Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2019/ДШМ/47

 

Ц.Баярхүүд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, Прокурор: Л.Отгончимэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж, Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 280 дугаар цагаатгах тогтоолтой Ц.Баярхүүд холбогдох 1738003520114 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Барчуул овогт Цэдэн-Ишийн Баярхүү, ...... оны 11 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............./. Шүүгдэгч Ц.Баярхүү нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Ганболдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 280 дугаар цагаатгах тогтоолоор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Барчуул овогт Цэдэн-Ишийн Баярхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1738003520114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баярхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заалгүйгээр Ц.Баярхүүд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ц.Баярхүү дээрх хэргийг үйлдсэн буюу зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн осол болсны дараа хэргийн газар дээр анх очсон гэрч Д.Сумъяабазар, Т.Батбэх, Б.Батчимэг, М.Үүрийнбаяр, Д.Өлзийсайхан, В.Нэргүй нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай “Талийгаач Ц.Ганболд нь зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч цус алдалтын шокийн улмаас амьсгал болон зүрх зогсож нас барсан байна” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай “Баярхүүгийн биенээс авсан гэх цусанд 2,3% этилийн спирт илрэв” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Ганболдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай “1. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх жолоочийн суудлын бүрээснээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц Ц.Баярхүүгийн ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болох үндэслэл болж байна. Иймд Ц.Баярхүүд холбогдох хэргийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 280 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ. Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 221 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Ц.Баярхүүг согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Ганболд нас барсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх “шүүгдэгч Ц.Баярхүүгийн үйлдэл нь хангалттай тогтоогдохгүй эргэлзээтэй байна, гэрчүүд нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд уг тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар ач холбогдол бүхий мэдээлэл өгөөгүй, эргэлзээтэй байдлаар мэдүүлсэн, тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын түшлэгийн бүрээснээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ний тогтоц нь шүүгдэгч Ц.Баярхүүгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа гэх шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тээврийн хэрэгслийн аюулгүйн хамгаалалтын бүсэнд туршилт хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь зам тээврийн ослын үйл баримтыг, шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх үйлдлийг дангаараа нотлохгүй бөгөөд гэм буруутайд тооцох үндэслэл бүхий нотлох баримт гэж үзэхээргүй байна” гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл гэрч Д.Сумъяабазарын өгсөн “...балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэх шиг болсон...” гэх мэдүүлэг, гэрч Т.Батбэхийн өгсөн ”... Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихвоо гэсэн чинь тэр залуу өөдөөс балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж байсан. Тэгэхээр нь би машиныг хэн унаж явсан юм бэ гэж асуухаар балай хүүхнээс болоод ингэчихлээ л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Үүрийнбаярын өгсөн “...Тэгээд яасан яаж яваад ингэчихвээ машин нь хэнийх юм бэ гэсэн чинь Ганболд энэ балай хүүхнээс болчихлоо, машин нь миний машин байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батчимэгийн өгсөн “...толгойных нь арын хэсэгт хагарсан бололтой цус гараад үстэй нь ширэлдээд бүлэгнэж наалдсан, аль нэг гарынх нь сарвууны арын хэсэгт жаахан шалбараад цус гарсан байсан. Бид нар тэр хүүхний гарынх нь цусыг арчиж өгөөд нойтон сальфеткаар боож өгсөн. ...тэр хүүхэн өөрөө үсрүүгээ гараа хийхээр нь гар нь цус болчихоод байхаар нь бид нар үсээ битгий оролдоод бай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Өлзийсайханы өгсөн “...тухайн үеийн байдлаас болсондоо ч тэр үү би унасан машиныг тэр хүүхэн жолоодож явсан юм байна даа гэсэн ойлголттой болсон. Дарга жолооч хоёрын ярианаас хүүхнээс боллоо гэсэн зүйл сонсоод тэгж ойлгосон юм” гэх мэдүүлэг, гэрч В.Нэргүйгийн өгсөн “...тэгэхээр нь би энэ хүүхэн нь машин барьж явсан юм байна даа гэж ойлгоод арын суудалд байсан хүмүүс тэгвэл энэ хүүхэн машин барьж явсан юм байна ш дээ тэгээд өөрөөсөө бултуулах гээд машин барьж явсан хүн хайчваа гэж ярьсан юм байна даа гэж ярьцгаагаад л өнгөрсөн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх жолоочийн суудлын бүрээснээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц Ц.Баярхүүгийн ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна” гэх дүгнэлт, мөрдөгчийн тээврийн хэрэгслийн аюулгүйн хамгаалалтын бүсэнд туршилт хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шүүх үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй. Энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан үндэслэлээр буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн нь буруу болжээ. Шүүх ямар үндэслэлээр дээрх баримтуудыг гэм буруутайд тооцох үндэслэл бүхий нотлох баримт гэж үзэхгүй байгаа тухайгаа цагаатгах тогтоолд тодорхой заагаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэж үзэх үндэслэл болно. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон Ц.Баярхүүд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 280 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Баярхүүд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Баярхүүд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ ШҮҮГЧИД З.ХОСБАЯР Н.БАЯРХҮҮ