Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 85

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор: Б.Баярмагнай,

       Шүүгдэгч: Ц.Гантогтох,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчууд овгийн Цогт-Очирын Гантогтоход холбогдох эрүүгийн 1735000700031 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, эгч нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 14-28 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЮ92011651, Цагаагчууд овгийн Цогт-Очирын Гантогтох.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Гантогтох нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаангом сумын 03 дугаар багийн нутагт хохирогч Д.Ариунболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

                   1. Хохирогч Д.Ариунболдын  мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 23:00 цагийн үед Улаангом сумын 3-р багийн нутагт байх “88” гэх нэртэй паб-д ажлын газрын Хишгээ, Баттөмөр, Батнасан нартай хамт 1 цаг караокед суусан ... Тэгээд би Андууд төвийн 2 давхарт байдаг баарлуу ороод ганцаараа 0,5 г-ын  Нийслэл  нэртэй 2 лааз пиво авч уугаад гарч бүжиглэж байгаад баарны дотор хаалгаар гараад ариун цэврийн өрөө рүү орох үед намайг нэг хүн мөрлөсөн. Тэгэхээр нь би эргээд хартал манай нэг үеийн төгсөлтийн Гантогтох гэх залуу нэлээд согтсон байдалтай зогсож байсан юм. Тэгэхээр нь би Гантогтоход “Яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд Гантогтох надад “Чи хэн бэ, юу вэ” гэж хэлээд зогсож байтал Баярхүү гэх манай төгсөлтийн залуу ирээд надтай мэнд мэдээд “Та хоёр больцгоо” гэж хэлсэн. Тэгээд би шууд баарнаас гарч таксины зогсоол руу очоод такси хүлээгээд байж байтал Гантогтох таксины зогсоол дээр ирээд надад “Би чамайг арван жилээсээ хойш зодож байсан” гэх мэтээр намайг дарамталж эхлэхээр нь би түүнд “Хөгшөөн амьдрал дээр тийм зүйл байхгүй шүү” гэж хэлтэл Гантогтох намайг шууд элэгдэж цохиход би газарт унасан. Тэгээд би Гантогтоход “Боль хөгшөөн” гэж хэлтэл Гантогтох намайг цаашаа саад руу түрж оруулаад миний нүүр лүү гараараа цохиход нь би нүүрээ дараад газарт унасан. Тэр үед Гантогтох намайг өшиглөж цохисон юм. Намайг Гантогтоход зодуулаад хэвтэж байтал нэг эмэгтэй хүн “Одоо болиоч хайраа” гэж хэлээд Гантогтохыг дагуулаад яваад өгсөн юм. Гантогтохыг явсны дараа босоход миний зүүн талын чих сэтэрчихсэн цус гарч байсан тул би цагдаад дуудлага өгсөн. Би Гантогтохтой Андууд бааран дотор зодолдоогүй бөгөөд Гантогтох намайг зодох үед би ганцаараа явж байсан. Тэнд таксины жолооч нар байсан байх, би сайн мэдэхгүй байна. Одоо миний хавирга, нуруугаар хөндүүр байна. Мөн миний шүд, зүүн чих өвдөж байна. Намайг зодсон Гантогтоход гомдолтой байна’’ гэх мэдүүлэг /хх-ийн 7, 8-р тал/,

                  Хохирогч Д.Ариунболдын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Гантогтох 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр надаас уучлал гуйж бид хоёр эвлэрсэн бөгөөд Гантогтох миний эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн. Одоо миний бие Гантогтоход ямар нэгэн гомдол тэмцэл, санал хүсэлт байхгүй. Тухайн өдөр Гантогтох бид хоёр аль аль нь согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

           2. Гэрч Ц.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний шөнийн 02 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах таксины зогсоол дээрээс таксинд суухаар явж байтал найз Гантогтох “Бэл булаг” худалдааны төвийн хажуу талд нэг хүнтэй барьцалдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Гантогтохыг салгаад таксины зогсоол дээр очоод Гантогтохын хамт таксинд суугаад гэрлүүгээ явсан. Би гэрийнхээ гадна очоод таксинаас буусан ба  Гантогтох уг такситайгаа цааш явсан. Би 2 жил гарны өмнө Гантогтохтой танилцаж байсан бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл найз нөхдийн холбоотой байгаа.  Намайг харж байхад Гантогтох нь барьцалдаад байсан хүнээ цохисон, харин нөгөө хүн нь Гантогтохыг цохиогүй. Би такситай явж байгаад Гантогтохыг харахад Гантогтохын баруун гарын шуу, зүүн хацарны хэсэгт цус хүрээд хатчихсан байх шиг байхаар нь би “Чиний хацар, гарын шуу яагаад цус болчихсон юм бэ” гэж асуухад “Сая хамт байсан залуугийн цус юм байлгүй дээ” гэсэн утгатай зүйл хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

            3. Гэрч Н.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Гантогтохыг танина. Гантогтох бид хоёр цэцэрлэгт байхаасаа хойш нэг ангид сурдаг байсан бөгөөд найзалж нөхөрлөөд 20 орчим жил болж байна. Гантогтох багаасаа спортод сонирхолтой, хичээл номондоо сайн, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай залуу юм. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд Гантогтохын аав, ээж нь боловсролтой сэхээтэн гаралтай хүмүүс байдаг учир Гантогтох ч гэсэн аав, ээж шигээ зөв харилцаатай, төлөв даруу зантай, хөгжилтэй, нийтэч, нөхөрсөг, хүнд тусархаг, аль болох хүнд боломжоороо тусалж явдаг хүн юм. Гантогтох баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам, согтуу тавиад байдаггүй юм. Хүнийг ялгаж харьцдаггүй, аливаа ажлыг сэтгэлээсээ хийдэг хүн юм. Гантогтох одоогоор Улаангом сумын 6-р багт аав, ээж, эгчийн хамт амьдарч байгаа. Гантогтох 10 жилд байхдаа онц сурдаг байсан бөгөөд гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис гэх мэтчлэн спортод сайн. Мөн шатар, даам сайн тоглодог, Турк, Ангил хэлтэй залуу юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

                   4. Гэрч Л.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “Гантогтох бид хоёр багаасаа нэг ангид сурч байсан найзууд бөгөөд найзалж нөхөрлөөд 12 жил орчим болж байна. Гантогтох нийтэч, хүнтэй зөв боловсон харьцдаг, аливаа зүйлийг хийхдээ арга эвийг нь сайн олдог, боловсон, даруу төлөв зантай залуу юм. Бага ангид байхдаа хичээл номондоо сайн, математик, физикийн хичээлд түлхүү сонирхолтой хүүхэд байсан. Гэр бүлийн хувьд ам бүл-4, аав, ээж, эгчийн хамт Улаангом сумын 6-р багт оршин суудаг. Гэр бүлийн хүмүүжил сайн бөгөөд аав, ээж нь сэхээтэн гаралтай хүмүүс байдаг юм. Гантогтох чөлөөт цагаараа сагсан бөмбөг, шатар тоглох дуртай. Гантогтох архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг боловч хэрэглэсэн үедээ агсам, согтуу тавиад байдаггүй юм. Харин тамхи татдаг, өөр ямар нэгэн хорт зуршил байхгүй. Гантогтох одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд ар гэрийнхэндээ халамжтай, хүн чанар сайтай, тусархаг, нийтэч зантай залуу байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

            5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №491 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Д.Ариунболдын биед гэмтэл учирсан байна. Зүүн чихний дэлбэн язарч сэтэрсэн шарх, зүүн чихний ард, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, үүдэн доод шүдний эмтрэл гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд учирсан байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Цаашид уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/,

            6. Шүүгдэгч Ц.Гантогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р тал/,

       7. Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн засаг дарга Ц.Өнөрсайханы 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 1000 тоот тодорхойлолт /хх-ийн 27-р тал/,

            8. Шүүгдэгч Ц.Гантогтохын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 08 дугаар сарын 23-ны орой 23 цаг өнгөрч байхад өөрийн найз Баярхүү, Ганбат, Ганболд, Мөнх-Эрдэнэ нарын хамт Андууд бааранд орсон бөгөөд би Андууд бааранд 0,5 граммын лаазтай Сэнгүр гэх нэртэй пивоноос 4 лаазыг уусан юм. Тэгээд би бүжиглэж байгаад ариун цэврийн өрөө орж яваад нэг хүнийг санамсаргүй мөрлөчихөөд эргэж хартал ерөнхий боловсролын сургуулийн нэг төгсөлтийн Ариунболд гэх залуу байсан. Тухайн үед Ариунболд нилээд согтсон байсан юм. Тэгээд Ариунболд надад “Чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би Ариунболдод “Чи хэн бэ” гэж хэлээд бид хоёр хальт маргасан юм. Тэгж байтал манай найз Баярхүү ирээд намайг дагуулаад баар луу орчихсон бөгөөд би бааран дотор бүжиглэж байгаад 02:00 цагийн үед найзуудын хамт баарнаас гарсан. Манай найзууд бүгд гэр гэр лүүгээ явцгаасан бөгөөд би ганцаараа төв таксины зогсоол дээр таксинд суух гээд очтол тэнд Ариунболд ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь би Ариунболдод “Чи арван жилээсээ хойш зодуулж байсан биз дээ” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлтэл Ариунболд “Хөгшөөн одоо амьдрал дээр тийм зүйл байхгүй шүү” гэх мэтээр урдаас надруу дайраад агсраад байхаар нь би Ариунболдыг нэг удаа элэгдэхэд Ариунболд газарт эвхрээд унасан. Тэгээд  босоод ирэхээр нь би Ариунболдыг саад руу түлхэж оруулаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд зогсож байтал таксины зогсоол, “Бэл булаг” хүнсний дэлгүүрийн дунд байдаг саадан дотор манай найз Мөнхзул таараад “Одоо боль” гэж хэлээд намайг дагуулаад таксинд суулгаад аваад явсан юм. Тэгээд би такситайгаа яваад Мөнзулыг гэрт нь буулгаж өгчихөөд гэрлүүгээ харьсан. Тухайн үед Ариунболд намайг зодож цохисон зүйл байхгүй. Ариунболд бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байгаагүй. Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ариунболдоос уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн бөгөөд би Ариунболдын эмчилгээний зардалд 400,000 төгрөг өгч хохирлыг нь барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ц.Гантогтох нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаангом сумын 03 дугаар багийн нутагт хохирогч Д.Ариунболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Ариунболд, гэрч Ц.Мөнхзул нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №491 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Ц.Гантогтохын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ариунболдын эрүүл мэндэд “Зүүн чихний дэлбэн язарч сэтэрсэн шарх, зүүн чихний ард, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, үүдэн доод шүдний эмтрэл” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Гантогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч Ц.Гантогтох нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 400.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч Д.Ариунболд нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Гантогтохоос нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

                   Шүүгдэгч Ц.Гантогтох нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

                   Шүүгдэгч Ц.Гантогтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч Цагаагчууд овгийн Цогт-Очирын Гантогтохыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантогтоход 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантогтох торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Гантогтох нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Гантогтоход өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН