Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 0699

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

улсын яллагч: Э.Ундраххэрлэн

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Х

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Я.Д  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Я Д холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706008260152 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт Я Д, 19  оны 01 дүгээр сарын 06-ны өдөр  Говь-Алтай аймгийн Цээл суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бага   боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,   ам бүл 2, эхнэрийн хамт  аймгийн Зуунмод сумын Баянхошуу  дугаар багийн   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:МЬ52010612/

Холбогдсон хэргийн талаар:

           Я.Д нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны орой 21.30 минутын орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо Улиастайн амны   гэдэг газарт үхэрт явж байсан  настай Т.Т чоно, золбин нохой гэж андууран буудаж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Я.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж тайлбар өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би хоёр хүүгээ хоёр бяруугаа туугаад ир гээд явуулсан чинь удалгүй дүү нь ирээд Д гуай ахыг буудчихлаа гэсэн. Бид хүүгээ госпиталд үзүүлж, хэвтэн эмчлүүлсэн. Эмч нар үзээд гадна талдаа шархтай, сум нэвт гараад явсан байна гэсэн. Дотор нь сумны дарь тугалаг байгаа тул оёдол тавихгүй гэсэн. Одоо гаднах хоёр шарх бараг идгэрсэн. Булчин нь өвдөөд байна гээд физик эмчилгээ хийлгэж байгаа. Хүү маань хичээлдээ явж чадахгүй тул хичээлээсээ хоцорсон. Гэрийн багш авч хичээл заалгасан. Миний хүү Баянзүрх дүүргийн  дугаар сургуулийн   дугаар ангид сурдаг. Би цаашид физик эмчилгээг хийлгэнэ. Гэрийн багшийн төлбөрийг авна. Хүүгийн хөл гишгэхгүй удахаар ч тэр юм уу жоохон гишгэхээр булчин нь өвдөөд байна гэсэн. Одоо хичээлд нь явуулах гэхээр догонцож явж байхад нь хүүхэд түлхэж унагаагаад гэмтлийг нь сэдрээчих байх гэж айгаад байгаа тул одоо хүүхэд гэртээ байгаа гэв.

        Шүүгдэгч Я.Д   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2016 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн  дугаар хороо Улиастай  хошуу гэх газарт хөгшний хамт нүүж очоод хэдэн үхэр маллаж байсан юм. Манай гэрийн ойр хавиар чоно, золбин нохой ихтэй 2016 онд очоод нэлээн олон бог малаа алдаж байсан юм. Тэгээд сүүлдээ бог малаа хэдэн үхэр болгож авсан юм. 2017 оны 7 дугаар сарын 20-ны орой гэртээ байж байхад манай нохой хуцаад тэлүүлээд байхаар нь нөгөө л чоно нохой явж байгаа юм байх гэж бодоод үргээх санаатай нохойны хуцаж байсан чиг рүү өөрийн Тоз-8 /калибр/ буугаар буудсан. Тэгтэл намайг буудсаны дараа гэнэт хүүхэд орилох чимээ гарахаар нь би сандраад гүйгээд очтол 2 хүүхэд явж байсны дүү нь газар уначихсан ах нь гэх банди хажууд нь орилчихсон байж байсан. Тэгээд би очоод тэвэрч аваад яасан бэ гэсэн чинь хөлөнд буудчихлаа гэж хэлсэн. Би тухайн үед их сандарсан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. Тэгтэл нөгөө хүүхдийн аав ээж нь ирэхээр нь ах нь буудчихлаа гэж хэлээд хүүхдийг өгөөд шууд хотруу явуулсан. Намайг буудах үед гадаа харанхуй болчихсон байсан ба би дээр нь хараа муутай юм. Би нохой хуцсан зүг рүү л буудчихсан чинь ийм юм болсон гэжээ. /хх-ийн 08/

          Насанд хүрээгүй хохирогч Т.Т хууль ёсны төлөөлөгч Д.Хишигбаярыг байлцуулан авсан  мөрдөн байцаалтад мэдүүлэгтээ: Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бурхантын баруун салаа гэдэг  газарт байдаг хөдөө гэртээ байж байсан. Орой 21.00 цагийн үед манай аав ээж хоёр  ах Т бид хоёрыг гэрийн урагшаа 400 орчим метр зайд байсан бяруугаа туугаад ир гэж явуулсан. Тэгээд ах бид 2 Д өвөөгийн гэрийн ойролцоо тэдний үхэртэй нийлсэн байсан 2 бяруугаа гэрлүүгээ туух гээд ойртоод очтол Д өвөөгийн 2 нохой нь ах бид хоёрлуу дайраад хуцсан. Бид хоёр нохойгий нь хөөсөн. Тэр үед Д өвөө амжиргаа цагаан машиныхаа хажууд зогсож байсан. Би бяруулуугаа ойртоод очих гэтэл нэг чимээ гараад миний зүүн хөлний шилбээр цохих шиг болоод би газар уначихсан. Тэгээд хөлөө хартал миний зүүн хөлний шилбэний булчингаас цус гарч байсан. Тэгтэл ах Т өвөө та дүүг буудчихлааш дээ гэж хэлэхэд Д өвөө бид хоёр дээр ирээд миний хөлийг даавуугаар ороож боож өгсөн. Ах Т гэрлүүгээ гүйгээд явчихсан. Би тэр үед хөлөндөө буудуулсанаа мэдсэн. Би 20 хоног эмнэлэгт хэвтсэн одоо хөлөөрөө гишгэж чадахгүй байгаа гэжээ.   / хх-н 12-13/

          Насанд хүрээгүй гэрч Т.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бурхантын баруун салаа гэдэг газарт байдаг хөдөө гэртээ байж байхад орой 21.10 цагийн орчимд аав ээж хоёр дүү Т бид хоёрыг гэрийн урагшаа 400 орчим метрт байсан бяруугаа туугаад ир гэж явуулсан. Дүү бид хоёр үхэр хөөх гээд нэг нэг мод бариад өвөөгийн гэрийн зүг явсан. Тэдний хашааны ойролцоо очиход өвөөгийн нохой хуцаад бид 2-луу дайрсан. Тэгтэл өвөө гэрээсээ гарч ирээд амжиргаа цагаан машиныхаа ойролцоо ирсэн. Би өвөө гээд дуудах гэтэл өвөө гартаа нэг урт зүйл бариад дээшээгээ өргөх шиг болсон. Тухайн үед би дүүгээ тэврээд явж байтал нэг чад хийх чимээ гараад манай дүү газар уначихсан. Би гайхаад дүүрүүгээ хартал дүүгийн хөлнөөс цус гарчихсан байсан. Би тухайн үед дүүг буудуулчихлаа гэж шууд ойлгоод өвөөд та дүүг буудчихлаа гэж хэлсэн. Тэгтэл өвөө  гартаа барьчихсан урт зүйлээ газар хаячихаад бид 2 дээр ирсэн. Тэр газар хаясан зүйл нь буу байсан. Мөн араас нь эмээ гарч ирээд өвөөд хүүхэд гэж хэлээд байхад буудчих юмаа гэж хэлж байсан. Би шууд гэрлүүгээ гүйгээд аав ээж 2-т хэлсэн гэжээ.  /хх-н 15-16/

          Гэрч Я.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Д бол миний төрсөн ах юм. Насаараа мал маллаж байгаа юм. Манай ах дүү нартай үлгэр дууриалтай архи тамхи хэрэглэдэггүй найз нөхөд дундаа нэр хүнд сайтай юм. 2017 оны 7 дугаар сарын 20-ны орой манай бэр эгч буюу Д ахын эхнэр над руу утсаар яриад сум алдаад хүний хүүхдийн хөл оноод ахыг чинь цагдаа аваад явчихлаа гэсэн. Би яасан юм гэхэд чоно гэж андуураад буудчихаж гэж хэлсэн. Ах надад хэлэхдээ чоно ихтэй гэж ярьж байсан. Уг буу нь манай ааваас өвлөгдөж ирсэн буу байгаа юм гэжээ.   /хх-н 34-35/

Шинжээч  томилж шинжилгээ хийлгэх тухай / хх-н 36/

2017.10.30-ны өдрийн 5673 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн буу 5.6 мм калибрын ОХУ-д үйлдвэрлэгдсэн, спорт ангийн зориулалттай ТОЗ-8 маркийн буу байна.

2.Шинжлэгдэж байгаа буугаар буудлага үйлдэх боломжтой.

3.Шинжилгээнд ирүүлсэн буугаар үйлдэгдсэн хэрэг манай санд бүртгэгдээгүй.

4.Шинжилгээнд ирүүлсэн бууны 11197 дугаартай замаг 2002 оны 12 дугаар сарын 16-нд Төв аймгийн харъяат иргэн Ж С нэр дээр манай сангийн 128232 дугаараар бүртгэгдсэн байна гэжээ.  /хх-н 37/

          Шүүгдэгч Я.Д мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 17-18/  

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 19/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9793 тоот  Дүгнэлтэд:

1.Т.Т биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 22/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 39-42/

          Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32-33/

          Хохирол төлсөн баримт/ хх-н 49-

           Я.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол/хх-н 43-44/

    Я.Д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-30, 45-48/,

    Я.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 24/,  оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 26/ зэрэг болно.          

            Я.Д нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны орой 21.30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн амны Бурхант хошуу гэдэг газарт гэрийнх нь нохой хуцаад тэлүүлээд байхаар нь нөгөө л чоно нохой явж байгаа юм байх гэж бодоод үргээх санаатай нохойны хуцаж байсан чиг рүү өөрийн Тоз-8 /калибр/ буугаар буудахад нь  үхэрт явж байсан 9 настай Т.Т оногдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Т.Т биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9793 тоот  Дүгнэлт /хх-н 22/

         Насанд хүрээгүй хохирогч Т.Т хууль ёсны төлөөлөгч Д.Х байлцуулан авсан  мөрдөн байцаалтын мэдүүлэг …ах бид 2 Д өвөөгийн гэрийн ойролцоо тэдний үхэртэй нийлсэн байсан 2 бяруугаа гэрлүүгээ туух гээд ойртоод очтол Д өвөөгийн 2 нохой нь ах бид хоёрлуу дайраад хуцсан. Бид хоёр нохойгий нь хөөсөн. Тэр үед Д өвөө амжиргаа цагаан машиныхаа хажууд зогсож байсан. Би бяруу луугаа ойртоод очих гэтэл нэг чимээ гараад миний зүүн хөлний шилбээр цохих шиг болоод би газар уначихсан. Тэгээд хөлөө хартал миний зүүн хөлний шилбэний булчингаас цус гарч байсан. Тэгтэл ах Т өвөө та дүүг буудчихлааш дээ гэж хэлэхэд Д өвөө бид хоёр дээр ирээд миний хөлийг даавуугаар ороож боож өгсөн гэсэн мэдүүлэг

/ хх-н 12-13/

         Насанд хүрээгүй гэрч Т.Т  мөрдөн байцаалтад  өгсөн …… Тэдний хашааны ойролцоо очиход өвөөгийн нохой хуцаад бид 2-луу дайрсан. Тэгтэл өвөө гэрээсээ гарч ирээд амжиргаа цагаан машиныхаа ойролцоо ирсэн. Би өвөө гээд дуудах гэтэл өвөө гартаа нэг урт зүйл бариад дээшээгээ өргөх шиг болсон. Тухайн үед би дүүгээ тэврээд явж байтал нэг чад хийх чимээ гараад манай дүү газар уначихсан. Би гайхаад дүүрүүгээ хартал дүүгийн хөлнөөс цус гарчихсан байсан. Би тухайн үед дүүг буудуулчихлаа гэж шууд ойлгоод өвөөд та дүүг буудчихлаа гэж хэлсэн. Тэгтэл өвөө  гартаа барьчихсан урт зүйлээ газар хаячихаад бид 2 дээр ирсэн. Тэр газар хаясан зүйл нь буу байсан. Мөн араас нь эмээ гарч ирээд өвөөд хүүхэд гэж хэлээд байхад буудчих юмаа гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 15-16/

           Шүүгдэгч Я.Д    мөрдөн байцаалтад  өгсөн .. гэртээ байж байхад манай нохой хуцаад тэлүүлээд байхаар нь нөгөө л чоно нохой явж байгаа юм байх гэж бодоод үргээх санаатай нохойны хуцаж байсан чиг рүү өөрийн Тоз-8 /калибр/ буугаар буудсан. Тэгтэл намайг буудсаны дараа гэнэт хүүхэд орилох чимээ гарахаар нь би сандраад гүйгээд очтол 2 хүүхэд явж байсны дүү нь газар уначихсан ах нь гэх банди хажууд нь орилчихсон байж байсан. Тэгээд би очоод тэвэрч аваад яасан бэ гэсэн чинь хөлөнд буудчихлаа гэж хэлсэн. Би тухайн үед их сандарсан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. Тэгтэл нөгөө хүүхдийн аав ээж нь ирэхээр нь ах нь буудчихлаа гэж хэлээд хүүхдийг өгөөд шууд хотруу явуулсан. Намайг буудах үед гадаа харанхуй болчихсон байсан ба би дээр нь хараа муутай юм. Би нохой хуцсан зүгрүү л буудчихсан чинь ийм юм болсон гэсэн  мэдүүлэг  /хх-ийн 08/ зэрэг болно.

          Я.Д нь  чоно, золбин нохой гэж андууран сайн харалгүйгээр буудсанаас Т.Т зүүн шилбэн тус газар нь оносноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь хангалттай тогтоогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Я.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардалд 2.225.000 төгрөг төлсөн байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид хүүхдэдээ физик эмчилгээ хийлгэнэ, мөн сургуульд нь явуулахгүйгээр гэрийн багш авч хичээлийг нөхүүлнэ, үүнд гаргах зардлыг нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг  дурьдах нь зүйтэй.

           Я.Д нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрлүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг 5.6 мм калибрын ОХУ-д үйлдвэрлэгдсэн, спорт ангийн зориулалттай ТОЗ-8 маркийн бууг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн цагдаагийн газрын  нийтийн хэв журам хамгаалах газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2,36.6,36.7,36.8,36.12,36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Жинст овогт Я Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Д  нь торгох ялыг 3 сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Я.Д  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Я.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Д хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  5.6 мм калибрын ОХУ-д үйлдвэрлэгдсэн, спорт ангийн зориулалттай ТОЗ-8 маркийн бууг Нийслэлийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах газарт хүргүүлсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Я.Д нь  төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч физик эмчилгээ, гэрийн багшийн хөлс зэрэг зардлаа нотлох баримтаа бүрдүүлж  жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11.Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Я.Дашцэрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН