Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0081/З

 

 

 

 

 

 

     2024          01           23                                    128/ШШ2024/0081

 

   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Н дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М холбогдох захиргааны хэргийг хянаад,

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Н шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчид шийтгэл оногдуулсан 00***** дугаартай шийтгэлийн хуудас болон “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг гэж бичсэн атлаа шийтгэлийн хуудасын “Шийдвэрлэх нь” хэсэгт “250 нэгж” гэж буруу бичиж техникийн алдаа гаргажээ. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “500 нэгжтэй” тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэвэр оногдуулахаар заасан. Иймд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалтгалтын улсын байцаагч Т.М 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 00***** дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М 2024 оны 01 дүгээр сарын 23ы өдөр шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: “...00****** дугаартай шийтгэлийн хуудас болон “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан арга хэмжээг тооцсон боловч тооцооны алдааны улмаас “Шийдвэрлэх нь” хэсэгт алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

Дүгнэлт гаргагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Н дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн тус шүүхэд бичгээр ирүүлснээр шүүхээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг хэрэглэн уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 00****** дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй бөгөөд хүчингүй болох нь нотлогдсон гэж үзэх ба шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11*** дугаар дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2024/****/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Н-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11*** дугаар дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2024/****/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар дүгнэлт гаргагч прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

                       ШҮҮГЧ                               У.БАДАМСҮРЭН