Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2019/ДШМ/36

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        09             11                                            2019/ДШМ/36

 

 Г.Б, Ц.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Д.Оюунбилэг,

Шүүгдэгч: Г.Б, Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү, Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолтой Г.Б, Ц.Н нарт холбогдох 1838007130426 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Б.Ганчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бугат овогт Ганхуягийн Б, … оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............./.

Монгол Улсын иргэн, Хөхийнхөн овогт Цогтбаярын Н, 1….. оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................/.

Шүүгдэгч Г.Б, Ц.Н нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 5-6-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох Хужиртын давааны ам гэх газраас иргэн М.Аийн 151 бог мал хулгайлж 12,240,000 төгрөгийн хохирол, иргэн Д.Бын 2 тооны хонь хулгайлж 180,000 төгрөгийн хохирол  учруулж, нийт 153 бог мал буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бугат Ганхуягийн Б, Хөхийнхөн Цогтбаярын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхуягийн Бийг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Цогтбаярын Нийг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Нт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Боос 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Аэд, 90,000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, шүүгдэгч Ц.Нээс 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Аэд, 90,000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б нарт тус тус олгож, Эрүүгийн 1838007130426 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ц.Н нарт урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Б.Ганчимэг нар давж заалдах гомдолдоо: ... Шүүх гагцхүү хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтанд тулгуурлаж, бодит дүгнэлт хийх үүрэгтэй болохоос биш хохирогчийн хэлсэн үг, хийсвэр бодолд автаж хийсвэр сэтгэлгээгээр дүгнэх ёсгүй. Шүүгчийн дотоод итгэл нотлох баримтанд тулгуурлах ёстой. 141 тооны мал хулгайлсан юм бол яагаад өөр айлын малаас 69 тооны малаа ялгаж аваад байгаа, үүнийг ямар нотлох баримтанд үндэслэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа, олдоогүй гээд байгаа 72 тооны мал хаашаа орсон юм гэдгийг яаж тогтоосон гэдэгт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, нотлогдоогүй хэрэгт ял оногдуулсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтуудаар Цогтбаярын Н, Ганхуягийн Б нарыг хохирогч М.А, Д.Б нарын 153 тооны хонь ямааг хулгайлсан гэх үндэслэл тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар зөвхөн 12 тооны алдуул ямааг завшсан болох нь тогтоогдож байхад прокурор үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүх зүйлчлэлийг нотлох баримтанд тулгуурлан хөнгөрүүлэн зүйлчлэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадсангүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд:

Нэгдүгээрт:  М.А, Д.Б нарын 153 тооны хонь, ямаа нь алдуул мал гэдэг нь:

Гэрч Хадбаатарын “...манай хонинд нийлээд 2, 3 хоносон ... 69 тооны хонь аваад явсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Аийн “...Хадбаатарын хониноос 24 тооны хонь авсан. Цогоогийн хониноос 45 хонь авсан” гэх мэдүүлэг,

Яллагдагч Г.Бийн “...нохой хэсэг ямаа хөөж явсныг салгаад...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Ц.Нямгэрэлийн “... тэгээд нөгөө ямаа манай хонь руу нийлсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Бын “...Баяр эх гэх газар байх айлын хониноос 60 хурга, 9 эм хонио авсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Энэ алдуул малнаас 12 ямааг Ц.Н, Г.Б нар завшсан.

Хоёрдугаарт: 141 хонь, ямааг хулгайлжээ гэдгийг нотлох нэг ч нотлох баримт байхгүй гэхэд болно. Ийм нотлох баримт ч гарч ирээгүй. Хадбаатарын хонинд нийлсэн байсан 69 тооны малыг болон олдоогүй, дутуу байгаа гэх 72 тооны малыг бусдад худалдсан, худалдахыг завдсан гэх ямар нотлох баримт байгаа юм бэ? уг 141 тооны малыг дор хаяж ижлээс нь таслаад нуугаад явж байсныг харсан хүн байна уу? бусдад зарсан, өгсөн гэж нотлох гэрч байна уу? үүнийг тогтоох гэж 10 сар шалгасан. Нотлох баримт олдоогүй, хийгээгүй хэрэг учраас олдоогүй. Хийсэн хэргээ өөрөөр хэлбэл 12 ямаа завшсанаа хүлээж гэм хороо арилгасан болохоор хийгээгүй хэргийг тулгаж хүлээлгэх гэж оролдох, тулгаж ял шийтгэл оногдуулдаг хууль бус арга байх ёсгүй. Иймд Ц.Н, Г.Б нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зүйл анги тохирохгүй байгаа тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Б, Ц.Н нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 5-6-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох “Хужиртын давааны ам” гэх газраас иргэн М.Аийн 151 бог мал хулгайлж, 12,240,000 төгрөгийн хохирол, иргэн Д.Бын 2 тооны хонь хулгайлж, 180,000 төгрөгийн хохирол  учруулж, нийт 153 тооны буюу олон тооны мал бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Б, Ц.Н нар бусдын 81 тооны бог мал хулгайлсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба 72 тооны бог мал хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч нарын 72 тооны бог мал хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байх тул шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хувьд:

1.Шүүгдэгч  нар бусдын алдуул малыг завшсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Алдуул мал гэж гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг хэлнэ. Гэтэл шүүгдэгч нар нь “...хэсэг ямааг нохой хөөж байсан, ... хонь руу нийлсэн” гэж мэдүүлж буй нь уг мал шүүгдэгч нарын оролцоогүйгээр малд нь нийлээгүйг нотолж байгаагийн дээр идээшсэн нутаг бэлчээртээ бэлчиж байсан малыг, малчин нь хариулагагүй орхисон хугацаанд хулгайлсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.Шүүгдэгч нарын хариулдаг хонинд хохирогчийн 69 тооны бог мал байсныг хохирогч ялгаж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох байх ба үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй.

Иймд шүүгдэгч Г.Б, Ц.Н  нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “1. Шүүгдэгч Г.Б, Ц.Н нарын 72 тооны бог хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 1 дэх заалт нэмж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтын “хөрөнгөгүй” гэсний дараа “бусдад төлөх төлбөргүй” гэж нэмсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын 1,2,3 дахь заалтын дугаарыг 2,3,4 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг, Ч.Будхүү нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                           Т.ГАНБАТ

                                                                            Б.СОСОРБАРАМ