| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2019/01122/и |
| Дугаар | 234 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 234
В-, Д.Б- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/03222 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: В-, Д.Б- нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Х-” ХХК-д холбогдох,
“Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал Ж.О-т даалгах, гүйцэтгэх захирал Ж.О-ийн “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон “Х-” ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар “Х-” ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг Ж.О-т даалгах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Мөнхсүлд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Баясгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-” ХХК нь 2014 оны 9 сарын 04-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Нэхэмжлэгч В- нь “Х-” ХХК-ийн 55 хувийг, БНХАУ-ын иргэн Ли Ин 35 хувийг, 10 хувийг Монгол Улсын иргэн Ж.О- нар тус тус эзэмшдэг. Компанийн гүйцэтгэх захирал Ж.О- нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах үүргээ удаа дараа зөрчсөн байдаг. В- нь 2014 онд хувьцаа эзэмшигчээр орсон. Энэ хугацаанаас хойш 2014–2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг огт хуралдуулаагүй. Компанийн тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэх талаар Ж.О-т удаа дараа В- шаардлага тавьж байсан. Мөн санхүүгийн тайлангаа дээрх жилүүдэд огт тавьж байгаагүй. Компанийн тухай хуульд заасан үүргийг гүйцэтгэх захирал Ж.О- биелүүлэлгүй 55 хувийн хувьцаа эзэмшигч В-ы эрхийг зөрчсөн тул “Х-” ХХК-д эзэмшдэг хувьцааг худалдахаар болж, өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээнд буюу 3 000 000 юаньд тооцон, тэргүүн ээлжид худалдаж авах саналыг бусад хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн Ж.О-, БНХАУ-ын иргэн Ли Ин нарт Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлж, бичгээр тэргүүн ээлжид худалдан авах эсэх хариугаа ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч Ж.О-, Ли Ин нар нь худалдаж авахыг зөвшөөрөөгүй хариуг ирүүлсэн байдаг. Үүний дараа хувьцаа эзэмшигч В- “Х-” ХХК-ийн 55 хувийн хувьцааг 2018 оны 8 сарын 27-ны өдөр Монгол Улсын иргэн Д.Б-д худалдахаар тохирч хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч хувьцаа эзэмшигчийг өөрчлөх шийдвэрийг гаргах компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гүйцэтгэх захирал Ж.О- гаргалгүй Компанийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрчсөн. 2018 оны 9 сарын 08-ны өдөр Ванг Жунхон болон Д.Б- нар 2018 оны 8 сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах №18/01 тоот гэрээний дагуу хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргах, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргаж өгөхийг хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Ж.О-, хувьцаа эзэмшигч Ли Ин нарт хандан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун турууд байрлах компанийн оффис дээр хамтдаа биечлэн уулзаж шаардлага тавихад Ли Ин нь Д.Б-гийн биед халдаж, гэмтэл учруулахгүйгээр зодсон. 2018 оны 12 сарын 20-ны өдөр “Х-” ХХК-ийн нийт хувьцааны 55 хувийг эзэмшигч В- хувьцаа худалдан авахаар тохирсон Д.Б- нар тус тусдаа, 2018 оны 12 сарын 07-ны өдөр Д.Б- дангаар “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.О-т хандан, Компанийн тухай хуульд зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг бичгээр гаргаж баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах эсэх хариуг гүйцэтгэх захирал Ж.О- ирүүлэх үүрэгтэй бөгөөд “Х-” ХХК-ийн 55 хувийг эзэмшдэг В- болон Д.Б- нарт хаягласан 2019 оны 01 сарын 08-ны өдрийн №01 тоот тайлбар гаргах тухай албан бичгийг баталгаат шуудангаар Д.Б-гийн хаягаар хариу ирүүлэхдээ “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн байгаа. Энэ хариу нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5.1, 61.5.2 дахь хэсгийг зөрчсөн тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт заасныг үндэслэн, шүүхэд хандах эрх үүссэн. Иймд “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.О- нь Компанийн тухай хууль болон “Х-” ХХК-ийн дүрмээр тогтоосон үүргээ биелүүлэхгүй байгаа нь компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигч В- хувьцаа худалдан авахаар урьдчилан гэрээ байгуулсан Д.Б- нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг гаргасан гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь тус компанийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан БНХАУ-ын иргэн В- нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш болно. Тус компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч Ли Ин нь В-д бэлэглэлийн гэрээний нэр бүхий дүр эсгэсэн гэрээ байгуулж, 55 хувийн хувьцааг шилжүүлсэн. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заасан хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэсэн хуулийн шаардлага хангахгүй юм. Талуудын хооронд бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх үйл явдал бодит байдал дээр байхгүй юм. Талуудын хооронд гэрээ байгуулах жинхэнэ хүсэл зориг нь БНХАУ-ын Тайжөү хотын бараа материалын “Рифен” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2016 оны 4 сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу “Х-” ХХК-д БНХАУ-ын Тайжөү хотын бараа материалын “Рифен” ХХК нь 2 000 000 юанийн хөрөнгө гаргаж, үйлдвэрийн байр барих болон тоног төхөөрөмж худалдан авч өгч түүнийгээ хөрөнгө оруулалт гэж үзэж тус компанийн хувьцааны 55 хувийг эзэмших бөгөөд мөн 8 000 000 юанийн эргэлтийн хөрөнгө гаргах үүрэгтэй юм. Энэ үүргээ В- биелүүлээгүй бөгөөд бэлэглэлийн гэрээгээр компанийн 55 хувийг эзэмшүүлж буй энэ гэрээ нь анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн гэрээ болно. Энэ асуудлыг өөрт нь хэлж БНХАУ-ын Тайжөү хотын бараа материалын “Рифен” ХХК-тай хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд компанийн 55 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тайлбарлан хэлмэгц тус компанийн 55 хувийн хувьцааг буцааж худалдаж ав эсвэл бусдад зарна гэх мэтээр шударга ёсонд нийцэхгүй шаардлага тавьсан бөгөөд Монгол Улсын иргэн Д.Б-д зарсан гэх мэтээр анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлээ үндэслэн, компанийн хууль ёсны өмчлөгч болохоор илт улайрсан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа болно гэжээ.
Шүүх: Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.6 дахь хэсэгт зааснаар “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг тус компанийн гүйцэтгэх захирал Ж.О-т даалгаж, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал Ж.О-ийн “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон “Х-” ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар “Х-” ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг Ж.О-т даалгах В-, Д.Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хэргийн оролцогч мөн эсэхииг тогтоолгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласнаас илт хууль бус шүүхийн шийдвэр гаргасан байна. БНХАУ иргэн В- болон Д.Б- нарын нэхэмжлэлтэй “Х-” ХХК-д холбогдох иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт болон Улсын бүртгэлийн Ерөнхий газраас авсан лавлагаагаар “Хун Очир” ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч В- нь өөрийн хувьцааг 2018 оны 8 сарын 27-ны өдөр 18/01 дугаартай хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн эзэмших 55 хувийн хувьцааг Д.Б-д худалдсан гэх баримтыг гаргаж өгсөн билээ. /хх-ийн 10-13 ба 27-р тал/. Гэтэл БНХАУ-ын иргэн В- нь нэгэнт хувьцаагаа 2018 оны 8 сарын 27-ны өдөр худалдсан гэх боловч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах хууль бус шаардлага гаргах бөгөөд “Х-” ХХК-ийн захирал Ж.О- нь 2018 оны 12 сарын 7 ба 20 ны өдөр, 2019 оны 01 сарын 08-ны өдрүүдэд БНХАУ иргэн В-ы шаардлагаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах боломжгүй гэсэн хариу өгнө. Нэхэмжлэгч тал “Х-” ХХК-д холбогдох гэх энэ маргаанд “Х-” ХХК-ийн хувьцааг худалдсан буюу эрх нь дуусгавар болсон гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн БНХАУ-ын иргэн В- нэхэмжлэл гаргаад мөн би хувьцааг нь худалдан авсан гэх иргэн Д.Б- гэх этгээд нэхэмжлэл гаргаад байхад шүүх түүнийг анхааран үзэлгүй энэ 2 хүнийг хоёулаа нэхэмжлэгч гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Энэ хоёр өөрсдийгөө нэхэмжлэгч гэж тодорхойлсон иргэний хэн нь жинхэнэ нэхэмжлэгч болохыг тодорхойлох зорилгоор Д.Б- гэх хүний орлогыг бодит эсэхийг тогтоох зорилгоор Татварын ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан болно. Гэтэл шүүгч 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 184/Ш32019/13306 дугаартай захирамжаар энэ хүсэлтийг хангахаас татгалзана. Энэ баримт нь хэн нь жинхэнэ нэхэмжлэгч болохыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт бөгөөд хариуцагч түүнийг олж авах боломжгүй нотлох баримт болно. В-ны орчуулагч Д.Б- нь ямар орлогоор хувьцаа худалдан авсныг тодорхойлох шаардлагатай бөгөөд саарал жагсаалтад Монгол Улс орсон үндэслэл нь нэг нь энэ билээ. Энэ нотлох баримтыг гаргуулаагүйгээс болж “Х-” ХХК-ийн хувьцааг хэн нь эзэмшигч нь болох нь тодорхойгүй болж Монгол Улсын шүүхээс “Х-” ХХК-ийн хувьцааны 55 хувийг БНХАУ иргэн В- болон Д.Б- нарын хэн нь эзэмшигч болох нь тодорхойгүй хоёулаа хувьцаа эзэмшигч нь гэсэн утга бүхий шүүхийн шийдвэр гаргажээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах хэт нэг талыг барьсан шийдлийг шүүгч удаа дараа гаргасан бөгөөд сүүлдээ Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний дагнасан шүүх мөн эсэхэд ч эргэлзээ төрж, илт хууль бус нэг талыг барьсан шийдвэр гаргаж байсан учир шүүгчээс болон шүүхээс удаа дараа татгалзаж байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх магадлал гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч В-, Д.Б- нар нь хариуцагч “Х-” ХХК-д холбогдуулан “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захирал Ж.О-т даалгах, гүйцэтгэх захирал Ж.О-ийн “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон “Х-” ХХК-ийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад асуудлаар “Х-” ХХК-ийн нэрийн өмнөөс цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхыг Ж.О-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч “Х-” ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч В- болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч В- нь 2018 оны 8 сарын 27-ны өдрийн 18/01 дугаартай хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн эзэмшдэг 55 хувийн хувьцааг иргэн Д.Б-д худалдсан байна. /хх-ийн 10-13, 27-р тал/
Нэхэмжлэгч В-, Д.Б- нар нь 2018 оны 12 сарын 07, 12 сарын 20-ны өдрүүдэд хариуцагч “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.О-т хандан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг бичгээр гарган тус тус шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд 2019 оны 1 сарын 08-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Ж.О-ээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах боломжгүй талаарх тайлбарыг нэхэмжлэгч Д.Б-д хандан ирүүлжээ. /хх-ийн 16-24-р тал/
Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан бол гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй байна.
Гэвч хариуцагч “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.О- нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан байх тул “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг тус компанийн гүйцэтгэх захирал Ж.О-т даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.6, 62.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудал хэмээн дүгнэж, хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч татгалзалдаа тус компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч Ли Ин нь 55 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр В-д шилжүүлсэн нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх боловч энэхүү тайлбартай холбоотой шаардлагаа жич шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай Ли Иний хүсэлтийг хангаагүй орхисон анхан шатны шүүхийн ажиллагаа нь хуулиар тогтоосон журам зөрчөөгүй болно. /хх-ийн 137-139-р тал/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч В-, Д.Б- нарын нэхэмжлэлийн шаардлага нь Компанийн тухай хуульд заасан үүрэг гүйцэтгүүлэхтэй холбоотой шаардлага байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулагдсан хэлцлийн хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу хүлээсэн үүрэгтэй холбоотой маргаан биш байна. Иймд Ли Иний шаардлагатай шууд хамааралтай, түүнийг эрх ашиг нь зөрчигдөхөөр этгээд гэж үзэх боломжгүй юм.
Хариуцагчийн төлөөлөгчийн “анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хэн нь жинхэнэ нэхэмжлэгч болохыг тодорхойлоогүй, Татварын ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, В- болон Д.Б- нарын хэн нь "Х-" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь тодорхойгүй, хариуцагчийн эрхийг хязгаарлаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно. Учир нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар "Х-" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч нь В- гэж бүртгэгдсэн бөгөөд тэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар өөрийн эзэмшил бүхий 55 хувийн хувьцааг Д.Б-д худалдсан тухай баримт хэрэгт байна. Компанийн хувьцаа эзэмшигч нь В-, хувьцаа худалдан авсан этгээд нь Д.Б- байх тул тэднийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.
Нэхэмжлэгч Д.Б-гийн хувьцаа худалдан авсан гэх мөнгийг хүн амын орлогод тайлагнасан талаарх лавлагааг Татварын ерөнхий газраас гаргуулах тухай хариуцагчийн хүсэлт нь Компанийн тухай хуульд заасан үүрэг гүйцэтгүүлэхтэй холбоотой В-, Д.Б- нарын нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй байх тул анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/03222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ