Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/35

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        08             15                                             2019/ДШМ/35

 

Д.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолтой Д.Тт холбогдох 1838008990143 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Г.Сэндэнсүрэнгийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Дүүжийгийн Т, ..  оны 5 дугаар сарын 03ы өдөр төрсөн, …... настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар: ....................../.

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мөрөн сумын 2-01-06 тоотод оршин суух иргэн Д.Жы гэрийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлж 890,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овогт Дүүжийгийн Тт холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, шүүгдэгч Шарнууд овогт Дүүжийгийн Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Тыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Тт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн 1838008990143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Сэндэнсүрэн эсэргүүцэлдээ: ... Д.Т нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Жы, гэрч Г.Цогтгэрэлийн, шүүгдэгч Д.Тын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Шүүгдэгч Д.Т нь хэдийгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 01 дүгээр гудамжны 06 тоотод амьдардаг гэх бүртгэлтэй боловч тухайн хаягтаа байнга амьдардаггүй болох нь тогтоогдсон. Мөн шүүгдэгч Д.Т нь дүү Д.Жы оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 01 дүгээр гудамжны 06 тоотод байрлах гэрээс эд зүйл хулгайлсан гэх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан байна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаартай Д.Тт холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Д.Тын сэтгэцийн эмгэгийн талаар: Д.Т нь органик сэтгэл цочирдох эмгэг өвчтэй, үе үе сэдрэлт өгдөг болно. Д.Т нь 2016 оноос ХЧА 70 хувиар тогтоогдсон хяналтанд байдаг. Д.Т нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д.Т нь уг өвчний учир тус тасагт 3 удаа эмчлүүлэн үнэгүй эмэнд хамрагддаг ба эдгэрэх эсэх нь эмчилгээнээс хамаарна. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт,

Д.Т нь Органик сэтгэл цочирдох эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь засралын шатандаа байна. Д.Т нь сэтгэцийн хувьд ХЧА 70 хувиар тогтоогдсон гэх эмнэлгийн бичиг баримт байна. Д.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Тын дээрх эмгэг нь одоогоор засралын шатандаа байна. Д.Тын дээрх эмгэг нь эдгэрэх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Тт урьд өмнө нь гаргасан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүхийн эмнэлгийн комиссын 2019-04-09-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 745 дугаартай дүгнэлтүүдийг гаргуулжээ.

 Мөн шүүгдэгч Д.Тын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0091871 дугаартай актын хуулбар авагдсан байх ба энэхүү актад F07 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоож энэ шийдвэрийн хүчинтэй хугацаа 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар заажээ.

Гэтэл шүүгдэгч Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэх бөгөөд хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т ”сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцох”-оор заасан ба гэмт хэрэг үйлдэгдэх үедээ эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх үедээ эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй байсан тохиолдолд түүнд ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэх бөгөөд Д.Тын тухайд гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлаж, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан эсэхийг бодитой тогтоосон  шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ё.БЯМБАЦЭРЭН

           ШҮҮГЧИД                                                               Т.ГАНБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ