Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0845

 

 

 

 

 

 

 

     2023          11          16                                      128/ШЗ2023/0845

   

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өлзийт овогт Цэвэгжавын Э*******,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч А.М,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 3430 дугаар дүгнэлтийн 1 болон 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, мөн байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 2019 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох тухай” 3425 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Б.Б*******, хариуцагч А.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Э******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлт[1] болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна.

Миний бие нөхөр Ж.Гантөмөртэй 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******р аймгийн Баруун-Урт сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээг эх хувиар 43 жил хадгалсан. 1980 онд *******р аймгийн Баруун-Урт сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд ажиллаж байсан төрийн албан хаагч нарын буруутай үйл ажиллагаанаас улбаалан миний гэрлэлтийн бүртгэлийг гэрлэлт бүртгэх журналд бүртгээгүй ч гэрлэлтийн тухай мэдээлэл нөхөр бид хоёрын ХААТР-1 маягт болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэний паспортын Гэр бүлийн байдал гэсэн хэсэгт бүртгэгдсэн байгаа. Бидний дундаас 3 охин мэндэлсэн бөгөөд Гантөмөрийн Сарнайцэцэг, Гантөмөрийн Болорцэцэг, Гантөмөрийн Анарцэцэг гэж эцгийн нэрээр овоглодог. Гэтэл бүртгэлийн байгууллагын албан хаагчид 1980-аад онд гарч болзошгүй үр дагаврыг тооцоолохгүйгээр бүртгэл хийсэн нь нотлох баримт бүхий төрсний болон гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Улсын бүртгэл дэх бүртгэлийг үгүйсгэж буй, хариуцагч улсын бүртгэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэг нь тэтгэвэртээ гарсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Үүнтэй холбоотой бүртгэлийн байгууллагын төлөөлөх эрх нь дуусгавар болсон боловч нөхцөл байдлын талаар нуун дарагдуулж, шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй юм.

Хариуцагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг шүүх хүлээн авснаар шинжээч томилох ажиллагаа хийгдсэн. Шүүгч захирамждаа: Ж.Гантөмөр, Ц.Э******* нарын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн 49 тоот дугаартай гэрлэсний гэрчилгээнд бичигдсэн Д.*******рын бичгийн хэв, гарын үсэг, тамга нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивд хадгалагдаж байгаа 1980 онтой ойролцоо үеийн эх нотлох баримтууд болон 3 дугаар хавтаст хэргийн 237 дугаар хуудсанд авагдсан Г.Ганбаатар, Г.Үржинбадам нарыг 1980 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 1980 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн 49 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 3 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудсанд авагдсан Я.Энхтайван, Г.Болорчулуун нарын 1980 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн 212 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 3 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудсанд авагдсан Баатарын Хосбаярын 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрснийг бүртгэсэн 309 дугаартай төрсний гэрчилгээ, 3 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудсанд авагдсан Алтангэрэлийн Энхтуяаг 1980 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрснийг 1980 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн 375 дугаартай төрсний гэрчилгээ гэх мэт 10 ширхэг төрсний болон гэрлэлтийн гэрчилгээнүүд дэх бичгийн хэв, гарын үсэг, тамгатай тохирч байгаа эсэхэд харьцуулсан байдлаар адилтгалын шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжээчийн ерөнхий газрын шинжээчээр томилсон. Гэтэл шинжилгээний объект болох *******р аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга Д.*******р гэгчийн гарын үсэг нь захирамжид заагдсан 1980 онтой ойролцоо 1979-1983 оны хооронд *******р аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанаас олгосон 21 ширхэг эх хувиар болон хуулбараар хэрэгт авагдсан иргэдийн төрсний болон гэрлэлтийн гэрчилгээнүүдэд 3 янзаар зурагдсан байгаа нь криминалистикийн шинжлэх ухаанаар судлахгүйгээр илэрхий байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ 1980 оны 49 дугаартай Г.Ганбаатар, Б.Үржинбадам нарыг 1980 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 1980 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн 49 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ байгаа бөгөөд Г.Ганбаатар, Ц.Э******* нарынх хуурамч гэдэг. Гэтэл гэрчилгээ дээрх гарын үсэг нь Д.*******рын гарыг үсэг мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн гэрлэлт бүртгэсэн журналыг өөр хүн бичсэн байсан. Иймд хэргийг шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт ач холбогдолтой байгаагүй юм.

Улсын бүртгэл дэх мэдээлэл устсан боловч гэрлэлтийн байдлыг гэрчлэх холбогдох нотлох баримтууд байна.

Төр түмэн нүдтэй гэдэг. Цусаар, ясаар, баримтаар хэлхсэн үнэнийг хэн нэгэн устгаж чадахгүй байх. Би ямартай ч шантрахгүй. Төрд буруу ишилсэн сүх шиг хүмүүс байх ямар хортойг маш их ойлгосон” гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2022/6294 дугаар шүүгчийн захирамжаар[2] нэхэмжлэл гаргагч Ц.Э*******ы “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн.

Улмаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 2019 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох тухай” 3425 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” гэж ирүүлснээр хариуцагч улсын ахлах байцаагчийн 2022 оны 3430 дугаар дүгнэлтийн 1 болон 2 дахь заалтыг, мөн оны 3425 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтыг шүүхийн хяналтад оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзэж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2023/8878 дугаар захирамжаар[3] хариуцагчийн эрх залгамжлагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч А.Мийг тогтоож сольсон үйл баримт байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, уг хүсэлтээ тайлбарлажээ.

Дээрх байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн тэр дундаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлагагүй оролцож байгаа гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Э******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй...” талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э******* нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 3430 дугаар дүгнэлтийн 1 болон 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, мөн байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 2019 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох тухай” 3425 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Э*******ы нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.М /Ч.Эрдэнэчимэг/-т холбогдох 128/2022/0694/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН

 

[1] 4 дүгээр хавтаст хэргийн 192-193-р хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 65-66-р хуудас

[3] 4 дүгээр хавтаст хэргийн 181-182-р хуудас