Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 101/2019/01353/и |
Дугаар | 114 |
Огноо | 2020-01-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 114
Б.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03158 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Д-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 170 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Н-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н- миний бие нь Л.Д-тэй 2015 оны 9 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах МGL буюу хуучнаар Монгол караокены 265 м.кв талбайн тохижилт бүхий төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэвч худалдагч тал нь гэрээний 4-р зүйлд заасан аж ахуйн тусгай зөвшөөрлийг миний дээр шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүйн улмаас би өөрийн зардлаар буюу 2 250 000 төгрөгөөр уг тусгай зөвшөөрлийг гаргуулж авсан. Мөн уг гэрээний 6-р зүйлд худалдагч тал нь надад хүлээлгэж өгсөн караокены төхөөрөмж буюу эд зүйлээс гадна зурагт, микрофон, ком 00 зэргийг нэмж хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул би өөрийн зардлаар 4 ширхэг микрофон, 1 ширхэг нойлын суултуур, 2 ширхэг караокены зурагт зэрэг эд зүйлийг 1 920 000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх тусгай зөвшөөрөл болон эд зүйлийг би өөрийн худалдаж авсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс зайлшгүй шаардлага гарсан тул тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийг төлж болон эд зүйлсийг худалдаж авахад хүрсэн юм. Ийм нөхцөл байдлын улмаас худалдан авагч миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Худалдагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор миний зүгээс аж ахуйн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд өөрөөсөө гаргасан зардал болох дараах зардлыг шаардаж байна. Үүнд: тусгай зөвшөөрөл гаргахад зарцуулсан 2 250 000 төгрөг, эд зүйлсийг худалдаж авахад зарцуулсан 1 920 000 төгрөг, нийт 4 170 000 төгрөгийг Л.Д-гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Н- надаас караокены тохижилт 40 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлөх ёстой мөнгөө төлөхгүй байсан тул шүүхэд хандсан бөгөөд бүх шатны шүүхээр заргалдан явж тухай бүртээ нотлох баримтын хүрээнд бүх асуудал шийдэгдсээр өдий хүрсэн. Гэтэл гэрээнд заагаагүй тусгай зөвшөөрлийн үнэ гэх 2 500 000 төгрөг, мөн зарим нэг бараа худалдаж авсан гэх 1 920 000 төгрөг нэхэн нэхэмжлэл гаргажээ. Гэтэл энэ асуудлыг шүүх аль хэдийн шийдсэн бөгөөд дахин маргаж байгаа нь шүүхийн шийдвэрийг үл хүндлэн, эс үйлдэхүйгээрээ хууль зөрчиж байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын Дээд шүүх, Нийслэлийн шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Угтаа бол тусгай зөвшөөрлийг ашиглан хэвийн үйл ажиллагаа явуулж, байхдаа хугацаа нь дуусаагүй тусгай зөвшөөрлийг дахин шинээр өөрсдөө хэнд ч мэдэгдэлгүйгээр сайн дураараа авсан. Тусгай зөвшөөрөл 2 жилийн хугацаатай олгогддог бөгөөд уг хугацаа дуусахад 1 жил 6 сарын хугацаа дутуу байсан бөгөөд уг хугацаа дуусаагүй байхад Б.Н- өөрөө очиж авчихаад надаас нэхээд байгааг зөвшөөрөхгүй. Тусгай зөвшөөрлийг би олгодоггүй. Өмнөх шүүх хуралдаанаар миний хүсэлтээр утасны бичлэгт үзлэг хийсэн бөгөөд тэнд миний авч өгсөн зүйлийг дутуу бичсэн байсан. 105 000 төгрөгийн үнэтэй нойлыг би суурилуулж өгөөгүйгээс авч очоод өгчихсөн, хүүхдийнхээ өрөөний самсунг телевизорыг өгсөн, караокед хэзээ ч 700 000 төгрөгийн үнэтэй телевизор тавьдаггүй юм. 2 ширхэг микрофон авч өгсөн, үлдэх микрофоныг засуулаад нөхөрт нь авч очиж өгсөн. 00, микрофон, зурагт дутуу байсныг цаг хугацаанд нь өгсөн, ингэсний дараа би үлдэгдэл мөнгөө нэхэх боломж бүрдсэн юм. Иймд Б.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнийг батлах баримт болон гэрчүүд хангалттай байгаа болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-д зааснаар хариуцагчаас 1 695 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 475 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 оны 9 сарын 04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд энэ өдрөөс хойш үүссэн асуудлыг Б.Н- бүрэн хариуцна, энэ үед ярьж тохирсон зарим нэг зүйлийг нэмж өгөх байсныг биелүүлсэн. Гэрээ байгуулахдаа бүх эд зүйлийг хүлээлгэн өгч дууссан. Яг энэ өдрөө худалдан авсан баримтуудаа хэрэгт хавсаргасан. Гэрээнд энэ өдрөөс хойш үүссэн бүх асуудлаар Л.Д- хариуцлага хүлээхгүй гэж заасан. Гэтэл шүүх Б.Н-ийн зөвхөн өгөөгүй гэсэн үгээр баримт болгон төлбөр гаргасан. Иймд 1 695 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Л.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 170 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2015 оны 9 сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Л.Д- нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны Найрамдлын ордны зүүн хойд хэсэгт байрлах, Монгол караокены тохижилтыг шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч Б.Н- нь 40 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн ба хариуцагч Л.Д- нь ариун цэврийн өрөөний суултуур, микрофон, телевизор зэргийг нэхэмжлэгч Б.Н-т нэмж авч өгөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-6, 30-34, 69-72-р тал/
Хариуцагч Л.Д- нь гэрээгээр хүлээсэн дээрх эд хөрөнгийг нэмж авч өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Б.Н- нь өөрийн хөрөнгөөр ариун цэврийн өрөөний суултуурыг 160 000 төгрөгөөр, хоёр ширхэг зурагт нийт 1 460 000 төгрөгөөр худалдан авсан ба анхан шатны шүүх 1 ширхэг микрофоны үнийг 75 000 төгрөгөөр тооцож, нийт 1 695 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 475 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-ийн 75-76, 78-р тал/
Хариуцагч татгалзалдаа энэ асуудлыг шүүх шийдсэн, дахин маргаж байгаа нь үндэслэлгүй гэх боловч нэхэмжлэгчийн шаардсан дутуу эд хөрөнгийн талаарх маргааныг өмнө нь шүүх шийдвэрлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт “Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж зааснаар хариуцагч нь дутуу эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь ариун цэврийн өрөөний суултуур, хоёр ширхэг зурагт, микрофон зэргийг худалдаж авсан нотлох баримтыг гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч дээрх баримтыг няцаасан нотлох баримтыг гаргаагүй бөгөөд нэхэмжилж байгаа эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Н-т хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Г.ДАВААДОРЖ