Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0956

 

 

 

 

 

 

 

 

     2023         12          11                                   128/ШШ2023/0956

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн  2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Д.А******* /РД:ПЭ85092616/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э*******,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н******* нарын хоорондын нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Х.Н******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

1. Нэхэмжлэгч Д.А*******аас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд хандан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/348 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн дэслэгч цол, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШЗ2023/9248 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

3. Нэхэмжлэгч Д.А*******аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие Дангаасүрэн овогтой А******* нь Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтнаар “Цагдаагийн дэслэгч” цолтой ажиллаж байсан. Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд үүрэг гүйцэтгээд мөн өдрийнхөө 15 цагийн орчимд Булган сумын нутаг руу хамт явсан цагдаагийн ажилтнуудын хамт албаны тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Тухайн өдрийн 19 цагийн орчимд Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэр рүү орох төв замын уулзвар дээр байдаг цагдаагийн кобан-постын байранд ирэхэд ажлын цаг дууссан. 12 дугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтээр амрах баярын өдөр байсан тул Алтай сумын төвд байрлах аавындаа очиж амраад 12 дугаар сарын 30-ны өглөө ажлын цаг эхлэхэд ажлын байран дээрээ бэлэн байж байхаар шийдээд тэнд байсан Алтай сумын цагдаагийн хэсгийн 00-31 ХОҮ улсын дугаартай приус-30 маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодож явахаар болсон. Тухайн авто тээврийн хэрэгслийг жолоодож яваад Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт автозамын зорчих хэсгийн халтиргаа, гулгаатай байдлаас шалтгаалан өвс ачиж явсан чиргүүлтэй УАЗ-469 маркийн авто тээврийн хэрэгслийн араас гулгаж мөргөн зам тээврийн осол гаргасан. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох багажаар шалгаж үзэхэд согтолтын зэрэг 0,27 хувьтай гарсан. Энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар миний жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар  хасах шийтгэл ногдуулж, хариуцлага хүлээлгэсэн. Түүнчлэн албаны 00-31 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 4,350,700 төгрөгийг бүрэн барагдуулж, засвар үйлчилгээг бүрэн гүйцэд хийн Ховд аймгийн Булган сумын Цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн.

Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/348 дугаар тушаалаар Төрийн албаны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.16, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.5.4, 2.1.3, 2.1.7, 2.4.8, 2.4.11, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 2.1.2, 2.1.10 дахь заалтуудад тус тус заасныг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон албанаас халж, “цагдаагийн дэслэгч” цолыг хураахаар шийдвэрлэжээ. Ийнхүү албан үүргээ гүйцэтгээгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй, түүнчлэн өөрийн буруутай зам тээврийн осол гаргасан зөрчилдөө хуульд заасан нийтлэг журмын дагуу шийтгэл хүлээсэн байхад албаны “...00-31 ХОҮ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн авто тээврийн хэрэгсэлтэй албан үүрэг гүйцэтгэж явахдаа цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шууд удирдах даргад мэдэгдэлгүй, зохих зөвшөөрөлгүй дур мэдэн албаны техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглан зам тээврийн осол гаргаж байгууллагын эд хөрөнгөд 4,350,700 төгрөгийн хохирол учруулж 4 төрлийн зөрчлийг нэг зэрэг үйлдсэн...” гэж үзэн албанаас халж, “цагдаагийн дэслэгч” цолыг хураахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй, Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулиудын холбогдох заалтуудыг буруу хэрэглэн, үндэслэж гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/348 дугаар тушаал нь хууль бус юм. Надад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/348 дугаар тушаалын талаар мэдэгдлийг Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Чулуунтамир 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр танилцуулж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан. Нэгдүгээрт, 12 дугаар сарын 29-ний өдөр амралтын өдөр байсан. Хоёрдугаарт, би өмнө нь нэг удаа “сануулах” сахилгын шийтгэлийн арга хэмжээтэй байсан. Гэтэл надад цалингийн хувь бууруулах,  цол бууруулах зэрэг өөр  хариуцлага хүлээлгэж болох байтал шууд албанаас халсан учраас гомдолтой байна. Төрийн албаны зөвлөлд хандсан боловч уг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 04/953 дугаар албан бичгээр миний гомдлыг “...Төрийн албаны зөвлөл хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэх хариу өгснийг би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/348 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтан ажилд эгүүлэн тогтоох, цагдаагийн дэслэгч цол, цалингүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, Д.А******* намайг Монгол Улсын цагдаагийн албанд эгүүлэн томилуулж өгнө үү” гэв.  

            4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, агуулга нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр, томилогдсон ажил дууссан байсан. Ховд аймгийн төв рүү хүргэж өгөх ёстой хүмүүсээ хүргэж өгчхөөд гэр рүүгээ буцаж байсан болох нь албаны шалгалтын баримтаас харагдаж байна. Албаны машиныг жолоодож яваад халтиргаа гулгааны улмаас зам тээврийн зөрчил гаргасан байдаг. Тухайн зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн дагуу эрх хасах  шийтгэл хүлээсэн. Цагдаагийн машинд учруулсан хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан. Цагдаагийн байгууллагаас авто машинд учирсан хохирлын талаар ямар нэгэн гомдол, нэхэмжилсэн зүйл байхгүй. Бүх нийтийн амралтын өдөр, ажлын бус цагаар явсан байхад сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халж, цагдаагийн дэслэгч цолыг хураасан нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн ажилтны хөдөлмөрийн харилцааг дэлгэрэнгүй зохицуулж Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албанаас халах үндэслэл, журмыг зааж өгсөн байна. Төрийн албаны тухай хуульд “энэ хуульд заагаагүй хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч, ажилтны ажил эрхлэлтийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө, хэрвээ тухайн ажилтан уг шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж зохицуулсан.   

Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын зүгээс Б/348 дугаар тушаал гарсан гэдэг мэдэгдэх хуудас танилцуулаад, тушаалын нэг хувийг өгөөгүй.  Маргаан бүхий тушаалыг шүүхийн журмаар  хариуцагчаас нотлох баримтаар гаргуулснаар танилцсан.  Үүнээс захиргааны байгууллагын үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хуульд нийцсэн, хуулийн дагуу явагдах ёстой. Гэтэл энэ зарчим алдагдсаныг харж болно.  Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус, Б/348 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож, цагдаагийн дэслэгч цол болон ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

            5. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Т.Ганзоригоос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ховд аймгийн цагдаагийн газрын Булган сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Дангаасүрэнгийн А******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт албаны 00-31 ХОҮ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй албан үүрэг гүйцэтгэж явахдаа цагдаагийн дүрэмт хувцастай, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шууд удирдах даргад мэдэгдэлгүй, зохих зөвшөөрөлгүй дур мэдэн албаны техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглан, зам тээврийн осол гаргаж байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан. Түүний гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.16, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.5.4, 2.1.3, 2.1.7, 2.4.8, 2.4.11, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2.1.2, 2.1.10 дахь заалтад заасныг тус тус зөрчжээ. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4. “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн  шийдвэрлэнэ” гэж заасан. Нэхэмжлэгчтэй холбоотой асуудал нь Цагдаагийн албаны тухай хууль буюу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан хуулийн дагуу шийдвэрлэгдсэн учраас ерөнхийлөн зохицуулсан хууль буюу Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, тэр дундаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэж болохгүй. Энэ маргаан зөвхөн Цагдаагийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянан шийдвэрлэгдэх юм.

Маргаан бүхий акт буюу Б/348 дугаар тушаалыг хэрхэн мэдэгдсэн тухайд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа Монгол орон даяар, сум, суурийн газарт, өнцөг булан бүрд хүрэхээс шалтгаалаад, Ховд аймаг Улаанбаатар хотоос хэдэн километр билээ, Ховд аймгийн төвөөс Алтай сум хэдэн километр болохыг тооцохоор 1000 гаруй километрийн зайтай. Ийм нөхцөл байдлаас шалтгаалаад цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа захиргааны акт нь мэдэгдэл хэлбэрээр буюу цахим сүлжээгээр хэргийн оролцогчид очоод, түүнд зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй гээд гарын үсгээ зурж, танилцуулагддаг өөрийн дотоод журмаар яваад хэвшчихсэн үйл ажиллагаа. Энэ ч утгаараа нэхэмжлэгчид маргаан бүхий акт актаараа очоогүй. Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн хэлтсийн мэдэгдэх хуудас очсон. Үүнийг зөвтгөж байгаа шалтгаан нь нэхэмжлэгч маргаантай асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс актуудыг аваад, нэхэмжлэгчид хариу өгсөн байдаг. Цагдаагийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлд Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаануудыг хориглоно гэж тодорхой заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх”-ийг хориглосон. Албаны шалгалтын үед бусад хүмүүсийн өгсөн тайлбараар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албаны дүрэмт хувцастай явсан, албан үүргээ гүйцэтгэж явсан гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн тусгай алба. Энэ тохиолдолд баривчлагдсан гурван хүн хүргэж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй явж байсан. Хөдөлмөрийн тухай хуулиар аваад үзэхэд ч гэсэн алба хаагч үүргээ гүйцэтгээд гэртээ харьж байсан бол энэ хугацааг албан үүрэг гүйцэтгэж байсанд тооцно. Тусгай даалгавар аваад Ховд аймгийн төв орчхоод буцаж явсан үйл ажиллагаа нь албан үүрэг гүйцэтгэж буй үйл ажиллагаа.  Нэхэмжлэгчийн тухайд албаны дүрэмт хувцастай явж байгаа тохиолдолд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх ёсгүй. Өөрөө пиво уусан гэж хэлсэн. Пиво нь  архи, согтууруулах ундааны зүйл мөн. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг зөвтгөх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх асуудал зайлшгүй яригдах шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэхээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаан болоод, нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс хойш тоолоод үзэхээр яалт ч үгүй хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах юм. Иймд үүнийг шүүх шийдвэрээ гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, дүрэмт хувцастай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албан үүрэг гүйцэтгэж явахдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь албаны шалгалтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан шиг албаны шалгалтыг үнэн, зөв явагдсан эсэх дээр код 112-т заасны дагуу буюу дараагийн шатны албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч гомдол гаргаагүй, гаргасан зөрчлүүдээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, приус-30 маркийн автомашин Алтай сумын Цагдаагийн хэсгийн машин байсан. Тэгэхээр нэхэмжлэгч албаны тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд дур мэдэн ашигласан гэдэг нь тогтоогдож байгаа юм. Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасантай хэрхэн уялдах вэ гэхээр Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.5.4-т ноцтой зөрчил гэж хууль тогтоомжид заасан цагдаагийн албаны нэр хүндэд харшлах үйлдэл хийх, эд хөрөнгөд хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгох, энэ дүрэмд заасан сахилгын зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1. “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн бол цагдаагийн албанаас хална” гэсэн зохицуулалттай байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

             1. Нэхэмжлэгч Д.А*******аас гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

            2. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3. “төрийн тусгай алба”, 6.2. “...6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”, 13 дугаар зүйлийн 13.1. “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна”, 13.1.6. “зэвсэгт хүчин, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын офицер, ...” гэж зааснаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Булган сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтан албан тушаалд, цагдаагийн дэслэгч цолтойгоор, үр дүнгийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Цагдаагийн дэслэгч Д.А*******ыг албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” Б/348 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5. “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, халах”, 8.4.“Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1.“өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн”, 97 дугаар зүйлийн 97.1. “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг үндэслэн гарсан байх ба нэхэмжлэгчийг “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт албаны 00-31 ХОҮ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй албан үүрэг гүйцэтгэж явахдаа цагдаагийн дүрэмт хувцастай, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шууд удирдах даргад мэдэгдэлгүй, зохих зөвшөөрөлгүй дур мэдэн албаны техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглан, зам тээврийн осол гаргаж байгууллагын эд хөрөнгөд 4,350,700 /дөрвөн сая гурван зуун тавин мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учруулж дөрвөн төрлийн зөрчлийг нэг зэрэг үйлдсэн” хэмээн буруутгасан.

4. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2. “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7. “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.16. “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” талаарх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5. “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх”-ийг цагдаагийн алба хаагчид хориглохоор хуульчилсныг,

5. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Дүрэм батлах тухай” А/201 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.5.4. “Ноцтой зөрчил гэж хууль тогтоомжид заасан, цагдаагийн албаны нэр хүндэд харшлах үйлдэл хийх, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд  сөргөөр нөлөөлөх, үр дагаврыг бий болгох, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг”, 2.1.3. “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах”, 2.1.7. “байгууллагаас тогтоосон хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг чанд сахин биелүүлж, албаны бус зорилгоор материал техникийн, санхүүгийн хэрэгсэл, төрийн бусад эд хөрөнгө, албаны мэдээллийг ашиглахгүй, бусдад шилжүүлэхгүй байх”, 2.4.8. “ажлын байранд, ажлын цагаар эсхүл албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэх, хуулиар хориглосон газар утаат тамхи татахгүй байх”, 2.4.11.“согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэж заасныг,

6. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Дүрэм батлах тухай” А/201 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.1.2. “Албаны болон алба хаагчийн нэр хүндийг хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу үйл ажиллагаа явуулах”, 2.1.10. “Байгууллагын өмч хөрөнгө, техник болон тусгай хэрэгсэл, албан хэрэгцээний мэдээ материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх” гэх хууль болон дүрмийн заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн нь цагдаагийн албанаас халах үндэслэл болсон тодруулбал, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.4-т “ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-т заасны дагуу албанаас хална” гэж заасны дагуу цагдаагийн албанаас халж, цагдаагийн дэслэгч цолыг хураасан гэж хариуцагчаас тайлбарлаж байна.

            7. Алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, уг зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэхийг нягтлан шалгахын тулд “албаны шалгалт”-ыг явуулдаг байх бөгөөд нэхэмжлэгч Д.А*******ын ажиллаж байсан Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын цагдаагийн хэлтсээс нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчилд 20230480000001 дугаартай албаны шалгалт явуулснаар,

            8. Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Чулуунтамираас “Цагдаагийн дэслэгч Д.А*******ын үйлдсэн зөрчлийн талаар” танилцуулгыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, “Албаны шалгалт явуулсан тухай” танилцуулгыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус Ховд аймгийн Цагдаагийн газрын даргад хүргүүлж,

            9. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 45 минутад хийхдээ нэхэмжлэгчийг Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2.1.1, 2.1.2, 3.4 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасан үндэслэлээр цагдаагийн албанаас халах саналыг Цагдаагийн газрын даргын зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлэх гэж байгааг сонсгож, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор дээр шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсныг Аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Д.А******* хэмээн гарын үсгээ зуруулсан.

10. Улмаар Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаар тэмдэглэлээр “Булган сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Д.А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан гэх асуудалд явуулсан 2023048000001 дугаартай албаны шалгалтын талаар даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, түүнчлэн нэхэмжлэгч нь Ховд аймгийн цагдаагийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээж, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй, 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт дүгнэхэд F /хангалтгүй/ үнэлэгдсэнийг дурдаж, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэж албанаас халах” саналтай материалыг Зөвлөлийн хурлаас шийдвэрлэснийг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд хүргүүлснээр,

            11. Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Албаны шалгалтын материал хянасан тухай” 09  дугаартай тэмдэглэлийн санал хэсэгт: “Албаны шалгалтын дүнг үндэслэн Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Д.А*******т Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн албанаас халах” танилцуулагджээ.

12. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан “албан үүрэг гүйцэтгэж явахдаа цагдаагийн дүрэмт хувцастай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албаны тээврийн хэрэгслийг дур мэдэн жолоодож зам тээврийн осол гаргасан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, байгууллагын эд хөрөнгөд 4,350,700 төгрөгийн хохирол учруулсан” гэх зөрчил нь явуулсан албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ /37.1.2, 37.1.7, 37.1.16/ зөрчсөн нь дээр дурдсан байдлаар нотлогдож, цагдаагийн алба хаагчид хариуцлага хүлээлгэсэн үйл баримт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагчид холбогдох хууль тогтоомжоор харьяа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой тухайлбал, цагдаагийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авах, албанаас халах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон, энэ бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

13. Нэхэмжлэгчид шийдвэр гаргаж буй талаар 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 600 дугаар мэдэгдэх хуудсаар маргаан бүхий актыг гардуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа түүнийг оролцуулаагүй, саналыг сонсоогүй, мөн маргаан бүхий захиргааны актыг гардуулаагүй үйл баримт тогтоогдохгүй байна. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын гарын үсэгтэй тушаал танилцуулагдаагүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй, хариуцагч захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд журамласан харилцааны дагуу нэхэмжлэгчид маргаан бүхий тушаалыг мэдэгдсэнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

14. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0236114 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.А*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1-д заасны дагуу 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсныг тэмдэглэж байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.18-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А*******аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн Б/348 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтан ажилд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн дэслэгч цол, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН