Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0996

 

 

 

 

 

 

 

 

    2023          12           20                                  128/ШШ2023/0996

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/161 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс анх 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/161 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/5756 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

      2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай компани 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г Ашигт малтмал, газрын тосны газартай гурван жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн А*******, А*******, Д*******, И*******, С******* сумдын нутагт газрын тосны эрлийн ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд бид БНХАУ-ын “Inner Мongolia Meng Heaoqi import and  export trade” компани /цаашид гадаад компани гэх/-тай 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” /цаашид хөрөнгө оруулах гэрээ гэх/-г байгуулсан. Хөрөнгө оруулах гэрээний 3.1.3 дахь заалтаар гадаад компани 800,000 ам долларын хөрөнгө оруулалтыг хийх, 3.1.2 дахь заалтаар гадаад компани уг хөрөнгө оруулалтыг дангаар эрлийн ажилд зарцуулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш гадаад компанийн төлөөлөгчид Монгол Улсад ирж эрлийн ажилд хяналт тавих, мэргэжлийн инженер ажиллуулах, санхүүжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр хичээсэн боловч Ковид-19 цар тахал, БНХАУ-ын хилээ хаах шийдвэрийн улмаас Монгол Улсад ирж эрлийн ажлыг санхүүжүүлэх боломжгүй байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2/4114, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/5529 дүгээр албан бичгээр эрлийн ажлын тайланг ирүүлэхийг, төлөвлөгөө төслийг батлуулахыг, гэрээний 3.4.10, 3.4.14-т заасан “жийп ангиллын, дизель хөдөлгүүртэй автомашин”, “Ашигт малтмал газрын тосны газрыг ажилтны сургалт, семинар, үзэсгэлэнд хамруулах зардлыг төлөхийг” тус тус манай компаниас шаардсан. Бид гадаад компанитай байгуулсан хөрөнгө оруулах гэрээг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулж өөрт учирсан давагдашгүй хүчин зүйлийн талаар тухай бүр тайлбарлаж гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу нэмэлт хугацаа тогтоож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газраас хүссэн. Гэсэн хэдий ч Ашигт малтмал, газрын тосны газар бидний хүсэлтийг хангахгүй орхиж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны А/161 дүгээр тушаалаар гэрээг цуцалсан. Гэрээ цуцлагдсанаар бид эрлийн ажил гүйцэтгэх, түүний дараагаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: Гэрээний 6.1, 6.2 дахь заалтуудыг хариуцагч буруу тайлбарлан хэрэглэж, гэрээ цуцлах нөхцөл байдал үүсээгүй, нэхэмжлэгч давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй болохыг хариуцагч шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй. Зөвхөн гэрээний заалтыг үндэслэж гэрээг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх” зарчмыг, 56 дугаар зүйлийн 56.4-т заасан захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байх шаардлагыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан 2021 оны 21/02 дугаар гэрээний үүргээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас биелүүлж чадаагүй болохыг тогтоож 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 02/192 дугаар давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг манай компанид олгосон.

Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж байсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШЗ2023/4337 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. Шүүгчийн захирамжийн дагуу бид урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргаж байна. Ашигт малтмал, газрын тосны газар хууль болон гэрээний заалтыг зөрчиж маргаан бүхий захиргааны актыг гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч Н.Ооос шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газартай эрлийн гэрээтэй холбоотой асуудлаар байнга албан бичиг, захидлаар харилцаж байсан. Сүүлд гэрээ цуцлагдахад давагдашгүй хүчин зүйлийн хязгаарлалттай хугацаанд манайтай байгуулсан гэрээний 3.4.10, 3.4.14 дэх заалтыг л нэхээд байсан юм. Шинэ машинаа өгөөч, манайх төлөөлөгчийн газар байгуулж байгаа гээд байсан юм. Эрлийн ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар энэ хоёр заалтыг эрлийн гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд нэг л удаа биелүүлэхээр зааж өгсөн байдаг. Тухайн үед үүнд юу гэж хариу албан бичиг өгч байсан бэ гэхээр манай эрлийн гэрээ 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан бөгөөд 3 жилийн хугацаатай буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл манай эрлийн гэрээ хүчин төгөлдөр байна, тийм учраас эрлийн гэрээ хүчин төгөлдөр байх хугацаандаа 3.4.10, 3.4.14 гэсэн хоёр заалтыг биелүүлээд, 3 жилийн дотор шинэ жийп ангиллын машин өгье гэсэн юм. Бид яаж шинэ жийп ангиллын машинаа өгөх вэ гэхээр 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бид хөрөнгө оруулагч компанитайгаа гэрээ хийсэн, энэ хүмүүс ирээд машины хөрөнгө санхүү, худалдаж авах хөрөнгийг шийдээд өгнө, тэгэхээр бид нар машинаа аваад эрлийн гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд өгье гэдэг хүсэлтээ удаа дараа илэрхийлж, албан бичгээр хариу өгч байсан. Түрүүнээс хойш гэрээний 3.4.10, 3.4.14 гэдэг заалтыг хэлж ярьж маргалаа. Нэгэнт энэ гэрээн дээр тусгагдсан байгаа учраас 3.4.10, 3.4.14 гэдэг хоёр заалтыг нэхэмжлэгч талаас биелүүлэхийг эсэргүүцээгүй. Гэрээнд нэгэнт тусгагдсан юм чинь биелүүлье, хамгийн гол нь цар тахлын дараа эдийн засаг сэргээд, гадна, дотно хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулж, нааш цаашаа явах боломж нээгдэж байгаа үед болно, ийм үед битгий нэхээч, гэрээ хүчин төгөлдөр байх хугацаандаа бид нар үүнийг өгье гэдэг байдлаа удаа дараа илэрхийлж байсан. Тэр битгий хэл 2023 оны эхний хоёр улиралд багтаагаад энэ хоёр заалтад заасан зүйлээ өгье, биелүүлье, тэртээ тэргүй 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хятад улс хилээ нээчхэж байна. Ингээд зорчигч, тээвэр, хүн хөдөлгөөн яваад эхлэхээр би ажлаа тайлагнаад үзүүлээд хөрөнгө оруулалтаа авчихсан бол энэ мөнгөнөөсөө би шийдэх бүрэн боломж, бололцоо байсан. Гэтэл энэ байдлыг харгалзаж үзэлгүйгээр гэрээг шууд цуцалсан.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас 106 дугаар тогтоолоор Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай гэсэн үндэсний хэмжээний бодлого баталсан. Энэ бодлогын нэгдүгээрт, ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг яаралтай авч мөрдөнө, энэ Шинэ сэргэлтийн бодлого баталсан тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа. Энэ бодлогын нэгдүгээр хавсралтаар 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бас баталсан юм. Энэ зорилтот хөтөлбөрийн 3 дугаар зүйлд заасан аж үйлдвэрлэлийн сэргэлт гэдэг бодлогын 3.3 дээр газрын тосны баталгаат нөөцийг өсгөж, олборлолтыг нэмэгдүүлэх замаар дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангана гэж байгаа. Өнөөдөр үндэсний хэмжээнд газрын тосны талбайд дандаа хятад компани олборлолт явуулдаг. Энд нэг монгол компани ажил хийх гээд зүтгээд байгаа, хөрөнгө оруулагч олоод, хэрвээ цаашдаа болохоор бол дотоодын компанийнхаа хөгжил сэргэлтэд яагаад ингэж хандаад байгааг их гайхаж байна. Хоёрдугаарт, гэрээг сунгасан компаниудын хувьд дандаа л гаднын хөрөнгө оруулалттай компаниудын гэрээг сунгасан, цар тахлын хугацааг нь нэмээд тооцчихсон. Гэрээний 6 дугаар зүйлд заасан давагдашгүй хүчин зүйл гэдгээр гаднын компаниудын гэрээг сунгасан байгаа. Дээрээс нь нэмээд Шинэ сэргэлтийн бодлого бол ойрын 10 жилд, Алсын хараа-2050 хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого буюу 30 жилийн хугацаанд баримтлах бодлогыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 52 дугаар тогтоолоор Улсын Их Хурлаас баталсан. Үүнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ Засгийн газраас дэмжье гээд байгаа. Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэж байгаа. 4.2.1-т нэмүү өртөг шингээсэн уул уурхай, стратегийн мега төслөөр боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэлийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ гэж байгаа. 4.2.16-д газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий эд, түүний дэд бүтцийн сүлжээ, нефть, химийн үйлдвэрийг барьж байгуулна, 4.2.18-д боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэлхийн брэнд болгон хөгжүүлнэ гэж байгаа.

Манай талбай бол урд өмнө нь гаднын хөрөнгө оруулалттай хийгдсэн геологи, инженер, техникийн ажил, судалгааны материал дээрээс харахад газрын тос байх бүрэн боломжтой талбай гэсэн дүгнэлт байдаг. Үүнийг Д.Ц мэргэжилтэн ч сайн мэдэж байгаа. Дээрээс нь энэ талбай бол Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэртэй тун ойрхон буюу 15 км-ийн зайтай ийм л талбай байгаа. Эрэл, хайгуулын ажил гэдэг бол тэр чигээрээ 100 хувь эрсдэл байдаг. Бид нар хайгуулын ажил хийгээд тостой болох юм бол хаа байсан 520 км-ийн цаанаас Дорнод аймгийн Матад сумаас тос зөөж байхаар хажууд нь тос олборлоод байх юм бол Монгол Улсын эдийн засагт, дээрээс нь дотоодын үндэсний компани гэдэг үүднээс энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж явахад чухал юм байна гэдгийг хэлж байгаа юм.

Мөн Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого батлах тухай гээд бодлогын баримт бичиг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас баталсан. Засгийн газрын 2018 оны 169 дүгээр тогтоолын хавсралтаар энэ баримт бичгийг баталсан. Үүний хоёрдугаарт бодлогын зорилт, зорилго гэж байгаа. 2.2.1-т газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх, 2.2.2-т газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 2.2.6-д газрын тосны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж хөгжүүлэх, 2.3.1-т газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, 2.3.1.2-т газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд төрийн захиргааны болон нутгийн захиргааны уялдаа холбоог сайжруулах, 2.3.1.5-д газрын тосны эрэл, хайгуулын ажил гүйцэтгэх хэтийн төлөвийг тодорхойлох гэсэн ийм зорилго, зорилтуудыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас дэвшүүлсэн. Манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа зорилго, зорилт ч гэсэн энэ зорилго, зорилттой бүрэн нийцэж байгаа. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бид нар бүрэн боломжтой гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа илэрхийлж байсан. Ер нь бол их, бага хэмжээ, үнийн дүндээ гол нь биш, гаднын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулагч олно гэдэг нь өнөө үед аж ахуйн нэгжүүдэд маш хүнд хэцүү байсан. Дэлхийн эдийн засаг ч гэсэн цар тахлын өмнөх байдлаас 5-8 дахин агшчихаад байдаг. Гаднын хөрөнгө оруулалт олж ирэх нь амаргүй байсан. Ашигт малтмал, газрын тосны газар маань уян хатан хандаж, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах болов уу гэсэн чинь харамсалтай нь тэгээгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүхээс бүрэн хангаж өгөөч гэж хүсэж байна” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан Энэ гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгчийн эрлийн ажил гүйцэтгэх, цаашлаад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн. Маргаан бүхий захиргааны акт нь дараах хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 6.1, 6.2 дахь заалтуудыг хариуцагч буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэрээ цуцлах нөхцөл байдал үүсээгүй, нэхэмжлэгч давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй болохыг хариуцагч шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан гэрээний үүргээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас биелүүлж чадаагүй болохыг тогтоож, 2023 оны 02/192 дугаартай давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг манай компанид олгосон байгаа. Үүнээс гадна Гадаад харилцааны яамны 2023 оны 10/2615 дугаар албан бичгээр БНХАУ-ын Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 28-аас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд хилийн боомтоор улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон гэдгийг тодорхойлж албан бичиг ирүүлсэн. Энэ үйл баримт өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт буюу дахин нотлох шаардлагагүй үйл баримт байсан. Ийм илэрхий үйл баримт байхад манайхыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн. Захиргааны гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл, хуулийн заалтаа захиргааны актынхаа үндэслэх хэсэгт зааж өгөөгүй. Зөвхөн агентлагийн даргын гаргаж байгаа шийдвэр нь ямар хэлбэртэй байх ёстой  юм тийм л хуулийн заалтыг нэгдүгээрт үндэслэсэн, хоёрдугаарт гэрээний заалтыг үндэслээд гэрээг цуцалсан байгаа. Ямар хуулийн заалтыг үндэслэж гэрээг цуцалж байгаа нь  тодорхойгүй. Үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-ийг зөрчсөн гэж үзэж байгаа. Гурав дахь үндэслэл нь энэ акт гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн энэ шаардлагыг хангахгүй байна. Эндээс хариуцагчийн 2022 оны 2/4114, 2022 оны 1/5641, 2022 оны 3/5529 дүгээр албан бичгүүдээр юуг шаардаж байсан юм бэ гэхээр хамгийн гол шаардаж байсан шаардлага нь Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3.4.10, 3.4.14-т заасан жийп ангиллын машин өг, манай ажилтныг сургалтад хамрагдах зардлыг гарга гэж шаардсан. Түүнээс биш танайх ажлаа эхлээч, 180 хоног чинь өнгөрөөд байна гэдэг асуудлыг урьдчилж тавихгүйгээр энэ албан бичгээр ерөөсөө дээрх хоёрыг л шаардаад байсан. Цаашлаад гэрээг цуцлахаас өмнөх албан бичигтээ дээрх хоёр заалтыг биелүүлснээс чинь шалтгаалаад гэрээг цуцлах уу, үгүй юу гэдэг асуудлыг шийднэ гэдэг байдлаар хариу өгсөн. Тэгэхээр эрлийн ажил гүйцэтгүүлэх гээд байгаа зорилгодоо биш, жийп машиныг авах, ажилтны сургалтын төлбөрийг авах зорилгоор л шаардлагаа тавьж байсан. Энэ шаардлагыг биелүүлэх боломжгүй байна, бид нарт давагдашгүй хүчин зүйл учирчхаад байна гэхээр тэгвэл танайхыг 180 хоногийн дотор эрлийн ажлаа гүйцэтгээгүй гэдэг үндэслэлээр гэрээг цуцална гэдэг байдлаар гэрээг цуцалсан байгаа. Тэгэхээр энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдал тохироогүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Шүүхийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэсэн ийм зохицуулалт байгаа учраас шүүх энэ захиргааны актыг зорилгодоо нийцсэн үү, үгүй юу гэдэг байдлыг нь шалгаад хүчингүй болгох боломжтой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Ямар хуульд үндэслэж, яаж энэ захиргааны акт гарах ёстой байсан бэ гэдэг дээр байр суурь, тайлбараа хэлье. Захиргааны ерөнхий хуулийн 58-р зүйлд Иргэний хуулийн зүйл, заалтыг авч хэрэглэх боломжтой гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр хариуцагч маань мэдэхгүй гэдгээ хэлсэн. Хуульд үндэслээгүй гэдгээ ч гэсэн хэлсэн. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлд үндэслэх ёстой байсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4-ийг үндэслэж энэ акт гарах ёстой байсан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4-т юу гэж заасан бэ гэхээр үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол бий болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн. Ерөнхийдөө Иргэний хуулийн 204 дүгээр зүйл бол гэрээнээс татгалзах зохицуулалтыг журамлаад байгаа юм. Тэгэхээр эрлийн ажлыг цуцлах гэрээний заалт буюу 5.4.1 ч гэсэн Иргэний хуулийн заалт дээр үндэслэж энэ гэрээнд орсон юм. Үүнийг хариуцагч мэдэхгүй байна. Хоёрдугаарт энэ захиргааны актыг гаргахдаа энэ зохицуулалтыг үндэслээгүй байгаа юм. Ийм учраас Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх ёстой, гэрээг үндэслэж гэрээг цуцалж болохгүй, заавал хуулийн заалтыг үндэслэж гэрээг цуцлах ёстой гэсэн зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Нотлох баримт шинжлэн судлах явцад ч, хариуцагчийн тайлбар хэлэх явцад ч машин шаардаад байгаа, сургалтын төлбөр шаардаад байгаа нь эрлийн ажлыг гүйцэтгэхтэй ямар ч хамаарал байхгүй. Ерөөсөө энэ хоёрыг өгчихвөл бид нар гэрээний хугацааг сунгах талаар бодож үзье гэдэг байдлаар албан бичиг нь ингэж ирээд байгаа нь нотлох баримт болон хариуцагчийн тайлбараар нотлогдлоо гэж үзэж байна. Эрлийн ажлыг бол үнэхээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй. Гэхдээ шаардсаных нь дагуу төлөвлөгөөгөө батлуулаад явж байсан. Хамгийн сүүлд хэрэгт авагдсан нотлох баримтаар ч гэсэн төлөвлөгөөгөө хүргүүлсэн байгаа нь Д.Цын гарын үсэгтэй, хүлээж авлаа гээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээж авсан нь нотлогдож байна. Нэгэнт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй байгаа учраас энэ нөхцөл байдалд нь тохирсон шийдвэрийг захиргааны байгууллага гаргах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл эсрэгээрээ машин шаардаад, мөнгө шаардаад байгаагаас харахад зорилгодоо нийцээгүй гэдэг нь давхар харагдаж байна гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ажлыг хийх ёсгүй байсан гэдэг тайлбарыг хэлж байна. Хэрвээ тийм байсан бол эрлийн ажил гүйцэтгэх гэрээндээ ямар нэгэн байдлаар өөр бусад этгээдтэй хамтарч энэ ажлыг гүйцэтгэхгүй гэдэг байдлаар энэ харилцааг хязгаарлах зохицуулалт оруулах ёстой байсан. Ийм зохицуулалт оруулаагүй, захиргааны гэрээгээрээ зөвшөөрсөн хэр нь энэ гэрээний дагуу бид нар нөхцөл байдлыг дүгнэхгүй гэдэг тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх дээр нотлох баримт шинжлэн судлахад машин тэрэг нэхсэн гэж нэхэмжлэгч талаас сая яриад байгаа нь гараад ирэх байх. Нэхэмжлэгч талаас шүүхэд үнэн, зөв тайлбар өгсөнгүй гэж би харж байна. Ямар вэ гэхээр энэ компани гэрээний Б-д заасан 180 хоногийн дотор ажлаа эхлүүлээгүй. Нэхэмжлэгч талаас ковид яриад байна. Ковид 2020 оны 01 дүгээр сард БНХАУ-д гарсан бөгөөд нийтэд илэрхий үйл баримт гэж өөрсдөө яриад байна. Гэрээг 2021 оны 05 дугаар сард байгуулсан. Гэрээг байгуулахдаа Б заалт дээрээ юу гэсэн бэ гэхээр сая өөрсдөө хэлэхдээ 09 дүгээр сард бид нар 800,000 долларын гэрээ байгуулсан гэж яриад байна. Б заалт дээрээ эхний жилд 50,000 долларын ажил л хийнэ гэж заасан. Энэ заалтыг өөрсдөө гаргаж өгсөн, төрийн захиргааны байгууллага гаргаж өгөөгүй. Нийт 3 жилийн хугацаанд буюу гэрээнд заасан хугацаанд 322,000 долларын ажил л хийнэ. Юун 800,000 доллар, үгүй шүү дээ. Эхний жил буюу 180 хоногт 50,000 долларын ажил хийнэ гэж байгаа. Тэгэхээр 09 дүгээр сард байгуулсан гэрээ үндэслэлгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр энэ гэрээг 05 дугаар сард байгуулсан. Өөрсдөө бид нар чадна гэж байгуулсан. Гэрээний 5.4.1-т юу гэж заасан бэ гэхээр 180 хоногийн дотор ажил хийж гүйцэтгэнэ гэж байгаа. Сая нэхэмжлэгч тал машин тэрэг ярьж байна, тэр албан бичгээ гаргаад ир, шүүхэд гаргаад өг. Удаа дараа хүсэлт өгсөн гээд байгаа нь одоо шүүхэд нотлох баримт шинжлэн судлахад гараад ирнэ. Нэхэмжлэгч компани ямар хүсэлт гаргадаг вэ гэхээр хугацаа нэмж тооцож өгөөч гэдэг. 2021 оны 05 дугаар сард байгуулсан 3 жилийн хугацаатай гэрээ одоо болтол дуусаагүй байгаа шүү дээ. Гэрээний хугацаа дуусаагүй байхад ямар хугацааг нэмж тооц гэж яриад байгаа юм бэ? Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч хугацаа нэмж тооцож өгөөч гэж яриад байна. Энэ ойлгомжгүй байна.

Түүнчлэн энэ компани 3.4.10, 3.4.14-ийг их ярьж байна. Цуцалсан тушаал дээр энэ заалт байхгүйг шүүх анхаарна биз. Гэрээнд заасан энэ заалт дээр бид нар ач холбогдол өгөхгүй байгаа. Үүнийг тэр компани хугацаандаа л өгнө үү гэхээс, хамаа байхгүй. Дээрээс нь нэмж хэлэхэд энэ мөнгөө өгчих л юм бол бид нар гэрээг чинь сунгана гэж төрийн захиргааны байгууллага яриагүй шүү. Өөр компаниудынхыг сунгаад байсан гэдгийг нэхэмжлэлийн үндэслэлдээ ч дурддаг, түрүүнд шүүгч ч асуусан, сая компанийн удирдлага өөрөө ч ярьж байна. Тэдгээр компаниудын 3 жилийн хугацаа нь дуусаад нэг дэх жилдээ, хоёр дахь жилдээ ажлаа хийчихсэн. Хэргийн материалд ч байгаа, 2018 онд олгогдсон компаниуд шүү дээ. Тэр үед ковид гараагүй байсан. Тэгээд сүүлийн жилд ажлаа хийх гэж байтал ковид гараад, тэрийг хүндэтгэн үзэх шалтгаантай байна гээд 6 сараар сунгасан. Тэгэхэд энэ компанийн 3 жилийн хугацаа дуусаагүй байхад сунгах асуудал яагаад яриад байгаа юм гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч компани эхний жилдээ гадаадаас хөрөнгө оруулалт аваад хийнэ гэж байгаа юм. Гэтэл В-д заасан ажил болох төлөвлөгөө зохиох, геологи хайгуулын судалгаа хийх, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хятад компани хийдэггүй, монгол компани хийдэг. Дээрээс нь соронзон судалгаа 35,000 доллар, бусад юмаа хийчихлээ, соронзон судалгааг хятадууд ирж хийх байсан юм гээд, ингээд бид нарт тайлан ирүүлээгүй. Мөн энэ дээр тунамал чулуулгийн дээж авна. Байгаль орчны нөхөн сэргээх зардал гэж байгаа. Эхний жилд хятадууд манай монголд байгаа археологи, палеонтологийг мэдэхгүй шүү дээ. Эдгээр ажлаа хийгээд, соронзон судалгаагаа бид нар хятадаар хийлгэх байсан чинь ковидоос болоод орж ирсэнгүй гэсэн тийм тайлан өгөөгүй. Тийм байж эхний жилдээ бид нар гэрээ байгуулсан гээд 800,000 доллар л яриад байх юм. 1, 2, 3 дахь жилдээ нийлээд ч энэ нь 800,000 доллар хүрэхгүй шүү дээ. В-д заалт нь байгаа. Дээрээс нь хэлэхэд эрлийн гэрээг байгуулахад компани материалаа бүрдүүлж өгдөг. Х******* эхний жилийн ажлаа хийж чадна гээд хөрөнгийн баталгаагаа бид нарт өөрсдөө гаргаж өгдөг. Үүний дагуу бид нар эрлийн ажил хийдэг. Түүнээс биш ямар ч мөнгөгүй компанид эрлийн ажил хийхгүй. Тэрийг шүүх ойлгож авч үзээрэй. Газрын тосны салбар нь өөрөө өртөг өндөртэй. Нэхэмжлэгч талаас сая бодлого л яриад байх шиг байна. Б хавсралт дээрээ энэ талбай нь 778,649 га талбайгаараа байгаа. Энэ том талбайг авчхаад өөрөө ч ажил хийдэггүй, бусдыг ч ажил хийлгэдэггүй байж төрийн бодлого, газрын тосны бодлого л яриад байна. Өөрсдөө хийж чадахгүй бол бусад компанидаа боломж олго л доо. Төрөөс гарах баримт бичиг нь аль чадаж байгаа компанид боломж олгоё л гэж байгаа шүү дээ. Зүгээр нэг авчихсан компанид боломж олгоё гэсэн зохицуулалт биш шүү гэдгийг шүүх анхаараасай. Дээрээс нь би юу ярих гэж байна вэ гэхээр дандаа гаднын хөрөнгө оруулалттай, хятадын хөрөнгө оруулалттай газрын тосны компани байхгүй шүү дээ. Макс байна, Мак байна, бүгд монгол. Үүнийг өөрөө ч мэдэж байгаа. Өөрсдөө 100 хувь хийж байгаа, дандаа гадаад гэсэн зүйл байхгүй. Хоёрдугаарт, Ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 11 дүгээр сард өгсөн гэж байна. Огноо л тийм болохоос биш, цуцалсны дараа хийсэн юм уу, өнөөдөр бид нар тэр баримтыг судлаагүй. Сая шүүгч асуугаад нэхэмжлэгч компани маргахаар л би хэллээ, үүнийг би ярьж байгаа юм. Түүнээс биш манайх үүнтэй маргаагүй байсан юм. Энэ компани 01 сард өгсөн, 11 сард дахиж өгсөн гэхээр 01 сарынхыгаа өгөөгүй юм чинь огноолсон л болохоос биш хэзээ өгсөн нь мэдэгдэхгүй байна. Үүнийг шүүхээс асуугаад нэхэмжлэгч тал ярьсан болохоор дурдаж байна” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. “эрэл” гэж тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлөвийг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажлыг” ойлгохоор хуульчилж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. “газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэх”-ээр заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон нэхэмжлэгч “Х” ХХК нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Эрлийн ажил гүйцэтгэх” 21/02 дугаар гэрээ байгуулагджээ.

3. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2. “дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.5. “хуульд өөрөөр заасан бусад харилцаанд” гэж зааснаар захиргааны гэрээ байна.

4. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4. “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1. “Компани нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор төлөвлөгөөт ажлаа эхлээгүй, хавсралт “В”-д заасан хугацаанд гүйцэтгээгүй бол Ашигт малтмал, газрын тосны газар гэрээг цуцална. Энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ” гэх хууль болон гэрээний заалтыг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/161 дүгээр тушаалын нэг дэх заалтаар Эрлийн гэрээний хавсралт “В”-д заагдсан ажлаа эхлүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Х” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 21/02 дугаар газрын тосны эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хоёр дахь заалтаар Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан талаар компанид албан бичгээр мэдэгдэж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газрын тос, бүтээгдэхүүний газарт даалгажээ.

5. Энэхүү тушаалыг нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий захиргааны актаар нэрлэж, “...эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тухайн цаг хугацаанд ковид-19 цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын хил нээгдээгүй байсан, үүнээс шалтгаалж хөрөнгө оруулагчийн оролцоотой гүйцэтгэх ажлыг хийж чадахгүй нөхцөл үүссэн, гэрээний нэмэлт хугацааг тооцуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-4-д заасан үндэслэлээр маргаж байна.

6. Маргаан бүхий тушаалаар цуцлагдсан гэрээний талууд болох нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Дорноговь аймгийн А*******, А*******, Д*******, И*******, С******* сумдын нутаг дэвсгэрт хавсралт “Б”-д заасан талбайд “Газрын тос”-ны эрлийн ажлыг гүйцэтгэх гэрээ 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гурван жилийн хугацаагаар байгуулагджээ.

7. Гэрээний 5.4-д “гэрээг 5.4.1-д заасан үндэслэлээр цуцлах”-аар, 5.4.1-д “Компани нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор төлөвлөгөөт ажлаа эхлээгүй, хавсралт “В”-д заасан хугацаанд гүйцэтгээгүй бол” гэж заажээ.  

8. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь гэрээ байгуулж гарын үсэг зурснаас хойш 180 хоногийн дотор ажлаа эхэлсэн эсэх, гэрээний хавсралтын В-д заасан хугацаанд үүргээ гүйцэтгэсэн эсэх гэсэн хоёр асуудалд анхаарал хандуулж, Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж заасны дагуу гэрээг тайлбарлах /Иргэний хуулийн 198 дугаар зүйл/ ерөнхий зарчмын хүрээнд маргаан бүхий тушаалд туссан “эрлийн гэрээний хавсралт В-д заагдсан ажлаа эхлүүлээгүй” гэдгийг үзэхдээ,

8.1. Дорноговь аймгийн Араг, А*******, Д*******, Их хэт, С******* сумдын нутагт орших “21/02” тоот гэрээт эрэл, хайгуулын талбайд 2021 онд хийж гүйцэтгэх “Уламжлалт газрын тос”-ны эрэл хайгуулын ажлын төлөвлөгөө төсвийг боловсруулсны эцэст Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б.С*******, “Х” ХХК-ийн захирал Н.О нарын баталснаар Газрын тосны хайгуулын хэлтсийн мэргэжилтэн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээж авсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолж гэрээт талбайд 2 дахь жилдээ хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг гаргаж хүргүүлснийг “2 хувь төлөвлөгөө хүлээж авав Д.Ц” гэж хүлээж авсан.

8.2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь БНХАУ-ын нэр бүхий хуулийн этгээд /“Inner Mongolia meng heeaoqi import and export trade”-тэй 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай” 2021/09-01 дүгээр гэрээ байгуулж, гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар, Эрлийн ажил гүйцэтгэх 21/02 дугаар гэрээний газрын тосны хайгуулын ажлын эхний ээлжийн төлбөрийг БНХАУ-ын нэр бүхий хуулийн этгээд /Б тал/ дангаар гаргаж хамтран ажиллахаар тохирсон байсан.

9. Эдгээрээс, Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3. “...уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын жилийн төлөвлөгөө, төсвийг батлах” гэж заасныг нэхэмжлэгч хуулийн этгээд хэрэгжүүлж, “Эрлийн ажил гүйцэтгэх” 21/02 дугаар гэрээний хавсралт В-д заагдсан ажлаа эхэлсэн энэ нь “гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоног” гэх хугацааны дотор байсан гэж үзэхээр байна.

10. Харин гэрээний хавсралт В-д зааснаар төлөвлөгөөт хугацаанд ажлаа гүйцэтгэж чадаагүй байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр, энэ нь хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдож байна.

10.1. Нэхэмжлэгчээс эрлийн ажил гүйцэтгэх талбайд ажиллах хөрөнгө оруулагч, гадаад мэргэжилтнүүд Монгол Улсад ирж чадахгүй шалтгаан байгааг зааж, гэрээний хугацааг сунгуулахаар захиргаанд энэ талаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/18 дугаар албан бичгээр мэдэгдсэн, энэхүү 2022/18 дугаар албан бичгийн хариуг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3/5529 дүгээр албан бичгээр: “...танай компани 2 дахь жилийн төлөвлөгөө, төсвийг батлуулаагүй талаар дурдаж, ...эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.10, 3.4.14 дэх заалтыг яаралтай хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэж, ... гэрээний хэрэгжилтийн биелэлтээс шалтгаалж хугацаа нэмж тооцох эсэхийг шийдвэрлэх” талаарх хариуг нэхэмжлэгч “Х ХХК-д хүргүүлсэн.

10.2. Худалдаа, аж үйлдвэр танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасны дагуу Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл”-ийн 02/192 дугаар гэрчилгээгээр:  “Х*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газартай 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 21/02 дугаартай эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор БНХАУ-ын хуулийн этгээд болох “I******* Co.Ltd-тэй 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2021/09-01 дугаартай “Хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай” гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний хэрэгжилтийн явцад Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37 дугаар “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай,” 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолоор Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг, 2020 оны 1102, 147, 31, 70,103, 159 дүгээр  тогтоол, хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зогсоосон байна. Мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны 239, 77, 121,155 дугаар тогтоолоор хилийн бүх боомтуудаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 177 дугаар тогтоолоор хилийн авто зам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан”, Монгол-Хятадын хилийн авто замын “Замын-Үүд”, Монгол-Оросын хилийн авто замын “Алтанбулаг” боомтоос бусад боомтод 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 260 дугаар тогтоолоор 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус сунгасан байх тул “Х*******” ХХК гэрээний үүргээ гүйцэтгэх явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэх үндэслэлтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болох”-ыг тогтоож өгсөн.

10.3. Гадаад харилцааны яамны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/2615 дугаар албан бичгээр: “Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд хилийн боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Хилийн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөн  2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлын улмаас хятадын талын шийдвэрээр түр зогссон бөгөөд үүнээс бусад хугацаанд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зохицуулалтын хүрээнд хязгаарлалттай явагдсан” гэж “Х*******” ХХК-д хариу өгсөн.

11. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан Эрлийн ажил гүйцэтгэх 21/02 дугаар гэрээний 3.4-д “Компанийн хүлээх үүрэг”-ийг зааж, 3.4.10. “Компани энэхүү гэрээний 3.1.3-т заасан АМГТГ-аас томилогдсон мэргэжилтний ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах 1 ширхэг автомашиныг /жийп ангиллын туулах чадвар сайтай, шинэ, дизель хөдөлгүүртэй /-ыг худалдан авч АМГТГ-т буцалтгүйгээр өгнө”, 3.4.14. “Ашигт малтмал, газрын тосны газрын 1-ээс доошгүй мэргэжилтнийг 2 хүртэл сарын хугацаагаар сургалт, семинар, үзэсгэлэнд хамруулах бөгөөд холбогдон гарах бүх зардлыг хариуцна” гэжээ.

11.1. Маргаан бүхий тушаалд “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэдэг үндэслэл бичигдэж, хариуцагч захиргааны байгууллагаас “эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.10, 3.4.14 дэх заалтыг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй” тайлбарыг ирүүлдэг боловч Эрлийн ажил гүйцэтгэх 21/02 дугаар гэрээний 3.4.1-ээс 3.4.14-т заасан үүргээс аль үүргийг биелүүлээгүй вэ гэдгийг тушаалын үндэслэлд тодорхой заагаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлийг тогтоосон баримт байхгүй байна.

12. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан Эрлийн ажил гүйцэтгэх 21/02 дугаар гэрээний 6.1-д “гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардагдах хугацааг нэмж тооцуулж” болохоор, 6.2-д “давагдашгүй хүчин зүйл нь арилаагүй тохиолдолд энэхүү гэрээг биелүүлээгүй гэж үзэхгүй” гэж заасныг маргаан бүхий энэ тохиолдолд хэрхэн үзсэн нь тодорхой бус, хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан тушаалын үндэслэл тодорхой бус, Гэрээний 3.1.1, 3.1.2-д зааснаар гэрээний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсан болох нь тодорхой бус зэргээс маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. “захиргааны актын агуулга ...тодорхой байх”, 56 дугаар зүйлийн 56.4. “Захиргааны гэрээ цуцлах үндэслэл тодорхой байх...” заалтад нийцээгүй байна.

13. Үүгээрээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчиж гарсан талаарх тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болсон байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15 дугаар зүйлийн 15.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/161 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    У.БАДАМСҮРЭН