| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/1103/З |
| Дугаар | 128/ШШ2024/0040 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0040
2024 01 10 128/ШШ2024/0040
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С-н дүгнэлттэй, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б-д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С-аас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б-гийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн “004****, 004****” дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” нь хэсэгт “...Зөрчлийн тухай хуулийн 6.12-д заасан шийтгэл ногдуулах...”, “Шийдвэрлэх нь” хэсэгт “...6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу...” гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид байхгүй хуулийн зүйл заалтыг бичиж тусгах байдлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасан захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх үндэслэл болсон байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудаснуудыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б-гээс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С-н 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан дүгнэлтийг миний бие бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С-н дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлэн тус шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг хэрэглэн уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б-ийн 023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн “004****, 004****” дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй бөгөөд хүчингүй болох нь нотлогдсон гэж үзэх ба энэхүү шүүгчийн захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.
Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С-н 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн **А дугаар дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2023/****/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С-н 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн **А дугаар дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2023/****/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар дүгнэлт гаргагч прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН