Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 77

 

З.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 712 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1025 дугаар магадлалтай, З.О-т холбогдох 1808005450116 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай П овогт З-ын О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч А.Э нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч З.О-т Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ял оноосон, түүнд ял төлөвлөсөн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, З.О-ыг “хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн” гэж буруутгасан, гэтэл хохирогч нь “…хутгалуулсны улмаас 8-9 хоногийн дараа нас барсан” тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5-д зааснаар зүйлчлэх ёстой байсан гэж үзэж байна. Хохирогч хүнд гэмтлийн улмаас хагалгаанд орсны дараа хоолны дэглэм зөрчсөнөөс болж шарх нь задран хагалгаанд дахин орж, үүний улмаас шархаа даахгүй нас барсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр “хүнд зэргийн гэмтэл” учирсан болох нь тогтоогдсон бөгөөд эмнэлгийн анхан шатны тусламж авч, амь нас аврагдсаны дараа дээрх нөхцөл байдлаас болж нас барсан гэж үзэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэн, зүйлчлэлийн хувьд буруу, маргаантай, эргэлзээтэй нөхцөл байдал байхад хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрийг хоёр шатны шүүх гаргаагүй байна гэж үзэж байна. Хүний амь насыг хохироосон гэх үйлдэл нь орон зай, цаг хугацаа, шалтгаант холбооны хувьд амь хохирсон нөхцөл байдалтай шууд холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг бол хүний амь насанд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах нь өөр ойлголт, зүйлчлэлийн хувьд ч зөрүүтэй тул Эрүүгийн хуульд тусгайлан зохицуулсан. Харин энэхүү гэмтлийн улмаас хохирогч амь нас хохирсон байх нь тухайн гэмт хэргийн шалтгаант холбоогоор тогтоогддог бөгөөд гэмт этгээдийн үйлдлийн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл нь тухайн тохиолдол үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гадны ямар нэг нөлөөгүйгээр, тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх бөгөөд харин дээрх хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ. Ийм учраас З.О-ын үйлдэл хүнд гэмтэл учруулсан, үүний улмаас хохирогч нас барсан гэж үзэж байгаа ба хүнийг санаатай алаагүй, дээрх үйлдэлд шалтгаант холбоо буюу түүний үйлдэл байхгүй, харин гадны хүчин зүйл буюу хохирогч хоолны дэглэм зөрчсөний улмаас нас барсан гэж үзэж байгаа бөгөөд хэргийг ийнхүү буруу зүйлчилсэн болно. Улсын яллагч “хохирогчийг З.О дуудан гаргаж ирээд хутгалсан” гэж харсан мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй, тэр хоёр эхлээд орцонд зодолдоод, за больё, ядарчихлаа гээд завсарлаж, тамхи татаад дараа нь З.О хутга авч айлгах гээд булаацалдаж байгаад хутгалагдсан бөгөөд энэ үйлдлийг ч нарийвчлан тогтоож чадаагүй байхад шууд санаатайгаар хутгалж, амь насыг нь хохироосон гэж хийсвэр дүгнэсэн нь учир дутагдалтай. Хүнд гэмтлийн улмаас хохирогч хэдэн цагийн дараа нас барсан нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолтой юм уу, эсвэл хэзээ нас барсан байх нь хүний амь насыг санаатайгаар алах үйлдэлд хамаагүй юм бол Эрүүгийн хуульд яагаад тусад нь заасан юм гэдэг маргаан дагуулж байгаа, эргэлзээтэй нөхцөл үүсгэж байна. Хэрэв хохирогч 72 цаг, бүр 8-9 хоногийн дараа, эсвэл сарын дараа нас барвал шууд санаатайгаар хүний амь насыг хохироосон гэж үзэж зүйлчлэх үү. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хянан үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, нээлттэй хорих ангид ял шийтгэлийг эдлүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б хэлсэн саналдаа “...Амь хохирогч Б.М нь хутгаар үүсгэгдсэн шархнаас болж нас барсан. Энэ хэрэгт З.О-ын санаатай үйлдэл байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Г гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа зүйл үгүйсгэгддэг, шүүгдэгч З.О-ын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.О нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны 92 тоот, Д.Б-ийн гэрт архи уун согтуурч, улмаар орцонд гарч Б.М-той маргалдан хэвлийн тус газар нь санаатай хутгалж, уг хутгалуулсан гэмтлийн улмаас Б.М-ын амь хохирсон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхээс З.О-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй эрүүл мэндийн хүндрэлээр хохирогч нас барсан тохиолдол бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэхгүй.

Учир нь гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг санаатай алах гэмт хэргээс хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчлэх ёстой.

Энэ хэргийн тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, З.О нь Б.М-той маргалдаж, улмаар Д.Б-ийн гэр рүү орж хутга авч гарч ирээд Б.М-ыг хутгалсан үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь хохирогчийг тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй боловч уг гэмтлийг эмчлүүлэх явцад гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой хүндрэлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байх тул хүнийг алах гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэл, нотолгоо болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э-ын “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 712 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1025 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН