Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 0700

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Н.Нямжав

улсын яллагч: Г.Эрдэнэ

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Н.А  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н А холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706027100217 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Н А, 1987  оны 10 дугаар сарын 13-ны өдөр  Ховд аймгийн  суманд  төрсөн, настай, эрэгтэй, бүрэн  дунд   боловсролтой, цахилгаанчин  мэргэжилтэй, Нарантуул зах дээр наймаа хийдэг,   ам бүл 3, эх,  хүүхдийн хамт  Сонгинохайрхан   дүүргийн   дугаар хороо Зүүнбаян-Уулын  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД: ПЗ87101319

Холбогдсон хэргийн талаар:

          Н.А нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Э маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Н.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 12.00 цагийн үед 805 дугаар ангийн хажуугаас такси аваад гэрлэн дохион дээр таксины жолоочтойгоо муудалцаад цагдаа дуудах болсон. Тухайн үед Б бид хоёр чанга ярьж дуулж байсан. Тэгэхэд таксины жолооч чанга ярилаа гээд таксинаас буу гэсэн. Тэгээд би таксинаас буугаад мөнгийг нь жолоочийнх нь урдаас шидсэн. Үүнээс болж бид маргалдаад би жолоочийг заамдаж аваад эрүү, шанаанд нь хоёр гурван удаа мангасдаж түлхсэн. Намайг хохирогч нэг түлхэж унагаасан. Надад хохирол учраагүй. Хохирогчид хохирол учирсан гэв.

         Шүүгдэгч Н. А   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 10.00 цагийн  орчимд найз Б /8223889/ хамт өөрийн найз Энхзул гэх залуугийн байрны найранд очсон. Тэгээд байрны найранд очоод байж байгаад Б бид 2 өдөр 11.00 цагийн үед гараад 805 дугаар ангийн ард талд мөн найз Ж гэрт очиж хоол унд идээд байж байгаад Ж, Б бид 3 нэг шил 05 граммын Чингис архи авч хувааж уучихаад буцаад өдөр 12.30 цагийн орчимд гарсан ба Б бид хоёрыг Ж хүү болох Б гэх залуу нь машинаараа зам дөхүүлээд гэр хорооллоос гаргаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо хамгаалалтын 3 дугаар газрын цаад талын байрны хажууд ирж буулгасан юм. Тэгээд Б бид хоёр буугаад такси барих гэтэл саарал өнгийн Приус-20 маркын машин ирж зогссон ба тэр машинд суух гэтэл жолооч талын хойд хаалгыг онгойлгодог бариул нь эвдэрчихсэн байсан.  Тэгээд жолооч нь дотроосоо хаалгаа онгойлгож өгсөн ба бид хоёр уг машинд суугаад урагшаа төв зам руу орох гээд явсан юм. Тэгээд явж байхдаа Б бид хоёр хоорондоо чангаар ярихад жолооч ах чимээгүй бай гээд уурласан. Тэгээд 200-300 метр газар яваад цагдаа хотхоны урд талын гэрлэн дохион дээр  ирээд машинууд түгжрээд зогсож байхад нь би ахаа би 1000 төгрөг өгөөд төв зам руу ороод буучихья болно биз дээ гэхэд тэгвэл одоо буу гэж уурласан.  Тэгэхээр нь би 1000 төгрөг гаргаад таксины жолоочид өгчихөөд Б хүнтэй хэрэлдмээргүй байна ахаа гээд бид хоёр уг машины жолооч талын хойд хаалгыг дотроос нь онгойлгоод буусан. Гэтэл жолооч ах машинаасаа бууж ирээд чи яасан овоо юм бэ гээд над руу дайраад миний зүүн талын хацар руу алгадсан. Тэр үед би бөгсөөрөө газар суугаад боссон ба босч ирээд та яасан гэж намайг цохиж байгаа юм бэ гэж хэлээд очоод тэр хүнийг мөр рүү нь гараараа түлхсэн. Гэтэл хажуунаас Б эгч  орж ирээд бид хоёрыг хоёр тийш нь салгаад явах гэтэл жолооч ах та хоёр миний машины хаалганы бариул төлж өг эсвэл би цагдаа дуудна гээд надаар хуучин хагархай байсан бариулаа төлүүлэх гээд намайг барьж аваад тавихгүй байсан. Тэр үед Б эгч ирж жолооч ах бид хоёрыг салгах гэж зууралдсан ба тэр үед би за би энэ хагархай бариулыг чинь төлөх юм уу гэж хэлээд гараараа машиных нь хаалга руу тоншсон юм. Гэтэл тэр ах бичлэг хийгээд цагдаа дуудсан гэжээ. /хх-ийн 08/

           Хохирогч Д.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12-13 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 86-84 УБН Приус-20 маркийн машинаараа таксинд явж байхад согтуу залуу бас нэг согтуу эмэгтэй хоёр миний машины хаалгыг онгойлгоод ороод ирсэн. Би түгжрээ ихтэй байна явахгүй гэхэд согтуу залуу чи яагаад явдаггүй юм бэ гээд нүүрэн тус газар цохиж танхайрсан. Согтуу эмэгтэй нь над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Алтансүх өөрөө надаас уучлалт гуйсан болохоор надад гомдол санал гэх юм алга  гэжээ.    /хх-н 4-6,/

        Гэрч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Нарантуул зах дээр наймаа хийдэг ба  2017 оны 10 дугаар сарын 7-ны  өдөр надтай хамт Нарантуул зах дээр наймаа эрхэлдэг найз Энхзул шинэ  байранд орсон гээд байрны цайллага хийсэн юм. Тэр өдөр мөн хамт наймаа хийдэг танил дүү болох А гэх залуутай хамт Э байрны найранд очиж  найрлаж байгаад өдөр 12.00 цагийн орчимд А бид хоёр гараад мөн танил Ж эгчийн гэрт очиж А Ж эгч бид 3 дундаа 05 граммын нэг шил архи авч хувааж уучихаад орой 16-17 цагийн орчимд А бид хоёр харих гээд гарсан.  Тэгэхэд Ж эгчийн хүүхэд Б гээд залуу нь А бид хоёрыг  машинаараа дөхүүлж өгөөд 805 дугаар ангийн хажууд буулгаад явсан. А бид хоёр 805 дугаар ангийн хажууд буугаад такси барих гээд гараа өргөхөд Приус маркийн машин ирж зогссон. Тэгээд бид хоёр машины ард талд нь орж суугаад машин хөдөлсөн. Бид хоёр жоохон чанга дуугараад ярьсан чинь нөгөө жолооч та хоёр буу би согтуу хүмүүст үйлчлэхгүй гэсэн. Түүнээс болж А нөгөө жолоочтой маргалдсан. Таксины жолооч А хоёр машинаас буугаад барьцалдаад авахаар нь би машинаас буугаад салгасан. Тэр хоёр барьцалдаад зогсож байхад эхлээд машины жолооч А чих рүү цохисон. Тэгээд тэр хоёр барьцалдаад байж байтал цагдаа ирсэн юм. Бид хоёр бол бага зэргийн л согтолттой байсан. Болсон үйл явдалыг мэдэж байсан гэжээ. /хх-ийн 10/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 11-12/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12749  Дүгнэлтэд:

1.Д.Э биед уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, шанаа хүзүүнд зулгаралт, бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 13/

Шинжээч Ц.Н мэдүүлэг авсан тэмдэглэл:

А.Э уруулын дотор салстад язарсан шарх цус хурсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм гэжээ. /хх-н 14/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  15-16/

          Н.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/

    Н.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-32/,

    Н.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19-20 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 19/,  оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 22/ зэрэг болно.          

         Н.А нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  таксигаар үйлчлүүлж яваад Д.Э маргалдан 2-3 удаа  нүүрэн тус газар нь гараараа мангасдаж түлхэн   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Д.Э биед уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, шанаа хүзүүнд зулгаралт, бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12749  тоот дүгнэлт /хх-ийн 13/

           Хохирогч Д.Э  мөрдөн байцаалтад  өгсөн : …согтуу залуу бас нэг согтуу эмэгтэй хоёр миний машины хаалгыг онгойлгоод ороод ирсэн. Би түгжрээ ихтэй байна явахгүй гэхэд согтуу залуу чи яагаад явдаггүй юм бэ гээд нүүрэн тус газар цохиж танхайрсан. Согтуу эмэгтэй нь над руу дайраад хэл амаар доромжлоод байсан гэсэн мэдүүлэг     /хх-н 4-6,/

            Гэрч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн … Бид хоёр жоохон чанга дуугараад ярьсан чинь нөгөө жолооч та хоёр буу би согтуу хүмүүст үйлчлэхгүй гэсэн. Түүнээс болж А нөгөө жолоочтой маргалдсан. Таксины жолооч А хоёр машинаас буугаад барьцалдаад авахаар нь би машинаас буугаад салгасан. Тэр хоёр барьцалдаад зогсож байхад эхлээд машины жолооч А чих рүү цохисон. Тэгээд тэр хоёр барьцалдаад байж байтал цагдаа ирсэн юм. Бид хоёр бол бага зэргийн л согтолттой байсан. Болсон үйл явдалыг мэдэж байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 10/

     Шүүгдэгч Н.А  шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн … бид хоёр чанга ярьж дуулж байсан. Тэгэхэд таксины жолооч чанга ярилаа гээд таксинаас буу гэсэн. Тэгээд би таксинаас буугаад мөнгийг нь жолоочийнх нь урдаас шидсэн. Үүнээс болж бид маргалдаад би жолоочийг заамдаж аваад эрүү, шанаанд нь хоёр гурван удаа мангасдаж түлхсэн. Намайг хохирогч нэг түлхэж унагаасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

  Шүүгдэгч  Н.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Н.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас хохирогчид 300.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Н.А  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, бусдад төлөх төлбөргүй.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасан удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бүргэд овогт Н А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А  450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А нь торгох ялыг  45 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.А нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Н.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах,гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биеэлэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН