| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2019/02393/И |
| Дугаар | 233 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 233
Б.С- нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/03059 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.С- нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Д-д холбогдох,
Худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдолд 23 916 800 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Д
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Э нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С- миний бие Р.Д-ын цахим хаягт тавигдсан автомашин зарах тухай зар болон зарах гэж байгаа автомашины фото зураг, танилцуулгыг үзэж, түүнтэй холбогдон, Япон Улсаас оруулж ирсэн мөнгөлөг өнгөтэй, “Лексус GS450Н” маркийн 3450 сс хөдөлгүүртэй, GWL10-6008242 арлын дугаартай суудлын автомашиныг худалдан авахаар сонирхож байгаагаа хэлсэн. Тухайн үед уг автомашин нь Монгол Улсын хилээр дөнгөж орж ирээд, гааль дээр байсан бөгөөд, худалдагч уг автомашиныг бичиг баримт бүрэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй, Япон Улсад унаж хэрэглэгдэж байсан учир шууд асаагаад унах боломжтой, авахдаа асааж шалгаж ачуулдаг, байнга автомашин оруулж ирж зардаг учир бүх автомашин ийм байдлаар ирж зарагддаг, энэ бүр сайн автомашин гэсэн тул итгэж худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед гааль дээр байгаа учир үзэж шалгахын тулд заавал гааль, татвар төлж байж контейнерээс авч үзэх хэрэгтэй гэсэн тул эхлээд 7 000 000 төгрөгийн гааль, тээврийн зардлыг би төлж, автомашиныг гаалиас авч асаах гэхэд хүйтний улиралд хол газар тээвэрлэгдсэн царцуу байгаа, дулаан газар оруулж хонуулаад асаа, харин гэрээгээ хийгээд автомашинаа аваад яв гэж худалдагч талын шаардсаны дагуу автомашиныг гаалиас ачиж яваад, дулаан гараашд хонуулаад, 2019 оны 01 сарын 23-ны өдөр гэрээ байгуулан, үлдэгдэл 18 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь автомашинаа асаах гэхэд асахгүй байсан учир Р.Д- руу залгаж, хэлэхэд мотор кропны тос маслыг нь солиод шууд асна гэсэн. Тос маслыг нь солиод дулаан гараашд байлгаж байгаад асаах гэхэд машин асахгүй, худалдагч талтай дахиад холбоо барихад том асуудал байхгүй, санаа зоволтгүй, баттерей нь суусан байх. Дуудлагын засвар дуудаад үзүүлээтхээч гээд өөрөө ирээгүй. Бид наймаагаа буцаая гэхэд гэмтэл эвдрэл байхгүй, яаж ийгээд асаачих, зардлыг нь өгнө гээд, үүнээс хойш өвчтэй байна гэх зэргээр худлаа үнэн яриад алга болсон. Бид автомашиныг эхлээд хувь хүний засварын газарт арай гэж асаалгасан боловч огт явахгүй байсан. Тэндээс том засварын газарт үзүүл гэсний дагуу Хан-Уул дүүрэгт байрлах Дельта авто засварын газарт оношлуулахад мотор эвдэрхий, ашиглах боломжгүй гэсэн. Энэ асуудлаар Р.Д-тай холбоо барихад ямар ч байсан асаагаад жигдрүүлчих, зардал мөнгийг нь шийдье гэсэн. Ингээд Япон Улс руу моторыг захиж авчруулан, угсруулах үед засварын газрын хүмүүс уг автомашиныг осолд орж, кузов нь мурийсан, радиатор эвдэрхий, явах эд анги эвдрэл, элэгдэл ихтэй, энэ байгаа байдлаараа ашиглах боломжгүй гэсэн онош тавьсан. Би энэ автомашины үнэд төлсөн 25 500 000 төгрөгөөс гадна автомашиныг гаалиас авсан цагаас өнөөдрийг хүртэл эвдрэл гэмтлийг оношлуулах, засварлуулах, мотор бусад шаардлагатай сэлбэг хэрэгсэл авах, кузов засвар хийлгэх зэрэгт нийт 15 280 800 төгрөг зарцуулаад байгаа ба цаашид мэргэжлийн байгууллагын тавьсан оношлогооны дагуу явах эд анги бусад засварт 8 636 000 төгрөг шаардлагатай болоод байна. Р.Д-д авсан цагаасаа энэ асуудлыг хэлж мэдэгдэж байсан боловч арга хэмжээ авалгүй, хэл сураггүй алга болсон. Фэйсбүүк хуудаст зар тавихдаа автомашиныг 40 000 000 төгрөг гэсэн байсан. 01 сарын 20, 21-нд автомашиныг үзэхээр ярилцсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн нөхөр Ц.Бямбадорж болон хариуцагчийн ах Р.Дэмбэрэлням нар хоорондоо ярилцаж, амаар тохирсон байдаг. 01 сарын 22-ны өдөр автомашиныг гэсгээхэд радиатор хагарсан, ус гоожоод эхэлсэн байсан. Наймаагаа буцаая гээд Ц.Бямбадоржийг хэлэхээр 01 сарын 23-ны өглөө Р.Дэмбэрэлням нь автомашиныг 25 500 000 төгрөг болгож багасгая гэсэн байдаг. Түүнийг нь автомашины гэмтлийн улмаас хямдруулж байна гэж үзсэн. Ингээд нэхэмжлэгчийн нөхөр “Акуа” автомашинаа 10 000 000 төгрөгт тооцож өгөхөөр болж, худалдан авсан. Автомашиныг Б.С- хүлээж аваагүй. Уг автомашин нь үнэлгээгүй, хөдөлгөөнд оролцох шаардлага хангаагүй. Худалдагч тал Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан чанарын шаардлага хангасан автомашин хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээнд зааснаар акт үйлдэн, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Зориулалтаар нь ашиглах боломжгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн учраас гарсан хохирлоо шаардах эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С- болон түүний нөхөр Ц.Бямбадорж нар тус автомашиныг худалдан авахдаа харилцан тохиролцож, автомашины засвар үйлчилгээний мөнгийг хасаж тооцон, худалдаж авсан. Худалдан авахдаа хэд хэдэн засвар оношилгооны газраар оношлуулж авсан. Тус автомашины зах зээлийн үнэлгээ 55 000 000 – 60 000 000 төгрөг байдаг. Гэтэл уг автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд засварын мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал 7 000 000 гаруй төгрөгийг гаалийн татварт, 18 000 000 орчим төгрөгийг миний ах Р.Дэмбэрэлнямын дансанд, үлдсэн дүнд “Тоёота акуа” автомашин оруулж төлсөн. Гаалиар автомашин орж ирэхдээ 1, 2, 3 гэсэн үнэлгээ өгдөг. 50 000 000 төгрөгийн автомашиныг 40 000 000 төгрөгт зарахаар тохирсон. Мөн “Акуа” автомашиныг нь нэмж тооцоод хоорондоо тохиролцож наймаалцсан. Нэхэмжлэгч тал автомашины доголдлын талаар мэдсээр байж худалдаж авсан. Гэрээг Б.С-, Р.Д- нар хийсэн ч, гэрээний дагуу төлбөр хариуцагч Р.Д-д шилжиж ороогүй, бодитоор автомашиныг Р.Д- биш, харин түүний ах Р.Дэмбэрэлням зарсан харагдаж байна. Гибрид оношлогоо 01 сарын 22-ны өдөр 100 000 төгрөгөөр оношлуулаад авсан байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар доголдлын талаар худалдан авагч тал мэдэж байсан. Мэдээд буцаах санал тавьсан учраас хохирол шаардах эрхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Д-аас 11 399 300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 11 753 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 534 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 197 338 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэж нотлох баримтыг үнэлээгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь уг автомашины байдлыг бүгдийг нь мэдсээр байж авсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэг болон тайлбартаа дурдсан байдаг. Мөн нэхэмжлэгч нь бодитоор надад автомашиныг хүлээлгэж өгөөгүй гэж маргасан байдаг. Бодитоор нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдээгүй. Гэтэл нэхэмжлэгч нь автомашины хохирлыг Р.Д- надаас шаардаж байна. Миний бие автомашин зарахад зуучилсан бодитоор уг наймаа нь гэрч Р.Дэмбэрэлням, Ц.Бямбадорж нарын хооронд хийгдсэн. Энэ талаар талууд шүүх хуралдаанд хангалттай тайлбарлан хэлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь автомашины үнэд “Акуа” автомашиныг оролцуулан авсан. Гэтэл уг автомашиныг тусдаа зарсан, дахин зарга үүсгэсэн байдаг. Нэхэмжлэгч болон Ц.Бямбадорж нар нь шүүхэд худал тайлбар мэдүүлэг өгч залилан мэхлэх ажиллагаа хийж байна. Миний бие энэ талаар эрүүгийн цагдаад гомдол гаргаж шалгуулна гэж бодож байна. Нэхэмжлэгч талын гэрч Ц.Бямбадорж, Р.Дэмбэрэлням нарын цахим хаягт үзлэг хийлгүүлэх хүсэлтийг хязгаартай хийж, хариуцагч миний эрх ашгийг зөрчсөн. Шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын эрхийг тэнцвэртэй хангаагүй, хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч Р.Д-д холбогдуулан худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдолд 23 916 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2019 оны 01 сарын 23-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Р.Д- нь Япон Улсаас оруулж ирсэн, мөнгөлөг өнгөтэй “Лексус GS450Н” маркийн 3450сс хөдөлгүүртэй, GWL10-6008242 арлын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгч Б.С-д 10 000 000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь 2019 оны 01 сарын 23-ны өдөр автомашины төлбөрийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 4-р тал/
Талуудын байгуулсан гэрээнд автомашиныг 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч Б.С- болон түүний нөхөр Ц.Бямбадорж нар нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр 7 000 000 төгрөгийг гааль татварын зардалд, 2019 оны 01 сарын 23-ны өдөр 18 500 000 төгрөгийг Хаан банкны дансаар тус тус төлж, “Тоёота акуа” маркийн автомашиныг 10 000 000 төгрөгт тооцон, хариуцагч Р.Д-д өгчээ. Энэхүү үйл баримт нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Капитрон банкны орлогын мэдүүлэг, “ ... гааль, татварын мөнгө 7 000 000 төгрөг, данс руу 18 500 000 төгрөг шилжүүлж, түүн дээр “Тоёота акуа” маркийн автомашин нэмж өгсөн ...” гэх хариуцагч Р.Д-ын тайлбар, “ ... 7 012 000 төгрөгийг гааль дээр, 18 500 000 төгрөгийг Б.С-ос авсан, мөн “Тоёота акуа” маркийн автомашиныг 10 000 000 төгрөгт бодож авсан ...” гэх гэрч Р.Дэмбэрэлнямын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 39, 43, 116-р тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.
Гэрээний зүйл болох автомашины мотор эвдэрхий байсны улмаас ашиглах боломжгүй байсан болох нь “Делта” автосервис засварын газрын оношлогоогоор тогтоогдсон байна. Түүнчлэн, тээврийн хэрэгслийг хүлээж авах үед хөдлөх эд анги нь ажиллагаатай байсан гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй, энэхүү нөхцөл байдал нь “ ... автомашины доголдлын талаар мэдээгүй, гаалиас аваад асаах гэхэд худалдагч тал дулаан газар хонуулаад асаа гэж хэлсний дагуу хонуулаад асаах гэхэд асаагүй, авто засварын газар оношлуулснаар доголдол илэрсэн ...” гэх нэхэмжлэгч талын тайлбар болон гэрч Ц.Бямбадоржийн мэдүүлгээр няцаагдаж байна. /хх-ийн 115-р тал/
Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл нь автомашин буюу тээврийн хэрэгсэл байх бөгөөд тээврийн хэрэгсэл гэдэг нь хүн болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий хөдөлгөх хүчний мотортой тэрэг, дугуй болон чирэгч ачааны машиныг хэлнэ. Нэгэнт хариуцагч Р.Д-ын худалдсан автомашины мотор эвдрэлтэй байсан тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С- нь уг доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй юм.
Иймд моторын үнэ, тээврийн хөлсөнд 7 740 800 төгрөг, оношилгооны зардал болон, мотор, явах эд анги засварласны төлбөрт 2 240 000 төгрөг, радиатор засахад 450 000 төгрөг, мотор солиход гарсан зардал 750 000 төгрөг, моторын тос, тосолын үнэ 218 500 төгрөг, нийт 11 399 300 төгрөгийг хариуцагч Р.Д-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Дээр дурдсан талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд мотор нь ажилдаггүй, хөдлөх боломжгүй тээврийн хэрэгсэл гэдгийг нэхэмжлэгч Б.С- мэдэж, хүлээн зөвшөөрч худалдан авсан гэж үзэх боломжгүй байна. Иймд эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул шаардах эрхээ алдсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо бодитоор нэхэмжлэгч, хариуцагч нар хэлцэл хийгээгүй, автомашин худалдах, худалдан авах гэрээг Р.Дэмбэрэлням, Ц.Бямбадорж нар байгуулсан гэх боловч нэхэмжлэгч Б.С-, хариуцагч Р.Д- нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гэрээ байгуулсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах болно.
Харин анхан шатны шүүх хариуцагч Р.Дарханямаас 11 399 300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/03059 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “... 11 753 000 ...” гэснийг “12 517 500” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ