Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2024/00336

 

 

 

 

 

                                        

 

 

 

                                                                                    129/ШШ2024/00336

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Б овгийн Т.Б

Хариуцагч: А аймгийн Э сумын . оршин суух Б овгийн Д.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 4,940,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ч нь 2021 оны 01 сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 сарын 11-ний өдрийг хүртэл сарын хугацаатай 7 хувийн хүүтэй сар бүр хүүгээ төлөн цааш сунгагдах нөхцөлтэй 3,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож албан ёсны гэрээ байгуулж зээлж авсан. Мөн нэмж 2021 оны 02 сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл сарын хугацаатай 7 хувийн хүүтэй сар бүр хүүгээ төлөн цааш сунгагдах нөхцөлтэй 500,000 төгрөгийг төлөхөөр утсаар ярилцан тохиролцож ХААН банкны 5135156164 дансанд шилжүүлж зээл авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Д.Ч-с үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүүг 1 жилийн хугацаагаар бодон 2,940,000 төгрөг төлөхөөс 2021 оны 10 сарын 22-нд 1,000,000 төгрөгийн үнэ бүхий бензин талон, 2022 оны 02 сарын 18-нд 500,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг хүүд өгсөн бөгөөд хүүний мөнгөнөөс хассан хүүг 1,440,000 төгрөгөөр бодон үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүү 1,440,000 төгрөг, нийт 4,940,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.Б би Д.Ч-т холбогдуулан гаргасан 4,940,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,500,000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч Д.Ч би нэхэмжлэгч Т.Б-н нэхэмжилсэн нийт 2,500,000 төгрөгийг 2024 оны 8 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Хариуцагч Д.Ч нь миний нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг 2024 оны 8 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэнтэй маргахгүй. Бидний байгуулсан эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Ч-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,940,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага багасгах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Д.Ч-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,500,000 төгрөг, гэрээнд заасны дагуу 1,440,000 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасантай нийцэж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Б зээлийн гэрээний үүрэг 4,940,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Ч 2024 оны 8 сарын 15-ны дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар зохигч үүрэг гүйцэтгэх хугацааны талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, зохигч гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй гэсэн тайлбар гаргасан тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,990 төгрөгөөс 66,515 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Ч-с 27,475 төгрөг, улсын орлогоос 27,475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б зээлийн гэрээний үүрэг 4,940,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Ч 2024 оны 8 сарын 15-ны дотор нэхэмжлэгч Т.Б-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,990 төгрөгөөс 66,515 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Ч-с 27,475 төгрөг, улсын орлогоос 27,475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.

 

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА