| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0084/э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2017-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 82
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Ц.Баярхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овгийн Цэндсүрэнгийн Баярхүүд холбогдох эрүүгийн 1735000340010 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Тэс сумын 9-р багт оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОО96111617, Булгадар овгийн Цэндсүрэнгийн Баярхүү.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Баярхүү нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Тооромт багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Цэрэнпунцагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч Т.Цэрэнпунцагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Тэс сумын төвд хүүхдийн тоглоомын газарт Сүхбат, Жамбалдорж гэх 2 найзтайгаа явж байтал манай сумын Баяраа гэх залуу намайг дуудаад 2 ширхэг 500 төгрөг гаргаж надад өгсөн. Тэгэхээр нь би “Мөнгө хамаагүй” гэж хэлэхэд Баяраа “авчих” гэж хэлэхээр нь би “авахгүй” гэхэд Баяраа “тэгвэл чи энэ мөнгөн дээр нэмээд надад пиво аваад ир” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “иадад мөнгө байхгүй” гэхэд “ Битгий маяглаад бай” гэж хэлээд намайг нэг удаа алгадсан. Тэгээд байж байтал Баяраагийн найз нь ирээд Баярааг дагуулаад явсан. Түүний дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед явж байгаад дахин Баяраатай тааралдахад Баяраа надад “Чи намайг зодсон гэж хүмүүст хэлсэн байна лээ” гэж хэлээд гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохиход тэнд байсан хүмүүс Баярааг салгасан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад Баяраа миний нүүрний зүүн талын шанаан тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь бид хоёр барьцалдаж аваад хоорондоо зодолдсон. Тэр үед Баяраа намайг толгойгоороо 3 удаа нүүрний баруун хэсэгт мөргөсөн, хүмүүс Баярааг салгасан. Биднийг салгахад миний баруун талын дээд талын соёоны хажуу талын шүд хугарсан байсан. Би Баяраад “Чи шүд хугалсан байна” гэж хэлэхэд Баяраа зугатаад явчихсан. Би Баяраад зодуулсны улмаас миний дээд талын баруун соёоны хажуу талын шүд хугарч, хажуу талынх нь шүднүүд хөдөлсөн байсан. Өөр гэмтэл аваагүй. Баяраатай зодолдож байхад бидний хажууд манай найз Сүхбат, Жамбалдорж, Баяраагийн найз Билгүүн, нэрийг нь мэдэхгүй 4-5 хүн байсан. Тухайн үед Баяраа болон миний бие ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед гэмтэл учруулсан Баяраад хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,
2. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн №433 дугаартай шинжээч эмчийн: “Иргэн Т.Цэрэнпунцагийн биед гэмтэл учирсан байна. Үүдэн дээд баруун нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 11-р тал/,
3. Гэрч Д.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 23-ны орой 22 цаг өнгөрч байхад би Увс аймгийн Тэс сумын Соёлын төвийн хойд талд найз Баярхүүгийн хамт явж байтал манай сумын залуучууд болох Цэрэнпунцаг, Сүхбат, Жамбалдорж нартай тааралдсан. Тэгээд бид нар уулзаад Баярхүү нь Цэрэнпунцагийг “Чи дээр надтай маргалдчихаад хүмүүст намайг зодсон гэж худлаа ярьж явсан байсан” гэж хэлээд Цэрэнпунцагийг нүүрэнд нь нэг удаа алгадсан. Тэгтэл Цэрэнпунцаг Баярхүүгийн цээжин тус газар гараараа нэг удаа цохиход бид нар тэр хоёрыг салгаад би Баярхүүг дагуулаад явсан. Тэр үед нөгөө залуучууд араас дагаад байсан. Тэгж байгаад тэд нар гүйцэж ирээд Цэрэнпунцаг, Баярхүү хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдож эхэлсэн. Хажууд нь байсан залуучууд тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. Цэрэнпунцаг, Баярхүү нар зодолдож байгаад Цэрэнпунцаг Баярхүүд “ шүд гэмтээчихлээ” гэж хэлэхэд тэд салсан. Хэсэг байж байгаад Цэрэнпунцаг Баярхүү рүү “Чи миний шүд гэмтээлээ” гэж хэлээд дахиад дайраад тэр хоёр барьцалдаад авсан. Тэгж байтал Баярхүүгийн хамаатны залуучууд болох Бал, Бааяа гэх хүмүүс хажуудаа 2 эмэгтэй хүнтэй хамт машинтай ирээд “Та нар юу хийж байгаа юм” гэхэд Цэрэнпунцаг, Баярхүү хоёр салгаад Баярхүү зугатаад явчихсан. Тэгээд Цэрэнпунцаг, Сүхбат, Жамбалдорж бид нар тэр орой Баярхүүг хайсан боловч олдоогүй. Цэрэнпунцаг, Баярхүү хоёр хоорондоо зодолдож байхад харанхуй байсан болохоор хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисон талаар сайн харж чадаагүй. Тэр хоёр гартаа ямар нэгэн эд зүйл барьж зодолдоогүй. Цэрэнпунцаг, Сүхбат, Жамбалдорж, Баярхүү бид нар ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цэрэнпунцаг, Баярхүү хоёр зодолдсоны дараа Цэрэнпунцагийн амнаас цус гарсан байдалтай байсан бөгөөд өөр ямар нэгэн гэмтэл мэдэгдээгүй. Цэрэнпунцаг, Баярхүү хоёр өмнө нь 2017 оны 07 дугаар сарын 09-нд хоорондоо маргалдаж байсан гэсэн. Би тэр үед хамт байгаагүй. Баярхүү найз нөхөдтэйгээ нийцтэй сайхан харьцдаг, хүнтэй хэрэлдэж маргалдахаараа жаахан хараалын үг хэлдэг. Архи бараг хэрэглээд байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
4. Шүүгдэгч Ц.Баярхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20-р тал/,
5. Хохирогч Т.Цэрэнпунцагийн нэхэмжлэх хохирол төлбөргүй талаархи тодорхойлолт /хх-ийн 22-р тал/,
6. Гэрч Ц.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Увс аймгийн Тэс сумын 6-р багийн нутагт найз Цэрэнпунцаг, Жамбалдорж нарын хамт Соёлын төвийн хажууд явж байтал манай сумын гаралтай Баярсайхан, Билгүүн, Баяраа гэх залуучууд тааралдаад Баяраа нь Цэрэнпунцагт “Чи дээр намайг зодсон гэсэн яриа тарааж, хүмүүст хэлж явсан байна” гэж хэлээд гараараа Цэрэнпунцагийн толгой руу цохиж, толгойгоороо мөргөөд байсан. Яг хэдэн удаа цохисон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед бид нар тэр хоёрыг салгаад салж явцгаасан. Цэрэнпунцаг бид хоёр тэднээс салж яваад Цэрэнпунцагийн найз охин Дариймаагийн гэрт очиж хоносон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Цэрэнпунцаг, Баяраа хоёр зодолдсоны дараа Цэрэнпунцагийн шүд нь хугарч, хамар нь хавдсан байсан. Цэрэнпунцаг, Баяраа хоёр 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Тэс сумын төвд хүүхдийн парк дотор байхдаа хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсан. Тэр асуудлаас болж 2017 оны 7 дугаар сарын 23-нд хоорондоо зодолдсон. Тухайн үед тэнд байсан хүмүүс болон Цэрэнпунцаг, Баяраа хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
7. Гэрч С.Балдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Увс аймгийн Тэс сумын Тооромт багийн нутагт Хадбаатарын машинтай Хадбаатарын эхнэр Заяа болон Цэцгээ, Ариухан бид нар Соёлын төвийн хажуугаар явж байтал хүмүүс зодолдоод байхаар нь дөхөөд очиход манай аавын ахын хүүхдийнх нь хүүхэд болох Баярхүү нэг хүнтэй зодолдож байсан. Тэгэхээр нь би “Хөөе та нар юу хийж байгаа юм бэ” гэж хашгираад очиход тэнд байсан хүмүүс салаад явсан. Тэгээд Баярхүүг машиндаа суулгасан. Тэр үед Баярхүүгийн толгойн орой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд Баярхүүгээс “Та нар яасан юм, юу болсон юм” гэж асуухад “Бид хоорондоо жаахан маргалдаад зодолдсон юм” гэж хэлсэн. Дараа нь би Баярхүүтэй хамт Тэс сумын төвөөс гарч Бор толгой гэх газарт байх Басангийн гэрт очиж Баярхүү тэднийд амарч, би гэртээ орж амарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
8. Шүүгдэгч Ц.Баярхүүгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Би ангийн найз Билгүүний хамт 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед Увс аймгийн Тэс сумын 6-р багийн нутагт байрлах хүүхдийн тоглоомын талбай дотор явж байгаад манай сумын Цэрэнпунцаг, Сүхбат, Жамбалдорж, Өсөхбаяр гэсэн хүмүүстэй тааралдсан. Тэгээд би Цэрэнпунцагт 1000 төгрөг өгөөд “Надад нэг сав пиво аваад өг” гэхэд Цэрэнпунцаг “Чадахгүй” гээд бид хоёр маргалдаад барьцалдаж аваад салсан юм. Маргааш нь Цэрэнпунцаг манай найзуудад “Танай ангийн Баярхүү арчаагүй юм байна лээ, би зодсон” гэж хэлсэн байсан. Тэгээд дараа нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Тэс сумын 6-р багийн нутагт байх сагсан бөмбөгийн талбай дээр тоглочихоод ангийн найз Билгүүн гэх залуутай хамт явж байгаад 22 цагийн үед Соёлын төвийн хажууд Цэрэнпунцаг, Жамбалдорж, Сүхбат нартай таарсан. Тэгэхээр нь би Цэрэнпунцагийг “Чи дээр юу гээд худал хэлээд байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Тэгж байгаад би Цэрэнпунцагийг нэг удаа алгадаад “Илүү юм яриад байхаар чинь нэг удаа алгадлаа” гэж хэлээд явсан. Тэгтэл Цэрэнпунцаг араас ирээд надтай барьцалдаж аваад бид хоёр зодолдож эхэлсэн. Би гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, намайг дараад байхаар нь нэг удаа мөргөсөн юм. Тэгтэл Цэрэнпунцаг чулуу аваад “Ална” гэхээр нь би зугатаад тэндээс яваад ах Болдоржийн машинд суугаад явж амарсан. Өөр зүйл болоогүй. Би 2017 оны 07 дугаар сарын 09-нд Билгүүнтэй хамт 2,5 литрийн Боргио нэртэй пиво хувааж уусан. Өөр архи уугаагүй. Харин 2017 оны 07 дугаар сарын 23-нд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цэрэнпунцаг бид хоёрыг зодолдож байхад бидний хажууд Сүхбат, Билгүүн, Жамбалдорж гэх хүмүүс байсан байх. Би сайн харж чадаагүй. Тухайн үед Цэрэнпунцаг гараараа миний толгойн зүүн талын шанаан тус газар нэг удаа цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Би шинжээч эмчид үзүүлэх шаардлага байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ц.Баярхүү нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Тооромт багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Цэрэнпунцагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Цэрэнпунцаг, гэрч Д.Билгүүн, Ц.Сүхбат, С.Балдорж нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Баярхүүгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн №433 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Баярхүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Цэрэнпунцагийн эрүүл мэндэд “Үүдэн дээд баруун нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Баярхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Баярхүү нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Т.Цэрэнпунцаг нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй талаарх тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Баярхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч Ц.Баярхүү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Булгадар овгийн Цэндсүрэнгийн Баярхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярхүүд 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Баярхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Баярхүүд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН