Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2019/ДШМ/37

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

2019        09             11                                            2019/ДШМ/37

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Д.А, Г.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Долгорсүрэн,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.А, өсвөр насны шүүгдэгч Г.Б нарт холбогдох 1938000620048 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, шүүгдэгч Д.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дүлкежиг Даваанямын А, …. оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........../.

Монгол Улсын иргэн, Хатиган Галбаатарын Б, ….. оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.А, өсвөр насны шүүгдэгч Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух Ц.Саранцэцэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж Самсунг нөүт-1 маркийн гар утас хулгайлж 50,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух О.Өлзийбадрахын байшингийн цонхоор нэвтрэн орж Самсунг тренд маркийн гар утас 1 ширхэг, 7 ширхэг мөнгөн зоосон товч, хазаарын мөнгөн зоос 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, бэлэн 100,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 245,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух С.Үүрийнбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж хар өнгийн арьсан цүнх 1 ширхэг, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бэлэн 16,500 төгрөг зэргийг хулгайлж нийт 81,500 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд байрлах иргэн Б.Оюун-Эрдэний эзэмшлийн “Оюу” ШТС-ын ажлын байрны цонхыг хагалж нэвтрэн орж 25 литрийн тээврийн хэрэгслийн масло хулгайлж нийт 92,500 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд байрлах иргэн А.Эрдэнэцэцэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж LG маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 30,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 150,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд байрлах иргэн Л.Энхболдын байшингийн цонхоор нэвтрэн орж олон хостой эвхэгддэг хутга 1 ширхэг, мульт ундаа 5 ширхэг, соруултай ундаа 7 ширхэг, бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 64,900 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд байрлах иргэн Б.Саруулсайханы байшингийн цонхоор нэвтрэн орж бэлэн 50,000 төгрөгийг хулгайлсан,

8. 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд байрлах иргэн Л.Амгалангийн байшингийн цонхоор нэвтрэн орж J7 маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 170,000 төгрөг зэргийг хулгайлж нийт 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь ганцаараа 2018 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух Д.Сайнбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж бууны дуран 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг, ногоон хайрцагтай эссэ тамхи 6 хайрцаг, жижиг ууттай чихэр 1 ширхэг, өдрийн гэрэл 4 ширхэг, үдээсний машин 1 ширхэг, хүүхдийн хичээлийн цүнх 1 ширхэг, зургийн дэвтэр 3 ширхэг, 12 өнгийн будгийн харандаа, хөх өнгийн пинал 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 285,500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух Д.Батбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж бэлэн 1,400,000 төгрөг, Жи мобайлын гар утас зэргийг хулгайлж 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.А нь 14 настай Г.Быг эдийн засгийн ашигтай байдал бий болгохоор амлалт өгч гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Дүлкежиг Даваанямын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг үйлдсэнд, өсвөр насны шүүгдэгч Хатиган Галбаатарын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Даваанямын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Даваанямын Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Галбаатарын Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялыг оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агийн цагдан хоригдсон 117 /нэг зуун арван долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Быг энэ хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Д.Болормаад, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгаж, Эрүүгийн 1938000620048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч Г.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийнхөө шүүх хуралдаанаар Д.А, Г.Б нарыг бүлэглэн хулгай хийсэн, Д.Аг хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм буруутай гэж үзэн 3 жилийн хорих ял оногдууллаа. Би шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгчийн хувьд өөрийн өмгөөлүүлэгчийг гэм буруугүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Аг хулгай хийсэн гэхийг нотлох шууд нотлох баримт хэргийн материалд байхгүй бөгөөд зөвхөн насанд хүрээгүй шүүгдэгч Г.Бын мэдүүлгээр хулгай болон хүүхэд уруу татсан гэх хэргийг тулгаж байгаа, үүнийг Д.А тайлбарлахдаа миний эгч Д.Болормаа сургууль соёлд суугаагүй хадмуудынхаа үгээр амьдардаг нөхрийнх нь төрсөн ах болох Ганбат нь төрсөн дүү Галбаатарын хүү Быг шоронгүй гаргахын тулд үг зааж намайг гүтгүүлсэн гэж байгаа нь байж болох үндэслэл гэж үзэж байна. Нөгөө талаар насанд хүрээгүй хүүхдэд хууль сануулдаггүй тул энэ нотлох баримт нь ганцаараа өөр бусад шууд нотолсон нотлох баримтгүйгээр нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна.

2. Хавтаст хэргийн 176 дугаар хуудсанд авагдсан өсвөр насны шүүгдэгч Г.Бын аав Галбаатарын төрсөн ах М.Ганбатын “... Атай л хамт орсон болж таараад байгаа юм...” гэсэн мэдүүлгээс өөр Аг хулгай хийснийг харсан, үзсэн гэрч байдаггүй, нөгөө талаар Бын учруулсан хохирлыг Бын эцэг эх биш Бын аавын нь ах гэх гэрч Ганбат нь өөрөө төлж барагдуулсан.

3. Мөн хохирогч Саранцэцэгийн “... тэгээд таныг дуудах гээд явж байхад палк хураасан газрын тушаа бас нэг гэрэл гарч байсан ... тэгэхээр нь би 2 хүн байсан юм болов уу гэж бодсон” гэж мэдүүлснийг А байсан байна байх гэж таамаглан Агийн эсрэг мэдүүлэг болгон ашиглаж хүнийг таамгаар яллаж хууль зөрчсөн.

4. Д.А нь шүүгдэгч Бын ээж Д.Болормаагийн төрсөн дүү бөгөөд амьдралын хувьд нэн ядуу, 73 настай ээжийнхээ хамт амьдардаг, ажил төрөлгүй, архи уудаг сул талтай, энэ байдлыг ашиглан Болормаагийн хадмууд гүтгэсэн гэж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.

5. Би шүүх хуралдаан хойшилсон үеэс эхэлж өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хавтаст хэргийн материалтай танилцаж улмаар шүүх хуралдаанд оролцсоны хувьд Аг хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа би хулгай хийгээгүй учраас Цагдаагийн үүдэнд олон хоног сууж чадахгүй гэдгээ хэлээд Цагаан-Үүр сум руугаа явсан гэж байгаагаас харахад шүүгдэгчийн эрх зүйн мэдлэг дутмагаас гадна өөрт нь хэргээ шалгуулахын учир холбогдлыг сайн тайлбарлаж, ойлгуулаагүйтэй холбоотой байна.

6. Хавтаст хэргийн 184 дүгээр хуудсанд авагдсан гэрч Баасанжавын “... Б мэдүүлэхдээ ... Аг өөрөө хүн хараад үлддэг гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлгийг нотлох баримт болгосон нь учир дутагдалтай. Хэрэг шалгасан мөрдөгч болгоныг гэрч болгож асуусныг шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа мэдүүлэг гэж үзэх нь буруу.

Цагдаагийн газрын цахим ASAP бүртгэлд Аг 2019 оны 5 дугаар сарын 08-нд оргосон гэж шивсэн мөртлөө мөн өдрөө барьсан, баривчилсан гэж оруулж улмаар Аг хулгайн хэрэгт буруутгахын тулд ЭХХШТХ-ийн 14.1 дүгээр зүйлд заагдсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан болтол хэрэглэж байгааг өмгөөлөгчийн хувьд эрүүдэн шүүсэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хүлээлгэх арга хэрэгсэл болгосон гэж үзэж байна.

Иймд Д.Ад холбогдох гэмт хэрэгт хамаарал бүхий бүх л нотлох баримтыг шалгасан боловч хулгай хийснийг нотолсон шууд нотлох баримт байхгүй, хууль сануулаагүй, насанд хүрээгүй яллагдагчийн мэдүүлгээр ял халдаах эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Д.Аг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.А давж заалдах гомдолдоо: ... Би гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдлээ гэхэд юу гэж төрсөн эгчийнхээ хүүхдээр хулгай хийлгэх вэ дээ. Намайг архи уудаг, ядуу дорой болохоор эгчийн маань нөхрийнх нь төрсөн ах Ганбат гуай намайг золиослохоор шийдэж, өөрийн төрсөн дүүгийн хүүхэд болох насанд хүрээгүй Бын хийсэн хэргийг надаар даалгахаар шийдэж түүнд намайг гүтгэж болох бүх л арга, үгийг зааж өгч мэдүүлэг өгүүлсэн бололтой. Хэрвээ надад хулгай хийх санаа сэдэл байсан бол хулгайн эд зүйлийг өөртөө авах, борлуулах, адаглаад архинаас өгөх байсан байлгүй дээ. Тэгээд тэр олон утсыг газарт нууж хэрэгцээнээс гаргах шаардлага надад байхгүй. Би төрсөн эгчийнхээ амьдралыг бодоод л гомдол гаргахгүй байгаа болохоос нутгийнхан Ганбат гуайг хулгайн юмыг нь авч хэрэглэсэн талаар хов яригдаад л байдаг. ... Б нь түүний үгээр намайг гүтгэсэн гэж үзэж байна. Гүжир үгний урдаас сөөм хариугүй гэдэг үг надад ирж байгаад гомдолтой байна. Төрсөн эгч дүү, төрсөн ах, төрсөн дүүгийн хүүхдүүдийн дунд би аргагүй хүнд байдалд орж байгааг анхаарч үзнэ үү. Би цагдаагийн газарт шалгагдаж байхдаа хэрэг хийгээгүй хүнийг яадаг юм гээд хэд хоног ирээгүй нь үнэн. Гэтэл намайг 2-3 удаа оргохыг оролдсон гэх зэргээр Цагаан-Үүр сумын цагдаагийн үгээр мөрдөгч Энхтүвшин худал тэмдэглэл бичсэн зэргээр намайг хүндрүүлэх бүх л арга хэрэглэсэнд гомдолтой байна.

Иймд намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.А, өсвөр насны шүүгдэгч Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сард нийт 8 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдэн бусдад 3,478,900 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Г.Б нь ганцаараа 2018 оны 9 дүгээр сард нийт 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдэн бусдад 1,835,500 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.А нь 14 настай Г.Быг эдийн засгийн ашигтай байдал бий болгохоор амлалт өгч гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Аг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Өсвөр насны шүүгдэгч Г.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Д.А, өсвөр насны шүүгдэгч Г.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нарын “хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй. ...зөвхөн насанд хүрээгүй шүүгдэгч Г.Бын мэдүүлгээр хулгайн болон хүүхэд уруу татсан гэх хэргийг тулгаж байгаа. Иймд Д.Аг цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь өсвөр насны шүүгдэгч Г.Бын шүүгдэгч Д.Атай бүлэглэж хулгай хийсэн, гэмт хэрэг үйлдэхэд татах оруулсан талаарх удаа дараагийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүйн дээр дээрх нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Ц.Саранцэцэг, гэрч М.Ганбат нарын мэдүүлгүүдээр гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгчийг гэмт хэрэгт татан оруулсан нь давхар нотлогдсон гэж үзсэн болно.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар тусгахдаа дутуу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөх нь /хх-ийн 2-р  135-р хуудасны ар тал/ зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн 2 дахь хуудасны төгсгөл “будгийн” гэсний дараа “харандаа, хөх өнгийн пинал 1 ширхэг эд зүйлийг хулгайлж 285,500 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2018 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух” гэж нэмсүгэй.

2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                Т.ГАНБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ