Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00752

 

М.Соёл-Эрдэний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаар шийдвэр,         

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,

М.Соёл-Эрдэний нэхэмжлэлтэй

Ц.Ариунтуяад холбогдох,

Автомашины үнэ 16.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 сард Ц.Ариунтуяад  КИА-5 маркийн суудлын автомашиныг 22.000.000 төгрөгөөр зээлээр худалдсан. Тэрээр 2015 оны 6 сард багтааж 10 сая төгрөгөнд нь түлш солярк өгье, үлдэх 12 сая төгрөгийг 2015 оны 10 сард өгье гэж хэлээд машиныг  авч явсан. Ингээд 5.100.000 төгрөгийн түлш солярк өгсөн ба 16.900.000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Би найз Чинбатын худалдах гэж байсан машиныг Ц.Ариунтуяад  итгээд ярилцан тохиролцоод өгсөн бөгөөд тэр  тус машиныг бусдад худалдсан гэдэг юм. Би машины мөнгөө авах гэж олон удаа хэлж байсан. Иймд Ц.Ариунтуяагаас машины үлдэгдэл мөнгө 16.900.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Ариунтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд нэхэмжлэлд дурдагдсан КИА-5 маркийн машиныг М.Соёл-Эрдэнэтэй ямар нэгэн тохиролцоо хийж худалдан авсан зүйл огт байхгүй. Харин М.Соёл-Эрдэнэ нь Б.Болдсайханд зарсан машиныхаа үнийг надаас нэхэмжлээд байгааг огт ойлгохгүй байна. Би машины үнэ гэж М.Соёл-Эрдэнэд 5.100.000 төгрөгийн түлш өгсөн зүйл огт байхгүй. Харин М.Соёл-Эрдэнэ бид хоёрын дунд 5.100.000 төгрөгийн өмнөх өр авлагын асуудал байдаг. Энэ нь КИА-5 маркийн машины үнэтэй ямарч холбоогүй юм. Би М.Соёл-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлд огт хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.Соёл-Эрдэнэ нь тухайн машиныхаа үнийг Б.Болдсайханаас нэхэмжлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Бид хоёрын дунд машин худалдсан гэрээ байхгүй. Гэрээ, хэлцэл хийгээгүй. Б.Болдсайхан би авсан, төлнө гэдэг тул  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ц.Ариунтуяагаас 16.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ариунтуяагаас 242.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Ариунтуяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ц.Ариунтуяад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай магадлал нь хуулийн үндэслэлгүй гарсан тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Үүнд:

1. Иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөх эрхтэй холбогдолтой маргаан биш бөгөөд талууд өмчлөх эрхтэй холбогдуулан ямар нэгэн маргаан гаргаагүй байхад Давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн өмчлөх эрхтэй холбоотой 101-р зүйлийн 101.1, 101.6.д заасан заалтуудыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.

Хариуцагч Ц.Ариунтуяа нь нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “энэ машины өмчлөлийн талаар болон нэхэмжлэх эрхийн талаар огт маргаагүй бөгөөд харин би машиныг аваагүй л гэж” маргасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар, гэрчүүдийн мэдүүлэг, бусад ач холбогдолтой нотолгоонуудаар Ц.Ариунтуяа нь тус машиныг М.Соёл-Эрдэнээс зээлээр худалдан аваад мөнгийг нь буцааж өгөөгүй нь нотлогдсон юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ач холбогдолтой нотлох баримтуудад үндэслэж зөв дүгнэлт хийж хэргийг хуулийн үндэслэлтэй шийдвэрлэсэн юм. Нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ анхан шатны болон давж заалдах шатны хурал орох үед “Соёл-Эрдэнэ ээ чи машины үлдэгдэл мөнгөнийхөө оронд том ачааны машины чиргүүл авчих гээд намайг өөрөө дагуулж яваад Дарханы гэр хороололд байдаг айлын хашаанд байгаа чиргүүлийг үзүүлсэн, мөн суудлын жижиг машин авах уу гэж хэлсэн, мөн Улаанбаатар хотод Циркийн хажуу талд авто машины граж зогсоол” авчих гэж хэлсэн ба уг хүсэлт тавиад байсан тухай тайлбарыг шүүхэд мэдүүлсэн. Ц.Ариунтуяагаас М.Соёл-Эрдэнэд бичиж байсан гар утасны мессэж хэрэгт нотлох баримтуудаар авагдсан байгаа. Хариуцагч Ц.Ариунтуяа нь энэ хэрэг анхан шатны шүүхэд байхад нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримт өгөөгүй бөгөөд би машиныг аваагүй л гэж зөвхөн тайлбарлаж байсан атлаа давж заалдах гомдол гаргахдаа үндэслэлгүй зүйлүүд бичсэн байдаг юм.

2. Давж заалдах шатны шүүх магадлалаар: “М.Соёл-Эрдэнэ нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосон” байдаг.

М.Соёл-Эрдэнэ бусдын машиныг зарж өгнө гэж аваад Ц.Ариунтуяад өгсөн тус машиныг М.Соёл-Эрдэнэд өгсөн Л.Чинбат гэдэг хүн М.Соёл-Эрдэнэ машины мөнгийг өгөхгүй залилан мэхэлж байна гэж Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн байдаг. Үүний дагуу Цагдаагийн газар М.Соёл-Эрдэнийг шалгасан. М.Соёл-Эрдэнэ Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө “...тус машиныг Дархан хотод оршин суугч Ц.Ариунтуяа гэдэг хүнд өгсөн гэдгээ хүлээн мэдүүлсэн” байдаг. Энэ талаар Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тэмдэглэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн 1113 дугаартай тогтоолд тодорхой дурьдсан. Гэтэл Давж заалдах шатны шүүх М.Соёл-Эрдэнийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иргэн Д.Оюунсүрэн, Л.Чинбат нарын хэн нь ч энэ машиныг М.Соёл-Эрдэнэ нь Ц.Ариунтуяагаас нэхэмжлэх эрхгүй гэж гомдол тайлбар өгөөгүй бөгөөд харин ч Ц.Ариунтуяа машины мөнгийг М.Соёл-Эрдэнэд өгөх ёстой гэж тайлбарласан байдаг. Давж заалдах шатны шүүх бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн байна. ИХШХШТХ-н 38 дугаар зүйлийн 38-1-д зааснаар зохигчид өөрсдөө нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй юм. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтуудыг шүүхэд өгсөн байгааг анхаарч үзэх хэрэгтэй юм.

ИХШХШТХ-н 37-р зүйлд: хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан байна. Хэрэгт цугларсан баримтууд нь М.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг юм. Анхан шатны шүүх нотлох баримтанд тулгуурлаж хуулийн үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Соёл-эрдэнэ нь Ц.Ариунтуяад холбогдуулан худалдсан автомашины үнэ 16.900.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...бидний хооронд машин худалдан авах тохиролцоо байхгүй, нэхэмжлээд байгаа машиныг Б.Болдсайхан худалдан авсан” гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж нэхэмжлэлийг хангасан учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд Л.Чинбат нь Д.Оюунсүрэнгийн КИА-5 маркийн автомашиныг зарж өгөхөөр М.Соёл-Эрдэнэд өгсөн, Б.Болдсайхан нь Ц.Ариунтуяагаар дамжуулан уг машиныг худалдан авчээ /хавтаст хэргийн 34, 36, 43-44 дүгээр тал/.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2.-т зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хориглосон, эсхүл хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлээс бусад хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болдог.

Мөн зүйлийн 62.3.-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. М.Соёл-Эрдэнэ нь Д.Оюунсүрэнг төлөөлж худалдах-худалдан авах гэрээг Ц.Ариунтуяатай байгуулах тохиолдолд түүнд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар итгэмжлэл олгогдсон байх ёстой бөгөөд итгэмжлэл олгогдоогүй тохиолдолд түүнийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж үзнэ.

Гэхдээ Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах ба М.Соёл-эрдэнэ маргаж буй машиныг бусдад  худалдсаныг Д.Оюунсүрэн зөвшөөрсөн эсэх нь тодорхой бус байна.

Түүнчлэн М.Соёл-Эрдэнэ өөрийн эсхүл Д.Оюунсүрэн, Л.Чинбат нарын өмнөөс нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөх арга хэмжээ авалгүй “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд...” гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхой болгоогүй, энэ тохиолдолд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 267.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ