Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00751

 

“Баянхангай Тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 6995 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 765 дугаар магадлалтай,

“Баянхангай Тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Морьтон Монгол” ХХК болон Р.Цолмон нарт холбогдох,

Түрээсийн төлбөр 22.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга  нар оролцов.

Нэхэмжлэгч “Баянхангай Тур” ХХК-ийн захирал Р.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Морьтон монгол" ХХК-ийн захирал Р.Цолмон нь архины үйлдвэрлэл эрхлэхээр "Баянхангай тур" ХХК-ийн тусгай зөвшөөрөл, тоног төхөөрөмжийг худалдан авч улмаар үйл ажиллагаагаа явуулахаар манай компанийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 391,1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг буюу 290 м.кв талбайг түрээслэхээр болж 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 02 тоот "Ажлын байрны түрээсийн гэрээ"-г сарын 1.000.000 төгрөгөөр тохиролцон 8 сарын хугацаатай байгуулсан.  Гэрээний хугацааг 2 жилээр буюу 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, дахин 6 сараар сунгасан. 2008 оны 01 дүгээр сараас "Морьтон монгол" ХХК-ийн захирал Р.Цолмон нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй  атлаа үйл ажиллагаагаа явуулж байсан ба төлбөрийг "төлж барагдуулах" тухай баталгааг удаа дараа бичин өгч байсан. 2009 оны 11 дүгээр сараас тэрээр холбогдохоо байсан ба түүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан эрэн сурвалжлуулж байсан. Түрээсийн үлдэгдэл төлбөр 22.400.000 төгрөгийг "Морьтон монгол" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Морьтон монгол" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн агуулгаас харахад “Морьтон Монгол” ХХК-ийн захирал байсан Р.Цолмон нь түрээсийн гэрээ байгуулан 2005 оноос хойш хамтран ажиллаж байсан юм байна. Түрээсийн гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэгтэй гэдгээ Р.Цолмон нь компанийн эрх шилжүүлэх үедээ огт хэлээгүй бөгөөд энэ үед хэрэв бусдад төлөх өр төлбөртэй. бусдаас авах авлагатай байсан бол Р.Цолмон өөрөө энэ бүгдийг хариуцах үүрэгтэй. Учир нь "Морьтон Монгол” ХХК-ийн эрхийг Д.Алтанцэцэгт 2010 онд шилжүүлэх үед ийм асуудал байгааг Р.Цолмон мэдэгдээгүй болно. Түүнчлэн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэхээс өмнөх өр төлбөрийн асуудлыг захирал асан Р.Цолмон өөрөө хариуцах, эрх шилжсэнээс хойших асуудлыг эрх шилжүүлэн авагч хариуцахаар гэрээгээр тохирсон байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1866 дугаар шийдвэр байх бөгөөд уг шийдвэрээр “Баянхангай Тур“ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээтэй холбоотой маргаанаа иргэн Р.Цолмонд хариуцуулан шийдвэрлэхээс бус “Морьтон Монгол” ХХК-д огт хамааралгүй асуудал гэж үзэж байгаа учир нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Цолмон нь "Морьтон монгол" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Зүүн ард Аюушийн 5 дугаар гудамжны 162 тоотод байрлах "Баянхангай тур" ХХК-ийн үйлдвэрийн барилгын 290 м.кв талбай бүхий ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан юм. Гэрээний 2.1-д зааснаар архины үйлдвэрийн зориулалтаар түрээсийн байрыг ашиглаж байв. Гэрээний 4.1-т түрээсийн гэрээг 2005 оны 3 дугаар сарын 01-нээс 2005 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл 6 сарын хугацаатай байгуулсан, түрээсийн төлбөр нэг сард 1.000.000 төгрөг байхаар тохирч cap тутам тухайн сарын 05-ны дотор бүрэн төлнө гэж байгаа боловч бодитойгоор cap бүр 1.700.000-2.500.000 төгрөг төлж байсан юм. Түрээсийн гэрээний хугацааг амаар тохиролцож сунгаж байсан ба Р.Должинсүрэн гэрээг цуцлах тухай 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01/05 тоот албан бичгээр мэдэгдсэнээр түрээсийн гэрээ цуцлагдсан юм. 2002-2009 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд гэрээтэй болон гэрээгүйгээр “Баянхангай тур” ХХК-д түрээсийн төлбөрт бүгд 141.200.000 төгрөг төлсөн. Засгийн газрын болон Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Багануур дүүрэгт 2007 оны 12 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд иргэд архинд хордсон эмгэнэлт хэрэг гарсантай холбогдуулан улс даяар архины үйлдвэр болон архитай холбогдсон бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагааг 2008 оны 01 дүгээр сараас түр хаасан. Үүнд манай компани хамрагдаж 2008 оны 01 дүгээр сараас 2008 оны 8 дугаар сарыг дуустал үйл ажиллагаа хаагдсан тул 2008 оны 01 дүгээр сараас 9 cap хүртэлх хугацааны /1.700.000 төгрөг х 9 cap/ нийт 15.300.000 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Үүнээс хойш буюу 2008 оны 9 дүгээр сараас 2009 оны 5 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөрийг төлсөн. 2002 оны 12 дугаар сараас 2009 оны 5 сарыг дуустал хугацаанд хэрэглээний ус, цахилгаан дулааны төлбөрийг жил бүр 15.000.000-20.000.000 төгрөгөөр 7 жилд нийт 105.000.000 төгрөг төлсөн байна. Хууль зөрчиж хийсэн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ гэрээг үндэслэн 22.400.000 төгрөг нэхэмжлэх эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу байрыг буцааж өгсөн тул хүчин төгөлдөр бус гэрээгээр төлсөн 54.410.000 төгрөгийг "Баянхангай тур" ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үүнээсээ татгалзаж байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 6995 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан, "Морьтон монгол" ХХК-аас 22.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Баянхангай тур" XXК-д олгож, хариуцагч Р.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Цолмон "Морьтон монгол" ХХК-ийн хооронд 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг түрээсийн гэрээний дагуу төлсөн 54.410.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч "Баянхангай тур" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.950 төгрөг, хариуцагч Р.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435.000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Морьтон монгол" ХХК-аас 269.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Баянхангай тур" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 765 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6995 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “дурдсугай” гэснийг “баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “57.1” гэсний өмнө “57 дугаар зүйлийн” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Морьтон монгол” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.20-ны өдрийн 765 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх жинхэнэ хариуцагчийг хариуцлагаас чөлөөлж, “Морьтон Монгол” ХХК- д үндэслэлгүйгээр төлбөр ногдуулсан нь “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, компанийн эрх ашигт хохирол учрууллаа. “Морьтон Монгол” ХХК-ийн захирал байсан Р.Цолмон нь өр төлбөртэй байсан гэдгээ компанийн эрх шилжүүлэх үедээ хэлээгүй бөгөөд гэрээнд зааснаар 2010 оноос өмнөх өр авлагын асуудлыг Цолмон, хойшхи асуудлыг Алтанцэцэг хариуцахаар болсон. Гэтэл маргааны зүйл болсон түрээсийн төлбөрийн асуудал нь 2005 оноос эхэлсэн байх тул түрээсийн гэрээтэй холбоотой маргаан нь “Морьтон Монгол” ХХК-д огт холбогдолгүй асуудал юм. Үйл баримт нь байсаар байтал түүнийг анхааралдаа авалгүй хууль бус шийдвэр гаргаад байгаад нь харамсаж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.20-ны өдрийн 765 дугаар магадлалыг хүчингүй болгож, компанид холбогдуулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч “Баянхангай тур” ХХК нь хариуцагч “Морьтон монгол” ХХК-с түрээсийн гэрээний үүрэгт 22.400.000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Цолмонг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ.

Хариуцагч “Морьтон монгол” ХХК нэхэмжлэлээс татгалзахдаа “...тус компанийн хувьцаа болон удирдах эрхийг 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Р.Цолмонгоос шилжүүлэн авсан, үүнээс өмнөх үйл ажиллагаанаас үүссэн өр төлбөрийг хариуцахгүй байхаар гэрээгээр тохиролцсон” гэжээ.

“Морьтон монгол” ХХК нь 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Баянхангай тур” ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 11 дүгээр xopoo, 6 дугаар бичил хороолол, 3-25 тоотод байрлах 391 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгаас 290 м.кв талбайг 8 сарын хугацаагаар түрээслэх, 1 сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг байхаар тохирсон ба гэрээний хугацааг 2 жил, 6 сараар тус тус сунгасан, энэ талаар маргаагүй байна /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/.

Зохигчид түрээсийн гэрээ байгуулсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т нийцжээ.

Гэрээний зүйл нь үйлдвэрийн барилгын нэг хэсэг тул түрээсийн гэрээг улсын бүртгэлд заавал бүртгүүлэх шаардлагагүй, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн өр авлага барагдуулах тухай актаар “Морьтон монгол” ХХК нь түрээсийн төлбөрт 22.400.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Р.Цолмон нь “Морьтон монгол” ХХК-ийн хувьцаа болон компанийн удирдах эрхээ Д.Алтанцэцэгт шилжүүлсэн хэдий ч энэ нь тухайн компанийн бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч Р.Цолмон нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд тэдгээрийг тухайн гэрээний талууд гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүргийг “Морьтон монгол” ХХК-с шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Р.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Р.Цолмон сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Уг алдааг давж заалдах шатны шүүх залруулахдаа “...сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан зохицуулалт нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тохиолдолд хамааралтай.

Р.Цолмон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохоос өмнө “Баянхангай тур” ХХК болон “Морьтон монгол” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний дагуу төлсөн 54.410.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлээс татгалзсан /хэргийн 33, 213 дугаар тал/ байхад шүүх “...сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” нь буруу.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд “Морьтон монгол ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд Р.Цолмонгийн гаргасан шаардлагыг “сөрөг нэхэмжлэл” гэж үзэхгүй болно.

Хариуцагч “Морьтон монгол” ХХК нь Р.Цолмонтой байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэл гаргахад энэхүү тогтоол саад болохгүй юм.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 765 дугаар магадлалын 1 дэх заалтын “тогтоох хэсгийн 2 дах заалтын “дурдсугай” гэснийг “баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “тогтоох хэсгийн 2 дах заалтыг хасч” гэж өөрчлөн, “нэмж” гэсний дараа “...хариуцагч Р.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж” гэснийг “хариуцагч Р.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан” гэснийг нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ