| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03854/И |
| Дугаар | 182/ШШ2024/03086 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/03086
| 2024 07 19 | 182/ШШ2024/03086 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ... ХХК ...-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ... ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус зээлийн нэмэлт гэрээ байгуулжээ.
... нь зээл авах үедээ Ангария Трейд Улаанбаатар ХХК-д Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь манай даатгалын компанитай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч ... нь ажлаасаа чөлөөлөгдөж, зээлийн эргэн төлөлтийн хугацаа 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Худалдаа хөгжлийн банкнаас нөхөн төлбөр хүссэний дагуу ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2022/4616 тоот тушаалаар нөхөн төлбөрт 5,036,646.33 төгрөгийг олгосон.
Ийнхүү нөхөн төлбөр олгож, зээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-т заасны дагуу буруутай этгээд буюу зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн шаардах эрх нь олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ.
...ын Баянзүрх дүүргийн хаягаар Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус хаяг дээр оршин суудаггүй гэх Хорооны засаг даргын тодорхойлолт ирсэн гэх үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж буцаасан.
Иймд ...ын оршин суугаа хаягийг олж тогтоох боломжгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/
2.2 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Цалингийн зээлийн гэрээ /хх-6-8/
2.3 Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ /хх-9-14/
2.4 Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-15/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2024/11344 дугаар захирамжаар ...ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт Цалингийн зээлийн гэрээ, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ авагдсан ба ... нь дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
... ХХК нь ...ын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр тэдгээрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг бүрдүүлэх эрхтэй.
Шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 182/ШЗ2024/11344 дугаар Нотлох баримт гаргуулах тухай захирамж гарган, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ...ын оршин суугаа газрын хаягийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэхэд ...ын оршин суугаа газрыг ...гэж ирүүлсэн байна.
Тус хаягт шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ... нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан байна.
Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч ... ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч ... ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хүсэлт гаргагч ... ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ