Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 0717

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

улсын яллагч: С.Оюунжаргал

шүүгдэгчийн өмгөөлөгч : Б.Эрдэнэболор

шүүгдэгч: С.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харчин овогт Сайнбаярын Нямсүрэнд холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1703000010045 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт С Н,  1986  оны 6 дугаар сарын 22-ны өдөр  Төв аймгийн Аргалант суманд төрсөн,  настай, эрэгтэй,  дээд  боловсролтой, түүхийн багш  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт  Баянзүрх  дүүргийн   дүгээр хороо Газарчингийн тоотод оршин суудаг хаягтай, одоо Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын  дугаар баг  дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:НЬ86062271,

Холбогдсон хэргийн талаар:

          С.Н нь 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 06.10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрх товчооны зүүн замд Д.Ц эзэмшлийн Ниссан Ноте маркийн 47-64 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.А жолоодож явсан Самсунг SM-5 маркийн 32-27 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж жолооч А.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Самсунг SM-5 маркийн 32-27 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.997.000 төгрөгийн шууд, 3.777.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  С.Н   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмэлт тайлбар гаргахгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

         Шүүгдэгч    С.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017.08.03-ны өглөө 05 цагийн орчим хадам аав Цэрэндагвын эзэмшилийн Ниссан нөүт маркийн 47-64 ХЭҮ дугаарын автомашинаар Хэнтий аймгаас Улаанбаатар орох гээд 70 км/цагийн хурдтай Хонхорын замаар явж байтал гэнэт машин маань урсгал сөрчихсөн би өөрийнхөө эгнээнд орох гээд жолооныхоо хүрдийг хариулахад чиг нь өөрчлөгдөөгүй эсрэг урсгалд явсаар байгаад өөдөөс ирж явсан саарал өнгийн машинтай мөргөлдчихсөн. Манай машинд мөргүүлсэн машин замын урд тал руу өнхөрчихсөн. Би машинаа зогсоогоод машинаасаа буугаад ирэхэд хоёр машин мөргөлдсөн газраас нэг машин хөдлөөд яваад өгсөн би тэр машинтай мөргөлдчихсөн юм байх гэж бодоод зугатааж байна гээд араас нь хөөгөөд гүйгээд номер дугаарыг нь харж чадалгүй буцаад өөрийнхөө машин дээр ирсэн. Тэгтэл замын урд талаас нэг эмэгтэй ирээд Н ахаа та яаж байгаа юм бэ гэсэн. Манай нутгийн эмэгтэй байсан. Би ослыг газраас явсан машиныг биш нутгийнхаа эмэгтэйн машиныг мөргөчихсөн байсан. Яагаад урсгал сөрсөнийг нь мэдэхгүй байна магадгүй тайг шарнер нь мултраад урсгал сөрсөн байхаа.би 1 зорчигчтой 2-лаа явсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй.

         Хохирогч А.А  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 3-ны өглөө 05.00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Самсунг SM5 маркийн 32-27 УБП дугаарын автомашинаар гэрээсээ Налайх орох гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй ойролцоогоор 60-80 орчим км/цагийн хурдтай Хонхорын замд явж байтал эсрэг урсгалд хоёр машин ирж явсан тэгээд ойртоод иртэл урд нь явсан машин гэнэт миний өөдөөс урсгал сөрөөд давхичихсан. Би энэ яаж байгаа юм болоо гэж бодоод жолоогоо баруун гар тийш нэлээн дараад тормоз гишгэтэл нөгөө машин зогсолгүй тэр чигтээ өөдөөс явсаар байгаад миний машины зүүн урдаас мөргөчихсөн. Миний машинд мөргөлдөөд замын урд тал руу гуу руу өнхөрчихсөн. Би бүсээ тайлаад машинаасаа буухад миний машиныг мөргөсөн машины жолооч машиныхаа хажууд зогсож байсан. Жолооч нь гэх залуу би өөрийнхөө эгнээнд явж байсан чи урсгал сөрөөд миний машиныг мөргөчихсөн гээд зогсож байсан. Би зорчигчгүй ганцаараа явж байсан. Тухайн үед байгалийн гэрэлтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, автомашины хөдөлгөөн бага, зам хуурай байсан. Гэмтлээс болоод миний бие битүү гэмтэлтэй, цээжээр хөндүүрлэнэ, хүзүү хөдлөхгүй нуруугаар өвдөж байна. Машин тэр чигтэй эвдрэлтэй байгаа. Би тухайн өдөр нөхрийгөө тосох гэж явж байсан юм гэжээ.  /хх-н 27-32/

          Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал,  осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-н 7-19/, жолоочийн согтууруулах  ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл/ хх-н 24/, А.А согтууруулах  ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл/хх-н 21/, тээврийн хэрэгсэл түр саатуулах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 26/

          Иргэний хариуцагч Д.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би энэ ослын талаар сайн мэдэхгүй, миний хүргэн С.Н нь манай эхнэрийн дүү нартай хамт 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хот орно гээд явсан байсан. Эхнэр бид хоёр хөдөө мал дээрээ байсан энэ ослын талаар хоёр хоногийн дараа эхнэрийн дүү нар манай эхнэр бид хоёрт утсаар хэлж мэдсэн. Би уг машиныг өөрийнхөө мөнгөөр 2014 оны 10 дугаар сард хотод орж ирээд худалдаж авсан. Энэ машин бол миний өөрийн эзэмшлийн машин юм. С овогтой Н нь 2016 онд миний төрсөн бага охин С албан ёсны гэр бүл болж манай гэр бүлд ирж миний бага хүргэн болсон юм. Би хөдөө мал дээр байдаг болохоор машиныг манай хүргэн охин хоёр л эдэлж хэрэглэдэг юм. Осол манай хүргэний буруугаас болж гарсан бол бид хохирлыг барагдуулна гэжээ.  /хх-н 36-37/

  Гэрч К.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манайх хэдэн малтай тэр нь манай хадам ээжийнд буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байдаг юм. Би хавар зун мал дээрээ очиж хөдөө хот хоёрын дунд л явдаг юм. 2017 оны 8 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө хот явах гээд найз С.Н тохирсон. Н өөрийнхөө эзэмшлийн Истана маркийн 03-39 УНЯ улсын дугаартай автомашиндаа мах ачаад гарах болсон учир би энэ машиныг барьж явах болсон. Манай найз Н нутгийнхаа танил эгч гээд нэг хүн аваад суудлын Ниссан Ноте маркийн 47-64 ХЭҮ дугаарын автомашиныг жолоодоод бид нар хот руу явсан. Тэгээд үүрээр буюу 2017 оны 8 дугаар сарын 3-ны өглөө 05.00 цаг өнгөрч байхад Хонхорын замаар хот руу орох гээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт явж байтал Н нөгөө Ниссан Ноте маркийн 47-64 ХЭҮ дугаарын автомашинтайгаа миний урд явж байснаа гэнэт баруун зүгээс зүүн зүгт өөдөөсөө ирж явсан Самсунг маркийн 32-27 УБП дугаарын автомашинтай мөргөлдчихсөн. Би араас нь очоод зогсоод юу болсон талаар асуухад Н замын нүх тойрч гарах гэж байгаад эсрэг урсгалд ороод мөргөлдчихлөө гээд эсрэг урсгалд орчихсон байж байсан. Нөгөө мөргүүлсэн Самсунг маркийн 32-27 УБП дугаарын автомашин нь замын урд талруу хажуу талаараа онхолдчихсон байж байсан. Уг машины жолооч нь гэх нэг эмэгтэй машинаасаа гараад ирсэн. Бид нар биеийн байдлыг нь асуугаад байж байтал мөргүүлсэн машины жолооч 102, 103-ийг дуудсан. Удалгүй цагдаа түргэн ирсэн. Тэгээд нөгөө жолооч эмэгтэйг түргэний машин аваад явсан. Манай хадам ээж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн, Н бид хоёр Өмнөдэлгэр сумын хүргэчүүд бид хоёр танилцаад 3 жил болж байгаа юм. Ослын газарт цагдаа нар ирж хэмжилт хийх үед би зөрөөд хот руу явсан учир нь хүмүүсийн мах ачиж явсан юм гэжээ. / хх-ийн 39-40/ 

           Гэрч   Т.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: М төрсөн ах нь байгаа юм. С Н нь 1986.06.22-ны өдөр Төв аймгын аргалант суманд төрсөн одоо  настай.Эцэг эхээсээ 3-лаа айлын дундах хүүхэд дээрээ нэг ах доороо нэг эмэгтэй дүүтэй.Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд 1994 онд Төв аймгийн Аргалант сумын 10 жилийн сургуульд элсэн суралцаад 2004 онд 10 дугаар анггиа төгссөн.Сургууль төгсөөд 2004-2008 онд Их монгол дээд сургуулийн орчуулагчийн ангид суралцаж төгссөн.2008 оноос хойш Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд амьдарч байгаа.Сургууль төгссөнөөс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа.2016 онд С гэх эмэгтэй гэр бүл болсон.Дундаасаа 2 хүүхэдтэй хүүхдүүд нь 06 сараас 7 насны хоорондох зан чанарын хувьд хүнд их тусархуу шударга архи уухгүй тамхи татахгүй ажилч хичээнгүй ямар нэгэн гаж зангүй мөрөөрөө, найз нөхөд ах дүү нарынхаа дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм./хх-ийн 44/  

            Гэрч Д.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 03 ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхын товчооны зүүн замд С.Н нь Ниссан Нөүт мөркийн 4764 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож яваад Самсунг-SM-5 маркийн 3227 УБП улсын дугаартай  автомашинтай мөргөлдсөн гэх материалыг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 06 ны өдөр зөрчлийн 1706000294 тоот хэрэг үүсгэн шалгасан.Тэгээд С.Н жолоодож явсан ниссан Нөүт маркийн 4764 ХЭҮ улсын дугаартай автомашиныг оношлогоонд оруулах гэтэл уг машин их хэмжээний эвдрэлтэй өөрөө чвах боломжгүй байсан тул оношлогоонд оруулахгүй.Яагаад гэвэл өөрөө явах боломжгүй  болохоор оношлогоонд оруулах боломжгүй байдаг.Мөн зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байхдаа хохирогч А ,жолооч С.Н 2 хоорондоо эвлэрсэн ямар нэгэн маргаангүй байсан тийм болохоор машиныг нь гаргасан юм. Шүүх  эмнэлгийн дүгнэлтээр А.А биед хүндэвтэр хохирол учирсан болохоор 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн болно гэжээ. /хх-ийн 46/ 

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 47/

          2017.09.10-ны өдрийн 390 дугаартай Шинжээчийн дүгнэлт:

Ниссан Нөүт маркийн 4764 ХЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан С.Н нь МУ-ын ЗХД-ийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгар сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Самсунг СМ5 маркийн 3227 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А.А нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-н 48/

   Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 49-54/

Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 56/

      Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 438 тоот акт:

1.А.А ахар сүүл ясны далд хугарал, тархины доргилт, хуйхны няцрал, хэлний язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэжээ.  /хх-н 57/    

        Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н 67/,

        С.Н асууж авсан тайлбар, гэрчээр асуусан тэмдэглэл /хх-н 68-71/

         С.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 96-97/

   С.Н эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 93-95,98-100/,

  А.А гаргаж өгсөн хүсэлт /хх-н 91, 101/

  С.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73, 87 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 84, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-н 72/ зэрэг болно.  

     Шүүгдэгч С.Н нь 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 06.10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрх товчооны зүүн замд Д.Ц эзэмшлийн Ниссан Ноте маркийн 47-64 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орсоны  улмаас А.А жолоодож явсан Самсунг SM-5 маркийн 32-27 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж жолооч А.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Самсунг SM-5 маркийн 32-27 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.997.000 төгрөгийн шууд, 3.777.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:     

  А.А ахар сүүл ясны далд хугарал, тархины доргилт, хуйхны няцрал, хэлний язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно.гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт

         Хохирогч А.А  мөрдөн байцаалтад  өгсөн … Хонхорын замд явж байтал эсрэг урсгалд хоёр машин ирж явсан тэгээд ойртоод иртэл урд нь явсан машин гэнэт миний өөдөөс урсгал сөрөөд давхичихсан. Би энэ яаж байгаа юм болоо гэж бодоод жолоогоо баруун гар тийш нэлээн дараад тормоз гишгэтэл нөгөө машин зогсолгүй тэр чигтээ өөдөөс явсаар байгаад миний машины зүүн урдаас мөргөчихсөн. Миний машинд мөргөлдөөд замын урд тал руу гуу руу өнхөрчихсөн. Би бүсээ тайлаад машинаасаа буухад миний машиныг мөргөсөн машины жолооч машиныхаа хажууд зогсож байсан. Жолооч нь гэх залуу би өөрийнхөө эгнээнд явж байсан чи урсгал сөрөөд миний машиныг мөргөчихсөн гээд зогсож байсан. Би зорчигчгүй ганцаараа явж байсан. Тухайн үед байгалийн гэрэлтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, автомашины хөдөлгөөн бага, зам хуурай байсан. Гэмтлээс болоод миний бие битүү гэмтэлтэй, цээжээр хөндүүрлэнэ, хүзүү хөдлөхгүй нуруугаар өвдөж байна. Машин тэр чигтэй эвдрэлтэй байгаа. Би тухайн өдөр нөхрийгөө тосох гэж явж байсан юм гэсэн мэдүүлэг . /хх-ийн 27/ /хх-н 27-32/

  Гэрч К.М мөрдөн байцаалтад өгсөн … Манай найз Н нутгийнхаа танил эгч гээд нэг хүн аваад суудлын Ниссан Ноте маркийн 47-64 ХЭҮ дугаарын автомашиныг жолоодоод бид нар хот руу явсан. Тэгээд үүрээр буюу 2017 оны 8 дугаар сарын 3-ны өглөө 05.00 цаг өнгөрч байхад Хонхорын замаар хот руу орох гээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт явж байтал Н нөгөө Ниссан Ноте маркийн 47-64 ХЭҮ дугаарын автомашинтайгаа миний урд явж байснаа гэнэт баруун зүгээс зүүн зүгт өөдөөсөө ирж явсан Самсунг маркийн 32-27 УБП дугаарын автомашинтай мөргөлдчихсөн. Би араас нь очоод зогсоод юу болсон талаар асуухад Н замын нүх тойрч гарах гэж байгаад эсрэг урсгалд ороод мөргөлдчихлөө гээд эсрэг урсгалд орчихсон байж байсан гэсэн мэдүүлэг/хх-ийн 40/

          Шүүгдэгч    С.Н  мөрдөн байцаалтад  өгсөн …  Хонхорын замаар явж байтал гэнэт машин маань урсгал сөрчихсөн би өөрийнхөө эгнээнд орох гээд жолооныхоо хүрдийг хариулахад чиг нь өөрчлөгдөөгүй эсрэг урсгалд явсаар байгаад өөдөөс ирж явсан саарал өнгийн машинтай мөргөлдчихсөн. Манай машинд мөргүүлсэн машин замын урд тал руу өнхөрчихсөн гэсэн мэдүүлэг

          Ниссан Нөүт маркийн 4764 ХЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан С.Н нь МУ-ын ЗХД-ийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгар сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Самсунг СМ5 маркийн 3227 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А.А нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн 2017.09.10-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 48/ зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж  шүүх дүгнэв.

         Шүүгдэгч С.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

С.Н нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчид эмчилгээний болон эд материалын зардлыг бүрэн төлж барагдуулсан хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч С.Н бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, С.Н жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

         Шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,3 6.12,3 6.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Харчин овогт С Н автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н  нь торгох ялыг 3 сарын /гурван/ дотор хэсэгчлэн   төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан      С.Н нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. С.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. С.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, С.Н нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах, гомдол,гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН