагүй. Хүн амынхаа тоогоор 6000-8000 хүн амд нэг өрхийн эрүүл мэндийн төв байх ёстой. Бид нарын хийсэн тооцоолол дээр хөдөөгийн 3 баг дээр төвийн 3 багаа  нэмээд нэг өрхийн эрүүл мэндийн төв нь 6000 хүн амтай, нөгөөх нь 7000 гаран хүн амтай гэж үзээд тооцоолол судалгаагаа гаргасан. Судалгааг тооцохгүй өөр байгууллагын хийсэн судалгаа гэж хэлж байна. Улсын хэмжээнд хийсэн судалгаан дээр анхан шатны эрүүл мэндийн байгууллага тэр дундаа өрхийн эрүүл мэндийн төвийг Монгол Улсын хэмжээнд 2 дахин нэмэгдүүлэх ёстой гэсэн судалгаа байдаг. Тэр судалгааг шууд татаж авч хэрэглэж болно.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд тусгайлан хийгдсэн судалгаанд үндэслэн өрхийн эрүүл мэндийн төвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж гарсан. Заавал Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын хийсэн судалгаа байвал үндэслэл болно. Өөр байгууллага хийсэн бол үндэслэл болохгүй гэж тайлбарлаж болохгүй. Бид нарын хувьд судалгаагаа өөр байгууллагаар хийлгэнэ. Тэр тусмаа чадвартай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиар хийлгэсэн. Эрүүл мэндийн газар нь Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж явдаг. .................... дарга ..................... захирамжийг танилцуулсан гэж үзэж байна. Тэгэхдээ амралтын өдөр байсан уу, хэзээ байсан гэдгийг түрүүчийн шүүх хурал дээр би хэлсэн. Бүртгэл мэдээлэл дээр хэзээ хүлээн авч танилцсан өрхийн эрүүл мэндийн төвөөс  хэн, хэн үзсэн сонссон гэдэг нь гарна.

.................. эрх хөндөгдөх гээд байна гэж өмгөөлөгч ярьж байна. Тэгвэл ард түмний эрхийг яагаад ярихгүй байгаа юм бэ гэж ................өмгөөлөгчөөс асуумаар байна. Мөн өмгөөлөгч хэлэхдээ өрхийн эрүүл мэндийн төвийн стандартыг та нар мэдэхгүй байна гэж хэлж байна. Үйлчлэх хүрээний стандартыг ярьж байгаа байх. Тэрнээс биш үүнийг бол би мэдэж байгаа. Өөр бусад стандартыг ч мэдэж байна. Стандарт дээр өрхийн эрүүл мэндийн төв 5 километр дотор үйл ажиллагаа явуулна гээд заачихсан байдаг. Сумын эрүүл мэндийн төв байгуулах боломж байна гэдэгтэйгээ эргээд уялдаж байгаа юм. Говьсүмбэр аймгийн хэмжээнд дахиад сумын эмнэлэг байгуулах нөхцөл боломж байхгүй. 150-180 ортой Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 том барилга өнөөдөр хоосон байж байна. Тийм учраас ортой эмнэлэг байгуулах боломж нөхцөл амьдралын шаардлага байхгүй. Харин өрхийн эрүүл мэндийн төвийг хоёр болгож хувааж ажиллуулах нь бодит нөхцөлдөө тохирно гэж үзсэн. .............. даргын хувьд бол 5 километрээс цааших тусламж үйлчилгээг бид хариуцахгүй гэсэн тайлбар байнга хэлдэг. Хамгийн сүүлд отрын бүсийн оторлож яваа ард иргэдийнхээ судалгааг гарга гэхэд манайх хариуцахгүй гэж Эрүүл мэндийн газарт хэлдэг. Нэг иргэнээс санхүүждэг санхүүжилтийг болохоороо 100 километрийн цаана байгаа 6 дугаар багийн ард иргэдийн санхүүжилтийг авдаг. Тэгэхээр амьдралаас ургаж гарч байгаа нөхцөл байдалтайгаа уялдуулна гэж үзэж өрхийн мэрүүл мэндийн төвийг хоёр болгох ёстой гэдэг асуудлыг 2021 оноос хойш тавьж эхэлсэн.

Нэхэмжлэгч ................... нь 2023 онд 92 хувьтай дүгнэгдсэн гэж шүүхэд материалаа хүргүүлсэн байна. Манай Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ үнэлгээгээр хангалттай сайн буюу 80 гаран хувьтай дүгнэгдсэн. Би өрхийн эрүүл мэндийн төвийг муу ажиллаж байгаа учраас хоёр болгох гээд байгаа юм биш. Үйл ажиллагааны хувьд үнэхээр чардайж ажиллаж байгаа. Тийм учраас үйл ажиллагаагаараа санхүүжилтээ аваад ажиллаж байгаа. Гэхдээ ард иргэддээ үзүүлж байгаа тусламж үйлчилгээ хангалтгүй хүртээмжгүй байна гэдэг үндэслэлээр өрхийн эрүүл мэндийн төвийг  хоёр болгох нь зөв гэж үзсэн.

Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн мэргэжилтэн ................-н гаргаж өгсөн дүгнэлт байна. Мөн энэ асуудалтай холбоотой бүх үзүүлэлтээр нь гаргаж өгсөн ..................... байцаагчийн гарын үсэгтэй дүгнэлт байна. Тухайн дүгнэлттэй холбогдуулаад амьдралаас ургаж байгаа нэг жишээг хэлье. 2023 оны 10 дугаар сарын байдлаар ................ амбулаторийн үзлэг 270 хувьтай. Энэ нь бараг 3 эмнэлгийн үзэх хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлсэн байгаа юм. Гэрийн эргэлт болохоор 17 хувьтай байна. Жилийн эцсийнх нь одоо гарах байх. Өрхийн эрүүл мэндийн төв гэдэг маань зөвхөн амбулаториор үзээд сууж байдаг байгууллага биш. Гэрийн эргэлт хийх ёстой байгууллага юм. Шинэ төрсөн нярай, хэвтрийн хөгшчүүд, хавдартай улсууд, өндөр настнуудыг тодорхой хэмжээнд үзэж байж анхан шатны тусламж үйлчилгээ хүртээмжтэй байна уу гэдэг зүйлийг харах ёстой. Энэ дээр үндэслэж өрхийн эрүүл мэндийн төвийг хоёр болгоё, ард иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний үндсэн чиг үүргийг хүртээмжтэй байлгая гэдэг дээр үндэслэж байгаа юм. Тэрнээс биш ................. даргыг муу ажиллаж байна гэж хэлээгүй. Амьдралаас урган гарч байгаа бодит жишээн дээр тулгуурлан өрхийн эрүүл мэндийн төвийг хоёр байлгах нь зөв гэж үзэж байна гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн захирамжийг гаргах болсон үндэслэлийн хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсгийг барьсан байдаг. Энэ заалтыг нэхэмжлэгч талаас аймаг гаргаж өгөх ёсгүй заалт гэж тайлбарлаж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг дээр сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн хуулийн 11.1 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Мөн хуулийн 11.1.3 дахь хэсэгт Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө гэж байгаа. Төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх асуудлыг нэхэмжлэгч талаас үгүйсгэж байна. Ингэж зөвшилцөх ёсгүй байсан гэж. Гэтэл хуулиндаа заасан заалт учраас манайхаас зөвшилцөх арга хэмжээг авсан. Зөвшилцөх харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах үүрэг бол аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал.

Эрүүл мэндийн байгууллага гэдэгт өрхийн эмнэлэг маань орох юм уу, үгүй юм уу гэдгийг хуулийн нэр томьёоны тодорхойлолтоос харахаар эрүүл мэндийн байгууллага гэдэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “эрүүл мэндийн байгууллага гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд нөхөрлөлийн хэлбэрээр явж байгаа.

Нөхөрлөл гэдэг маань хуулийн этгээдийн нэг төрөл юм. Тийм учраас Засаг даргын захирамжийг хуулийн үндэслэлтэй гэж тайлбарлая. Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах талаар Засаг даргаас шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш гэж тайлбарлаж байна. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 тоот тушаалын хавсралтад дурдсан байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 2.1 дээр төвийг байгуулах байршил гэж байгаа юм. Байгуулах байршлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно гээд. Захирамжийн хувьд Сүмбэр сумын 3 дугаар багт шинээр байгуулах байршилтайгаа заагаад өгсөн хуулийн үндэслэлтэй гарсан захирамж гэж үзэж байна.

Бодлого төлөвлөлтийн хүрээнд 2021 оноос хойш явсан судалгаа албан ёсны буюу Эрүүл мэндийн яам Үндэсний Их сургуулийн судалгаан дээр тулгуурласан. Бодлогын хувьд яам нь оролцсон судалгаан дээр үндэслэж гаргасан шийдвэр. Гэтэл энэ судалгааг үгүйсгэсэн байдлаар тайлбарлаж байна. Мөн төлөвлөлтийн хүрээнд аймгийн Засаг дарга болон эрүүл мэндийн сайд нарын жил болгон хамтран байгуулдаг гэрээ байгаа. Энэхүү гэрээн дээр заасан байдаг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх талаар шийдвэр гаргаж ажиллахыг Засаг даргад даалгасан байдаг. Энэ гэрээнүүдийг хавтаст хэрэгт өгсөн байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.1.Говьсүмбэр аймгийн засаг дарга нь “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай ” 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/220 дугаар захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Эрүүл мэндийн сайдын 2021 оны “ Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” А/212 дугаар тушаалын 1.7, Эрүүл мэндийн сайд, аймгийн засаг даргын 2023 оны хамтран ажиллах гэрээний 3.2.5.1 дэх заалтыг тус тус үндэслэн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий өрхийн эрүүл мэндийн төвийг 2024 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс Сүмбэр сумын 3 дугаар багт шинээр байгуулж шийдвэрлэсэн байна.

4.2. Хавтаст хэрэгт авагдсан ...................... улсын бүртгэлийн гэрчилгээ, ........................ зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ зэрэг баримтаар ................ овогтой ........................... нь тус нөхөрлөлийн бүрэн хариуцлагатай гишүүн, нөхөрлөлийг удирдах төлөөлөх эрх бүхий этгээд гэдэг нь нотлогдоно. /Хх-ийн 5 дугаар хуудас, 120-121 дүгээр хуудас/

4.3. ........................................... нь дээрх захирамжийг хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэл шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

4.4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: 1/ Аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар Сүмбэр сумын 3 дугаар багт шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар шийдвэрлэсэн нь тус багийн 4657 иргэн манай анхан шатны тусламж үйлчилгээнээс хасагдахад хүрээд байна.

....................................... хувьд зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол: Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж заасан. Манай .................................... нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 багийн нийт 13176 хүн амд 22 ажилтантай, эрүүл мэндийн даатгалтай гүйцэтгэлийн гэрээ байгуулан, 1 иргэний санхүүжилтээр анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар Сүмбэр сумын 3 дугаар багт шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар шийдвэрлэсэн нь тус багийн 4657 иргэн манай анхан шатны тусламж үйлчилгээнээс хасагдаж, тус эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн даатгалын сангаас авах санхүүжилт мөн тоогоор хасагдахад хүрээд байна. Энэхүү шийдвэр нь манай өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 зэрэг заалтыг зөрчиж байгаа болно. Мөн 3 дугаар багт шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулснаар тус багийн 4657 иргэн манай анхан шатны тусламж үйлчилгээнээс хасагдахад хүрнэ. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.7, 9.1.9, 9.1.13-т заасны дагуу эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж буй үйлчилгээний санхүүжилт хасагдана.

...“.................................... ноогдох хүн амаас 4657 тооны хүн хасагдахаар санхүүжилт тийм хувиар багасаж, ажилчдын цалин хөлс бууран зарим орон тоо хасагдаж хүний нөөцийн хомсдол үүсэж үүнийгээ дагаад эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж муудаж, иргэдэд очих эрүүл мэндийн үйлчилгээ тогтворгүй болох иргэдийн гомдол ихээр гарах, төсөв, санхүүгийн хувьд бие даасан байдал алдагдах буюу өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн зарчмыг  зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 зэрэг заалтыг зөрчиж байгаа болно. 2/ Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/212 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.7 дахь заалт болох Өрхийн эрүүл мэндийн төвд ногдох иргэний доод хязгаар нь аймаг орон нутагт 6000-аас, нийслэлд 8000-аас доошгүй байна” гэсэн заалтыг сонгон авсан байна. Гэтэл бодит байдал дээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын зүгээс шинээр өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах асуудлыг шийдвэрлэхдээ ямар ч тооцоо судалгаа хийгээгүй бөгөөд одоо ажиллаж буй өрхийн эрүүл мэндийн төвийн  ажиллагаанд үүсэх доголдлыг үл хайхран баталсан. Мөн түүнчлэн гуравдугаар багийн 4657 тооны хүн амд шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар шийдвэрлэсэн зэрэг нь дээрх хууль зүйн үндэслэлд нийцэхгүй байна. 3/Засаг даргын дээрх захирамж нь манай ....................................... эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөөр байхад тус захирамжийг гаргахаас өмнө манай төвд огтоос мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй болно. Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 13, 15, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн болохыг харуулна. Иймд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын сарын 19-ний өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж маргаж байна. /Хх-ийн 1-2 дугаар хуудас, 12-14 дүгээр хуудас/

4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, АШУҮИС-тай хамтран “Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ”-ний судалгааг 2021 онд хийсэн байдаг бөгөөд уг судалгаанд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүрэлцэхүйц байдал бүлэгт: ........................................... хувьд тус үзүүлэлт хамгийн бага байлаа ”Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандарт, MNS5292:2017 стандартад зааснаар 8000 хүн амд 1 өрхийн Эрүүл мэндийн төв ноогдох бөгөөд Чойр хотын 13958 хүн амд ганц эрүүл мэндийн төв л эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь хангалтгүй буюу стандартад заасан шаардлагыг 57.3 хувиар хангаж байгаа юм. Тус үзүүлэлтийн хувьд ДЭМБ-ын зөвлөмжид түвшин нь 5000 хүн амд багадаа 1 анхан шатлалын Эрүүл мэндийн байгууллага байхаар заасан бөгөөд тус шалгуураар үнэлбэл сумын эрүүл мэндийн төвүүд Говьсүмбэр аймагт хангалттай, харин Өрхийн эрүүл мэндийн төвийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдаж байна гэж дүгнэсэн.

Нэг өрхөд 6000 хүн оногдоно гэж үзвэл одоо ажиллаж буй өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал 2 дахин, нэг эмчид ногдох хүн амын тоо 1800-2000 байх байтал 3250 болж өссөн нь хүн амд үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж алдагдаж байна.

...2022 оны байдлаар Сүмбэр сумын хүн ам 13176 болж өссөн үзүүлэлттэй уялдуулан өрхийн эмнэлгийг 2 байхаар төлөвлөж 1-р өрхийн эрүүл мэндийн төвд 6173 хүн ам, 2-р өрхийн эрүүл мэндийн төвд 7003 хүн ам ногдож эрүүл мэндийн төвийн ачаалал, нэг эмчид ногдох хүн амын тоо буурч тусламж үйлчилгээний хүртээмж чанар, сайжирна гэж үзэж аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамж гарсан.

Өрхийн эмнэлгийг шинээр байгуулах талаарх .................................... огт мэдэгдээгүй гэсэн байна. Эрүүл мэндийн салбарын 2023 оны удирдах ажилтны зөвлөгөөнийг 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан бөгөөд уг зөвлөгөөнд өрхийн эрүүл мэндийн төвийг хуваах асуудлыг оруулан танилцуулж ажилласан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж маргаж байна. /Хх-ийн 48-50 дугаар хуудас/

4.6. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт аймгийн Засаг даргад  Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харъяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгүй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах эрх хэмжээг олгосон байна.

4.7. Түүнчлэн Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 2.1-т төвийг байгуулах, байршил, хүрээг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно гэж заасан.

4.8. Говьсүмбэр аймгийн засаг дарга Сүмбэр сумын 3 дугаар багт өрхийн эрүүл мэндийн төв байгуулах талаар зөвшилцөхөөр 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/456 тоот албан бичгээр Эрүүл мэндийн яаманд хүсэлт хүргүүлж, Эрүүл мэндийн сайд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1а/2355 дугаартай албан бичгээр зохих хариуг ирүүлсэн байна. /Хх-ийн 131-132 дугаар хуудас/

4.9. Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/212 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм” –ийн 1.7 дахь заалтад  Өрхийн эрүүл мэндийн төвд ногдох  иргэний доод хязгаар нь аймаг орон нутагт 6000-аас, нийслэлд 8000-аас доошгүй байна гэсэн.

4.10. Говьсүмбэр аймгийн засаг заргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ний 73 тоот лавлагаагаар Сүмбэр сумын 3 дугаар багийн  2022 оны жилийн эцсийн хүн амын тоо нь 4657 байх бөгөөд дээрх журамд заасан иргэний доод хязгаарт хүрээгүй байсан гэдэг нь дээрх баримтаар тогтоогдоно. /Хх-ийн 112 дугаар хуудас/

4.11. Хариуцагч тайлбартаа А/220 дугаар захирамжаар Сүмбэр сумын 4, 5, 6 дугаар багийг нийлүүлэн 3 дугаар багт шинээр өрхийн эмнэлэг байгуулсан гэж тайлбарлах хэдий ч маргаан бүхий захирамжаар Сүмбэр сумын дээрхи багуудыг нийлүүлж нэг өрхийн эмнэлэг байгуулж хил хязгаарыг тогтоогоогүй, хүрээг зөвхөн Сүмбэр сумын 3 дугаар багт шинээр өрхийн эмнэлэг байгуулахаар тогтоосон гэж ойлгогдохоор байна. /Хх-ийн 4 дүгээр хуудас/

4.12. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэмийн 1.1-т  “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж хуульчилсан.

4.13. Түүнчлэн Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 1.3-т “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байна” гэж үйл ажиллагааны хэлбэрийг тогтоосон.

4.14. Тодруулвал, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт нь  улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, аж ахуй нэгж, байгууллага хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрддэг, бүтэц зохион байгуулалтын хувьд нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байна.

4.15. Хариуцагч захиргааны байгууллагаас Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  АШУҮИС-тай хамтран “Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ”-ний судалгааг  2021 онд хийж,  уг судалгаанд  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүрэлцэхүйц байдал бүлэгт “Энхтусдэм” өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд тус үзүүлэлт хамгийн бага байна гэсэн тул тус үнэлгээ тайланг үндэслэн Сүмбэр суманд шинээр өрхийн эмнэлэг байгуулах шаардлага үүссэн гэж тайлбарлах хэдий ч хариуцагч захиргааны байгууллагын зүгээс дээрх судалгаанд тулгуурлан тухайлсан нарийвчилсан тооцоо судалгааг гаргаагүй.   

Тухайлвал ............................  ноогдох хүн амаас 4657 тооны иргэн хасагдахаар санхүүжилт багасах, зарим орон тоо хасагдаж хүний нөөцийн хомсдол үүсэх түүнийгээ дагаад эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж муудаж, иргэдэд очих эрүүл мэндийн үйлчилгээ тогтворгүй болох, төсөв, санхүүгийн хувьд бие даасан байдал алдагдах эсэх талаар нарийвчилсан тооцоо судалгааг хийгээгүй байна.

Тодруулвал: Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АШУҮИС-тай хамтран 2021 онд хийсэн дээрх /хөндлөнгийн байгууллагын/ судалгаанд тухайлан  үнэлэлт дүгнэлт өгөн хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

4.16. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, “Өрх, . . . эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, . . Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, аймаг, . . . засаг дарга тогтооно ” гэж заасан байх ба Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь шинээр өрхийн эмнэлэг байгуулах талаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар холбогдох тооцоо судалгааны хамт хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой байтал дээрх ажиллагаа хийгээгүй нь тогтоогдож байна.

4.17. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж . . . .  ., захиргааны акт, гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно гэсний дагуу ................................. хувьд маргаан бүхий актын шийдвэр гаргах ажиллагааны оролцогч байна.

4.18. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх  хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцана гэжээ. Хариуцагч захиргааны байгууллага нь “Энхтусдэм” өрхийн эмнэлгийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, маргаан бүхий актын улмаас эрх ашиг нь хөндөгдөхөөр байхад мэдэгдээгүй болох нь баримтаар нотлогдоно.

4.19. Хариуцагч нь  Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны 2023 оны зөвлөгөөнийг 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан, уг зөвлөгөөнд эрүүл мэндийн төвийг хуваах асуудлыг оруулж танилцуулсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь ........................... маргаан бүхий захирамжийг мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

4.20. Дээрх байдлаар маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн байна гэж дүгнэв.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйлийн 25.1. “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.2. “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1. “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1. Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж” хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулна гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “ . . . нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь заалтыг  тус тус баримтлан нэхэмжлэгч ..................... Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  “Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах тухай” А/220 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......................  70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар  зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭТУЯА