Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 0694

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж.  

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: А.Сайнбаяр

хохирогч: Б.Ш

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Х.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Х О холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706025810199 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Х О,  1991  оны 7 дугаар сарын 09-ний өдөр  Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,  дээд  боловсролтой, интериер дизайн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт  Баянзүрх  дүүргийн   дугаар хороо  дугаар хороолол  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:УШ91070996,

Холбогдсон хэргийн талаар:

           Х.О нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Хан-Альт ХХК-ны ажлын байранд Б.Ш зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч  Х.О   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

            Хохирогч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 2 охиноо цэцэрлэгт хүргэж өгөөд ажил дээрээ байж байтал  гаднаас орж ирээд намайг хэл амаар доромжлоод  миний зүүн талын шанаа тус газарт 2 удаа гараараа цохисон. Би ажлын газрын эгчийн утсаар ээж рүү гээ залгаад учир байдлыг хэлтэл ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлсэн тухайн үед миний зүүн шанаа хавдаж хөхөрсөн, баруун хөлний булчин зулгаралт үүссэн байсан. мөн томографийн зураг авхуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

        Шүүгдэгч  Х.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө манай эхнэр Ш гадуур гарчихаад ирье гэж гараад гар утсаа авахгүй таг болоод 02.00 цагт улсын дугаарыг нь үл мэдэх Ланд Круйзер маркийн жийп машинаар гэртээ хүргүүлж ирсэн. Ингээд би үүнээс нь болж маргалдахад эхнэр чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Маргааш өглөө нь би эрт босоод 2 охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд эхнэрийн ажлын газрых нь гадаа бид хоёр маргалдаж муудалцсан. Гэтэл тэр намайг би ажил руугаа орлоо чи зайл гээд байхаар нь би хөл рүү нь өшиглөөд түүнийг ажил руугаа орчихоор нь хойноос нь ороод хэрүүл хийсэн. Гэтэл чамд ямар хамаатай юм гээд байхаар нь уурлаад түүний зүүн шанааны нүдний доод яс хэсэгт баруун гараа атгаж байгаад 2 удаа шанаадаж цохьчихоод гараад явчихсан юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай хоёр охинтой гэжээ. /хх-ийн 11/

          Хохирогч Б.Ш  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би О гэр бүл болоод 5 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 охинтой.  2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой би найзуудтайгаа уулзсан бөгөөд 09 сарын 28-ны шөнө 02.00 цагийн орчимд найз Сэлэнгэ болон түүний найз залуу хоёроор гэртээ хүргүүлсэн юм. Тэгтэл Отгонбаатар гэрээс гүйж гарч ирээд орилоод миний Ай Поне 6 маркын гар утсыг булааж авч  шидээд хэрүүл хийсэн. Тэгээд тэр шөнөдөө янз бүрийн асуудал болоогүй. Өглөө нь сэрэхэд О миний хувцасыг урчихсан байсан бөгөөд би хоёр охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа очиход О ажлын үүдэнд пиво уугаад зогсож байсан. Намайг ажил дээрээ ороод байж байтал О араас орж ирээд намайг янхан минь чамайг ална гэх зэргээр элдвээр хэлээд аманд салаавч өгч доромжилсон. Тэгэхэд нь би чи цаашаа гар гэж гуйтал тэрээр миний нүүр лүү хоёр удаа цохьсон. Тэгэхээр нь би ээжрүүгээ хэлтэл ээж цагдаа дуудсан байсан юм. О намайг байнга харддаг бөгөөд хардалтаасаа болж зоддог юм. О их түргэн ууртай. Урьд нь намайг хардаж зодож байсан боловч би цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэж байгаагүй юм. Намайг зодож байхад манай өрөөнд хүн байгаагүй гэжээ. /хх-н 16-19/

          Б.Ш, Х.О нараас асууж авсан тайлбар /хх-н 8-11/, Эргүүлийн офицер Б.Г, хэсгийн байцаагч Н.Х нарын илтгэх хуудас /хх-н 12-14/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 15/

         Гэрч З.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний охин Ш нь нөхөр О гэр бүл болоод 5 жил болж байгаа юм. Энэ хугацаанд охин, хүргэн хоёр маань хоорондоо муудалцаж, зодолдлоо гэж огт ярьж байгаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад өдөр 11-12 цагийн орчимд охин Ш над руу залгаад ээжээ О намайг ажил дээр ирээд зодчихлоо гэж хэлээд утсаа тасалчихсан.  Тэгээд эргэж залгаснаа ээжээ миний шүд уначихлаа гэсэн. Тэгэхээр нь би шууд охиныхоо ажлын хаягаар цагдаа дуудсан юм. Намайг охиныхоо ажил дээр очиход цагдаа ирээд О аваад явчихсан байсан. Манай охин зүүн нүд нь хавдчихсан, хацар нь шалбарчихсан зүүн талын араа шүд нь уначихсан уйлаад байж байсан. Юу болсон юм гэхэд О намайг хардаад зодчихлоо гэсэн. Гэтэл 2013 оноос хойш хардаж зоддог байсан гэдгийг хэлсэн. Мөн дотоожийг нь үнэртээд зоддог байсан гэж хэлсэн. Энэ хоёр одоогоор тусдаа амьдарч байгаа гэжээ.  хх-ийн 20/ 

         Х.О гэрчээр асуусан тэмдэглэл /хх-н 21/       

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 23/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12355:

1.Б.Ш биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн дээд их араа шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.   /хх-н 24/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 26/, хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 30.31/

       Х.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44/

    Х.О эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-43/,

    Х.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 28, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-н 27/ зэрэг болно.          

        Х.О нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороны нутагт байрлах Хан-Альт ХХК-ны ажлын байранд Б.Ш зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна Үүнд:

Ш биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн дээд их араа шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. .Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт.   /хх-н 24/

Хохирогч Б.Ш мөрдөн байцаалтад өгсөн..шөнө 02.00 цагийн орчимд найз Сэлэнгэ болон түүний найз залуу хоёроор гэртээ хүргүүлсэн юм. Тэгтэл О гэрээс гүйж гарч ирээд орилоод миний Ай Поне 6 маркын гар утсыг булааж авч  шидээд хэрүүл хийсэн. Тэгээд тэр шөнөдөө янз бүрийн асуудал болоогүй. Өглөө нь сэрэхэд О миний хувцасыг урчихсан байсан бөгөөд би хоёр охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа очиход О ажлын үүдэнд пиво уугаад зогсож байсан. Намайг ажил дээрээ ороод байж байтал О араас орж ирээд намайг янхан минь чамайг ална гэх зэргээр элдвээр хэлээд аманд салаавч өгч доромжилсон. Тэгэхэд нь би чи цаашаа гар гэж гуйтал тэрээр миний нүүр лүү хоёр удаа цохьсон. Тэгэхээр нь би ээжрүүгээ хэлтэл ээж цагдаа дуудсан байсан юм. О намайг байнга харддаг бөгөөд хардалтаасаа болж зоддог юм.

          Шүүгдэгч Х.О мөрдөн байцаалтад өгсөн …02.00 цагт улсын дугаарыг нь үл мэдэх Ланд Круйзер маркийн жийп машинаар гэртээ хүргүүлж ирсэн. Ингээд би үүнээс нь болж маргалдахад эхнэр чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Маргааш өглөө нь би эрт босоод 2 охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд эхнэрийн ажлын газрых нь гадаа бид хоёр маргалдаж муудалцсан. Гэтэл тэр намайг би ажил руугаа орлоо чи зайл гээд байхаар нь би хөл рүү нь өшиглөөд түүнийг ажил руугаа орчихоор нь хойноос нь ороод хэрүүл хийсэн. Гэтэл чамд ямар хамаатай юм гээд байхаар нь уурлаад түүний зүүн шанааны нүдний доод яс хэсэгт баруун гараа атгаж байгаад 2 удаа шанаадаж цохьчихоод гараад явчихсан юм гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

     Х.Отгонбаатар нь өөрийн эхнэр Б.Ш оройтож ирсэн асуудлаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байна. Иймд Х.О   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                       

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.О нь  бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Х.О нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7 ,36.8, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Х О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар      Х.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Х.О нь торгох ялыг долоо хоногийн дотор  төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан      Х.О нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.  Х.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Х.О хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН