Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 84

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

            Хохирогч: О.Жавзанпагма,

       Шүүгдэгч: О.Аюурзана,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хундаганууд овгийн Отгонбаярын Аюурзанад холбогдох эрүүгийн 1735000490027 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6-р баг 02-05 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОЮ92122829, Хундаганууд овгийн Отгонбаярын Аюурзана.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Аюурзана нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өглөө Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Жавзанпагмыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Шүүгдэгч О.Аюурзанад холбогдох Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-ийн 5-10-р тал/,

            2. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №457 дугаартай шинжээч эмчийн: “Иргэн О.Жавзанпагмын  биед гэмтэл учирсан байна. Духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун өвдөгний хонхорт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 12-р тал/,

            3. Хохирогч О.Жавзанпагмын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 20 цаг 30 минутын үед өөрийн хүү болох Хүдэрчулуун руу залгаад хаана байгаа талаар асуухад миний хүү Хүдэрчулуун надад “Би найзынхаа найран дээр байна, би жаахан архи уучихлаа, би ээждээ хайртай, найз нартаа хайртай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хүдэрчулуунд “Эртхэн харьж амраарай” гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд гэртээ унтаж байтал 2017 оны 08 дугаар сарын 06-ны 03 цаг 00 минутын үед над руу манай бэр Аюурзана залгаад “Хүдэрчулуун алга болчихлоо, айлын найран дээр байж байгаад алга болчихлоо, хаашаа явчихсан юм бол” гэж хэлээд уйлаад байсан тул би Аюурзанад “Хүдэрээ хааччихсан юм бэ, хамт явцгааж байж харж явдаггүй юм уу чи” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд өглөө нь буюу 2017 оны 08-р сарын 06-ны 08 цаг 00 минутын үед босоод хүү Хүдэрчулууныг хайж манай гэрийн дээд талд байх Хүдэрчулууны найз болох Эрдэнэбилэгийн гэрт очиход Хүдэрчулуун тэдний гэрт халамцуу байсан тул би Хүдэрчулууныг дагуулаад өөрийн дүү болох Отгонжаргалын гэрт оруулж унтуулчихаад ажил руугаа явсан. Тэгээд 08 цаг өнгөрч байхад Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ээлжиндээ ирээд ээлж хүлээлцээд байж байтал манай төрсөн дүү болох Отгонжаргал над руу утасдаад “Танай бэр Аюурзана манайд ирээд Хүдэрчулууныг зодоод байна, та хүрээд ирээч” гэхээр нь би ажлаасаа гараад өөрийн дүү Отгонжаргалын гэрт очиход Хүдэрчулуун, Аюурзана нар тэдний гэрээс гараад явчихсан байсан. Тэгэхээр нь Отгонжаргалын нөхөр болох Мөнхдуламтай хамт тэдний мотоциклиор хүү Хүдэрчулууны гэрт очсон. Намайг тэдний гэрт ороход манай бэр Аюурзана өөрийн хувцас болон бусад зүйлүүдээ бэлдчихсэн байсан. Тэгээд Хүдэрчулуунд хандаж “Надад чи автобусны зардал 64000 төгрөг өгчих, би Улаанбаатар хотруу явлаа” гэж хэлэхээр нь би Аюурзанад “Чи яагаад Хүдэрчулууныг цохиод байгаа юм, яагаад хоорондоо хэрэлдэж байдаг юм, урьд өмнө нь бас хэрэлдэж байгаад эвлэрсэн биздээ” гэж хэлэхэд Аюурзана надад “Битгий солиор янхан минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аюурзанад уурлаад “Чи өөрөө хаана явсан юм, нөхрийнхөө хамт явахад яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Аюурзана нь Хүдэрчулууныг дахиад татаж чангаагаад, юм авч шидээд байхаар нь би Аюурзанд “Чи одоо болиоч, одоо тайвшир” гэж хэлсэн. Тэгтэл Аюурзана миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөж, баруун гарыг минь хазахаар нь би Хүдэрчуулууны хадам ээж болох Хорлоо руу утсаар залгаад түүнийг дуудсан. Хүү Хүдэрчулуун мөн хадам ээж болох Хорлоо руугаа залгаж дуудсан бөгөөд удалгүй Хүдэрчулууны гэрт Хорлоо, охин Гарамхандын хамт ирэхээр нь хүү Хүдэрчулуун хадам ээждээ “Ээжээ та охиноо аваарай” гэж хэлээд Ариунтунгалаг, Хүдэрчулуун бид гурав Хүдэрчулууны жижиг машинаар явахаар гэрээс гарах гэтэл Аюурзана надад “Наад машин чинь миний хүүхдүүдийг цэцэрлэгт зөөдөг машин” гэж хэлсэн. Тэгэхээр нь Хүдэрчулуун, Ариунтунгалаг бид гурав байшингийн хаалгаар гарч байтал миний толгой руу Аюурзана нэг юмаар цохих шиг болсон. Тэгтэл миний толгойноос цус гарч эхэлсэн бөгөөд би цусаа дараад шууд Хүдэрчулууны том ачааны машинд суугаад өөрийн том хүү Нацагдоржийн гэрт ирсэн юм. Тэгээд би хувцсаа сольж аваад аймгийн нэгдсэн эмнэлгт очоод түргэн тусламжийн эмчээр толгойндоо оёдол тавиулсан юм. Тухайн үед манай бэр Аюурзана миний толгой руу хуванцар шанагаар нэг удаа цохисон. Аюурзана намайг цохисноос болж миний толгой хагарсан бөгөөд надад өөрийн бэр Аюурзанаас нэхэмжлэх зүйл байхгүй. Аюурзана надаас уучлалт гуйгаагүй бөгөөд бид хоёр эвлэрээгүй байгаа” гэх  мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

             Хохирогч  О.Жавзанпагмын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Манай бэр, хүү 2 муудалцаж хэрэлдсэнээс болж намайг дуудсан тул гэрт нь очсон. Миний бэр Аюурзана нь тухайн үедээ уурлаж бухимдсанаасаа болж намайг цохисон байх. Би толгойндоо гэмтэл авч 103 дээр ирж оёдол тавиулсан, би бэрдээ гомдсондоо цагдаад мэдэгдсэн. Одоо миний биед өвдөх зовох зүйл байхгүй, бид урьдынх шигээ энгийн харилцаатай байгаа, одоо маргалдаж муудалцах зүйл байхгүй. Цаашид дахин ийм асуудал гарахгүй байх гэж итгэж байна. Надад нэхэмжлэх зүйл , гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

      4. Гэрч Ц.Хүдэрчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08-р сарын 05-ны орой найз Угтахбаярын найранд эхнэр Аюурзана болон найзуудын хамт очсон. Би найран дээр очоод архи уугаад нэлээд согтсон бөгөөд найрнаас гараад эхнэр болон найзуудын хамтаар Андууд бааранд орсон. Тэгээд би согтоод бааран дотор танихгүй хүнтэй маргалдсан бөгөөд тэр үед манай найзууд намайг ганцааранг нь таксинд суулгаад гэрлүү явуулсан. Манай эхнэр болох Аюурзана надтай маргалдсан хүмүүстэй ярилцаад үлдсэн. Тухайн үед би согтож ухаанаа алдсан байсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2017 оны 08-р сарын 06-ны өглөө 05:00 цагийн үед сэртэл би ганцаараа “Увс- Эрдэм” ахлах сургуулийн урд талын гэр хоололд газарт хэвтэж байсан ба миний нэг талын гутал алга болчихсон байсан. Мөн миний архи гүйцэт гараагүй халамцуу байсан юм. Тэгээд би ажилчны хороонд байх өөрийн нагац ах Мөнхдуламын гэрийн хажууд байх найзтайгаа уулзчихаад Мөнхдулам ахын гэрт хэвтэж байтал удалгүй манай эхнэр болох Аюурзана тэднийд ирсэн юм. Тэгээд намайг “Хаана хоносон юм” гэж хэлээд загнаад намайг чичсэн. Тэгээд бид хоёр маргалдаад тэдний гэрээс гараад өөрийн гэр лүү явсан. Аюурзана бид хоёр гэртээ ороод маргалдаад хэрэлдэж байтал манай ээж болох Жавзанпагма нь Мөнхдулам ахын хамт манайд ирээд ээж Жавзанпагма, манай эхнэр Аюурзана нар хоорондоо хэрэлдээд эхэлсэн юм. Тэгээд би эхнэр Аюурзаныг газарт дараад байж байтал манай ээж Жавзанпагма ирээд манай эхнэрийн цээж рүү нэг удаа цохиод авсан. Тэгтэл Аюурзана нь ээж Жавзанпагмын үснээс татаад эхнэр Аюурзана, ээж Жавзанпагма хоёр хоорондоо хэрэлдээд байсан ба тэр хоёр нэг нэгнийгээ янхан, яатуу гэх мэтээр харилцан хэрэлдэцгээсэн. Тэр үед Мөнхдулам ах манай бэр эгч Ариунтунгалагийг манай гэрт дагуулж ирсэн. Тэгээд манай ээж Жавзанпагма хадам ээж Хорлоог утсаар залгаж дуудаад удаагүй байтал хадам ээж Хорлоо, хадам эгч Пагмаханд нар манайд ирсэн. Тэгэхээр нь би хадам ээж Хорлоод “Та охиноо аваарай” гэж хэлчихээд бэр эгч Ариунтунгалаг, ээж Жавзанпагма бид гурав миний жижиг машинаар явах гэтэл эхнэр Аюурзана надад “Энэ миний хүүхдүүдийг зөөдөг машин” гэж хэлсэн. Тэгэхээр нь би байшингаас гараад том машинаа асаачихаад гэрлүүгээ ороод иртэл байшингийн хаалганы хэсэгт манай ээж Жавзанпагмын толгой хагарсан байдалтай цус гарч байсан. Юу болсныг нь асуухад ээж надад “Аюурзана миний толгойг шанагаар цохиод хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бэр эгч Ариунтунгалаг, ээж Жавзанпагма бид нар миний том ачааны машинд сууцгаагаад би машинаа бариад манай ах болох Нацагдоржийн гэрт очоод ээж тэднийхээс шууд эмнэлэг явсан. Аюурзана намайг архи уугаад гэртээ ирж хоноогүй гэж уурлаж миний толгой руу чичиж, надруу уурласан бөгөөд би тухайн үед мөн адил Аюурзантай хэрэлдсэн. Аюурзана бид хоёр урд өмнө нь хоорондоо маргалдаж байсан бөгөөд бид 2017 оны 02-р сард хардалтын улмаас муудалцаж тус тусдаа амьдарч байгаад 2017 оны 04-р сард эвлэрч хамт амьдарч эхэлсэн юм. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

       5. Гэрч Ш.Хорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 07:00 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал надруу манай худ болох Жавзанпагма утсаар залгаад “Хүдэрчулуун, Аюурзана хоёр гэртээ хэрэлдээд байна, би ирчихсэн байна, чи хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би Жавзанпагмад “Залуу хүмүүс учраа олох байлгүйдээ” гэж хэлээд утсаа салгачихсан юм. Тэгтэл Жавзанпагма надруу дахин дахин залгаад байхаар нь би утсаа автал манай хүргэн Хүдэрчулуун байсан бөгөөд надад “ Ээжээ та манайд хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би Улаангом сумын 6-р баг Жишиг хороололд байдаг хүргэн Хүдэрчулууны гэр лүү 3 дахь охин болох Пагмахандтай хамт таксигаар очсон. Тэгээд Пагмаханд бид хоёр Хүдэрчулууны гэрт ороход тэдний гэрт манай худ болох Жавзанпагма, тэдний бэр болох Ариунтунгалаг, манай хүргэн Хүдэрчулуун, манай охин Аюурзана нар 3 хүүхдийнхээ хамт байсан ба Жавзанпагма нь манай охин Аюурзана руу “Манай хүү Хүдэрчулуун архи уугаад хээр хоноо л биздээ, чи ямар их хартай юм, хээр хонохоор яадаг юм” гэж хэлээд зогсож байсан. Намайг ормогц Жавзанпагма надад “Энэ охиноо аваад яв” гэж хэлэх үед Аюурзана нь Жавзанпагмад “Энэ миний гэр, энэ миний 3 хүүхдийн гэр шүү, та өөрөө яв” гэж хэлсэн. Тэгтэл Хүдэрчулуун нь ээж Жавзанпагма, бэр эгч Ариунтунгалаг нартаа “Явъя ээжээ” гэж хэлэхэд Жапзанпагма “Энэ хараа ингэдэг л хүүхэн ш дээ, Ариунтунгалагаа чи гадна байгаа Хүдэрчуулны жижиг машиныг барьчих, Хүдэрчулуун чи хувцсаа ав явцгаая” гэж хэлсэн. Тэгэхээр нь Аюурзана “Энэ миний машин, би та нарт машинаа өгөхгүй, би хүүхдээ зөөдөг юм, би машинаа өгч чадахгүй” гэж хэлээд байшингийн хаалга хэсэг рүү Жавзанпагма, Ариунтунгалаг, Хүдэрчулуун нар гарч явсан. Тэгтэл Аюурзана хадам ээж болох Жавзанпагмын толгой хэсэгт хуванцар шанагаар цохисон бөгөөд тэр үед Жавзанпагмын толгой хагарч цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь би Аюурзанд “Чи яаж байгаа юм” гэж уурласан. Тэгтэл Жавзанпагма “Энэ харж байна уу, би та нарыг цагдаад өгнө” гэж хэлчихээд Хүдэрчулуун, Ариунтунгалаг нартай яваад өгсөн юм. Пагмаханд бид хоёр Хүдэрчулууны гэрт очиход Жавзанпагма нь Аюурзаныг загнаад байсан бөгөөд Жавзанпагма Аюурзаныг зодож цохиогүй. Аюурзана нь Жавзанпагмын толгой хэсэгт хуванцар шанагаар нэг удаа цохисон бөгөөд уг шанага хагарчихсан байхаар нь би гаргаад хогон дээр хаячихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

       6. Гэрч О.Пагмахандын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 08:00 цагийн үед манай аавын утас руу манай хүргэн Хүдэрчулууны ээж болох Жавзанпагма залгаад “Ирж охиноо ав” гэж хэлээд утсаа тасалчихсан юм. Манайх хашаандаа аавынхтайгаа хамт байдаг бөгөөд би гэрээс гараад аавынд ороод аав Отгонбаяр, ээж Хорлоо нарт энэ талаар хэлээд ээж бид хоёр такси бариад Хүдэрчулууны гэрт очтол Аюурзаны хадам ээж Жавзанпагма гэрт орилоод байсан нь гэрийн гаднаас сонсогдсон. Тэгээд Хүдэрчулууны гэрт ороход тэдний гэрт манай худ болох Жавзанпагма, тэдний бэр болох Ариунтунгалаг, манай хүргэн Хүдэрчулуун, манай дүү охин Аюурзана нар байсан ба Жавзанпагма манай дүү охин Аюурзана руу дайраад “Манай хүү Хүдэрчулуун архи уугаад хээр хоноо л биздээ, чи ямар их хартай юм, хээр хонохоор яадаг юм” гэж хэлээд зогсож байсан. Ээж бид хоёрыг ормогц Жавзанпагма ээж бид хоёрт “Энэ охиноо аваад яв” гэж хэлэхээр нь Аюурзана хадам ээждээ “Энэ миний гэр, энэ миний 3 хүүхдийн гэр шүү, та өөрөө яв” гэж хэлсэн. Тэгтэл Хүдэрчулуун нь ээж Жавзанпагма, бэр эгч Ариунтунгалаг нартаа хандаж “Явъя ээжээ” гэж хэлэхэд Жавзанпагма “Энэ хардаа ингэдэг л хүүхэн ш дээ, Ариунтунгалагаа чи гадна байгаа Хүдэрчулууны жижиг машиныг барьчих, Хүдэрчулуун чи хувцсаа ав явцгаая” гэж хэлсэн. Тэгтэл Аюурзана “Энэ миний машин , би та нарт машинаа өгөхгүй, би хүүхдүүдээ зөөдөг юм, би машинаа өгч чадахгүй” гэж хэлэхэд  байшингийн хаалга хэсэг рүү Жавзанпагма, Ариунтунгалаг, Хүдэрчулуун нар гарч явцгаасан юм. Тэгж байтал гэнэт Жавзанпагма “Яа” гэж орилсон бөгөөд тэр үед би том өрөөнд байж байгаад том өрөөнөөс гартал Жавзанпагмын толгой нь хагараад цус гарч байсан. Удалгүй Жавзанпагма, Ариунтунгалаг, Хүдэрчулуун нар явцгаасан . Тэгээд би Аюурзанаас “Яасан юм” гэж асуухад Аюурзана надад “Миний машиныг авч явах гээд байсан. Мөн намайг янз бүрээр хэлээд байхаар нь би тэсэхгүй шанага аваад цохичихлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

       7. Гэрч Х.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Аюурзана бид хоёр найзлаад 10 гаруй жил болж байна. Аюурзана Улаангом суманд нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Аюурзана нь ажилч хөдөлмөрч, үр хүүхэд гэр бүлийнхээ хамаг л зүйлийг хийдэг, аливаа зүйлд авъяастай, эв дүүтэй хүн юм. Мөн Аюурзана хүнд тусархаг, гэр бүлдээ халамжтай, зан аашийн хувьд даруу төлөв байдалтай байдаг бөгөөд урлаг спортын авъяастай юм. Аюурзана нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэгэн муу хорт зуршилгүй, бие эрүүл мэндийн хувьд эрүүл, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, шудрага зантай, хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

       8. Гэрч П.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Аюурзана нь миний найз юм. Аюурзана бид хоёр бага наснаасаа одоог хүртэл найзалж байгаа бөгөөд Аюурзана Улаангом сумын 6-р багт нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй хүүхдүүдээ хараад гэртээ байдаг юм. Аюурзана аливаа хүнтэй зөв харьцаатай, нийтэч, хүн бүхэнтэй соёлтой харьцдаг, ажилч хөдөлмөрч, гэр бүлийнхээ хамаг л зүйлийг хийдэг, хүнд тусархаг, гэр бүлдээ халамжтай, зан аашийн хувьд даруу төлөв хүн юм. Мөн Аюурзана урлаг спортын авъяастай, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг боловч бага хэмжээгээр хэрэглэдэг, ямар нэгэн хорт муу зуршилгүй, бие эрүүл мэндийн хувьд эрүүл юм. Аюурзана нь нөхрийнхөө сайн хань, хүүхдүүдийнхээ сайн ээж нь юм. Аливаа юманд тайван ханддаг, хүнтэй хэрүүл маргаан нэг их хийдэггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

       9. Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32-р тал/,

       10. Шүүгдэгч О.Аюурзаны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/,

            11.  Шүүгдэгч О.Аюурзаны мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Улаангом сумын 6-р багт нөхөр Хүдэрчулуун болон бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2017 оны 08-р сарын 05-ны өдөр манай нөхрийн найз болох Угтахбаярын найр болсон тул Хүдэрчулуун бид хоёр найзуудын хамт Улаангом сумын 10-р багт байх найз Угтахбаярын найранд очсон юм. Найран дээр манай нөхөр Хүдэрчулуун архи ууж нэлээд согтсон бөгөөд Хүдэрчулуун бид хоёр найзуудын хамт шөнө 23:00 цагийн орчимд Угтахбаярын найрнаас гараад Улаангом сумын 5-р багийн нутагт байх Батбаярын найранд очсон. Бид нар тэндээ мөн адил архи ууцгааж байгаад Батбаяр болон Батбаярын эхнэрийн хамт, манай нөхөр бид хоёр найзуудынхаа хамтаар Андууд бааранд орцгоосон. Андууд бааранд ороход манай нөхөр нэлээд согтуу бараг тасарчихсан байсан. Тухайн үед би бас архи уусан байсан тул нэлээд согтсон байсан юм. Тэгээд би найзуудтайгаа бүжиглэж байгаад 02:00 цагийн үед Андууд баар хаагаад манай нөхөр болох Хүдэрчулуун баарнаас түрүүлж гарсан. Би найзуудтайгаа Хүдэрчулууны араас баарнаас гарахад Хүдэрчулуун Андууд баарны үүдэн дээр согтуу хүнтэй маргалдаж байсан. Тэгэхээр нь би Хүдэрчулууныг салгаад бид нар 2 машинд хуваагдаж сууцгаасан бөгөөд миний суусан машинд манай нөхөр Хүдэрчулуун суугаагүй байсан юм. Тэгэхээр нь би Хүдэрчулууныг ар талын машинд суусан байх гэж бодсон. Бид нар Андууд баарнаас гараад Батбаярын гэрт ирээд машинаас бууцгаахад манай нөхөр байгаагүй тул манай найзууд Хүдэрчулууныг хайхаар явцгааж, би Батбаярын гэрт үлдсэн юм. Манай найзууд Хүдэрчулууныг таксинд суулгаад явуулсан гэж хэлсэн бөгөөд уг таксыг хайж олоод жолоочоос нь асуухад Хүрэдчулууныг Улаангом сумын 9-р багийн нутагт байх “Цас тогтох” хүнсний дэлгүүрийн ойролцоо буулгасан, цаашаа гүйгээд явсан гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би найзуудын хамт тухайн газарт очиж хайхад Хүдэрчулуун олдоогүй бөгөөд тэр шөнө буюу 2017 оны 08-р сарын 05-ны шөнө Хүдэрчулууныг хайгаад олоогүй юм. Маргааш өглөө нь буюу 2017 оны 08-р сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутын үед хадам ээж Жавзанпагма руу залгаад Хүдэрчулууныг асуухад хадам ээж Жавзанпагма надад “Хүдэрчулуун Мөнхөөгийн гэрт байна” гэж хэлсэн. Мөнхөө нь Хүдэрчулууны нагац ах бөгөөд манай хадам ээжийнхтэй нэг хашаанд байдаг юм. Тэгэхээр нь би өөрийн машинтайгаа тэднийд очиход Хүдэрчулуун нь Мөнхөөгийн гэрт халамцуу хэвтэж байхаар нь би Хүдэрчулуунаас “Хаана хоносон юм бэ” гэж асуухад Хүдэрчулуун надад “Би “Увс эрдэм” ахлах сургуулийн урд талын хороололд унтчихжээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хүдэрчулууныг загнаад Хүдэрчулуун бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би Хүдэрчулууныг аваад машинд суулгаад Улаангом сумын 6-р баг Жишиг хороололд байх  гэртээ ирээд байж байтал удалгүй араас хадам ээж Жавзанпагма нь Мөнхөө ахтай хамт манайд ирсэн. Ирээд удалгүй хадам ээж Жавзанпагма Мөнхөө ахад “Ариунтунгалагийг аваад ир” гэж хэлээд явуулсан юм. Тэгээд хадам ээж Жавзанпагма намайг загнаад “Янхан, яатуу” гэх мэтээр хэлээд доромжилсон. Мөн намайг “Чи өвөл Улаанбаатар хотод очоод хэнтэй янхандаж яваад, хэний боовыг хөхөж яваад ирсэн юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам ээж Жавзанпагматай хэрэлдэж, маргалдаж байтал манай нөхөр намайг дараад авсан. Тэр үед хадам ээж Жавзанпагма миний хэвлий хэсэгт нэг удаа цохисон бөгөөд  дахиад намайг цохих гэхээр нь би хадам ээжийн гарыг хазаж байж болиулсан юм. Намайг манай нөхөр болон хадам ээж хоёр дараад байхаар нь би хадам ээжийг үсдэж татаж байж боссон юм. Тэгээд хадам ээж Жавзанпагма нь манай төрсөн ээжийг утсаар дуудсан бөгөөд уг нь манай ээж нөхөр бид хоёрын хэрүүл маргаанд оролцдоггүй юм. Удалгүй миний төрсөн ээж болох Хорлоо, эгч Пагмахандын хамт ирэхэд хадам ээж Жавзанпагма нь Хүдэрчулуунд “Хүдэрээ чи том машинаа асаагаад яв, Ариунтунгалаг гадна байгаа жижиг машин асаагаад яв” гэж хэлээд бүгд манай байшингаас гарсан юм. Тэгэхээр нь би хадам ээжид “Энэ миний 3 хүүхдийг зөөдөг машин” гэж хэлээд хадам ээж байшингийн хаалгаар гарах үед нь би уурандаа гэрийн хуванцар шанага аваад хадам ээжийн толгойн хэсэгт нэг удаа цохиход тухайн шанага хагарчихсан юм. Тэгтэл  хадам ээжийн толгой нь хагарч цус гарсан юм. Тэгээд хадам ээж Жавзанпагма, бэр эгч Ариунтунгалаг, нөхөр Хүдэрчулуун нар гэрээс гараад явчихсан. Манай хадам ээж Жавзанпагма нь намайг хэл амаар доромжилсон болохоор би тэсэхгүй хадам ээжийг шанагаар цохичихсон юм. Тухайн шанага хагарчихаар нь хогон дээр хаячихсан бөгөөд манайх 2017 оны 08-р сарын 08-ны өдөр хогоо хогний машинд ачуулчихсан. Уг шанага нь хуванцар материалаар хийсэн 1 литрийн багтаамжтай цайвар өнгийн шанага байсан юм.Би уурлаж бухимдсандаа хүний толгойнд цохиж гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Нөхөр бид 2 муудалцсанаас болж энэ хэрэг гарсан. Хадам ээж намайг хэл амаар доромжилсонд гомдсондоо ийм хэрэг хийсэн. Надад маш их харамсалтай байна. Манай гэр бүлийн хүрээнд үл ойлголцсон асуудлууд өмнө нь ч гарч байсан, би нөхөртөө, хадам ээж дээ гомдож байсан. Би буруу зүйл хийснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээнэ. Харин би одоохондоо ажил эрхлэхгүй байгаа, удахгүй үсчний ажилдаа орно, хэрэв прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулвал 2-3 сарын хугацаанд төлж барагдуулах боломжтой гэж бодож байна ” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч О.Аюурзана нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өглөө Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Жавзанпагмыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Жавзанпагма, гэрч Ц.Хүдэрчулуун, Ш.Хорлоо, О.Пагмаханд нарын мэдүүлэг, шүүгдэгч О.Аюурзаны үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №457 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч О.Аюурзаны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Жавзанпагмын эрүүл мэндэд “Духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун өвдөгний хонхорт зулгаралт” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Аюурзаныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                   Хохирогч О.Жавзанпагма нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “О.Аюурзанаас  нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

                   Шүүгдэгч О.Аюурзанад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.               

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Хундаганууд овгийн Отгонбаярын Аюурзаныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аюурзанад 460 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аюурзана хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч О.Аюурзанад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй,  гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Аюурзанад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ,

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН