| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2018/02167/и |
| Дугаар | 296 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Аялал жуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 296
Б.М-, Б.С-, Б.Ж- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02470 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.М-, Б.С-, Б.Ж- нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “А-” ХХК-д холбогдох,
1 351 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.
Нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- нь 2018 оны 7 сарын 09-ний өдөр “А-” ХХК-иас төлбөрийн баримтыг мэйлээр авч, аяллын хөтөлбөртэй танилцан, үйлчилгээ авахаар харилцан тохиролцож, Хөвсгөл далайн аялалд өөрийн 2 хүүхдийн хамт нийт 864 000 төгрөгийг (1 том хүн 480 000, 1 хүүхэд 384 000 төгрөг) тус компанийн дансанд шилжүүлэн, 2018 оны 7 сарын 10-ны өдөр аялалдаа гарсан. Аялал нь 4 шөнө, 5 өдөр ба аяллын хөтөлбөрт том автобусаар 2 талд үйлчилнэ, өглөө 8 цагт хөдөлнө гэж заагдсан боловч тохирсон цагаасаа 3 цагийн дараа өдрийн 11 цагт Улаанбаатараас хөдлөөд тус компани аяллын хөтөлбөрт заагдсаны дагуу том оврын унаагаар үйлчлээгүй, үүний оронд суудлын эстима маркийн машинаар хүний тоог хэтрүүлэн, тав тухгүй зөөвөрлөсөн ба 2018 оны 7 сарын 11-ний өдрийн шөнийн 02 цагт Далай тур гэх жуулчны баазад буулгасан. Анх аяллын менежер гэх тус компанийн ажилтан н.Сарангэрэл байшинд байрлуулна гэсэн мэдээлэл, тайлбар өгсөн боловч тус баазад байсан байшингууд нь ашиглалтанд ороогүй гээд анх тохиролцсоноос өөр тав тухгүй, хуучин гэрт 3 том хүн, 2 хүүхдийн хамтаар оруулсан. Тэр даруйдаа тус зөрчлийг тус компанийн 99017779 дугаар руу утасдаж, мэдэгдэхэд эргээд хариу өгье гээд тасалсан. Улмаар харилцан тохиролцсон гэрээгээ тус компани зөрчсөн тул нэг гэрт байрласан бусад 3 том хүний хамтаар төлсөн бүх мөнгөө буцааж авъя гэж мэдэгдсэн боловч буцаад хариу өгье гээд таслан, мөнгөө буцааж шилжүүлээгүй ба маш олон удаа залгасны эцэст төлсөн төлбөрөөс 614 000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 250 000 төгрөгтөө тухайн баазын гэр буудлын мөнгө болон буцаж, унаагаар авч явна гэж амлан, хэлсэн боловч гэр буудлын мөнгөө ч төлөхгүй таг алга болоод 2018 оны 7 сарын 13-ны өдөр хүмүүсээ хаяж, унаа нь явсан байсан. Б.М- нь 2 нялх хүүхэдтэйгээ буцах гэсэн боловч баяр тохиогоод ачаалал ихтэй байсны улмаас буцах унаа олдоогүй учир хотоос унаа дуудаж ирүүлсэн. Иймд тус баазад байрласан үйлчилгээний төлбөр, бензиний зардал, замдаа хоносон буудлын хөлс гэх мэт тус компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн нийтдээ 601 000 төгрөгийн хохирол учирсан. Б.Ж- болон Б.С- нар нь хамтдаа аялалд явахаар төлөвлөн 2018 оны 7 сарын 08-ны өдөр “А-” ХХК-иас зардлын үнийн дүнг утсаар аван аялалын хөтөлбөртэй танилцан, үйлчилгээ авахаар харилцан тохиролцон Хөвсгөл далайн аялалд 960 000 төгрөг (1 хүний 480 000 төгрөг) тус компанийн дансанд шилжүүлэн аялалдаа гарсан. Тохирсон унаагаар үйлчлээгүй мөн байшин биш гэрт байрлуулсан тул мөнгөө бүхэлд нь буцааж авъя гэж тохирсон боловч Б.Ж-д 330 000 төгрөг шилжүүлэн, 150 000 төгрөг дутуу, Б.С-д 330 000 төгрөг шилжүүлэн, 150 000 төгрөг дутуу өгсөн ба энэ мөнгөндөө буцах унааны зардал орсон гэсэн боловч 2018 оны 7 сарын 13-ны өдөр орхиж, Улаанбаатар руу хөдөлсөн байсан. Б.Ж- болон Б.С- бид хот руу унаагаар явсан зардалд тус компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн, тус бүрийн 100 000 төгрөг нийтдээ 200 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд тус компаниас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учирсан хохиролд нийт 1 351 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2018 оны 7 сарын 10-ны өдөр Хөвсгөл далайн аяллыг зохион байгуулсан. Энэ аялал 7 хүний бүрэлдэхүүнтэй гарах байсан боловч манай аялал тухайн үед аяллын группээс шалтгаалан, аялагчийн тоонд тохирсон унаагаар үйлчилдэг. Аялагч Б.М-ыг өглөө ирэхэд 2 жаахан хүүхэдтэй бороотой байгаа болохоор аяллаа цуцлах уу гэж асуухад өөрийн хүсэлтээр явна гээд явсан байдаг. Аялал эхлэх цагаас хоцорсон шалтгаан нь бид хол замд аялагчдаа тав тухтай явуулахын тулд машины бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байдаг тул дугуй шинээр авч тавьсан. Нэхэмжлэгч Б.М- нь 2 хүүхэдтэй явсан бөгөөд 7 настай хүүхдийн төлбөр 384 000 төгрөг, том хүн 480 000 төгрөг, нийт 864 000 төгрөг төлж, 3 настай хүүхдийг нь үнэ төлбөргүй явуулж хөнгөлөлт үзүүлсэн. Аялал 2018 оны 7 сарын 10-ны өдрийн 10 цагт эхэлж, аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тайван явж 2018 оны 7 сарын 11-ний нэг цагт Хөвсгөл далайн Далай тур жуулчны бааз дээр очсон. Аялал нэг гэрт орныхоо тоогоор ордог тул 2 охинтойгоо явсан Золзаяа 4 ортой гэр, дараагийн 4 ортой гэрт Б.М- 2 хүүхэдтэйгээ, Б.Ж-, Б.С- нарын хамт орсон. Гэрийн хувьд таалагдахгүй байна гэж шөнө залгасан учир өглөө шийдэж өгье гэж хариу өгөөд өглөө баазтай холбогдоод 12 цагаас сольж өгөхөөр болсон боловч тэр хооронд Б.М- минут тутамд залгаж, манай компанийг зүй бусаар хэлж орилж асуудлыг улам дэвэргэж байсан. Аялагч Золзаяа хүлээцтэй хандаж, гэрээ солиулж 2 охинтойгоо хөтөлбөрийн дагуу дуусгасан. Б.М- удаа дараа компани руу утасдаж элдвээр хэлж доромжлон, гэрээ солиулахгүй төлбөрөө аваад өөрсдөө явна гэсэн учир манайх очсон унааны хөлс болон 1 хоног байрласан баазын төлбөрийг суутган, Б.М-ын 614 000 төгрөг, буцаалтыг 2018 оны 7 сарын 11-нд шилжүүлсэн. Үлдсэн 250 000 төгрөгийг унаа, буудлын төлбөрт суутгасан болно. Мөнгөө буцааж авахдаа, буцахдаа танай унаагаар буцахгүй, өөрсдөө унаа олоод явна гэж хэлсэн тул жолооч 3 аялагчаа аваад маршрутын дагуу хотруу буцаж ирсэн. Б.М- манай компани, Далай тур баазын ажилчидтай зүй бусаар харьцаж, элдвээр харааж зүхэж байсан явдлыг манай байгууллага асуудал үүсгэлгүй орхисон, шаардлагатай тохиолдолд Б.М-ын талаар баримтаар шүүхэд гомдол гаргаж, мобикомоос ярианы бичлэг хавсаргах болно. Б.М- компани болон хамтран ажилладаг байгууллагын нэр төрд халдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргах болно. Мөн холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч болно. Б.Ж-, Б.С- нар өргөдөл гаргаагүй гарын үсэг зураагүй байна. Б.М- бусдын өмнөөс сайн дураараа нэхэмжлэл гаргаж хууль зөрчиж оруулсан байна. Манай байгууллага олон жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай олон мянган аялагч аялуулсан аливаа асуудлыг тухай бүрт нь шийдэн, аялагч нарын тав тухтай байдлыг хангаж ажиллаж ирсэн. Тухайн аялагч нарт зохих төлбөрийг хүсэлтийнх нь дагуу олгосон, суутгасан төлбөртөө тохирсон үйлчилгээ үзүүлсэн тул манайх хууль зөрчсөн ямар 1 асуудал байхгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 373 дугаар зүйлийн 373.2, 374 дүгээр зүйлийн 374.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “А-” ХХК-иас нийт 845 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-ад 545 000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Ж-, Б.С- нарт 300 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 506 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 1 376 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч нарт, хариуцагч “А-” ХХК-иас 41 274 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.М-ад 24 974 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Ж-, Б.С- нарт тус бүрт 8 150 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас 306 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хариуцагч компанийн жуулчидтай байгуулсан гэрээний аяллын зорилго хэрэгжээгүй, хөтөлбөрийн дагуу хэлэлцэн тохиролцсон үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй. Тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэрээ дуусгавар болсонд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, доголдлоо арилгахыг шаардсан жуулчдын шаардлагыг биелүүлээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсонд гэм буруутай гэж үзнэ гэж дүгнэсэн атлаа маргааны гол шалтгаан болсон гэрийн доголдлоо арилгахыг шаардсан жуулчдын шаардлагыг биелүүлээгүйгээс тэдний төлсөн гэрийн төлбөрийн 140 000 төгрөгийн төлсөн талаар бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл /байсан аймаар буудлаас гарах гэтэл 140 000 төгрөгийг төлөхгүй бол явуулахгүй гэсэн үчраас өөрөөсөө мөнгө гаргаад төлсөн /хх-59 дэх талд/ зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдож байхад шүүх үнэлээгүйн зэрэгцээ мөн тэднийг орхиж явсны улмаас өөрийн автомашиндаа бензин хийлгэж Хөвсгөл аймагт ирүүлж, Улаанбаатар хот руу буцсан үйл баримт тодорхой, талууд маргаагүй, түүнийг нотлох гэрч н.Төмөрийн мэдүүлэг, бензин авсан баримт /шатахүүн түгээх газрын хаяг нь Хөвсгөл Дэлгэрхаан, Хөтөл, Сайхан сум гээд он сартайгаа байгаа хх-61 дэх талд/ хавтаст хэрэгт авагдсан байхад ямар автомашин хэн жолоодож, ирсэн талаар хэрэгт ач холбогдолгүй баримт давхар шаардаж буй нь үндэслэлгүй юм. Дээрх хариуцагч байгууллагын хариуцлагагүй байдлаас шалтгаалж Б.М- нь 2 бага насны хүүхдийн хамтаар Хөвсгөл аймагт баяр наадмын үед буцах унаагүй хоцорсны улмаас маш ихээр хохирсон боловч бусад зардлыг /5 хүний хоолны зардал, тэдний ажил алдагдсаны хохирол, хүүхдүүд хүйтэн гэрт даарсны улмаас ханиад хүрсэн зэрэг/ тооцоолохгүй зөвхөн доголдлын улмаас сольж өгнө гэж хэлчихээд солиогүй гэрийн төлбөрт өөрөөс төлсөн 140 000 төгрөг болон замын зардлаа нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нэхэмжилсэн байхад шүүх түүнийг үнэлээгүйд гомдолтой байна. Иймд хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас гарсан зардлаа бүрэн гаргуулах хүсэлтэй байх тул хуульд заасан журмын дагуу хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.М-, Б.С-, Б.Ж- нар нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан нийт 1 351 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Б.М- нь 2018 оны 7 сарын 09-ний өдөр, нэхэмжлэгч Б.Ж-, Б.С- нар нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдар хариуцагч “А-” ХХК-тай тус тус аялал жуулчлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “А-” ХХК нь Хөвсгөл далайн 4 шөнө, 5 өдрийн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч нар нь хэлэлцэн тохирсон аяллын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд аяллын төлбөрт нэхэмжлэгч Б.М- нь 2018 оны 7 сарын 09-ний өдөр 864 000 төгрөг, нэхэмжлэгч Б.С-, Б.Ж- нар нь 2018 оны 7 сарын 08-ны өдөр 960 000 төгрөгийг хариуцагч “А-” ХХК-д төлсөн болох нь зохигчдын тайлбар, “Голомт банк” ХХК болон “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 9-11-р тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт зааснаар аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч нар нь гэрээнд заасны дагуу 2018 оны 7 сарын 10-ны өдөр аялалд гарсан боловч хариуцагч “А-” ХХК-ийг аяллын хөтөлбөрт заасан үйлчилгээг үзүүлээгүй гэх үндэслэлээр талууд гэрээг дуусгавар болгож, хариуцагч “А-” ХХК нь аяллын хөтөлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс 2018 оны 7 сарын 11-ний өдөр 614 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-ад буцаан шилжүүлж, 250 000 төгрөгийг суутган авсан байна. Мөн өдөр нэхэмжлэгч Б.С-, Б.Ж- нарт 660 000 төгрөгийг буцаан шилжүүлж, 300 000 төгрөгийг суутган авсан үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч нь гэрээнд заасан аялал жуулчлал зохион байгуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.М-аас суутган авсан 250 000 төгрөгийг, хоол, унаа, гэрт байрласан зардал 601 000 төгрөгийн хамт, нэхэмжлэгч Б.С-, Б.Ж- нараас суутган авсан 300 000 төгрөгийг, унааны зардал 200 000 төгрөгийн хамт, нийт 1 351 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч “А-” ХХК-иас нийт 845 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-ад 545 000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Ж-, Б.С- нарт 300 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 506 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 373 дугаар зүйлийн 373.2, 374 дүгээр зүйлийн 374.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт “Аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нар нь хууль буюу гэрээнд зааснаар хэлэлцэн тохирсон хөлсийг төлсөн боловч хариуцагч “А-” ХХК нь нэхэмжлэгч нарт хэлэлцэн тохиролцсон үйлчилгээг үзүүлээгүй, тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүйн улмаас талууд гэрээг дуусгавар болгосон болох нь талуудын тайлбар, мөнгө буцаан шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 32-р тал/
Иймд анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.М-аас суутган авсан 250 000 төгрөг, нэхэмжлэгч Б.С-, Б.Ж- нараас суутган авсан 300 000 төгрөгийг тус тус буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 373 дугаар зүйлийн 373.1.3, 373.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 374 дүгээр зүйлийн 374.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь аялал жуулчлал зохион байгуулагчийн гэм буруугаас учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Б.М- нь хоол, унаа, гэрт байрласан зардал гэх 601 000 төгрөгийн, нэхэмжлэгч Б.С-, Б.Ж- нар нь унааны зардал гэх 200 000 төгрөгийн шаардлагаа эргэлзээгүй баримтаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.М-ын хохирол гэх шаардлагаас 295 000 төгрөгийн шаардлага нь хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон, бусад хэсэг нь 14 дүгээр хуудасны ард байгаа баримтуудаар нотлогдоогүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Иймд хохирол шаардсан 306 000 төгрөгийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй ба нэхэмжлэгч Б.С-, Б.Ж- нар нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Г.ДАВААДОРЖ