Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0063

 

    

 

 

      2024        01          17                                       128/ШШ2024/0063

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Герман Улсын иргэн К овогтой К-Э В нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н 2024 оны 01 дүгээр сарын 15ы өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр К овогтой К-Э В өмчлөлийн Баянзүрх дүүрэг 26-р хороо **** хороолол (13***), Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж ***-р байр, * тоот хаягт байршилтай 74.74 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Герман Улсын иргэн К овогтой К-Э В 2023 оны 11 дүгээр сарын 29ий өдөр гаргасан “...К овогтой К-Э В нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 15ы өдөр тус шүүхэд ирүүлсэн байна. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасныг хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч Герман Улсын иргэн К овогтой К- В нь Н.Н 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон 1*** бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгч Герман Улсын иргэн К овогтой К-Э В итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Герман Улсын иргэн К овогтой К-Э В нь  “...К овогтой К-Э В нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Герман Улсын иргэн К овогтой К-Э В нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 128/2023/****/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Герман улсын иргэн К овогтой К-Э В улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН