| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03343/И |
| Дугаар | 102/ШШ2024/03524 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/03524
| 2024 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/03524 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *****
Хариуцагч:******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагч*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* миний бие 2012 онд*******тэй танилцаж, хамт амьдарсан. 2013 оны 12 сарын 19-ний өдөр Баянгол диургийн Иргэний буртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулж,******* дугаартай гэрчилгээ авсан.
Хуу******* 2013 оны 12 сарын 7 өдөр, охин******* 2016 оны 11 сарын 7 өдөр төрсөн.
М.Бат-Өлзий архи ууж, компьютер тоглоом тоглож гэр булдээ анхаарал тавьдаггүй байдал нь байнгын сэтгэл зүйн дарамт үзүүлсээр сүүлийн 6 жил турш хэрүүл маргаантай амьдарч байна. Мөн******* нь 2022 оны 10 сараас цахим мөрийтэй тоглоомд донтож одоогийн байдлаар 60-70 сая төгрөг алдаад байгаа бөгөөд одоо ч тоглосоор байна. Улмаар шуухэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэруулэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй.
Бид цаашид хамтран амьдрах нь миний болон хуухдүүдийн эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой хохирол учирч байгаа тул гэрлэлтийг цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шуухэд нэхэмжлэл гаргаж байна.
Нөхөр******* 2023 оны 3 сард надад байрны урьдчилгаа 34 сая төгрөгийг надад шилжүүлж Сухбаатар дүүргийн 11-р хороо, 7-р хороолол, цагдаагийн гудамж 515 байр 4 тоот нэг өрөө орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан. Би 2022 оны 12 сард өөрөөсөө 20 сая төгрөгийг гаргаж Pruis-40 маркийн 5915УЕЕ улсын дугаартай машин худалдаж авсан ба бид харилцан тохиролцож тухайн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хоёр хүүхэд болон миний өмчлөлд тогтоолгохоор эд хөрөнгийн маргаангүйгээр харилцан тохиролцсон болно.
Хүү Бэлгүтэй, охин Биндэрьяа нь сүүлийн 3 жил сургуулиас гадуур төлбөртэй давтлага, дугуйланд тогтмол хамрагддаг тул цаашид хамрагдах давтлага дугуйлангийн төлбөрийг нөхөр*******гөөс гаргуулж өгнө vv. Бидний гэрлэлтийг цуцалж, хүү, охин хоёрыг миний асрамжид үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн гэр бүл цуцлуулах шийдвэрийг хүндэтгэнэ. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин ******* хүүхдүүдийг өөр дээрээ авна гэсэнтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл *******г хүүхдүүдээ өөр дээрээ авч, өсгөж чадна гэдэгт итгэлгүй байна. Бид 2013 оноос гэр бүл болж хамт амьдрахад ******* 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын хугацаанд л хүүхдүүдээ харж байсан. Үлдсэн хугацаанд би өөрөө хүүхдүүдээ харж, халамжилдаг байсан. ******* энэ бүх хугацаанд 9 сар л хүүхдээ харж үзсэн байж надаас салаад хүүхдүүдийг яаж харж, хичээл, сургуульд нь зөөхийг ойлгохгүй байна. *******г замын инженерээр ажиллаж, хөдөө ажлаар явахад хүүхдүүдийг харах хүн байхгүй. Манай аав, ээж, би 11 жилийн хугацаанд хүүхдүүдээ хичээл, сургуульд нь зөөж харж, хандсаар ирсэн. Цаашдаа ч харж хандах боломжтой. Золбоо надад өс санаж, муудалцсаныхаа төлөө хүүхдүүдийг авна гээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн би мөрийтэй тоглож 70,000,000-80,000,000 төгрөг алдсан гэдэг бол худлаа. Яагаад гэвэл манай гэр бүл энэ хэмжээний хөрөнгөтэй байгаагүй. Надад өр, төлбөр байхгүй. Би компьютер тоглоом тоглодог байсан ч 2016 оноос больсон. Архи, согтууруулах ундааны хувьд сардаа 1-2 удаа уудаг. Архины донтолттой хүн биш. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдийг эцэг*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар,*******, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,*******,******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, *******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 133 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл,*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******гоос Голомт банк, Хаан банкны цахим гүйлгээний баримт, шилжүүлгийн мэдээлэл, дипозит дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй, мөн нөхөр*******гийн хувийн байдал буюу цахим мөрийтэй тоглоом тоглодог байдлаас шалтгаалан хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээх шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч******* гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч ******* нь хөдөө, орон нутагт ажилладаг шалтгаанаар хүүхдүүдийг асрах боломжгүй тул хүүхдүүдийг эхийнх асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн эрүүл мэндийн болон сургуулийн тодорхойлолт, тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Гэрлэгчид болох *******,******* нар нь 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, тэдгээрийн дундаас 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү*******, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин******* нарыг төрүүлжээ.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******г цахим мөрийтэй тоглоом тоглодог байдал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн зүгээс түүнийг үгүйсгээгүй байдал, хүүхдүүдийн насны онцлог зэрэг нөхцөл байдлыг харгалзан охин*******, хүү******* нарыг эх *******гийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна гэж үзлээ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч*******гөөс тэтгэлэг гаргуулан охин*******, хүү******* нарыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
8. Нэхэмжлэгч М.Золбоо нь хүүхдийн тэтгэлгээс гадна цаашид гарах хүүхдийн сургалт, дамжааны төлбөрийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн тайлбар гаргасан боловч цаашид гарах нэмэлт зардлын хэмжээ тодорхойгүй, түүнтэй холбоотой баримтгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гэж үзэх боломжгүй, энэ талаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг тус тус дурдаж байна.
10. Гэрлэлт цуцлуулах, түүнтэй холбогдуулан гаргасан бусад нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тогтоож, шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бага тавнан овогт Бөхчулууны Золбоо*******, Саминд овогт Мөнхтөрийн Бат-Өлзий******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү*******, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин******* нарыг эх *******гийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү*******, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин******* нарыг тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг*******гөөс сар бүр тэтгэлэг гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ