Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2019/ДШМ/38

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        09             11                                            2019/ДШМ/38

 

 П. эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Ууганбаяр,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолтой П.Бэд холбогдох 1938003110247 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Вангийн жүд овогт Пагмын Б, …. оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./.

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хөх толгой гэх газарт байх иргэн Б.Мий өвөлжөөний хашаанаас 150 кг хэмжээтэй хонины ноосыг хууль бусаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Вангийн жүд овогт Пагмын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Бэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн 1938003110247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: ... П.Б нь машин, механизм ашиглан бусдын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 100 кг-ын даацтай мотоцикль байв. Энэхүү мотоциклийг П.Б жолоодож иргэн Эрдэмбээ буюу Эрдэнэдалай шуудайтай ноосыг тэвэрч араар нь сууж явсан бөгөөд хулгайлсан ноос нь 150 кг, дээр нь Б болон Эрдэмбээ нарын жин 120 кг, нийт 270 кг ачаа болж эдгээр нь нэг мотоцикльд багтаж ирсэн гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна.  П.Б нь иргэн Эрдэмбээтэй хамт хулгайлсан ноосоо ченж Ганболд гэх хүнд тушаасан бөгөөд тухайн үед 170,000 төгрөг болсон. Нэг кг ноосыг 2800 төгрөгөөр тооцож 60 кг ноос тушаасан байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос 150 кг ноос хулгайд алдсан гэж гомдол, мэдүүлэг гаргасныг үндэслэн 150х3000 төгрөгөөр тооцож нийт 450,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоон, тухайн үйлдлийг гэмт хэрэгт хамааруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоож нотлох” үүргээ биелүүлээгүй болохыг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээг тогтоохдоо ноос худалдаж авсан ченж Ганболдоос мэдүүлэг авч хэдэн кг ноос тушаасан, энэ нь хэдэн төгрөг болсон зэргийг шалгаж тогтоогоогүй байна. Түүнчлэн гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Тухайлбал, гэмт хэргийг Б ганцаар үйлдээгүй бөгөөд иргэн Эрдэмбээтэй хамт тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болох нөхцөл байдлыг Б.Мэ, О.Даваахүү, Б.Батзаяа нар мэдүүлсэн ч Эрдэмбээг нэг ч удаа асуугаагүй, түүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтоогоогүй нь ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тогтоож, нотлоогүйг харуулж байна.

П.Б нь бичиг үсэг мэддэггүй бөгөөд түүнд хөрөнгө үнэлсэн тайлан танилцуулаагүй, 450,000 төгрөгөөр үнэлснийг мэдээгүй гэх тайлбарыг өгч байгаа юм. Түүнчлэн сумын цагдаа “чи Эрдэмбээг чирэхгүй шүү, хэргээ ганцаараа хүлээнэ шүү” гэж дарамталж байснаас ганцаараа явсан гэж худал мэдүүлэг өгсөн гэх тайлбар гаргаж байгаа зэргээс П.Бэд ял оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийг зөрчсөн бөгөөд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж байна.

Иймд П.Бэд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн  228 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хөх толгой гэх газарт байх иргэн Б.Мий өвөлжөөний хашаанаас 150 кг хэмжээтэй хонины ноосыг машин механизм ашиглан хууль бусаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүх хуралдаанд хохирогч оролцсон талаар хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд тусгаагүй атал шүүх “Хохирогч Б.Мэ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...миний бие хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч П.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 Мөн шүүгдэгч учруулсан хохирлоо нөхөн төлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй учир “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” үндэслэлээр түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                         Т.ГАНБАТ

                                                                          Б.СОСОРБАРАМ