Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/54

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  Д.Ганчимэг

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2021004140345 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1972 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, ******* овогт *******гийн *******. Урьд:

- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 130 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Шүр” захын зүүн талд байрлах “Монгол тамхи со” бөөний төвийн гадна автомашины зогсоолд тавиатай байсан иргэн *******ийн эзэмшлийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээс түрийвчтэй мөнгө, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 667,800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч *******ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 667.800 /зургаан зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн төвд оршин суух, ******* овогт *******гийн /РД: /-т олгож,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний эхнэр болох нь татаж унадаг өвчтэй эмнэлгийн хяналтанд гэртээ хэвтрийн дэглэмтэй, тэтгэвэр тэтгэмж, өрхийн орлого байхгүй. Харж хандах асрах хүнгүй, ганц асран хамгаалагч өрхийн орлоготой нь би байсан. Иймд миний ард үлдэж байгаа өвчтэй эхнэр болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж 1 жилийн хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: “...******* нь энэ хэрэгт холбогдоод 2020 оны 07 сарын 06-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдаг. Гэтэл шүүхийн шатанд уг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тул шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгч ******* урд нь бусдын тээврийн хэрэгслээс аккумлятор хулгайлж, энэ үйлдэлд нь шүүхээс зөрчлөөр баривчлах шийтгэл оногдуулж байсан. Эдгээр нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, гэмшихгүй байгаа зэрэг хувийн байдлыг харуулж байна. Иймд прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх *******т холбогдох хэргийг түүний гомдлоор хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Шүр” захын зүүн талд байрлах “Монгол тамхи со” бөөний төвийн гадна автомашины зогсоолд тавиатай байсан иргэн *******ийн эзэмшлийн ******* УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээс түрийвчтэй мөнгө, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 667,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Энэ хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ын “1 жилийн хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын  2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.НАРАНБАЯР

           ШҮҮГЧИД                                                З.ЭНХЦЭЦЭГ

                                                    Ж.ДОЛГОРМАА