Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/404

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,                                       

Улсын яллагч Б.Мөнх-Од,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Хохирогч Б.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттөмөрийн Бт холбогдох эрүүгийн 201725021208 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймаг, ....  сум 1 дүгээр баг, ......  гудамж 02 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн....  дугаар хороо, .....  тоотод түр оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар  хянан  харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: .....  / .....  овогт .....-ийн Б нь:

 

- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 310 дугаар байрны 217 тоотод буюу иргэн Б.Баттулгын гэрт хохирогч Б.Баяржавхланг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Баяржавхлан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  Би Б.Бтай хамт ажилладаг найзууд юм. 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Бтай уулзаад Ариунболд, Баттулга нартай хамт Баттулгын гэрт очсон. Бид дөрөв 2 шил архи хувааж уусан ба би нилээн согтчихсон байсан. Тэгээд үүрээр 05 цагийн үед би явлаа гээд гэрээс нь гараад явсан юм. Тэгээд гэрээс нь гараад буцаад орж ирэхдээ би Баттулгын гэрийн хаалгыг тайлахгүй болохоор нь өшиглөөд орсон юм. Тэгээд Б.Б босоод ирэхээр нь би Б.Бтай хэрэлдсэн. Б.Б миний нүүр рүү 2 удаа гараараа алгадсан. Алгадахад нь би арагшаа уначихсан. Тухайн өдөр толгой өвдөөд байхаар нь би архинаас болоод шартаад байгаа юм байх гэж бодож байсан. Тэгээд 2 хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд толгойндоо хүнд гэмтэл авчихсан байсан. Б.Б намайг 2 удаа нүүр рүү алгадсан. Тэгээд алгадахад нь би арагшаа унахдаа толгойгоороо хүчтэй уначихсан гэжээ. / хх 25-27 /

 

Гэрч Б.Баттулга мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Б.Баяржавхлан, Б.Б хоёр маргалдаад байхаар нь би сэрээд харахад Б.Баяржавхлан дээгүүрээ шалдан цамцаа тайлаад шидчихсэн байсан ба Б.Б тэр хоёр барилцаад авчихсан байсан. Тэгээд Б.Б Б.Баяржавхланг цээж рүү нь хоёр гараараа түлхэхэд Б.Баяржавхлан хойшоогоо ухарсан чигээрээ толгойгоороо хана мөргөчихсөн. Тэгээд Б.Б очоод Б.Баяржавхлангийн нүүр рүү хоёр удаа алгадсан гэжээ. / хх 28-29 /

 

Гэрч Д.Ариунболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Гаднаас хаалга хүн өшиглөөд ороод ирэхээр нь өндийгөөд харахад Б.Баяржавхлан байсан. Хаалга салаад уначихсан байсан. Тэгээд би ч нээх тоогоогүй буцаад хэвтэж байтал Б.Б, Б.Баяржавхлан хоёр муудалцаж байгаад Б.Баяржавхлан арагшаагаа хана руу унасан. Б.Б, Б.Баяржавхлан хоёр хэсэг маргалдаж байгаад л Б.Б Б.Баяржавхланг түлхчихсэн юм шиг байгаа юм. Жавхаа арагшаагаа уначихсан гэжээ. / хх 104 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 6145 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Баяржавхлангийн биед зовхины цус хуралт, зүүн чамархайн ясны хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 40 /

 

Шинжээч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Чамархайн ясны хугарал, хатуу бүрхүүл дээрхи цусан хураа гэмтлүүд нь хүнд зэрэгт хамаарна. Тархины эдийн няцрал гэмтэл тархины цусан хураатай хамт үүснэ. Зовхины цус хуралт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Нүүр лүүгээ алгадуулах үед зовхины цус хуралт гэмтэл үүснэ. Бусад гэмтлүүд нь алгадуулах үед үүсэх боломжгүй. Хатуу мохоо зүйлийн улмаас үүсдэг гэмтлүүд байсан. Цохигдох, унах, мөргөх, мөргөлдөх гэх мэт хүчин зүйлийн улмаас үүсдэг гэмтлүүд юм. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан гэжээ. / хх 41- 43 /

 

Шүүгдэгч Б.Быг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 46-49 / 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 86-88 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 72 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр нэг найз маань хөдөөнөөс ирсэн юм. Уулзаагүй удсан учир 4-үүлээ 2 шил архи уугаад Б.Баяржавхлан явна гээд гарсан. Тэгээд буцаж ирээд айлын хаалга эвдлээд ороод ирэхээр би уурлаад түүнийг цохьчихсон. Тэр толгойгоороо арагшаа хана мөргөж унасан. Өөрийн буруугаа хүлээж байна. Найздаа гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Эмчилгээний зардлыг нөхөн төлсөн. Цаашдын зардлыг төлнө. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Баяржавхлан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр дөрвүүлээ 2 шил архи уусан бөгөөд унтаж байгаад би сэрээд явлаа гээд гарсан. Таксины мөнгөгүй тул эргээд ирэхэд найзууд маань унтаж байсан. Хаалга нь түгжээтэй байсан тул чанга балбасан. Тэгэхэд хаалга нь мултраад унасан. Ингээд хаалга эвдлээ гэх шалтгаанаар Б.Б бид 2 маргалдсан. Би хойшоо унасан ба юу болсныг санахгүй байна. Миний нүүр рүү 2 удаа алгадсан ба би хойшоогоо савж хана руу унасан. Яг аль талаараа унасан гэдгээ мэдэхгүй байна. Одоо эмчилгээ хийлгэсэн тул биеийн байдал хэвийн байгаа. Эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Өмнө нь хагалгаанд орох мөнгийг Б.Б өгсөн. Тэр баримт хэрэгт авагдаагүй байх. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Хорих ял оногдуулахгүйгээр шийдэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 310 дугаар байрны 217 тоотод буюу иргэн Б.Баттулгын гэрт хохирогч Б.Баяржавхланг хаалга эвдэллээ гэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Би Б.Баттулгын гэрийн хаалгыг тайлахгүй болохоор нь өшиглөөд орсноос Б.Бтай маргалдаад тэр миний нүүр рүү 2 удаа алгадсан. Би арагшаа унахдаа толгойгоороо хүчтэй уначихсан гэж мөрдөн байцаалтын явцад өгсөн хохирогч Б.Баяржавхлан мэдүүлэг / хх 25-27 / …Б.Баяржавхлан, Б.Б хоёр маргалдаад Б.Б Б.Баяржавхланг цээж рүү нь хоёр гараараа түлхэхэд Б.Баяржавхлан хойшоогоо ухарсан чигээрээ толгойгоороо хана мөргөчихсөн. Б.Б очоод Б.Баяржавхлангийн нүүр рүү хоёр удаа алгадсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Баттулгын мэдүүлэг / хх 28-29 /,  ... Гаднаас хаалга хүн өшиглөөд ороод ирэхээр нь өндийгөөд харахад Б.Баяржавхлан байсан. Хаалга салаад уначихсан байсан. Б.Б, Б.Баяржавхлан хоёр муудалцаж байгаад Б.Баяржавхлан арагшаагаа хана руу унасан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Ариунболдын мэдүүлэг / хх 104 /, … Б.Баяржавхлангийн биед зүүн чамархайн ясны хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 6145 дугаар дүгнэлт / хх 40 /,  ...Чамархайн ясны хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа гэмтлүүд нь хүнд зэрэгт хамаарна. Тархины эдийн няцрал гэмтэл тархины цусан хураатай хамт үүснэ. Хатуу мохоо зүйлийн улмаас үүснэ гэсэн шинжээч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг / хх 41- 43 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн санал хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Торгуулийн ялыг ажил хөдөлмөр эрхэлдэг, ар гэрээ тэжээн тэтгэдэг байдлыг харгалзан 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баттөмөрийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Баттөмөрийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, Б.Б нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Бт оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ