Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 0687

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: И.Буманбаяр

улсын яллагч: Х.Ням-Эрдэнэ

шүүгдэгчийн    өмгөөлөгч: Г.Ганбадрах, М.Хувцагаан

хохирогч: Э.Б

түүний өмгөөлөгч: Б.Б

шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Боржигон овогт  Б Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625011362  дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт  Б Г 19  оны  8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд   боловсролтой, жолооч  мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар хороолол 13 дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,   1987 оны  5 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн в, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг хорих 0411 дүгээр ангид эдлэж байгаад 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 19 хоногийн хорих ялаас чөлөөлж сулласан, 1990 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн хурлаар 1 жил хорих ял болгож өөрчилсөн,1991 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсэн,  РД:ХН69083091                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Холбогдсон хэргийн талаар:

           Б.Г нь шунахайн сэдэлтээр 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Б 16-58 УНЭ улсын дугаартай Хьюндэй Танклорри маркийн автомашиныг 41.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийн гэрээгээр халхавчлан залилан мэхэлж авч 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн хашаанд Э.Б ахтай уулзаж Хьюндай  маркын 16-58 УНЭ улсын дугаартай цистерн маркын машиныг үзэж үнэ тохиролцож авсан. 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тухайн гэрээнд 9 дүгээр сарын 15-ны дотор төлбөрийг төлж барагдуулахаар гэрээ хийсэн. Өнөөдөр хүртэл Э.Б ахыг хохироосондоо гэмшиж буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.               

          Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ асуудлыг олон удаа ярьсан Б.Г хэргээ бүрэн хүлээж байгаа. Б.Г анхнаасаа намайг залилсан гэж үзэж байгаа. Хэргээ хүлээж төлбөрөө төлж байгаа нь сайн хэрэг байна. Өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байж байгаад өнөөдөр төлбөрөөс төлж байгаа нь сайн байна. Дахиж битгий залилаараа гэж Б.Г хэлмээр байна. Би Б.Г итгэхээ больсон. Б.Г залиланг иргэний журмаар шийдэхгүй эрүүгийн шүүхийн журмаар шийдэж хохирлыг авч өгөөрэй гэсэн хүсэлтийг гаргаж байна. Залилсан гэдгийг би бичиж өгсөн байгаа гэв.

    Шүүгдэгч Б.Г   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2015 оны 4 дүгээр сарын дундуур Б гэх залуугаар дамжуулж Б гэдэг хүнтэй танилцсан. Амгаланд аж ахуйн хашаанд Бямбажав гэдэг хүн 2 жил хөдлөөгүй жаран хөлт гэж хүмүүс нэрлэдэг Хьюндай Танклорри маркийн том оврын автомашин зарна гэж байхаар нь очиж үзээд асахгүй байхаар нь 7 хоног сайн танихгүй том тэрэгний жолооч нарыг гурвалжингийн гүүрний орчмоос хөлслөн авчраад засуулах гэж үзэж байгаад 7 хоног болж байж асаасан. Тэгээд асааж аваад олон жил хөдлөөгүй машин болохоор зуурчихаад байсан болохоор машинаар чирүүлж гаргаад Мөнхсүх гэдэг залуугийн Улиастайд  байдаг хашаанд аваачиж тавиад засвар хийлгэсэн. Тэнд машинд будаг хийсэн, нум ёонкс солиод 2015 оны 6 дугаар сарын дундуур Заамар луу ажилд гаргасан. Б бид хоёр 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 43.000.000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. Анх 11 сард буюу 6 сарын дотор төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Тэрнээс хойш боломжгүй явсаар байгаад Б гуайд нэг ч төгрөг өгч чадаагүй байна гэжээ. /хх-ийн 56/

      Хохирогч Э.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2013 оны 5 дугаар сард Солонгос улсаас Хьюндай маркийн шатахуун тээврийн 22.000 литрийн багтаамжтай ёмкостой /жаран хөлт/ машиныг оруулж ирээд ашиглалгүй 2 жил гаран зогсоод худалдаж борлуулахаар байж байтал манай хамаатны хүүхэд болох манай дүүгийн эхнэрийн дүү Б.Б гэгч нь 2015 оны 4 дүгээр сард таных шиг машин авахаар хүн хайж байгаа юм байна төлбөр мөнгийг нь шууд хийнэ гэж байна гэхээр нь уулзахаар болсон. Ингээд 2015 оны 4 дүгээр сард Б.Ганбаатар гэдэг хүнийг уулзуулсан. Бид машин байсан Баянзүрх дүүргийн Чулуун овооны тойргийн зүүн талд байдаг Боса худалдааны төвийн төв замын зүүн хойд талд байдаг Мастер хайнтес ХХК-ны хашаанд уулзаж  машиныг үзээд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ хийж, машины түлхүүр өгөх хүртэл би 2 жил зогссон машин байсан учир ээлж засвар үйлчилгээг нь хийж өгсөн. Г миний машиныг 43.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Г миний машиныг авсан цагаасаа хойш байнга худлаа хэлж байгаа. Энэ машиныг би анх Төрийн банкнаас зээл авч, Солонгос улсаас авчраад 2 жил хашаанд байлгаж байгаад Г зарсан. Г зарснаас хойш банкны зээлийн хүүнд 10.0 сая төгрөг төлсөн. Гэхдээ би энэ мөнгийг нэхэмжлэхгүй байгаа. Надад анх ярихдаа манай дүү алтны уурхай ажиллуулдаг тэнд ажиллана ашгаасаа бэлнээр өгнө гэсэн хүн байгаа юм. Эхний удаа алтны уурхай дээр ажиллаж байгаа, машин сайн байгаа гэх зэргээр надтай утсаар холбогдоод байсан ба сүүлдээ утсаар ч ярихаа больж, хаана байгаа нь тогтоогдохгүй болсон гэжээ. /хх-ийн 171/ /12-14/, /хх-н 120-121/

      Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай найз Б Б.Г Тоёота кроун маркийн машин худалдан авсан юм. Гэтэл тэр машин нь хэд хоногийн дараа эвдрээд Г гэдэг хүнтэйгээ уулзах гэтэл уулзаж чадахгүй нөгөө хүнийх нь утас нь болохгүй байсан болохоор Бөхийн өргөөний баруун урд талын 13 дугаар байрны 1 давхарт зүүн гар талын хаалганд очиж уулзаад учир байдлаа хэлсэн. Тэгэхэд Г гэдэг хүн манай эхнэрийн эгчийх нь нөхөр хөдөө алтны уурхайтай юм түлшний том машин хайгаад байгаа юм гайгүйхэн зарчихаар машин байвал хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би Э.Б ахын машины талаар хэлсэн. Ингээд дахин яриагүй орхисон байтал хэд хоногийн дараа Б.Г над руу өөрөө 99151253 гэсэн дугаараас залгаад нөгөө түлшний машиныг чинь үзмээр байна гэхээр нь би Б ах руу залгаад зөвшөөрөл авч  2015 оны 4 дүгээр сарын эхээр би Б.Ганбаатарыг дагуулж Баянзүрх дүүрэгт Амгалангийн төмөр замын призрээс хойш 600 метр зайд байдаг хашаанд байсан машиныг үзүүлсэн чинь боломжийн машин байна эзэнтэй нь уулзья гээд хэд хоногийн дараа Багшийн дээдэд байрлалтай Б ахын ажил дээр Г аваачиж уулзуулсан. Тэгээд Б ах надад машиныхаа түлхүүрийг өгөөд Г дагуулж очиж үзээд асаах гэхэд асаагүй. Ингээд машины эвдрэлийн оношийг Б ах бид хоёр хүнээр үзүүлж оношийг нь олж мэдээд янзлуулсан. Би 2015 оны 5 дугаар сарын эхээр хөдөө газар тариалан хийхээр явсан ба Б ах Г нарыг юу болсон талаар 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Бямбажав ах руу утсаар ярьж л сонссон. Тэгэхэд гэрээ хийгээд машинаа өгөөд явуулчихсан гэж хэлсэн. Намайг хөдөө ажлаар явж байхад Бямбажав ах намайг ээжээс асуусан байсан. Тэгээд би хот руу орж ирээд Бямбажав ахтай ажил дээр нь очиж уулзахад нөгөө хүн чинь машин авч явчихаад одоог хүртэл мөнгө төгрөгөө өгдөггүй алга болсон гэж хэлсэн. Тэгээд намайг гэр орныг нь мэддэг бол заагаад өгөөч очиж уулзий юу юуны туханд хүрэлгүй шүүх цагдаа гээд яахав гэсэн. Тэгээд би уулзах санаатай гэрт нь хэд хэдэн удаа очсон боловч гэртээ байгаагүй. Би анхнаасаа тэр хоёрыг уулзуулахдаа би та нарыг зөвхөн уулзуулж байна өөр надад мэдэх юм байхгүй шүү гэдгийг хэлж байсан гэжээ.  /хх-н 15-16/

Э.Б,Б.Б нараас асууж авсан тайлбарууд /хх-н 8-10/

2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ. /хх-н 17-20/

Б.Г эрэн сурвалжилж байсан талаарх баримтууд /хх-н26-34/

Б.Г  холбогдох хэргийг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол /хх-н 52-53/, түдгэлзүүлсэн хэргийг сэргээх санал, тогтоол /хх-н 62-64/

Б.Г Н.Ж, Ж.Г нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 61/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 863 тоот дүгнэлт :

1.Б.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдах чадвартай байсан байна. Б.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

2.Б.Г нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.

3.Б.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Б.Г эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4.Б.Г нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. Б.Г нь хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолттой байсан гэх баримт шинж үгүй байна.

5.Б.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-н 219-220/

     Эд зүйлийн үнэлгээ /хх-н 230/ : Хьюндэй  Танклорри маркийн автомашиныг 41.000.000 төгрөг гэж үнэлжээ.

  Б.Г сэжигтнээр тооцох тогтоол байцаасан тэмдэглэл /хх-н 54-56/, /хх-н 115-117/,/хх-н 129-133/, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 226-227/

  Б.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23/,/хх-н 134/ таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /43-50/ зэрэг болно.

       Б.Г нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Б   41.000.000 төгрөгийн үнэтэй 16-58 УНЭ улсын дугаартай Хьюндэй  Танклорри маркийн автомашиныг  дүүгийнхээ алтны уурхай дээр ажиллаж алт олборлоод уг алтаа  банкинд тушаагаад 2015 оны 9 дүгээр сарын 10-н гэхэд төлбөрийг төлнө гэж хууран  мэхлэх аргаар  залилан мэхэлж авч 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд :

         Хохирогч Э.Б мөрдөн байцаалтад өгсөн … манай дүүгийн эхнэрийн дүү Б.Б гэгч нь 2015 оны 4 дүгээр сард таных шиг машин авахаар хүн хайж байгаа юм байна төлбөр мөнгийг нь шууд хийнэ гэж байна гэхээр нь уулзахаар болсон. Ингээд 2015 оны 4 дүгээр сард Б.Г гэдэг хүнийг уулзуулсан. Бид машин байсан Баянзүрх дүүргийн Чулуун овооны тойргийн зүүн талд байдаг Боса худалдааны төвийн төв замын зүүн хойд талд байдаг Мастер хайнтес ХХК-ны хашаанд уулзаж  машиныг үзээд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ хийж, машины түлхүүр өгөх хүртэл би 2 жил зогссон машин байсан учир ээлж засвар үйлчилгээг нь хийж өгсөн. Г миний машиныг 43.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Г миний машиныг авсан цагаасаа хойш байнга худлаа хэлж байгаа. Надад анх ярихдаа манай дүү алтны уурхай ажиллуулдаг тэнд ажиллана ашгаасаа бэлнээр өгнө гэсэн хүн байгаа юм. Эхний удаа алтны уурхай дээр ажиллаж байгаа, машин сайн байгаа гэх зэргээр надтай утсаар холбогдоод байсан ба сүүлдээ утсаар ч ярихаа больж, хаана байгаа нь тогтоогдохгүй болсон гэсэн мэдүүлэг   / хх-н 12-14/

      Гэрч Б.Б  мөрдөн байцаалтад  өгсөн … Г гэдэг хүн манай эхнэрийн эгчийх нь нөхөр хөдөө алтны уурхайтай юм түлшний том машин хайгаад байгаа юм гайгүйхэн зарчихаар машин байвал хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би Э.Б ахын машины талаар хэлсэн. Ингээд дахин яриагүй орхисон байтал хэд хоногийн дараа Б.Г над руу өөрөө 99151253 гэсэн дугаараас залгаад нөгөө түлшний машиныг чинь үзмээр байна гэхээр нь би Б ах руу залгаад зөвшөөрөл авч  2015 оны 4 дүгээр сарын эхээр би Б.Г дагуулж Баянзүрх дүүрэгт Амгалангийн төмөр замын призрээс хойш 600 метр зайд байдаг хашаанд байсан машиныг үзүүлсэн чинь боломжийн машин байна эзэнтэй нь уулзья гээд хэд хоногийн дараа Багшийн дээдэд байрлалтай Б ахын ажил дээр Г аваачиж уулзуулсан. Тэгээд Б ах надад машиныхаа түлхүүрийг өгөөд Г дагуулж очиж үзээд асаах гэхэд асаагүй. Ингээд машины эвдрэлийн оношийг Б ах бид хоёр хүнээр үзүүлж оношийг нь олж мэдээд янзлуулсан. Б ахтай ажил дээр нь очиж уулзахад нөгөө хүн чинь машин авч явчихаад одоог хүртэл мөнгө төгрөгөө өгдөггүй алга болсон гэж хэлсэн. Тэгээд намайг гэр орныг нь мэддэг бол заагаад өгөөч очиж уулзий юу юуны туханд хүрэлгүй шүүх цагдаа гээд яахав гэсэн. Тэгээд би уулзах санаатай гэрт нь хэд хэдэн удаа очсон боловч гэртээ байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/

Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн …Б гэх залуугаар дамжуулж Б гэдэг хүнтэй танилцсан. Амгаланд аж ахуйн хашаанд Б гэдэг хүн 2 жил хөдлөөгүй жаран хөлт гэж хүмүүс нэрлэдэг Хьюндэй  Танклорри маркийн том оврын автомашин зарна гэж байхаар нь очиж үзээд асахгүй байхаар нь 7 хоног сайн танихгүй том тэрэгний жолооч нарыг гурвалжингийн гүүрний орчмоос хөлслөн авчраад засуулах гэж үзэж байгаад 7 хоног болж байж асаасан. Тэгээд асааж аваад олон жил хөдлөөгүй машин болохоор зуурчихаад байсан болохоор машинаар чирүүлж гаргаад М гэдэг залуугийн Улиастайд  байдаг хашаанд аваачиж тавиад засвар хийлгэсэн. Тэнд машинд будаг хийсэн, нум ёонкс солиод 2015 оны 6 дугаар сарын дундуур Заамар луу ажилд гаргасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

  Б.Г нь өөрийн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

         Б.Г нь өөрт нь байхгүй, дүүгийнхээ алтны уурхайн талаар ярьж, машиныг авч явсаныхаа дараа дүр үзүүлж худалдах худалдан авах гэрээ хийж машиныг авч яваад машин алтны уурхай дээр ажиллаж байгаа, машин сайн байгаа гэсэн.

           2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

        2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан бол гэж хүндрүүлж үзэж байсан бол 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд онц их хэмжээний хохирол учруулсан бол гэсэн  хүндрүүлэх нөхцөл байдал хасагдсан байна.

          Иймд шүүгдэгч  Б.Г  прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг эрх зүйн байдал нь дээрдэж байгаа  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилсан гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн  өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   2  жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно гэсэн заалтыг үндэслэн шүүх Б.Г хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.3-д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

       Б.Г нь анх машиныг авахдаа хохирогчтой 43.000.000 төгрөгөөр тохиролцсон боловч эд зүйлд үнэлгээ тогтоох комиссын үнэлгээгээр уг машиныг 41.000.000 төгрөгөөр үнэлсэн байх тул тус байгууллагын үнэлгээг үндэслэн хохирлыг шийдвэрлэв. Прокурорын яллах дүгнэлт дээр машины маркийн Ниссан гэж бичсэнийг улсын яллагч Хьюндэй болгож ялласан тул нэрийг залруулж бичих нь зүйтэй гэж үзэв.

      Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нь хохирогчид төлөх ёстой  хохирлоосоо 10.000.000 төгрөгийг төлсөн ба үлдэх хохирлыг шүүгдэгч Б.Г нь  3 сарын дотор  төлнө гэснийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул  түүнээс 31.000.000 төгрөгийг гаргуулж  үүнийгээ  3 сарын хугацааны дотор буюу эхний сард 10.000.000 төгрөг, 2 дахь сард 10.000.000 төгрөг, 3 дахь сард 11.000.000 төгрөгийг хохирогч Э.Б олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13,  38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

1.Боржигон овогт Б Г прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Боржигон овогт Б Г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г  2  жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.3-д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг Б.Г хүлээлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г цагдан хоригдсон  126  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 13 дугаар хороолол 13 дугаар байр  тоотод оршин суух /ХН69083091/ Б.Г 31.000.000 төгрөгийг гаргуулж  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо  тоотод оршин суух Э.Б /ХА39091178/ олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

9..Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                      С.ПҮРЭВСҮРЭН