Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02307

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр                Дугаар 183/ШШ2024/02307                Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** дүүрэг, ** дугаар хороо, ****, ****, ***** байрлах, “Х*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М*******, Б.З******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Зээлдэгч Д.М*******, Б.З******* нар нь Х*******ны Өмнөговь салбарын Оюут тооцооны төвөөс 2*** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* тоот цалингийн зээл гэрээ, 2*** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* тоот барьцааны зээл гэрээ тус тус байгуулан 28,200,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээнд 2*** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* тоот цалингийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул Х******* ХК зээлдэгчээс зээлийн төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд дурдсан хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчид бүртгэлтэй хаягт оршин суудаггүй үндэслэлээр 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 184/ШЗ2024/07484 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М******* /РД: ********/, Б.З******* /РД: ********/ нарыг эрэн сурвалжлах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ .

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М******* нь **** дүүргийн ** дугаар хороо, **** тоот, Б.З******* нь **** дүүргийн ** дугаар хороо, ** тоот хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 184/ШЗ2024/07484 дугаар захирамжаар хариуцагч Д.М*******, Б.З******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх.9)

 

Иймд Д.М*******, Б.З******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** овогт Д*******ын М******* /РД:********/, **** овогт Б*******ийн З******* /РД:********/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М*******, Б.З******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТӨРБОЛД