Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0896

 

 

 

 

 

 

 

 

    2023          11            27                                   128/ШШ2023/0896

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Д*******” ХК /РД:5118395/,

Хариуцагч: Хотын стандарт хяналтын газрын авто замын улсын байцаагч И.А******* нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0108007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Ц*******, хариуцагч И.А******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч нь “Хотын стандарт, хяналтын газрын авто замын улсын байцаагч И.А*******ын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0108007 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг анх 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан.

2. Тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2023/6937 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3. Гомдол гаргагч “Д*******” ХХК-аас шүүхэд ирүүлсэн гомдол, түүний үндэслэлдээ: “...“Д*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/03 дугаартай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж, тус санамж бичгийн хүрээнд Шинэ Улаанбаатар баруун терминал төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд Шинэ Улаанбаатар баруун терминал төв болон төвийн гадна орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний зам болон авто машины зогсоол зэргийг шинэчлэн хийж байна.

Уг санамж бичгийн 3.3-т “Д*******” ХХК-ийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг заасан бөгөөд 3.3.1-т “Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд байгууламжийн ойр орчмын цэвэрлэгээг хариуцах, хашаа, хайс татах, иргэд зорчиход дугуй, явган хүний зам байгуулах, нийтийн эзэмшлийн газрыг иргэдэд нээлттэй хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлэх” гэж заасны дагуу төсөл хэрэгжих барилгын ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд явган зорчигч болон бусад авто машинаар үйлчлүүлэгч иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг харгалзан үзэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, нийтийн зориулалттай явган хүний зам болон авто зогсоолыг шинэчлэн хийсэн. Уг замын байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэхдээ зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж, зохих этгээд болох Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрлийг авч, батлагдсан зураг төслийн дагуу ажлыг хийж гүйцэтгэж байна.

Энэхүү замын байгууламжийг засварлахдаа “Д*******” ХХК нь Авто замын тухай хуульд заасан нийслэлийн чанартай авто замыг эвдэж, сэтлээгүй юм. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “авто зам гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг ойлгоно” гэж заасны дагуу “Д*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд хамаарах зам нь авто зам биш юм. Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6. “барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх” гэж заасан. Авто замын хэвийн байдлыг алдагдуулах үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч үйл ажиллагааг эрхлэхээр хуульчилжээ. Иймд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд улсын байцаагчийн актад бичсэн зөрчлийг гаргаагүй. Мөн энэхүү явган хүний замын байгууламж нь зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах зориулалтаар хийгдсэн ба Шинэ Улаанбаатар баруун терминал төслийн барилгын үндсэн зураг төслийн дагуу дахин хийгдэж байна. “Д*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн тус ажил нь Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй. Иймд Хотын стандарт, хяналтын газрын Авто замын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0108007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

 4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Явган хүний замын байгууламжийг зорчигчийн тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор барилгын зураг төслийн дагуу хийсэн, харин Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7-д заасан зөрчлийг үйлдээгүй. Хотын стандарт, хяналтын газрын авто замын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт, авто зам эвдэж гэмтээсэн гэж үзсэнийг бид авто зам дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, тухайн засварласан зам нь “Д*******” ХХК-ийн зам биш, нийтийн эзэмшлийн зам. Нийтийн эзэмшлийн зам гэхээр Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн замын хөгжлийн газар зэргийг Нийслэлийн Засаг дарга төлөөлж, энэ замын тохижилтын ажлыг танай байгууллага хийж гүйцэтгэ гэж үүрэг өгснөөр хийсэн ажил. “Д*******” ХХК хувьдаа ямар нэгэн зам тавиагүй, нийтийн эзэмшлийн зам талбайд гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд зөвшөөрлийн дагуу тохижилт хийгдсэн. “Д*******” ХХК нь баруун чиглэлийн олон улсын терминал байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа. “Д*******” ХХК-ийн урд уулзварыг бид бүхэн мэднэ. Баруун терминал төсөл нь урд талаасаа Нүхтээс хойшоо Баянхошуу уруу чиглэсэн том төсөл бөгөөд Нийслэлийн Засаг дарга болон “Д*******” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажил. Хоёрдугаарт, зөрчил тодорхой байх ёстой, зөрчлийг хянан шийдвэрлэж, шийтгэлийн хуудас бичиж байгаа нь тодорхой, хариуцлагатай байх ёстой, ямар нэгэн алдаа байх ёсгүй. Байцаагчийн бичсэн шийтгэлийн хуудаст бичигдсэн үйл баримт, ярьж байгаа үйл баримтын хувьд ихээхэн зөрүүтэй байна. Авто замтай холбоотой асуудлыг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Яагаад гэхээр авто замд замын байгууламж, явган хүний замыг оруулна гэж тайлбарлаж байна. Тэгэхээр авто зам гэмтсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Гуравдугаарт, захиргааны байгууллагын ажилтны хувьд 2 давхар барилгын наад талын барилгыг буулгах ёстой, үүнийг тойруулаад явган хүний замыг тулгачихсан. Энэ нь цаашаа яваад нийтийн эзэмшлийн автобусны буудал уруу орчихсон. Үүнтэй тэмцэхгүй байж, ажил хийж байгаа байгууллагын үйл ажиллагааг яагаад саатуулаад, дарамтлаад байгаа юм бэ.  Шийтгэлийн хуудсаар зөрчил үйлдсэн болохыг шалгаж тогтоогоогүй. Зөрчил гэж үзээд байгаа зүйлийг “Д*******” компани гаргаагүй. Тэгэхээр маргаан бүхий шийтгэлийн хуудас нь нэгдүгээрт бодит үндэслэлгүй, хоёрдугаарт, хууль зүйн үндэслэлгүй байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хотын стандарт, хяналтын газрын авто замын улсын байцаагч И.А******* би Нийслэлийн Засаг даргын А/242 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шалгалт хийхэд “Д*******” ХХК нь “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолбор төслийг хэрэгжүүлэх явцад Энхтайваны өргөн чөлөөний замын байгууламж явган хүний замыг хуулж, үерийн даланд шороо дүүргэсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, 2302000165 дугаартай зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд Нийслэлийн прокурорын газрын хяналт дор зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан.

Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Авто зам нь дараах хэсгээс бүрдэнэ” 16.1.1. зорчих хэсэг, 16.1.2 замын хөвөө, 16.1.3. замын байгууламж, 16.1.4. авто замын зурвас газар, 16.1.5. хяналт тавих зурвас газар, 16.1.6 авто замын тусгайлсан эгнээ гэж заасан. Мөн хуулийн 4.1.11 “замын байгууламж гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг” гэж заасны дагуу “Д*******” төвийн урд талын авто зогсоол, явган хүний зам, үерийн далан нь авто замын бүрдэл хэсэг юм. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 “Нийслэл орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж заасны дагуу тухайн зам, замын байгууламжийн эзэмшигч байгууллага Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн замын хөгжлийн газруудаас зөвшөөрөл авалгүйгээр нийтийн эзэмшлийн /egazar.gov.mn/ авто зам, замын байгууламжийн бүтээц төлөвлөлтөд өөрчлөлт оруулсан. Мөн үерийн далан сувгийг эзэмшигч байгууллага болох Геодези, усны барилга байгууламжийн газраас зөвшөөрөл авалгүйгээр шороо дүүргэж авто зам барьсан зөрчил үйлдсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 01/03 дугаартай Хамтын ажиллагааны санамж бичиг нь авто зам, замын байгууламжийн хийцэд өөрчлөлт оруулахтай холбоотой зөвшөөрөл биш бөгөөд, Хот байгуулалт, хөгжлийн газар нь нийслэлийн авто замын эзэмшигч байгууллага биш юм. “Д*******” ХХК нь Улаанбаатар шинэ терминал цогцолбор төслийг хэрэгжүүлэх явцдаа нийтийн эзэмшлийн явган хүний замыг эвдэж, нарийсган үерийн даланд шороо дүүргэж авто зам барьсан нь Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6. “барилга байгууламж барих, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган хүлээлгэн өгөх”, 29.3.2. “зохих зөвшөөрөлгүйгээр авто замын бүтээц, төлөвлөлт, зориулалтад өөрчлөлт оруулахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.5. “авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи, эрүү ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7-д заасны дагуу шийтгэл оногдуулж, эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.

Иймд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

7. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хотын стандарт, хяналтын газраас Нийслэлийн Засаг даргын А/242 захирамжийн хүрээнд хяналт, шалгалт хийсэн. Тухайн захирамжийн гол зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бөгөөд уг захирамжийн хүрээнд энэ төлөвлөгөөт хяналт, шалгалт хийгдсэн. “Д*******” ХХК-ийн урд талын талбай бол нийтийн эзэмшлийн талбай. Энхтайваны өргөн чөлөөний явган хүний замын хойд талд нь үерийн далан, суваг байсан. “Д*******” ХХК ямар зөрчил үйлдсэн бэ гэхээр Энхтайваны өргөн чөлөөний 4.5 метр өргөнтэй байсан явган хүний замыг 1.5 метрийн өргөнтэй болгож, үерийн даланг дараад дээр нь авто зам, авто замынхаа хойд хэсэгт зогсоол хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Хот байгуулалт, хөгжлийн газар барилга, байгууламж барих, эхлүүлэх зөвшөөрөл олгодог, мөн эскиз зураг баталдаг байгууллага. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлд нийслэлийн чанартай авто замын эзэмшигч байгууллага нь Засаг даргаас эрх олгосон төрийн захиргааны байгууллага байна гэж заасан. Нийслэлийн замын хөгжлийн газар тухайн авто зам, замын байгууламжийн эзэмшигч байгууллага юм. “Д*******” ХХК-д Хот байгуулалт, хөгжлийн газрын барилгын ажлын зөвшөөрөл байдаг, санамж бичиг байдаг. Тухайн санамж бичигт заагдсан заалтууд нь Авто замын тухай хуулийг зөрчиж, замын хийц, бүтээцийг өөрчилж, үерийн далан, сувгийг дарж болно гэсэн зөвшөөрөл биш гэдгийг дахин хэлье. Тухайн хэсгийг авто зам биш гэж “Д*******” ХХК-ийнхан хэлдэг. Авто зам ямар хэсгээс бүрддэг вэ гэдгийг Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан байдаг. Зорчих хэсэг, замын хөвөө, замын байгууламж, авто замын зурвас газар, хяналт тавих зурвас газар, авто замын тусгайлсан эгнээг бүхэлд нь авто замд хамааруулахаар хуульд хуульчлаад өгсөн. Явган хүний зам, үерийн далан, суваг нь замын байгууламжид ордог. Тэгэхээр цогцоороо нэг авто зам. Иймээс “Д*******” ХХК-д нийтийн эзэмшлийн авто зам, явган зам, зогсоолыг эвдэж сүйтгэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Хот байгуулалт, хөгжлийн газрын зөвшөөрөл нь шинэ терминалын барилгын зөвшөөрөл. Нийтийн эзэмшлийн замыг нарийсгасан тусдаа асуудалд шийтгэл оногдуулсан. Миний хувьд хуульч хүн биш, инженер хүн, тийм учраас буруу зөрүү хариулт өгсөн байж магадгүй. Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан өмгөөлөгчийн тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.“гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3. “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10. “хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн .... 14.1, 14.2, ... 14.5, ... 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2. “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх”-ээр зохицуулсан ба хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

3. Хотын стандарт хяналтын газрын даргын  2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-13-04/023/08 дугаар удирдамж батлагдсанаар Төрийн хяналт шалгалтын тухай, Авто замын тухай, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/242 дугаартай захирамжийн хэрэгжилт болон холбогдох хууль, норм, дүрэм, журам, стандартын мөрдөлтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, таслан зогсоох зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хариуцагч улсын байцаагчаас хэрэгжүүлэх явцад “Д******* ХХК нь “...Энхтайваны өргөн чөлөөний явган замыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ухаж үерийн даланд шороо дүүргэн авто зогсоол хийж байсан” зөрчил үйлдсэнийг 2023 оны  05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 40 минутад илрүүлж, ЗХБ-2 тэмдэглэл /хх-ийн 90-р хуудас/ үйлдсэн.

4. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн, ингэхдээ 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр газар дээрх шалгалт хийж, холбогдогчийн Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөний “замын байгууламж болох явган хүний замыг хуулж үерийн даланд шороо дүүргэсэн” зөрчлийн үйлдэлд холбогдуулан 2302000165 дугаартай ЗШША-8 тогтоол /хх-ийн 83-р хуудас/ үйлдэж зөрчлийн хэрэг нээснээр уг зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,

5. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0108007 дугаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явган хүний зам хуулж шилжүүлэн барьсан, авто зогсоол хийсэн” зөрчил нь холбогдогчийн тайлбар, фото зургаар нотлогдсон гэж үзэж, холбогдогч “Д*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7-д зааснаар зүйлчлэн таван мянган  нэгж буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

6. Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6. “...зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авах”, 29.3.2. “зохих зөвшөөрөлгүйгээр авто замын бүтээц, төлөвлөлт, зориулалтад өөрчлөлт оруулах” зэргээр авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрх, үүргээ зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хяналт тавих үүргийг хариуцагч эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7.“Инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зүйлчлэн шийтгэл ногдуулсан гэж үзэхийн тулд гомдол гаргагчийн хэрэгжүүлсэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа нь юу байв, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн сөргөөр нөлөөлсөн бэ зэрэг асуудалд анхаарал хандуулахаар, нөгөө талд эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн үү, өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын цар хүрээнд хамаарч байна уу гэдэгт хариу өгөхөөр байна.

7. Зөрчлийн хэрэгт болон захиргааны хэрэгт авагдсан,

7.1. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Д*******” ХХК нарын хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны 01/03 дугаар санамж бичигт[1] “... нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжих, Ковид-19 цар тахлын дараах Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн сэргэлтэд тодорхой үр дүн өгөх, оршин суугч иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хөгжлийн өнөө ба ирээдүйн үеийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хөгжлийн бүтээн байгуулалтын төслийг Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх” зорилгоор, Улаанбаатар хотын шинэ Улаанбаатар баруун терминал, босоо тэнхлэгийн 5.5 км авто зам, цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолбор төслийн бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах чиглэлтэй болохыг заасан.

7.2. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 14 дүгээр тэмдэглэлд[2]: “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудын хамт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолбор төсөл хэрэгжих талбайд ажиллаж, уг төслийг “Д*******” ХХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжүүлэхээр үүрэг болгосон талаар танилцуулсан талаар дурдаж,

            7.3. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02/09, 02/10 дугаар тогтоол, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Д*******” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 01/03 тоот хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолборын барилга ... бүхий 5.5 км авто зам, замын байгууламж, ... цогцолбор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл концессоор хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацад, дээрх байршлуудад Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахыг Нийслэлийн ерөнхий архитектурт үүрэг болгосон, тэр дундаа Шинэ Улаанбаатар баруун терминал цогцолбор төслийн бүтээн байгуулалтын ажлыг стандартын дагуу гүйцэтгүүлж, Монгол Улсын барилгын норм ба дүрмийн дагуу стандартын шаардлага хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг дүрмийн дагуу зохион байгуулж, ажиллахыг Хотын стандарт, хяналтын газарт, төслийн хүрээнд авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд хяналт тавих, зураг төсөлд санал өгөх, инженерийн шугам сүлжээ, орц гарц, авто зогсоол шинээр хийх, өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан зөвшөөрөл олгон ажиллахыг нийслэлийн Замын хөгжлийн газарт үүрэг болгожээ.

8. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолбор төсөл хэрэгжүүлэх тухай” А/1462 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Д*******” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 01/03 тоот хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороодын нутаг дэвсгэрт хэрэгжих  “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолборын барилга, Яармаг дэд төвийг Баянхошуу дэд төвтэй босоо тэнхлэгээр холбох 5.5 км авто зам, замын байгууламж, Ард түмний цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолбор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д даалгасан, харин хяналт шалгалтын удирдамжид дурдагдсан, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хууль, стандарт, нормын хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт зохион байгуулах ажлын удирдамжийг, хоёрдугаар хавсралтаар нэгдсэн төлөвлөгөөг баталжээ.

9. Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан “Д*******” ХХК-ийн зорчигч тээврийн терминал, үйлчилгээний цогцолбор барилгын загвар зураг хавтаст хэргийн 20-70 дахь талд авагдаж, Барилга байгууламжийн байршил: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, барилгын ажлын зөвшөөрлийн 0012703 дугаар гэрчилгээ, зөвшөөрлийн дугаар БАЗГ/2023/218, Барилгын ажлын зөвшөөрлийн 0012756 дугаар гэрчилгээ, зөвшөөрлийн дугаар БАЗГ/2023/242 тус тус авагдсан.

10. Дээрх 7-9-д заасан нотлох баримт болон бусад үйл баримтаас үзэхэд, хариуцагч эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчил үйлдсэнийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 40 минутад илрүүлсэн гэх атлаа 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын Олсон нь хэсэгтээ 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр газар дээрх шалгалтаар гэж сар, өдөр зөрүүтэй бичигдсэн, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжид Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг шалгахаар заасан байхад, энэ захирамжаас тусдаа шийдвэрлэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолбор төсөл хэрэгжүүлэх тухай” А/1462 дугаар захирамж, мөн Засаг даргын зөвлөлийн хурлын 14 дүгээр тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Д*******” ХХК нарын хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны 01/03 дугаар санамж бичиг зэрэг баримтын хүрээнд гомдол гаргагч хуулийн этгээдийн хэрэгжүүлсэн ажлыг буруутгасан нь хуульд нийцээгүй.

11. Тодруулбал,  Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11. “замын байгууламж гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг”, 15 дугаар зүйлийн 15.1.4. “нийслэлийн авто зам”, 16 дугаар зүйлийн 16.1.3. “замын байгууламж”, 17 дугаар зүйлийн 17.3. “Нийслэл, орон нутгийн чанартай зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна”, 17.6. “...нийслэл, орон нутгийн чанартай авто замыг сэтлэх, орц гарц гаргах тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно”, 29 дүгээр зүйлийн 29.2. “авто зам ашиглагч дараах эрх, үүрэгтэй”, 29.2.6. “барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх”, 29.3.2. “зохих зөвшөөрөлгүйгээр авто замын бүтээц, төлөвлөлт, зориулалтад өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу тухайн зам, замын байгууламжийн эзэмшигч байгууллага Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн замын хөгжлийн газруудаас зөвшөөрөл авалгүйгээр нийтийн эзэмшлийн авто зам, замын байгууламжийн бүтээц төлөвлөлтөд өөрчлөлт оруулсан, үерийн далан сувгийг эзэмшигч байгууллага болох Геодези, усны барилга байгууламжийн газраас зөвшөөрөл авалгүйгээр шороо дүүргэж авто зам барьсан талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

12. Учир нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолбор төслийг хэрэгжүүлэх ажил нь гагцхүү гомдол гаргагч хуулийн этгээдийн зүгээс тэдний өөрсдийн санал санаачилгаар хийгдээгүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Д*******” ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1462 дугаар захирамжаар үүрэг болгосны буюу тусгайлан эрх олгогдсоны эцэст хийгдсэн ажил байна.

13. Маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны байгууллага хоорондын зөрчилдөөнтэй асуудлын улмаас өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 14 дүгээр тэмдэглэл ёсоор хариуцагчийн тайлбарласан “зөвшөөрөл” олгох ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсүүдэд даалган ажиллахыг Нийслэлийн Замын хөгжлийн газарт үүрэг болгосон нь Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6-д заасан зохицуулалт байхад, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих ажил байхад зөвхөн гомдол гаргагч хуулийн этгээдийг “зөвшөөрөл аваагүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй, уг хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзнэ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж гомдол гаргагч хуулийн этгээдэд буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 29 дүгээр зүйлийн 29.2.6, 29.3.2, Зөрчлийн тухай 14.5 дугаар зүйлийн 7-д заасныг баримтлан гомдол гаргагч “Д*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хотын стандарт, хяналтын газрын авто замын улсын байцаагч И.А*******ын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0108007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, гомдол гаргагч хуулийн этгээдэд олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН

 

 

[1] Хавтаст хэргийн 154-155-р хуудас

[2] Хавтаст хэргийн 152-153-р хуудас