| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/1082/З |
| Дугаар | 128/ШШ2024/0056 |
| Огноо | 2024-01-15 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0056
2024 01 15 128/ШШ2024/0056
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө дүгнэлттэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Т.Э холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар торгох шийтгэл оногдуулсан 008**** дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллагын өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, мөн зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдол байх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 008**** дугаар шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Т.Э 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө-ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 008**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна" гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө дүгнэлтийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Т.Э нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн тус шүүхэд бичгээр ирүүлснээр шүүхээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг хэрэглэн уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 008**** дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй бөгөөд хүчингүй болох нь нотлогдсон гэж үзэх ба шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.
Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаар дүгнэлтийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Т.Э хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2023/****/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө-ын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Т.Э хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2023/****/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар дүгнэлт гаргагч прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН