Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 0695

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

улсын яллагч: А.Сайнбаяр

хохирогч :Г.Ч

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Х.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Х Б холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706020640202 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Х Б, 1972  оны 3 дугаар сарын 24-ний өдөр  Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд  боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,   ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн  хамт  Баянзүрх  дүүргийн   дүгээр хороо Цэргийн хотхоны   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:СЮ72032410,

Холбогдсон хэргийн талаар:

           Х.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цайз караокед Г.Ч маргалдаж улмаар  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Х.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж тайлбарлах зүйлгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

         Хохирогч Г.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би Цайзад байдаг караокед найзтайгаа сууж байсан. Энэ ахтай нэг ч үг солиогүй. Уг нь манай найзтай муудалцсан юм байна лээ. Би тайзны голд найзтайгаа дуу дуулж байтал хажууд хүн ирэх шиг болсон. Тэгээд би толгой руугаа шилээр цохиулж миний толгой хагалсан. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. Би хэнд цохиулснаа мэдээгүй. Миний толгой руу цохисон хүн зэргэлдээ ширээнд сууж байсан ах байсан. Миний толгойд 4 оёдол тависан. Би толгойны зураг авахуулсан, эмчилгээндээ эм авсан ба эдгээр баримтуудаа байцаагчид өгсөн. Б миний хохиролд 500.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй, одоо миний эрүүл мэндийн байдал зүгээр гэв.

        Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө би цайз караоке бааранд ганцаараа орж 2 лааз 0.5 литрийн пиво авч уусан  Пиво уухаас өмнө би гэртээ ганцаараа архи уучихсан байсан тул бааранд орж пиво уугаад нилээн согтсон байсан. Би бааранд сууж байхад цагдаа нар ирээд явнаа гээд авч явсан. Би яагаад эрүүлжүүлэх байранд ирсэнээ сайн мэдэхгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 08/

          Хохирогч Г.Ч  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Өчигдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө 01.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Цайз караоке бааранд найз Т хамт сууж байгаад Т зогсоод дуулж байтал хажуугаар нь өнгөрч явсан залуу мөрлөөд гарчихлаа гээд надад хэлэхээр нь би зүгээр орхио яах юм бэ гэж хэлсэн. Ингээд Т зааланд ахин дуулахаар явсан. Удалгүй би араас нь харахад нэг залуу Т хүзүүгээр нь гараараа уургалчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод болио яах гэж байгаа юм бэ гэхэд барьцалдаад салахгүй байж байхад хажуу ширээн дээр сууж байсан хүмүүс ирээд бид нарыг салгасан. Ингээд Т бид 2 салаад жаахан наашлаад зогсож байтал Т толгойг уургалсан байсан хүн шууд ирээд миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд нөгөө хүн надтай зууралдаад намайг булангийн ширээнд шахаж байгаад уг ширээн дээр байсан пивоны шилээр миний толгой руу цохичихсон. Намайг толгойгоо дараад доошоо сууж байхад дээрээс өшиглөөд байсан. Тэр залуу намайг хэсэг зодож байгаад салаад явахаар нь би босоод ирэхэд намайг зодсон хүн гараад явчихсан байсан. Намайг зодож байх хооронд ресепшн гаднаас ороод ирсэн. Ямар учир шалтгаанаас намайг зодсоныг мэдэхгүй байна. Т барьцалдаад байхаар нь би очоод салгасны дараа та 2 надруу дайрлаа гэх мэтчилэн юм яриад байхаар нь би холдоод очоод зогсож байхад ирээд зодсон.  /хх-н 4-7/

         Х.Б  мөрдөн байцаалтад  гэрчээр 3 удаа мэдүүлэг авсан баримт: 2017 оны 09 сарын 22-ны шөнө би Цайз караоке бааранд ганцаараа орж 2 лааз 0.5 литрийн пиво авч уусан. Пиво уухаас өмнө би гэртээ ганцаараа архи уучихсан байсан тул бааранд орж пиво уугаад нилээн согтсон байсан. Би бааранд нэг ширээн дээр сууж байхад цагдаа нар намайг дуудаад явнаа гэж хэлээд би эрүүлжүүлэхэд байранд ирж хоносон. Одоо санахад ширээн дээр сууж байхад нэг залуутай санаандгүй шүргэсэн гэтэл уг ширээн дээр байсан 3-н залуугийн нэг нь надруу агсраад байсан тэгэхээр нь нь би гомдол гаргаж өгсөн Ч гэх залууг нэг удаа цохисон санагдаж байгаа юм яг хаана цохисоноо санахгүй байна. Тэгээд би бие засчихаад ороод ирэхэд 2 цагдаа ороод ирсэн байсан. /хх-ийн 8-11/         

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох т огтоол /хх-н 11/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12069  Дүгнэлтэд:

         1.Г.Ч биед духанд шарх, дээд уруулд язрал, зүүн талын завьжинд язрал, тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ./хх-ийн 13/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  14-15/

          Г.Ч КТГ-д харуулсан шинжилгээний хариу /хх-н 16-19/

          Х.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33-34/

    Х.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н  28-31, 35-36,/,

    Х.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 22,/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н  37/ зэрэг болно.          

             Х.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цайз караокед Г.Ч маргалдаж улмаар  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна Үүнд:          

          Г.Ч биед духанд шарх, дээд уруулд язрал, зүүн талын завьжинд язрал, тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12069   тоот дүгнэлт /хх-н 13/

          Хохирогч Г.Ч мөрдөн байцаалтад  өгсөн ...би араас нь харахад нэг залуу Төгсжаргалыг хүзүүгээр нь гараараа уургалчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод болио яах гэж байгаа юм бэ гэхэд барьцалдаад салахгүй байж байхад хажуу ширээн дээр сууж байсан хүмүүс ирээд бид нарыг салгасан. Ингээд Т бид 2 салаад жаахан наашлаад зогсож байтал Т толгойг уургалсан байсан хүн шууд ирээд миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд нөгөө хүн надтай зууралдаад намайг булангийн ширээнд шахаж байгаад уг ширээн дээр байсан пивоны шилээр миний толгой руу цохичихсон. Намайг толгойгоо дараад доошоо сууж байхад дээрээс өшиглөөд байсан. Тэр залуу намайг хэсэг зодож байгаад салаад явахаар нь би босоод ирэхэд намайг зодсон хүн гараад явчихсан байсан. Намайг зодож байх хооронд ресепшн гаднаас ороод ирсэн. Ямар учир шалтгаанаас намайг зодсоныг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-н 4-7/

         Х.Б   мөрдөн байцаалтад өгсөн … Пиво уухаас өмнө би гэртээ ганцаараа архи уучихсан байсан тул бааранд орж пиво уугаад нилээн согтсон байсан. Би бааранд нэг ширээн дээр сууж байхад цагдаа нар намайг дуудаад явнаа гэж хэлээд би эрүүлжүүлэхэд байранд ирж хоносон. Одоо санахад ширээн дээр сууж байхад нэг залуутай санаандгүй шүргэсэн гэтэл уг ширээн дээр байсан 3-н залуугийн нэг нь над руу агсраад байсан тэгэхээр нь нь би гомдол гаргаж өгсөн Ч гэх залууг нэг удаа цохисон санагдаж байгаа яг хаана цохисоноо санахгүй байна гэсэн мэдүүлэг  хх-ийн 8-11 зэрэг болно.

     Шүүгдэгч Х.Б ямарч шалтгаангүйгээр Г.Ч шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдсон. Х.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Х.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Х.Б нь  цагдан хоригдсон хоноггүй болно.

          Хохирогч Г.Ч эмчилгээний зардалд 500.000 төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Х Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б  нь торгох ялыг  7 /долоо/ хоногийн  дотор төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Боржигон овогт Х Б  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.  Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Х.Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах, гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН