| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2019/01537/И |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 67
“М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02115 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Э-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 4 355 400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “М-” ХХК нь иргэн Р.Э-тай 2017 оны 7 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 37 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлдэгч нь зээлийн үүргээ удаа дараа зөрчиж байсан тул зээлийн гэрээг 2017 оны 10 сарын 18-ны өдөр сунгаж шинэчилсэн байдаг. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байнга үүргээ зөрчдөг байсан тул 2018 оны 1 сарын 23-ны өдөр дахин сунгасан. Зээлдэгч Р.Э- нь зээлийн төлбөрөөс 4 380 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2018 оны 5 сарын 15-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл 2 380 000 төгрөгийн үндсэн зээлийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлж өгсөн тохиолдолд гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байдаг. Иймд автомашины үнийг тухайн үед төлөх ёстой байсан ч төлөөгүй байдаг. Тэгээд үлдэгдэл төлбөрт зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч тал автомашины үнийг төлсөн гэж байгаа боловч гэрээнд заасан үүргээ биелүүлсэнтэй холбоотой тайлбар хэлэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р.Э-гаас зээлийн үндсэн төлбөр 2 380 000 төгрөг, зээлийн хүү 785 400 төгрөг, алданги 1 190 000 төгрөг, нийт 4 355 400 төгрөгийг гаргуулж, “М-” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 7 сарын 10-ны өдөр “ланд крьюзер 200” маркийн 21-70 УНЦ улсын дугаартай хар өнгөтэй автомашиныг 77 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 40 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 37 000 000 төгрөгийг зээлийн гэрээгээр төлөхөөр гэрээ хийсэн. н.Баясгалан захирал надад хэлэхдээ үлдэгдэл болох 37 000 000 төгрөгийг авахдаа гэрээ хийнэ гэж хэлсэн. Дараа нь үлдэгдэл 37 000 000 төгрөгийн гэрээ хийгдсэн. Гэрээг хийхдээ 37 000 000 төгрөгийг бэлнээр шууд өгсөн зүйл байдаггүй. Би 37 000 000 төгрөгийн хүүнд 4 220 000 төгрөг төлсөн. /2 220 000 төгрөг төлсөн баримт олдохгүй байгаа/ 2018 оны 1 сард 37 000 000 төгрөгийг Голомт банкнаас зээл авч төлж, барагдуулсан. Худалдан авсан автомашины төлбөрийг бүрэн барагдуулсан тул “М-” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 4 355 400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 640 төгрөгөөс 84 636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 4 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдэхдээ хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Талуудын хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээ бодитоор байгуулагдаж, нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний дагуу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн байдаг. Уг уйл баримт нь хариуцагч талын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн талуудын хооронд хийгдсэн хэлцлийн дагуу мөнгө бодитоор шилжигдэж, ороогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч Р.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл 4 355 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2017 оны 7 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М-” ХХК нь 37 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хариуцагч Р.Э-д зээлдүүлэх, хариуцагч Р.Э- нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд талууд 2017 оны 10 сарын 18, 2018 оны 1 сарын 23-ны өдрүүдэд зээлийн гэрээний хугацааг сунгасан байна. /хх-ийн 8-9-р тал/
Нэхэмжлэгч “М-” ХХК нь хэдийгээр зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч хариуцагч Р.Э- нь татгалзалдаа зээлийн гэрээний дагуу 37 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, 21-70 УНЦ улсын дугаартай “Ланд крьюзер 200” маркийн автомашиныг нэхэмжлэгчээс 77 000 000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 40 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 37 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан гэжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “М-” ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл гэх нийт 4 355 400 төгрөгийг хариуцагч Р.Э-гаас шаардсан боловч хариуцагч нь үүнийг зөвшөөрөөгүй тул нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй.
Хэдийгээр талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх боловч нэхэмжлэгч “М-” ХХК нь 37 000 000 төгрөгийг хариуцагч Р.Э-д өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, талууд худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх зорилгоор зээлийн гэрээг байгуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Нөгөө талаар хэргийн 11-13 дугаар талд авагдсан Хаан банкны дансны хуулгаар хариуцагч Р.Э- нь зээлийн гэрээний үүрэгт бус 21-70 УНЦ улсын дугаартай “Ланд крьюзер 200” маркийн автомашины үнийг төлж байсан нь тогтоогдож байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, талуудын хооронд зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан гэх боловч анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Г.ДАВААДОРЖ