Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 83

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,

       Шүүгдэгч: Б.Далай,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яргай овгийн Батмөнхийн Далайд холбогдох эрүүгийн 1735000400017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 12-22 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОГ91032415, Яргай овгийн Батмөнхийн Далай.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Далай нь 2017 оны 08 дүгээр сарын 07-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байранд хохирогч Б.Отгонсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

               1. Хохирогч Г.Отгонсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Улаанбаатар хотод  барилгын ажил хийдэг бөгөөд миний ээж, эхнэр хүүхэд маань Увс аймагт байдаг тул би тэд нартай уулзахаар 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Увс аймагт ирсэн. Увс аймагт ирчихээд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр багийн найз Азжаргалтай тааралдаж бид хоёр манай гэрт 2.5 литрийн том пиво 1-ийг уучихаад  хүүхдээ аваад эхнэр Отгонжаргалд хүргэж өгөх гээд ажил дээр нь буюу “Бэл булаг” төвийн 1 давхарт байх үсчний газарт ороход тэнд миний эхнэрийн дэргэд 3 залуу байсан. Тэр 3 залуугийн 1 нь миний эхнэр Отгонжаргалын гарыг барьчихсан сууж байхаар нь би хардаж эхнэртээ “гараад ир” гэж хэлээд эхнэрээ гараад ирэхээр нь “Чи яах гэж ингээд яваад байдаг юм бэ” гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгтэл эхнэр маань цагдаа дуудаж намайг өгсөн. Би цагдаагийн газар ирж согтуурал хэмжих багажаар шалгуулахад 0,37 хувийн согтолттой гэж гарсан. Тэгээд түр саатуулах байранд саатуулагдахаар болж эмчийн үзлэгт ороод түр саатуулах байрны хаалгаар явж ороход тэр байранд Далай гэдэг залуу саатуулагдаж байсан. Би түүний хажууд очоод суутал тэр залуу над руу “Чи муу юундаа над руу муухай хараад байгаа юм бэ” гэж хэлээд өөр зүйл хэлэлгүй босож ирээд баруун гараараа нэг удаа миний нүүрэн тус газар цохиход миний хамарнаас цус гарсан. Тэгтэл эрүүлжүүлэх байрны эмч, цагдаа нар ирж надад үзлэг хийж, эмнэлэг орж үзүүлсэн. Далай миний хамар дээр цохисон тул миний хамар их өвчтэй байгаа. Би тухайн үед Далайд хандаж юу ч хэлээгүй, саатуулах байрны өрөөнд ороод суухад л намайг “Чи яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж хэлээд босож ирээд миний хамар луу цохисон. Миний хамрыг засаж янзлаад хэвийн байдалд оруулчихвал надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй’’ гэх мэдүүлэг / хх-ийн 7-8-р тал/,

               Хохирогч Г.Отгонсайханы мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Миний биед одоо өвдөж, зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй. Далай надад учирсан хохирыг бүрэн төлж барагдуулсан. Миний хамрын хугаралыг засахад нийт 40.000 төгрөгийн зардал гарсныг Далай төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

                2. Гэрч А.Сайнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байрны дарга эмчээр ажилладаг. Эрүүлжүүлэх баривчлах байранд 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нэг ээлжинд нэг эмч, нэг цагдаа ажилладаг. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд тус өдрийн оройны 21 цаг 45 минутанд Улаангом сумын 9-р багаас агсам согтуу тавьж машины урд гэрэл хагалсан гэх дуудлагаар Далай гэгч нь ирж эрүүлжүүлэгдсэн. Далайд  журмын дагуу үзлэг хийж эрүүл мэндийг нь үзэж эрүүлжүүлэх байрны 1 дугаарын камерт ганцааранг нь оруулсан. Түүний дараа 23 цаг 35 минутанд Улаангом сумын 6-р багийн нутгаас Гомбын Отгонсайхан гэгч нь согтуугаар гэр бүлийнхээ амгалан тайван байдал алдагдуулсан гэх дуудлагаар ирсэн ба  эрүүл мэндийг нь үзэж үзлэг хийж 23 цаг 50 минутанд эрүүлжүүлэх байрны 1 дугаарын камерт Далайгийн дэргэд оруулаад нөмрөх даавуу өгсөн. Тэгээд камерын хаалгыг цоожлох үед Отгонсайхан нь тус камерт байсан Далайгийн дэргэд очоод нөмрөг нөмрөөд суусан. Тэгэхэд Далай ямар нэгэн үгийн зөрүүгүй Отгонсайханы нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд камерын хаалгыг онгойлгоод ороход Отгонсайханы хамраас  цус гарч байсан тул камераас гаргаж анхны тусламж үзүүлж цусыг тогтоосон. Тухайн үед хамар хугарсныг мэдээгүй бөгөөд хамар нь муруйлттай байхаар нь  би аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасаг дээр очоод гэмтлийн эмч Батсүхэд үзүүлэхэд “Цус тогтсон байна, маргааш өглөө ирж рентген зураг авахуулж, чих хамар хоолойны эмчид үзүүл” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс  цагдаагийн газарт авч ирж Далайгийн эсрэг талын камерт оруулсан. Нэг өрөөнд 4 хүнийг оруулах боломжтой бөгөөд стандартад 4 хүнийг оруулах боломжтойгоор зааж өгсөн. 1 хүнд 2 м.кв талбай ноогдох ёстой гэсэн журам байдаг. Тус хоёр хүн өөр өөр газраас ирсэн хүмүүс тул 1 камерт оруулсан. Энэ нь ямар нэгэн журам стандарт зөрчсөн зүйл байхгүй. Үйл ажиллагаанд заасан журмын дагуу бүх ажиллагаа хийгдсэн. Энэ асуудал бол хяналтын камер дээр цаг минут дүрс зурагтайгаа тусгагдсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

                3. Гэрч С.Лхагвын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажилладаг. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би жижүүр цагдаагаар эмч цагдаагийн хошууч Сайнжаргалын хамт үүрэг гүйцэтгэж байтал оройн 21 цаг 45 минутанд Улаангом сумын 9-р багаас агсам согтуу тавьж, машины урд гэрэл хагалсан гэх дуудлагаар Далай гэгч нь ирж эрүүлжүүлэх баривчлах байранд саатуулагдсан. Тэгж байтал 23 цаг 35 минутанд Улаангом сумын 6-р багийн нутгаас Гомбын Отгонсайхан гэгч нь согтуугаар гэр бүлийнээ амгалан тайван байдал алдагдуулсан гэх дуудлагаар ирэхэд нь эмч үзэж үзлэг хийж 23 цаг 50 минутанд эрүүлжүүлэх байрны 1 дугаарын камерт байсан Далайгийн дэргэд оруулаад нөмрөх даавуу өгөөд камерын хаалгийг цоожлох  зуур Отгонсайхан тус камерт байсан Далайгийн дэргэд суусан. Тэгтэл Далай нь ямар нэгэн үгийн зөрүүгүй Отгонсайханы нүүрэн тус гараараа нэг удаа цохисон. Камерын хаалгыг онгойлгоод ороход Отгонсайханы хамраас цус гарч байсан тул камераас гаргаж эмч Сайнжаргал эмнэлгийн анхны тусламж үзүүлж цусыг тогтоосон. Тухайн үед Отгонсайханы хамар хугарсныг мэдээгүй бөгөөд Сайнжаргал эмч аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасаг руу Отгонсайханыг аваад явсан. Далай нь яагаад Отгонсайханыг цохих болсныг мэдэхгүй байна. Үгийн зөрүүгүй цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

                     4. Гэрч Г.Цэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Далай нь миний нөхөр юм. Батмөнхийн Далай нь 1991 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Завхан Суманд төрсөн. Эцэг, эхээс 3-уулаа бөгөөд дээрээ нэг ах, нэг эгчтэй айлын бага юм. Бид хоёр 2010 оноос танилцаж үерхээд 2013 онд гэр бүл болж, 2014 онд хүү Мөнхдалай, 2016 онд охин Сувд-Эрдэнэ нар мэндэлж ам бүл 4-үүлээ тус аймгийн Улаангом сумын 10-р баг 12-22 тоотод оршин сууж амьдарч байна. Далай нь тусгай дунд боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй. Одоогоор хувиараа компьютер засварын газар ажиллаж байгаа. Далай нь 2011 онд Улаанбаатар хотод 1 жилийн цэргийн алба хаасан. Далай нь дуу дуулах сонирхолтой, даруу төлөв, гэр бүлдээ анхаарал халамжтай, бусадтай эвсэг зөв боловсон харьцаатай, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог хүн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

            5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №456 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Г.Отгонсайханы биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт гэмтэл үүссэн байна.  Дээрх гэмтэл гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд учирсан байх боломжтой, шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Цаашид уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/,

            6. Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн засаг дарга Ц.Сурвалжлагчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 1060 тоот тодорхойлолт /хх-ийн 26-р тал/,

            7. Шүүгдэгч Б.Далайгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р тал/,

            8. Шүүгдэгч Б.Далайгийн хүүхдүүд болох Д.Мөнхдалай, Д.Сувд-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Далай, Г.Цэрмаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 38-40-р тал/,

            9. Шүүгдэгч Б.Далай, хохирогч Г.Отгонсайхан нарт холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэсэн тухай материал /хх-ийн 48-86-р тал/,

            10. Шүүгдэгч Б.Далайгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найзуудтайгаа нийлж архи уугаад найз нараасаа салаад явж байгаад нэг танихгүй машины жолоочтой маргалдаж тэр хүн цагдаа дуудаж улмаар би 21 цаг 45 минутанд Увс аймгийн Цагдаагийн газарт очсон. Тухайн үед би нэлээн согтсон байсан бөгөөд согтуурал шалгах багажаар шалгуул гэсэн боловч үлээх чадваргүй байсан тул намайг эрүүлжүүлэх баривчлах байр луу оруулсан. Би эрүүлжүүлэх баривчлах байрны 1 дугаарын өрөөнд ганцаараа байж байтал гаднаас танихгүй залуу орж ирсэн. Тэр залуу хаалгаар орж ирээд надруу их муухай харсан тул би тэр залууд “Муухай хараад байна уу, муу пизда минь” гэж хэлээд нүүрэнд нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуугийн хамраас цус гарсан бөгөөд тэр үед эрүүлжүүлэх баривчлах байранд ээлжээр гарч байсан цагдаа орж ирээд надаар тэр залууг аваад гараад явсан. Отгонсайханыг зодох үед би түүнийг таньдаггүй байсан бөгөөд энэ хэрэг болсноос хойш бид хоёр танилцаж, найз нөхөд болцгоосон. Бид хоёрын дунд өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Би Отгонсайханд учирсан хохирлыг төлж барагдуулан хохиролгүй болгосон. Би тухайн үед архи уусан байснаас уурлаж бусдын биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Далай нь 2017 оны 08 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байранд хохирогч Г.Отгонсайханыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Отгонсайхан, гэрч С.Лхагва, А.Сайнжаргал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Далайгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №456 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Б.Далайгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Отгонсайханы  эрүүл мэндэд “Хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Далайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Б.Далайгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Отгонсайханы эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн болон хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Далай нь хохирогч Г.Отгонсайханд 40000 /дөчин мянга/ төгрөгийг хохиролд тооцон өгсөн нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн  байх тул гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

                  Шүүгдэгч Б.Далай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

                   Шүүгдэгч Б.Далайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Яргай овгийн Батмөнхийн Далайг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Далайд 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Далай торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Б.Далай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Далайд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

                                   

 

                                                   ДАРГАЛАГЧ,

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН